Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/98

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,

Улсын яллагч Д.Ганцэцэг,

Шүүгдэгч Ч.Ө нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Т ургийн овгийн Ч-н Өт холбогдох 2416000000122 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр **** аймгийн **** суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эх, дүүгийн хамт **** аймгийн **** сум, **** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ***** регистрийн дугаартай, Т ургийн овгийн Ч-ын Ө,

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ч.Ө нь согтуурсан үедээ 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн шөнийн 23 цагийн орчимд **** аймгийн **** сумын төвд Б.Утай тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж зодолдон түүний толгойн тус газарт чулуугаар цохиж толгойн оройн зүүн талын хуйханд нь шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Ч.Ө нь согтуурсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн шөнийн 23 цагийн орчимд **** аймгийн **** сумын төвд Б.Утай тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож түүний толгойн тус газарт чулуугаар цохисны улмаас Б.Уын толгойн оройн зүүн талын хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримтын улмаас Б.Уын биед толгойн оройн зүүн талд хуйханд шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан бөгөөд энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Ч.Ө гэм буруутай болох нь:

 

1.Хохирогч Б.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... “...Тэгээд Ч.Ө ах бид 2-ын ирсэн мотоцикль шөнийн гэрэлгүй байсан тул би гэрлийг нь янзалж асаах гээд хэсэг үзсэн боловч гэрлийг нь янзалж чадаагүй. Тэгээд Ч.Ө ах согтуудаа надтай маргалдаад гэрэлгүй явъя гэж хэлсэн. Тэгээд би гэрэлгүй явж болохгүй шүү ах гэж тайлбар хэлээд зогсож байхад ах над руу учир зүггүй дайраад намайг барьж авсан. Тэгээд бид 2 ноцолдоод газар унасан. Тэгээд ноцолдоод байж байхад миний толгой руу чулуугаар Ч.Ө ах хүчтэй цохиод авсан. Тэрнээс болоод миний толгойноос их хэмжээний цус гараад би босож чадахгүй газар хэвтсэн юм. Тэр үед Н бид 2-оос хол зогсож утсаар ярьж байсан юм. Намайг Ө ах цохиод авахад Н гүйж ирээд салгасан юм. Тэгээд намайг Н мотоциклдоо суулгаж аваад түрүүлж хөдлөөд сумын эмнэлэгт хүргэсэн. Тэр үед Ө үлдсэн байсан. Тэгээд тэрнээс хойш хэсэг ухаан сарниж, миний бие ухаан алдсан байсан...Тэрийгээ сайн мэдэхгүй байна. Ө ах гэрэлгүй мотоциклоор явна гээд над руу уурлаад байсан. Би гэрлийг нь асаах гэсэн боловч чадаагүй. Тэгээд нэг мэдэхэд ноцолдож газар унасны дараа намайг чулуугаар цохиод авсан. Миний биеийн толгойн хэсэгт 1 удаа чулуугаар цохиж хагалсан. Тэрнээс болоод их хэмжээний цус алдсан...Гартаа чулуу атгасан. Миний толгойн зүүн дээд хэсэг рүү цохисон....надад гомдол санал байхгүй. Ч.Ө миний эмчилгээний төлбөр болох 1.000.000 төгрөгийг төлсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

2.Гэрч Э.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд би гар утсаар ярьж байсан газраасаа нэлээн хол алхаад яриад зогсож байсан юм. Хэсэг хугацааны дараа У болон Ө хоёр ноцолдоод газар хэвтэж нэгнийгээ барьцалдаж барьж аваад байсан. Тэгээд би гар утсаа таслаад тэр 2-руу гүйгээд очиж салгасан. Уын толгойноос нэлээдгүй цус гоожиж гарсан байдалтай байсан. Тэгээд юу болсон яагаад зодолдсон талаар асуухад Ө юу ч дуугарахгүй яваад өгсөн. Уын толгойноос цус тогтохгүй байхаар нь би дагуулаад сумын эмнэлэгт түшиж оруулаад хэвтүүлсэн. Тэгээд дараа нь эмч ирээд цусыг нь цэвэрлэж толгой хэсэгт нь оёдол тавьсан. Тэр үед эмнэлгээс цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан...Тухайн үед би гар утсаар ярьж байсан болохоор зодоон юунаас болж үүссэн талаар сайн мэдэхгүй. Дуу чимээ гараад байхаар нь эргэж харахад тэр 2 ноцолдож газар унасан нэг нэгнийхээ дээр гараад хэвтэж байсан. Намайг очихоос өмнө Ө Уын толгойг чулуугаар цохисон гэж хэлсэн. Уын толгойноос их хэмжээний цус гараад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас /,

