Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 156

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн

улсын яллагч Б.Бямбадагва

хохирогч Д.Өлзийжаргал

шүүгдэгч Д.Амраа  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол улсын иргэн, 1976 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Эс Эл Эс Беарингс Монголиа” ХХК-ийн Дархан уул аймаг дахь салбар хариуцсан ажилтай,  ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 65-23 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:РП76022411/, Хар Дархад овогт Даваажийгийн Амраад холбогдох 201726020113 дугаартай эрүүгийн  хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Д.Амраа  2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол 65 дугаар байрны 23 тоот гэртээ эхнэр Д.Өлзийжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

Шүүгдэгч Д.Амраа шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр манай найз Дүгэрсүрэн манай гэрт ирээд Дүгэрсүрэн бид хоёр архи хувааж уугаад сууж байтал манай эхнэр Өлзийжаргал гаднаас 2 хүүгийн хамт орж ирсэн.  Надтай нэг байгууллагад ажилладаг Мөнххолбоо гэдэг эмэгтэйтэй манай эхнэр 4-5 жилийн өмнөөс намайг байнга харддаг болсон. Манай эхнэр миний Faсe хаягаар орж Мөнххолбоо янхан хүүхэн гэх мэтээр бичиж хүртэл хэрүүл тарьж байсан. Мөнххолбоо манай найз Дүгэрсүрэн нар гэр бүл болоод дундаас нь хүүхэд нь гарсан. Шинэ жилээр Дүгэрээгийн гэрт би эхнэрээ дагуулж очиж хүртэл харуулж байсан. Тэгэхэд манай эхнэр итгэдэггүй, тэдний хүүхдийг миний хүүхэд мэтээр ярьж Дүгэрээ та нар намайг хуураад байна гэж хардаад байдаг. Мөнххолбоо бид хоёр ямар ч холбоогүй байхад манай эхнэр Өлзийжаргал байнга хардаж хэрүүл гаргадаг юм. Тэгээд эхнэр Өлзийжаргал гаднаас орж ирэнгүүтээ Дүгэрээг “яагаад ирэхгүй, утсаар ярихгүй байгаа юм бэ, та нар худлаа ярьж байна” гээд Дүгэрээ рүү дайрсан. Энэ асуудлаас болж би эхнэр Өлзийжаргалтай маргалдаж муудалцаад түүнийг араас нь тэвэрч өргөөд  гэрийн үүдэнд  гаргаад тавьчихсан. Би Өлзийжаргалыг тэр өдөр цохиж зодсон зүйл байхгүй. Ер нь манай гэр бүлд хирүүл маргаан гардаг. Өлзийжаргал тэр болгонд цагдаа дууддаг. Манай гэр бүлийн асуудал болгон цагдаагаар шийдэгддэг болсон. Манай том хүүхдийг манай ээж хардаг байсан юм. Өлзийжаргал том хүүхдээ буруу номын хүүхэд гээд дарамталдаг. Тэгэхээр нь би хүүгээ Өлзийжаргалаас өмөөрдөг. Миний ах дүү нарыг үзэхгүй. Мөн намайг ямар ч хамааралгүй хүнтэй харддаг. Надад гэрийн хаалга тайлж өгөхгүй, би машиндаа, орцондоо ч хүртэл хэд хонож байсан.  Ийм асуудлуудаас болж Өлзийжаргал бид 2 муудалцдаг. Зарим үед миний тэвчээр барагддаг. Шүүхийн журмаар шийдүүлнэ гэв.

 

