Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/96

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,

Улсын яллагч Д.Ганцэцэг,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,

Хохирогч Б.Г,

Шүүгдэгч Н.Бнарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Б овогт Нийн Б-ыг холбогдох 2416000000023 дугаартай эрүүгийн эрүүгийн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр **** аймгийн *** суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт **** аймгийн **** сумын **** багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, **** регистрийн дугаартай, Б овгийн Нийн Б,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.Бнь мотоцикл ашиглан 2022 оны 12 дугаар сард **** аймгийн *** сум *** багийн нутаг *** амны садарганаас Б.Гийн эзэмшлийн Хүрэн зүсмийн урд бөх цацаг хазгай ингэн тэмээг, мөн 2022 оны 12 дугаар сард ширээтэй чандмань тамгатай хөх ингэн тэмээг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Н.Б нь 2023 оны 5 дугаар сард **** аймгийн *** сум **** багийн нутгаас Б.Гийн эзэмшлийн 1 атан тэмээг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Н.Бнь 2022 оны 12 дугаар сард мотоцикл ашиглан ***** аймгийн **** сум **** багийн нутаг **** амны садарганаас Б.Гийн эзэмшлийн Хүрэн зүсмийн урд бөх цацаг хазгай ингэн тэмээг, мөн 2022 оны 12 дугаар сард ширээтэй чандмань тамгатай хөх ингэн тэмээг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар тус тус авсан,

 

2023 оны 5 дугаар сард **** аймгийн *** сум **** багийн нутгаас Б.Гийн эзэмшлийн 1 атан тэмээг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримтууд тогтоогдлоо.

 

Дээрх үйл баримт нь бусдын олон тооны малыг, мотоцикл ашиглан хууль бусаар авсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж шүүх үзлээ.

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Н.Б гэм буруутай болох нь:

 

1.Хохирогч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2022 оны 12 сард тэмээгээ бөөгнүүлэхэд манай тэмээнээс хоёр тооны ингэн тэмээ алга болсон, манай алга болсон хоёр боос ингэ зөв талын хөлөрдөг дээр ширээтэй чандмань тамгатай, хойт бөхний зөв талдаа хөндлөн гурилаар тэмдэг хийсэн байсан, тэр өвөл би хоёр ингээ хайгаад олоогүй юм. *** сумын **** багийн **** амны садарганаас 2022 оны 12 сард алга болсон тэрнээс хойш сураг гараагүй, хайгаад олдохгүй байсан, саяхан нэг залуу би нэрийг нь сайн мэдэхгүй байна. Манай сумын **** багийн залуу хэлэхдээ өнгөрдөг 12 сард хийлийн цэргийн 0214 дүгээр ангийн хашаанд танай бууртай тэмээ байсан тэр үеэр манай тамгатай нэг ингэн тэмээ нядлагдсан сураг гарсан юм. Эхлээд хүрэн зүсмийн урд бөх цацаг хазгай боос ингэ ширээтэй чандмань тамгатай алга болсон байсан 5 хоногийн дараа ширээ хөх боос ингэ мөн адил тамгатай алга болсон би тухай үед нэлээд хайгаад олоогүй сураг гараагүй. Би нэг ингийг 1.500.000 төгрөгөөр үнэлж байна. 2 ингээ 3.000.000 төгрөгөөр үнэлж байна. Би алдсан хоёр ингээ олж авмаар байна, манай тэмээнээс энэ жил бас нэг атан тэмээ алга болсон авсан эзэн нь олдсон байна. Манай сумын *** багийн малчин Нийн Б гэх залуу надтай саяхан утсаар яриад таны тэмээний хохирлыг барагдуулмаар байна гэж ярьж байсан тэгээд ээж нь надтай уулзана гэж байна лээ. Би тэмээнийхээ мөнгийг нь авна гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/

 

          2.Гэрч Б.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрөө тэмээ малд яваагүй, Манай нөхөр Г өөрөө тэмээ малаа бөөгнүүлдэг юм. 2022 оны өвөл 2 ингэ алга болчихсон байна гэж ярьж байсан. Сая 2024 оны 01 дүгээр сарын 14-нд байхаа манайд Н.Б, ээж Л, дүү гурвуулаа нөхөртэйгөө дөрвүүлээ ирээд манай нөхөр Б.Г-тэй уулзаад танай 3 тэмээний орны тэмээг тоо ёсоор нь хүлээлгэж өгнө гэсэн. Тэр өдөр нь манай нөхөр очиж авч чадаагүй хөдөө мал руугаа явчихсан байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