3.Гэрч Ж.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр сумын Эрүүл мэндийн төвд эмчлэгч эмчээр үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдрийн 23 цаг 35 минутад намайг гэртээ байхад утсаар манай сувилагч эмч О.А дуудлага мэдээлэл ирлээ гэж мэдэгдсэн. Тэгээд би 23 цаг 40 минутад эмнэлэгт очиход Б.У гэх залуу толгойноос нь их хэмжээний цус гоожсон байдалтай байсан ба хэсэг хугацааны дараа түр ухаан сарниж алдсан. Тэгээд сумын цагдаагийн хэсэгт эмнэлэгт хүнд зодуулсан байдалтай хүргэгдсэн тухай дуудлага өгсөн юм. Тэгээд дараа нь би эмчилгээ үзлэгээ хийж цусыг нь цэвэрлэж толгойг нь угааж толгойны оройны хэсэгт 3 оёдол тавьж цус тогтоох эмчилгээ эм тариа хийж хүчилтөрөгч залгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас /,

4.Иргэний нэхэмжлэгч Б.Энхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Энэ хэрэгт холбогдуулан Б.У нь эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон тусламж үйлчилгээний мөнгө болох 706,315 төгрөгийн гаргуулан авах хүсэлттэй байна....” гэх мэдүүлэг /хх- ийн 39-40 дүгээр хуудас /,

5.Говь-Алтай аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн хошууч Т.Алтайбаатарын 2024 оны 05 дугаар сарын 17- ны өдрийн “...1.2. Б.Уын биед толгойн оройн зүүн талд хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 146 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 50-51 дүгээр хуудас /,

6.Хохирогч Б.Уаас гаргаж өгсөн амбулаториор эмчлүүлэгчийн карт, Баян-Уул сумын эрүүл мэндийн төвийн эмчийн үзлэгийн тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 19-25 дугаар хуудас /,

7.Хохирогч Б.Уын цагдаагийн газарт гаргасан “...гомдол саналгүй. ' гэх хүсэлт, хохирол 1.000.000 төгрөг төлсөн гэх баримт /хх-ийн16-17 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Ө нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ... бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

  

   2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 (Дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (Дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (Дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (Дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, торгуулийг 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ч.Ө шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулж,  шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдэв.

 

3.Гэм хор, хохирлын талаар:

 

Шүүгдэгч Ч.Өын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Уын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хавтаст хэргийн 08 дугаар хуудаст хохирогч Б.Уын гараар бичсэн “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй. Ч.Ө нь миний хохирлыг бүрэн барагдуулсан” гэх баримт, хавтаст хэргийн 016 дугаар хуудаст “...бид хоёрын хооронд гомдолгүй болсон. Бүх хийлгэсэн эмчилгээний зардлыг төлүүлсэн ... миний бүх хохирлыг барагдуулсан” гэх баримт, хавтаст хэргийн 17 дугаар хуудаст, “1.000.000 төгрөг төлсөн дансны хуулга” зэрэг авагдсан байна.

 

Харин “Иргэний нэхэмжлэгч Б.Энхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Энэ хэрэгт холбогдуулан Б.У нь эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон тусламж үйлчилгээний мөнгө болох 706,315 төгрөгийг гаргуулан авах хүсэлттэй байна.” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудаст авагджээ.

Шүүгдэгч Ч.Ө нь иргэний нэхэмжлэгчийн 706,315 (Долоон зуун зургаан мянга гурван зуун арван тав) төгрөгийн нэхэмжлэлийг нөхөн төлөхөө илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон болно.

Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Өаас 706,315 (Долоон зуун зургаан мянга гурван зуун арван тав) төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлж шийдвэрлэв.

4.Бусад асуудлын талаар:

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.Өаас хохирогч Б.Ут 1,000,000 (Нэг сая) төгрөг төлсөн, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т овгийн Ч-н Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Өт 450 (Дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (Дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Өт оногдуулсан 450 (Дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (Дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид Ч.Өт мэдэгдсүгэй.

 

5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Өаас 706,315 (Долоон зуун зургаан мянга гурван зуун арван тав) төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлсүгэй.

 

7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.Өаас хохирогч Б.Ут 1,000,000 (Нэг сая) төгрөг төлсөн, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ЭНХБААТАР