Хохирогч Д.Өлзийжаргал шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 12  дугаар сарын 24-ний өдөр би гадуур явж хүнсээ цуглуулчихаад гэртээ ирэхэд нөхөр Амраа гэртээ ирчихсэн намайг гэрт оруулахгүй байхаар нь би ахындаа очиж хоносон. Маргааш нь 12 дугаар сарын 25-нд би хоёр хүүхэдтэйгээ хамт кино үзнэ гээд хэлчихсэн байсан болохоор нөхөр Амраа руу утсаар ярьж хоёр хүүгээ авчруулсан. Амраа ахын гэрийн гадаа хоёр хүүг буулгачихаад явсан. Тэгээд би хоёр хүүтэйгээ хамт явж кино үзчихээд буцаж ахындаа ирж байж байгаад орой 19 цагийн үед хүүхдүүдтэйгээ гэртээ харихад манайд Дүгэрсүрэн, нөхөр Амраа хоёр архи уугаад сууж байсан. Дүгэрсүрэн бид нар хамт Японд байсан. Өмнө нь Дүгэрсүрэн манайд ирдэг байснаа сүүлийн үед ирэхээ больчихсон юм. Тэгэхээр нь би Дүгэрсүрэнд “яагаад манайд ирэхгүй байгаа юм бэ” гэсэн чинь Дүгэрсүрэн “завгүй байсан, заавал танайхаар ирэх албатай юмуу” гэхээр нь би “тэгвэл утсаар ярьж болно ш дээ” гэж хэлэхэд хажуунаас Амраа миний баруун шанаа руу гараараа цохисон. Би “чи яаж байгаа юм бэ” гэж Амраад хэлэхэд “чи Дүгэрээг завгүй гээд байхад нь заавал ингэж асууж яах гээд байгаа юм бэ” гээд гараараа намайг савж цохиход би газарт унасан. Дүгэрээ намайг хамгаалах байх гэж би бодсон. Тэгэхэд Дүгэрээ “хөөе болиоч ээ гэснээ, та нарын асуудал надад хамаагүй” гэж хэлээд манай гэрээс гараад явчихсан.  Амраа намайг цохих гээд араас хөөсөн, би гэрийнхээ орон дээгүүр хүртэл гүйж Амраагаас зугатсан. Яг л муур хулгана шиг байсан. Манай хоёр хүүхэд “аав, ээж хоёр болиоч ээ” гээд бүр сөхөрч сууж уйлж байсан. Тэгэхэд Амраа хүүхдүүдийнхээ тэгж хэлэхийг ч огт тоохгүй байсан. Амраа намайг барьж аваад чирч гаргах гэхэд нь би гэрийнхээ хөшиг паарнаас зуурсан. Тэгээд намайг гэрийн үүд рүү чирэхэд би үүднийхээ шкафнаас зуурахад Амраа гараа зангидаж байгаад миний нүүр рүү цохиход миний хамраас цус асгарсан. Би хүүе яанаа гэж хэлэхэд Амраа намайг шууд гэрээс түлхэж гаргасан. Би гадаа орцондоо 30-40 минут хамрынхаа цусыг гоожуулаад зогсож байтал хөрш айлуудын маань хүүхнүүд надад сальфетка өгч тусалж байсан. Тэгээд би ахыгаа, бас цагдаа дуудсан. Цагдаа ирэхэд хүртэл Амраа гэрийн үүд онгойлгож өгөхгүй байсан. Тэгтэл манай ах Өлзийбаяр эхнэртэйгээ ирээд Өлзийбаяр ах Амраа руу “гэмтэлд аваачиж үзүүлье, хувцас, цүнхийг нь авъя ” гэж хэлэхэд Амраа үүд онгойлгож өгч гэртээ орж хувцас цүнхээ аваад гэмтлийн эмнэлэг явж үзүүлсэн. Тухайн үед хамраа тэгшлүүлэхэд 250000 төгрөгийн төлбөр гарсан. Баримт нь цүнхэнд байсан чинь алга болчихсон байна лээ.  Амраа надад 200000 төгрөгөөр цувуулж 2 удаа нийт 400.000 төгрөг өгсөн.  Одоо хамрын мэс засалд орох шаардлагатай байгаа зардал нь 1200000-1500000 төгрөг болох юм байна лээ. Мөнххолбоо гэдэг хүүхэн манай нөхөр Амраагийн хавирганаас зүүгдчихээд салдаггүй. Би хардсан нь үнэн. Өмнө нь Амраа бид хоёр маргалдаж би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаад буцааж авч байсан.  Одоо бол би Амраад гомдолтой байна гэв.

Шүүгдэгч Д.Амраагийн хувийн байдалтай холбоотой ял шалгах хуудас /хх-ийн 27/, иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 81/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 86/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 87/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 89/ гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 90/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 92/

2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 4786 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хх-ийн 28/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхэд талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжилсний үндсэн дээр