 

          3.Гэрч Б.М-Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Бын танина манай аавын холын садан гэсэн. 2022 оны өвөл Б ах манайд ирээд намайг уядаг тэмээ унаад ир гэхээр нь би цуг явсан, тэгээд сумын төвд ороод орой Батбаатар ах бид хоёр мотоцикльтой тэмээнд яваад **** садарганаас бууртай тэмээг нь туугаад сумын төв орж хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хашааны ард байдаг саравчтай хашаанд тэмээг хашиж хонуулаад өглөө ирж нэг тэмээ гаргасан, намайг Б ах тэмээ буцааж бай гэхээр нь би тэмээг нь буцааж байхад Хүрэн зүсмийн урд бөх цацаг хазгай ингэн тэмээг Б ах өөрөө гаргасан юм. Би тухайн үед Б ахыг хүний тэмээ гаргаж байгааг мэдээгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,

 

          4.Гэрч М.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б гэх хүнийг танина, 2022 оны 11 сарын 20-ны үед байх Хонхор заг гэх газар ГБ-ийн манайтай цуг өвөлжиж байсан юм. Тэр үед ГБ манайх Б-с нэг идэшний тэмээ авах ёстой юм та Бтэй яриад өгөх тэмээг нь ойртуулаад өгөөч гэхээр нь би Б-тэй утсаар холбогдоод ГБ-ынх чамаас нэг тэмээ авч гаргана гэж байна. Би таних юм бол ойртуулаад өгье гэхэд Б та Г-ийн хөх ингийг аваачаад өгчих гэсэн тэгэхээр нь би хүний ингэ өгч болж байгаа юм уу гэхэд Б болно болно гэсэн тэгээд би Г-ийн ширээтэй чандмань тамгатай хөх ингийг *** загт тууж аваачиж өгөөд гаргасан юм. Би Г-д танай хөх ингийг Б, ГБ-д алж өгсөн талаар хэлж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

 

          5.Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний 2024 оны 01 сарын 12-ны өдрийн “...Ингэн тэмээ толгой 2 нэгжийн үнэ 1.100.000 төгрөг нийт үнэ цэнэ 2.200.000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо...” гэх ТХҮ-921/4752 дугаартай хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 22-24-р хуудас/,

 

          6.Хохирогч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 05 сард тэмээгээ бөөгнүүлэхэд манай тэмээнээс нэг тооны атан тэмээ алга болсон, манай алга болсон ат тэмээний тамга нь зөв талын гуяны хавтгай дээр ширээтэй чандмань тамгатай, ширээ хүрэн зүсмийн, 2023 оны 05 дугаар сард манай алдсан тэмээний зүстэй адил ширээ хүрэн зүсмийн та манай сумын *** багийн малчин Н.Бнь тус сумын *** багт оршин суух Н.Д гэх хүнээс Истана маркийн авто машин худалдаж аваад өртөгт нь өгсөн гэсэн энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад хандах болсон. Тухайн тэмээ **** сумын **** багийн **** гэх газраас алдагдсан. 2023 оны 05 дугаар сард Б нь манай тамгатай нэг тооны атан тэмээг нядлан Д өгсөн сураг гарсан. Миний алдсан ат хүрэн зүсмийн ширээ бөхтэй, зөв талын гуяны хавтгай дээр ширээтэй чандмань тамгатай, хойт бөхний зөв талд гурилаар жонхуу хийж хөндлөн татсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-р хуудас/,

 

