Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/97

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,

Улсын яллагч Д.Ганцэцэг,

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Д.Ганцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Б-ийн М-д холбогдох 2416000000096 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ***** аймгийн *** суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер, **** ажилтай, ам бүл 6, аав, ээж, эгч, дүү нарын хамт **** аймгийн *** сумын **** багт суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, **** регистрийн дугаартай, Б овгийн Бийн М,

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр **** аймгийн **** сумын төвд байрлах **** бааранд тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, үл ялих зүйлээр шалтаглан Ц.Бийн толгой хэсэг рүү пивоны шилээр цохиж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Б.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр **** аймгийн **** сумын төвд байрлах *** бааранд тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, үл ялих зүйлээр шалтаглан Ц.Бийн толгой хэсэг рүү пивоны шилээр цохисон үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримтын улмаас Ц.Бийн биед баруун зулайн урд хэсэгт шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.М гэм буруутай болох нь:

 

Хохирогч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...2024 оны 04 дүгээр сарын 24-ний орой 11 цагийн үед найз Л түүний эхнэр Ц манай эхнэр Ш бид нар **** баарны караокед дуу дуулах бас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх гэж орсон ... Би **** баарны шатаар түрүүлээд гарахад Л-тэй гадаа хэрэлдэж маргалдаж байсан М намайг пивоны шилээр миний толгой руу цохисон...” гэх мэдүүлэг/хх-ийн 46-47-р хуудас/,

Гэрч Ө.Шийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц бид хоёр араас нь ороход Бийн толгойноос нь цус гарчихсан Л цамцаараа дарчихсан шатаар буугаад ирсэн. Тэгтэл тэр М гэх залуу би цохисон гэж өөрөө хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 55-56-р хуудас/,

 

Гэрч Г.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд бид хоёр араас нь ороход Б-ийн толгойноос цус гарчихсан байхаар нь яасан бэ гэхэд хүн цохичихлоо гээд байж байсан. Тэгсэн чинь түрүүний Б-тай зодолдож байсан залуу би шилээр цохисон гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дуудсан.., Намайг *** баар руу ороход Б-ийн толгой хагалчихсан байсан. Хэн хагалсан бэ гэхэд М гэх залуу би хагалчихсан юм гэж хэлсэн.., М, Б нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 53-54-р хуудас/,

 

Гэрч Э.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 24-ний шөнө 11 цагийн орчимд *** бааранд Б, Ш нартай таарсан. Бид 4 **** баарны караокед орсон. Тэрнээс гараад Л бид хоёр гэр рүүгээ явсан. Шөнө 02-ын үед би Ш рүү залгаад бид хоёр та хоёрыг хүргээд өгөх үү гэж асуухад тэг гэхээр нь эхнэр Ц-тай хамт **** бааранд очсон юм. *** баарны гадаа очиход Б эхнэртэйгээ гадаа нь зогсож байхаар нь Б-ийг машинд суу гэхэд суухгүй байсан. Тэгэхээр нь би машинаасаа буугаад *** баарны үүдэн дээр хоёр залуу тамхи татаад зогсож байхаар нь очоод хамт тамхи татаад зогсож байсан залуутай маргалдаж эхэлсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо зодолдоод Б-ийн эхнэр нь дундуур салгах гээд ороход танихгүй залуу нь андуураад эхнэрийг нь цохисон. Тэгээд тэр хоёрыг салгахад М нь **** баар руу орсон юм. Тэгтэл Б араас нь орсон. Би Б-ийн араас ороход толгойноос нь цус гарчихсан орилоод байж байсан.., Би **** баар руу ороод шатаар дээшээ гарахад Бийн толгойноос цус гарчихсан байсан. Хэн толгойг нь хагалчихсан юм бэ гэхэд гадаа Бтай хэрэлдэж маргалдаад зодолдсон залуу М гэгч би шилээр цохиод хагалчихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 51-52-р хуудас/,

 

2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 124 дугаартай Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Т.Алтайбаатарын “...Ц.Бийн биед баруун зулайн урд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.." гэх дүгнэлт /хх-ийн 26-27-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.М нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ... бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

         

          2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 дугаар хуудас/-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 (Дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (Дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (Дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (Дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.М шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдэв.

 

          3.Гэм хор, хохирлын талаар:

 

          Шүүгдэгч Б.Мын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч хавтаст хэрэгт хохирлын баримт гаргаж өгөөгүй.

 

          Хохирогч Ц.Бь нь хавтаст хэргийн 37 дугаар хуудаст “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шаардлагагүй”, хавтаст хэргийн 85 дугаар хуудаст хэргийн материал танилцсан баримтад “гомдол, санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж бичин гарын үсэг зурсан, хавтаст хэргийн 98 дугаар хуудаст Эрүүл мэндийн даатгалын санд 222,815 (Хоёр зуун хорин хоёр мянга найман зуун арван тав) төгрөгийг төлсөн баримтууд тус тус авагдсан байх тул шүүхээс шүүгдэгч Б.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

         

          4.Бусад асуудлын талаар:

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овгийн Бийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт 450 (Дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (Дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт оногдуулсан 450 (Дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (Дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид Б.Мт мэдэгдсүгэй.

 

5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ЭНХБААТАР