Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 111/ШШ2021/0022

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Сайнбилэг даргалж, нарийн бичгийн дарга Э.Должинсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Должинсүрэн, хариуцагч Ж.Хатанбаатар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сүхбат нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Б.Эрдэнэбаатарын нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргад холбогдох Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Эрдэнэбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баян-Овоо сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 02 -ны өдрийн 41 тоот захирамжаар Мэргэн 4 дүгээр багийн Засаг даргаар томилогдон ажиллаж ажиллах хугацаандаа төрийн ажлыг цалгардуулж, алдаа дутагдал гаргаж байгаагүй болно. Гэтэл Баян-Овоо сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/05, 2021 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн Б/07 тоот захирамжуудаар үүрэгт ажлаас чөлөөлснийг хүчингүй болгуулахаар аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан боловч аймгийн Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 1а/115 тоот албан бичгээр хүчингүй болгох боломжгүй тухай хариу ирүүлсэн бөгөөд уг захирамж нь Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 17.1.4 дэх заалтуудад заасан багийн Иргэдийн нийтийн Хурлын бүрэн эрхэнд халдсан, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 28.5, 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалтуудыг зөрчсөн байгаа тул хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. гэжээ.

Нэхэмжлэгч Б.Эрдэнэбаатараас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Б.Эрдэнэбаатар би тус шүүхэд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгон ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олгуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдөр гаргасан бөгөөд хариуцагч Ж.Хатанбаатар нв нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж мөн шүүхээс товлон зарласан шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байна. Ж.Хатанбаатар нь миний хөдөлмөрлөх эрхэнд хууль бусаар халдаж намайг цалин орлогогүй болгож хохироосон үйлдэл болон хууль зөрчиж гаргасан захирамжид маш их гомдолтой байгаа. Мөн түүнчлэн миний Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт тасраад 5 сар болж байна. Иймд Ж.Хатанбаатараар ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргаж байна. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анухатан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баян-Овоо сумын Мэргэн 4 дүгээр багийн Засаг дарга байсан Баасан овогтой Эрдэнэбаатар нь Сумын Засаг дарга Ж.Хатанбаатартай 2017 оны 06 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сар хүртэл хамтран ажилласан байдаг. Хамтран ажиллаж байх хугацаандаа дараах зөрчил дутагдалуудыг гаргаж байсан.

Үүнд: Жил бүрийн мал тооллогын ажлаар хувийн ашиг сонирхолын зөрчил үүсгэж өөрийн хамаатан садан ах дүү нар болон бусад малгүй өрхийн нэр дээр хий мал тоолж, малын А дансны мэдээллийг хуурамчаар үйлдсэн. 2020 оны ажпын тайлан төлөвлөгөөний хэрэгжилт биелэлтийг цаг хугацаанд нь өгөөгүй, цар тахлын улмаас өндөржүүлсзн бзлэн байдал зарласан үед онцгой комиссийн гишүүний үүрэг хариуцлага алдаж хурал зөвөлгөөн тасалсан, удаа дараа хоцорсон. Засаг даргын Зөвлөлийн хурал болон хамт олны хурлаар хэлэлцүүлж сануулага өгч байсан.

2020 оны мал тооллогын ажлыг хийж гүйцэтгэж байхдаа ажлын байран дээр согтууруулах ундааг санаатайгаар хэрэглэж, өөрийн үйлдэлийг нуун далдлах зорилгоор албан тасалгааны камерыг цаасаар хааж байсан үйлдэл нь камер шалгаж илрүүлсэн зөрчлийн дэвтэрт бүртгэгдсэн байдаг.

2021 онд ажлын цагаас удаа дараа хоцорсон, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй албан томилолтоор ажлын хэсгээр явж байхдаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн, ажлын хариуцлага алдаж Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж сонсох ажиллагааг явуулж үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай шийдвэр гарсан.

Иймд сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 11 өдрийн Б/09 тоот Б.Эрдэнэбаатарыг ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгох боломжгүй тухай мэдэгдэж байна. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анухатан ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан гаргасан хариу тайлбартааБаян-Овоо сумын Мэргэн 4 дүгээр багийн Засаг дарга байсан Б.Эрдэнэбаатарын Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардалга ихэсгэх тухай бичигтэй танилцлаа. 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/10 тоот Б.Эрдэнэбаатарт холбогдуулан гаргасан захирамжаас үзэхэд түүний буруутай үйлдэлээс шалтгаалж ажлаас чөлөөлөх тухай захирамж гаргасан байх тул ажлаас чөлөөлөгдсөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхөөс татгалзаж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаарлдлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Б.Эрдэнэбаатарын нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын засаг даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч шүүхэд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн Б/10 дугаар Мэргэн 4 дүгээр багийн засаг дарга Б.Эрдэнэбаатарыг ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилгүй байсан хугацаанд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх нэмэжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нь үүрэгт ажлаа цалгардуулж удаа дараа архи уусан, архивийн бичиг баримтыг дутуу бүрдүүлсэн зарим бичиг баримтыг өгөөгүй, үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн учраас ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 ,48 дугаар зүйлийн 48.1.3 дугаар зүйлийг баримталж шийдвэрлэсэн. Хэдийгээр багийн Засаг дарга нь улс төрийн албан тушаалтан боловч төрийн албан хаагч тул энэ хуулийн заалтуудыг баримталсан... гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа: ...Би ажлаа сайн гүйцэтгэсэн, албан үүргээ сайн биелүүлсэн, архи уугаагүй намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан. Хэрвээ архи уусан юм бол цагдаад дуудаад үлээлгэдэг багажаар үлээлгээд, авах гарга хэмжээгээ авах байсан энэ бол худлаа нэг ч удаа би цагдаад архи уусан үндэслэлээр баривчлагдаж байгаагүй... гэсэн тайлбар гаргажээ.