   7.Хохирогч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Би 2022 оны 12 сард хэдэн хоногийн зайтай 2 тооны ингэн тэмээгээ алдсан, дараа 2023 оны 05 дугаар сард 1 тооны атан тэмээ алдсан юм. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан байсан. 2024 оны 01 дүгээр сарын 14-ний орчим *****сумын **** багийн малчин Н.Б, ээж дүү нарынхаа хамт ирээд надтай уулзаж миний алдсан 3 тэмээг Б би аваад хүнд алж өгсөн юм, одоо төлж өгнө гэсэн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны зөв талын шанаа, зөв талын гуяны хөлөрдөг дээрээ 8 тоо тамгатай ботготой ингэ 1, боос ингэ 1, мөн тамга тэмдэггүй нэг тооны атан тэмээ өгч намайг хохиролгүй болгосон одоо надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 53-р хуудас/,

 

          8.Гэрч Н.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 онд би өөрийн эзэмшлийн Истана маркийн **** улсын дугаартай машиныг Н.Б-д 8.000.000 төгрөгөөр бодоод мал авахаар өгсөн. Тэгээд 2 тэмээ, нэг унагатай гүү, 2 жил манай мал хариулсан хөлсөө хасаад 1.200.000 төгрөг бэлэн авахаар болсон. Тэгээд 2023 оны 05 сард надад Б ширээ хүрэн зүсмийн ат авч ирж өгсөн юм. Ширээ хүрэн ат байсан тамга тэмдгийг нь сайн санахгүй байна. Бын малын гэр нь *** багийн **** гэх газар байсан би гэрийнх нь гадаа очиж гаргаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-р хуудас/,

 

          9.Гэрч Б.Б-Ч-ны 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн “...2023 оны 05 дугаар сард манай хүргэн Д, *** багийн **** гэх газар Н.Б-с машиныхаа өртгөнд ширээ бөхтэй хүрэн зүсмийн атан тэмээ гаргасан тэгэхэд би гэр ойрхон болохоор очсон юм, тухайн үед тэмээний тамга, тэмдгийг нь ажиглаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-р хуудас/,

 

10.Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний 2024 оны 01 сарын 09-ний өдрийн “...Атан тэмээ толгой 1 нэгжийн нийт үнэ цэнэ 1.200.000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо...” гэх ТХҮ-921/4750 дугаартай хөрөнгийн үнэлгээ /63-65- р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдын малыг хулгайлсан тохиолдолд хэргийн үндсэн шинж, энэ гэмт хэргийг олон тоон мал хулгайлж, бүлэглэж, улсын хилээр нэвтрүүлж, машин механизм ашиглаж, ноцтой хохирол, хор уршиг учруулж, гойд ашиг шимт малыг хулгайлж үйлдсэн бол хүндрүүлэх шинж тус тус хангагдахаар хуульчилжээ.

 

“Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай машин механизмууд хамаарах бөгөөд “машин механизм ашиглах” гэдэгт хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх малын бэлчээрт зорьж очих, малыг хөөж туух зэрэгт хэрэглэснийг хамааруулан үздэг.

 

Шүүгдэгч Н.Бнь бэлчээрт байгаа тэмээг хаших, туух зорилгоор мотоцикл ашигласныг “Мал хулгайлах” гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэх хүндрүүлэх шинжтэй үйлджээ.

 

Мөн “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна гэж, “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж тус тус хуульчлан тайлбарласан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ‘’Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно’’гэж заасан байна.

 