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Амраа 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол 65 дугаар байрны 23 тоот гэртээ эхнэр Д.Өлзийжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь тархи доргилт, хамрын ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, сүүжний урд дээд сэртэнгийн ар хэсэгт цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Д.Өлзийжаргалын”...2015 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс манай нөхөр болох Д.Амраа нь Дархан-Уул аймагт ажлаар томилогдож явснаасаа хойш хааяа ирэх болсон. 2015 оны 4 дүгээр сард манай нөхөр Амраа намайг салъя би сар болгон хүүхдүүддээ 500.000 төгрөг явуулж байя гэж хэлээд явсан. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын сүүлээр буцаж нийлье гэж ирээд уучлалт гуйхаар нь за чи урьдийнхаараа байж чадвал нийлье гээд нийлсэн. 2012 оноос хойш намайг удаа дараа зодож дарамталж байгаа. Надад бүр байнга гэмтэл учруулж байсан. Амраад цагдаа дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байсан. 2016 оны 12 дугаар сарын 25- ны өдөр хоёр хүүхдээ дагуулаад Өргөө кино театрт кино үзчихээд гэр лүүгээ яваад очтол Амраа Дүгэрээтэй хамт архи уугаад сууж байсан. Дүгэрээ гэдэг нь манай нөхрийн сайн найз нь бөгөөд 2014 оноос хойш манайхаар орж гарахаа больсон найз юм. Тэгээд би Дүгэрээг хараад ямар сонин хүн бэ яагаад 2014 оноос хойш таг чимээгүй болчихвоо ажил ихтэй ч гэсэн манайхаар орж гарч байна биздээ ядаж утсаар ярина биздээ гэхэд Дүгэрээ над руу уурлаад амьдралын төлөө явж байна гэх зэргээр өөдөөс уурлахад манай нөхөр Амраа архины шил барьж босож ирээд тэрүүгээрээ далайснаа буцааж тавьсанаа гараараа үсдээд савж унагаагаад зодож эхэлсэн. Дундуур нь Дүгэрээ хоёр удаа хориглож байснаа та хоёрын амьдрал надад ямар хамаа байх вэ гээд гараад явсан. Амраа үргэлжпүүлээд зодож чирж гаргаж хаях гээд манай хоёр хүүхэд намайг тэврээд уйлаад байхад хүртэл тоохгүй байсан. Тэгээд миний хамар луу маш хүчтэй цохиод цус садраад гоожиж байхад намайг тоох ч үгүй коридорт гаргаад шидсэн. Би коридорт босож ч чадалгүй байж байхад манай хөршүүд цагдаа эмнэлэг дуудсан. Цагдаа ирээд манай гэр лүү орох гэтэл цагдаагийн өөдөөс хэл амаар доромжпоод зайл та нар, миний амьдрал та нарт хамаагүй та нар амьдрал авч явж чадах юм уу гэх мэтээр хашхирч байсан. Тэр хооронд намайг түргэний эмч нар аваад шууд гэмтлийн эмнэлэг явсан. Очоод байж байхад миний хамраас цус тогтохгүй байсан. Маш их цус алдсан. Нэг цэгийн үйлчилгээнд байж байхад цус тогтсон боловч дахиад л цус гоожоод байсан. Тэгээд Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд хамрын яс чинь хугарсан байна гэсэн. Миний энэ тэндгүй цохиж зодсон. Би маш их айсан болохоор хаана хэдэн удаа цохисонг нь мэдэхгүй байна. Намайг дор хаяж 30-40 минут зодсон. Одоо болих нь гэж бодохоор л цохиж зодоод байсан. Гомдолтой байна, Би эмчилгээний зардлын мөнгөө нэхэмжилнэ. /хх-ийн 13/

гэрч Э.Дүгэрсүрэн ”2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 14 цагийн орчим Баянгол дүүрэгт найз Амраагийнхаа гэрт нь очсон. Гэрт нь ороод нэг шил 0,5 литрийн архи уугаад дахиж нэг  шил архи уугаад байж байсан. Тэгээд орой эхнэр хүүхэд нь 19 цагийн үед ирэхээр нь би зөрөөд гарсан. Өлзийжаргал орж ирээд чи манайхаар ирэхээ байлаа яагаад ирэхээ больчихоо вэ гэхээр нь учир нь чи манай эхнэрийг Амраатай хардаад байдаг болохоор ирэхээ больсон. Энийгээ боль гээд л гарсан.  ...намайг байхад муудалцаагүй. Над руу тухайн орой Өлзийжаргал 00 цаг өнгөрч байхад залгаад Амраа намайг зодчихлоо гэсэн тэгэхээр нь би юу ч хэлээгүй утсаа салгаад унтсан. Бид Японд танилцсан найзууд. Монголд ирснээс хойш байнга уулздаг байж байгаад сүүлийн нэг жил уулзаагүй. Учир нь манай эхнэр Мөнххолбоог нөхөр Амраатайгаа хардаж миний амьдралд оролцож байсан. Би Өлзийжаргалыг хардаад байхаар нь 2015 оны 12 сард шинэ жилийн үеэр гэртээ авчирч байсан. Манай хадам ээж хүртэл байсан. Өлзийжаргал гэрлэлтийн баталгаагаа, хүүхдийн гэрчилгээгээ үзүүлчих гэхээр нь  би үзүүлсэн. Эхнэрийн ажилладаг компанийн захиралын эхнэрт манай эхнэр Мөнххолбоог танай нөхөртэй явалддаг гэж хэлж компаниар дүүрэн яриа гаргаж байсан. /хх-ийн 19/,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 831 дугаартай шинжээчийн: Д.Өлзийжаргалын биед тархи доргилт, хамрын ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, сүүжний урд дээд сэртэнгийн ар хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  Хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.  2016 оны 12 дугаар сарын16-нд үүсэх боломжгүй. /хх-ийн 21/ гэсэн дүгнэлт зэрэг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

 

Иймд Хар Дархад овогт Даваажийгийн Амрааг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан ял оногдуулж шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Амраад ял оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдал зэргийг харгалзан баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

Мөрдөн байцаалтын явцад Д.Амрааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан Д.Өлзийжаргалыг байнга зодож тарчлаасан гэх гэмт хэрэгт холбогдуулан шалгаж Прокурор 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 111 дугаартай тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгааг дурьдах нь зүйтэй.

 

Хохирогч цаашид хамрын мэс засалд ороход 1.200.000-1.500.000 төгрөг шаардлагатай гэж мэдүүлж байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.