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багийн Иргэдийн нийтийн хурлаас 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Мэргэн 4 дүгээр багийн Засаг даргаар уламжлан улмаар мэргэн багийн Засаг даргаар нэхэмжлэгч Б.Эрдэнэбаатар сонгогодон ажилласан байна.Сонгуулийн хугацаанд буюу 2019 онд Баян-Овоо сумын Шилдэг багийн засаг даргаар шалгарч байсан байх бөгөөд ажиллах хугацаандаа ажлаа муу хийж байсан гэж дүгнэх боломжгүй байна.

Харин нэхэмжлэгч нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа архи уусан болох нь Баян-Овоо сумын Засаг даргын зөвлөлийн хурлын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр тэмдэглэл болон гэрч Засаг даргын орлогч Г.Ганцоожийн ... нэхэмжлэгчтэй албан томилолтоор явж байхдаа нэг удаа хамт архи ууж байсан ... гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Хариуцагч нэхэмжлэгчийн архи уусан болохыг нотлох бичлэгийг шүүх хуралдаанд үзүүлсэн боловч уг бичлэгт камерийн дуранг нэхэмжлэгч цаасаар хааж байгаа бичлэг байснаас архи уусан бичлэг байгаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх талаар Багийн иргэдийн нийтийн хурлаас ирүүлсэн захиргааны акт байгаа эсэхийг тодруулахад 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн тайлбартаа ... энэ талаар Сумын засаг даргад Багийн иргэдийн нийтийн хурлаар ирүүлсэн захиргааны акт байхгүй ... гэсэн тайлбарыг ирүүлсэн байна.

Баян-Овоо сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн Б/10 дугаар Мэргэн багийн засаг дарга Б.Эрдэнэбаатарыг ажлаас чөлөөлөх тухай захирамжаар ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 48 дугаар зүйлийн 48.1.3 дугаар зүйлийг баримталж шийдвэрлэсэн буруу байна.

Мэргэн 4 дүгээр багийн Багийн засаг дарга нь улс төрийн албан тушаалтан бөгөөд Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 64.2.3. энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэлээр хурал түүнийг огцруулах санал гаргасан болалдаа, зөрчил дутагдал гаргасан бол Багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлж, ажлаас чөлөөлөх эсэхийг шийдвэрлүүлсний дараа сумын Засаг дарга ажлаас чөлөөлөх эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй байжээ.

Багийн засаг дарга иргэдээс сонгогдсон төлөөлөл бөгөөд сонгогчдын эрхийг үл харгалзан, Засаг дарга хуулинд заагаагүй эрх хэмжээгээ хэтрүүлэн шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд Баян-Овоо сумын засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн Б/10 дугаар Мэргэн багийн засаг дарга Б.Эрдэнэбаатарыг ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэгч: ...Баян-Овоо сумын 4 дүгээр багийн Иргэдийн нийтийн хурлаас хуучин Засаг даргын сонгуулийн хугацаа дууссан,шинэ Засаг даргыг өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч улс төрийн албан тушаалыг хүлээлгэн өгсөн учраас багийн Засаг даргаас сонгуулийн дүнгээр ажил албан тушаалаа өгч байгаатай холбогдуулан 6 сарын тэтгэмжээ авах шаардлага үүсч болзошгүй гэж үзэн захирамжийг хүчингүй болгох шаадлагатай... гэсэн тайлбар гарсаныг дурьдах нь зүйтэй.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө., Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам-ын 2.е-д хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд нь уг даатгуулагчийг ажилдаа эргэж орсноос хойш нэг сарын дотор нэг удаа даатгалын зохих санд төлнө. гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд ногдох ажил олгогчийн төлбөл зохих шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин 9.066.40 төгрөг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын 0653653 бүхий дэвтрээр тогтоогдож байх тул 9.066.40 төгрөгийг гаргуулж, мөн нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлэх нь зүйтэй байна.

Багийн Засаг даргыг Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн57.1...Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна.

.. гэж зааснаар 4 жилд нэг удаа сонгодог бөгөөд хуулинд заасны дагуу Баян-Овоо сумын засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 05 -ны өдрийн А/110 дугаар Багийн засаг дарга нарын сонгуулийг зохион байгуулах ажлын хэсэг томиох тухай захирамж гарсны дагуу Мэргэн 4 дүгээр багийн Засаг даргын сонгуулийг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулсан байх бөгөөд Мэргэн 4 дүгээр багийн Иргэдийн нийтийн хурал хуралдаж, шинэ Засаг дарга сонгогдсонтой холбоотойгоор нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаадлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/10 тоот захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хэсгийг хангаж, үлдэх ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