Шүүгдэгч Н.Б-н 2022 оны 12 дугаар сард мотоцикл ашиглан **** аймгийн *** сум *** багийн нутаг ***с Б.Гийн эзэмшлийн Хүрэн зүсмийн урд бөх цацаг хазгай ингэн тэмээг, мөн 2022 оны 12 дугаар сард ширээтэй чандмань тамгатай хөх ингэн тэмээг, 2023 оны 5 дугаар сард **** аймгийн *** сум *** багийн нутгаас Б.Гийн эзэмшлийн 1 атан тэмээг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлүүд нь үргэлжилсэн шинжтэй үйлдлүүд байна гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Н.Б-ын бусдын 3 (Гурав) тооны бод мал буюу тэмээг мотоцикл буюу машин механизм ашиглаж хулгайлсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан олон тооны малыг хулгайлж, машин механизм ашиглаж “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нар шүүх хуралдаанд: “...Н.Бнь мотоцикл ашиглан 2022 оны 12 дугаар сард **** аймгийн *** сумын *** багийн нутаг ***с Б.Гийн эзэмшлийн хүрэн зүсмийн урд бөх нь ацаг хазгай ингэн тэмээг, мөн 2022 оны 12 дугаар сард ширээтэй чандмань тамгатай хөх ингэн тэмээг тус тус хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэж байгаа юм. Өнөөдөр энэ хавтаст хэрэгт цугларсан баримтаар юу байна вэ гэхээр өөрийнх нь яриад байгаа нөгөө мотоциклын үнэд авсан хөх ингийг л мотоциклоор Б-той тууж ирдэг ийм нөхцөл байдал болсон. Нөгөө ингийг нь яаж авсан бэ гэхээр М-Э тууж ирээд авчраад нядлаад хүнд өгчихсөн ийм нөхцөл байдал. Гэтэл энийг мотоцикл ашиглан гэж дүгнэсэн. Нөгөө талаараа 2023 оны 5 дугаар сард ***** аймгийн *** сумын *** багаас Б.Гийн эзэмшлийн нэг атан тэмээг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэж байгаа. 2023 оны 5 сарын үйлдэл нь 17.12 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн үйлдэл нь бол биш. Нэг тэмээ байхгүй юу. Энд мотоцикл болон тээврийн хэрэгсэл ашигласан ийм зүйл байхгүй. Нэг тэмээг л очоод авсан. Энэ нь өнөөдөр Н.Б-с өөр хөндлөнгийн гэрч нь Д гэж хүн гэрийнх нь гаднаас очиж бид нар нядалж авсан юм гэдэг асуудлыг ярьдаг. Гэрийнх нь гадаа хураатай байж байсан тэмээн дотроосоо нядалсан л ийм нөхцөл байдал байгаа. Түүнээс энийг очоод мотоциклоор тууж ирээд ингээд аваад байна гэсэн ийм нөхцөл байдал энэ хавтаст хэргээр тогтоогдоогүй. Тэгэхээр энэ 3 үйлдлийг тус тусдаа авагдаад байгаа 3 тэмээний үйлдэл байж байгаа. Мотоциклын оронд авагдаад эвлэрээд байгаа энэ тэмээнээс бусад нь зүгээр дангаар нь очоод авчихсан ийм үйлдлүүд байгаа. Ямар нэгэн одоо нөгөө хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Хавтаст хэрэгт тулгарсан энэ нөхцөл байдал дээр дүгнэлт хийхдээ ийм байгаа. Тэгэхээр энд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийн шинж яваад байгаа. Тэгэхээр 2 хүн хоорондоо тохиролцоод иргэний шүүхийн шийдвэр гарчихсан. Мотоциклын үнэд авсан тэмээгээ буцаагаад авчихсан. Тийм учраас би чамд одоо мөнгийг нь өгье би танд тэмээгээ буцааж тэмээг чинь өгөхгүй би танд 1 сая төгрөг өгье, тэмээ үнэтэй байна гэдэг  асуудал ярьсан учир энэ хүмүүс мөнгийг нь хавар өгье гээд харилцан тохиролцсон юм шиг байгаа юм. Нөгөө 2 тэмээний тухайд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. 3 үйлдлийг шууд 1 үйлдэл болгоод 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгож зүйлчлээд байгаа нь хууль зөрчсөн байна. Хохирогчийн өмгөөлөгчийн хэлж байгаа шиг хэргийн нөхцөл байдал тогтоогдоогүй, яллахын төлөө чиглээд явчихсан ийм нөхцөл байдал байж байгаа. Тэгэхээр энэ хүн шүүх хуралдаан дээр байж байгаа шигээ, иргэний шүүх дээр уулзсан шигээ бол хавтаст хэрэгт өгсөн 2 мэдүүлгийг яаж өгсөн дээр дүгнэлт хийх боломжтой гэж харж байгаа. Энэ хүн хүнтэй ярилцаж ойлголцож чаддаггүй. Яагаад өмгөөлөгч миний бие заавал оролцуулах хүсэлт гаргасан гэхээр иргэний шүүх дээрх уулзалтаас шалтгаалаад өөрийгөө илэрхийлж чаддаггүй юм байна гэдэг байдлыг нь харуулъя гэдэг байдлаар хүсэлт өгсөн. Тэр ч үүднээсээ энэ хүнийг би шүүх хуралдаанд оролцуулъя гэсэн. Түүнээс энэ хүний ярианаас бол хэн ч, юу ч ойлгож авч чаддаггүй. Тэр иргэн дээр би сүүлдээ ойлголцохгүй, за больё больё гээд орхиод гарсан. Харин сүүлд захирамж гарсан байна гэсэн. Хавтаст хэрэгт цугларсан  нөхцөл байдлын тухайд 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж энэ хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар байхгүй байна. Тийм учраас энийг бас харгалзаж үзнэ үү...” гэх дүгнэлт гаргаж оролцов.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ тус шүүхэд Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 133/шш2024/00123 дугаартай “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжийг баримтаар гарган өгч энэ хэргийн зарим үйлдэл иргэний эрх зүйн маргаан хэмээн тайлбарладаг боловч бусдын малыг эзэнд нь мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар, машин механизм ашиглан, хууль бусаар бэлчээрээс авч бусдад борлуулж байгаа үйлдлийг хохирогч Б.Гтэй урьд үүссэн өглөг, авлагаа барагдуулсан иргэний эрх зүйн шинжтэй харилцаа гэж хэрхэвч дүгнэх боломжгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй юм.

 

Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүх хуралдаанд 3 өөр цаг хугацаанд 3 тооны малыг авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тусдаа гэмт хэргүүд байхад эрх зүйн байдлыг дордуулж, хүндрүүлж зүйлчилсэн гэх агуулгаар тайлбар гаргадаг. Энэ нь 3 өөр цаг хугацаанд 3 тооны мал хулгайлсан, тухайн мөчид 3 тооны мал хулгайлсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсоныг хэргийн зүйлчлэл, хууль хэрэглээний агуулгын хувьд ялгаагүй үргэлжилсэн үйлдэлтэй олон тооны мал хулгайлсан нэг гэмт хэрэгт тооцно гэж шүүх дүгнэсэн болно.

 

Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн дээрх хүсэлтүүдийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно.”, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж тус тус заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, улсын яллагчийн дүгнэлтэд дурдсан үйл баримтын хүрээнд шүүгдэгч Н.Б-д холбогдох 2416000000023 дугаартай эрүүгийн хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгчдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан олон тооны малыг хулгайлж, машин механизм ашиглаж “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 89 дүгээр хуудас/, **** аймгийн *** сумын **** багийн Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 115 дугаар хуудас/, мал тооллогын лавлагаа /хх166 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Н.Б-ын тухайд хохирлоо төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Б-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д тус тус зааснаар 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэлгээ 950,000 (Есөн зуун тавин мянга) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

3.Гэм хор, хохирлын талаар:

 

          Шүүгдэгч Н.Б хохирогч Б.Г-ээс хулгайлан авсан 3 тооны тэмээ нь хавтас хэрэгт авагдсан Ашид Билгүүн ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Ч.Жамъяны 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ТХҮ-921/4752, 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн ТХҮ-921/4750 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр нийтдээ 3,400,000 (Гурван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр үнэлэгджээ.

 

          Хохирогч Б.Г шүүх хуралдаанд “2 ингэн тэмээ, 1 ат өгсөн. Тэрийг хохирлоо барагдуулж өгсөн. Өөр надад санал хүсэлт байхгүй” гэсэн тул шүүгдэгч хохирлыг төлж барагдуулсан гэж шүүх дүгнэв.

 

          4.Бусад асуудлын талаар:

 

          Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2 (Хоёр) ингэн тэмээ, 1 (Нэг) ат хохирогч Б.Гд өгч хохирлыг биет байдлаар төлж барагдуулсан, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнээс гаргаж өгсөн 14 хуудас баримтыг хэрэгт хавсаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овгийн Н-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар олон тооны малыг хулгайлж, машин механизм ашиглаж “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч Н.Б-д 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Б-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэ 950,000 (Есөн зуун тавин мянга) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авсугай.

 

6.Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2 (Хоёр) ингэн тэмээ, 1 (Нэг) ат хохирогч Б.Гд өгч хохирлыг биет байдлаар төлж барагдуулсан, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнээс гаргаж өгсөн 14 хуудас баримтыг хэрэгт хавсаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        А.ЭНХБААТАР