Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/102

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,

Улсын яллагч Ө.Манзушир,

Шүүгдэгч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Ж овгийн Н-ийн А-д холбогдох 2416000000104 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр **** аймгийн **** суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдүүдийн хамт **** аймгийн **** сумын **** багт оршин суух хаягтай, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, **** регистрийн дугаартай, Ж овгийн Н-н А,

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.А нь 2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ****** улсын дугаартай портер загварын тээврийн хэрэгсэлд адуу ачиж замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 12.1. жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Э.Т нас барсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Н.А нь 2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ****** улсын дугаартай портер загварын тээврийн хэрэгсэлд адуу ачиж замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 12.1. жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Э.Т нас барсан үйл баримт тогтоогдлоо.

 

Дээрх үйл баримт нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж шүүх үзлээ.

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Н.А гэм буруутай болох нь:

 

   1.2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 8-9 дүгээр тал/,

 

   2.2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр амь хохирогчийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12 дугаар тал/,

 

   3.2024 оны 04 дүгээр сарын 28-ний өдөр цогцост үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-19 дүгээр тал/,

   4.Хохирогчийн хууль ёсны төөлөгч Н.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 21 цаг өнгөрч байхад манай айлын хүн танай хүүхэд осолд орчихлоо гэж хэлсэн. Би тэр талаар сонсоод гэрээс гарч шууд осол болсон газарт машинтай ирэхэд А нь манай хүүг тэвэрчихсэн газарт сууж байсан. Би Аээс хүүхэд яагаад өнгөрчихвөө гэж асуухад А машин уначихлаа гэж хэлсэн. А нь сумын төв рүү залгаж дуудлага дуудсан юм. Дуудлагын эмч ирж үзээд өнгөрчихсөн байна гэж хэлсэн. Намайг очиход тээврийн хэрэгсэл нь зүүн урагшаа харчихсан 4 дугуй дээрээ зогсчихсон байсан. Харин манай талийгаач машиных нь урд талд хэвтэж байсан. Н.А нь 2024 оны 04 сарын 27-ны өдрийн 17 цаг өнгөрч байхад утсаар яриад би одоо сумаас гарах гэж байна гэхээр нь Наашаа гарах гэж байгаа бол манай хүүг аваад ир зам дээрээс нь тосоод авъя гэж хэлсэн. Би тэгээд талийгаач хүү рүүгээ утсаар яриад А одоо гарах гэж байна хамт хүрээд ир гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/,

 

5.Хохирогчийн хууль ёсны төөлөгч Н.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...амь хохирогчийн зан үйлийн зардалд 8,000,000 төгрөгийг зарцуулсан...зан үйлийн зардалд гарсан зардлыг нэхэмжилж байна. надад Н.А нь 2,000,000 төгрөг өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал/,

 

          6.Насанд хүрээгүй гэрч Д.Иийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 04 сарын 27-ны 17 цаг өнгөрч байхад би өөрийнхөө хашаанаас хээр зүсмийн азаргыг хөтлөөд А ахын хашаанд очсон. А ахтай адуугаа ачаад хойшоо голын эх рүү ногоолохоор явсан. Замдаа А ахын машинтай явж байхад цас орж байсан. Машин дотор А ах, Т гээд хүүхдийн хамт бид гурав явж байсан. Д араас мотоциклтой явж байсан. Машинтай явж байхад машин шарваад ачиж явсан адуунууд пижигнээд машин унаад нэг давах шиг болсон. Машин давж унаад тас гээд цонх хагарах шиг болсон, би машины цонхоор харахад тэр хүүхэд газарт хэвтэж байсан. А ах хамгаалах бүс зүүгээд бид хоёр хамгаалах бүсээ зүүгээгүй байсан. Миний биед толгой бага зэрэг өвдөж, зүүн гар өвдөж байсан. Миний баруун шанаа хэсэгт зурагласан шарх байсан. А ахын биед ямар гэмтэл учирсныг мэдэхгүй. Би хамт явж байсан хүүхдийг нэрээр нь дуудахад ямар нэгэн хариу өгөөгүй, хөдөлгөөнгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар тал/,

 

          7.Гэрч О.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би сумын төвөөс А ахын араас явсаар байгаад Голын эхний тэнд очиход А ахын машин нь хөрвөөчихсөн. Эрдэнэбилэгийн хүүхдийг тэвэрчихсэн сууж байсан. А ах гялс түргэн дуудаарай гэж хэлсэн би тэгээд эмнэлэг рүү утсаар ярьж дуудлага өгсөн. Н.А ахтай талийгаач, Д ахын хүүхэд байсан. Өөр хүн байгаагүй. Осол болсон газарт намайг очиход цасаар шуурч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар тал/,

 

          8.Говь-Алтай аймгийн Шүүх   шинжилгээний албаны шинжээч эмч Т.Алтайбаатарын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “...1.2. Д.Иийн биед тархи доргилт, баруун шанаанд зулгаралт, зүүн бугалагт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх 138 дугаартай дүгнэлт /хх-ийн 44-45 дугаар тал/,

 

            9. Говь-Алтай аймгийн Шүүх       шинжилгээний албаны      шинжээч        эмч Т.Алтайбаатарын 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн: “...Амь хохирогчийн цогцост дух яс, баруун чамархай ясны уулзах хэсэгт цөмөрсөн хугарал уг хугарлаас хойшоо зулай ясны заадлаар дамжин дагз ясны төвгөрийн зүүн талаар явж, зүүн чамархай ясаар дамжин суурь яс хүрсэн салсан хугарал, зүүн чамархай яснаас чулуулаг ясны урдуур гарч эмээлцэг яс хүрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсгэгдэнэ. 3. талийгаачийн биед учирсан гэмтэл нь амьдрах боломжгүй гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. 4.5. Амь хохирогч Э.Т нь гавал тархины битүү гэмтлийн улмаас шууд нас барсан байна. 6.7. талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй...” гэх 29 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-63 дугаар тал/,

 

          10.Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Т.Алтайбаатарын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 52 дугаартай “...Н.Аийн гэх цусанд спиртийн зүйл илэрсэнгүй” гэх дүгнэлт /хх-ийн 51- 52 дугаар тал/,

 

          11.Шинжээч М.Д-ийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “...70- 02 ГАҮ улсын дугаартай Хюндэй портер загварын тээврийн хэрэгслийн жолооч Нацаг овогтой А нь Монгол улсын замын хөдөлгөөн дүрмийн 3.4 б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 12.1. жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн буруутай үйлдэл нь осол үйлдэгдэхэд нөлөөлсөн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 56-57 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.А нь 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ****** улсын дугаартай портер загварын тээврийн хэрэгсэлд адуу ачиж замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 12.1. жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

 

“Зам тээврийн осол” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “заасан зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж, эвдэрч, гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгоно.” гэж хуульчилжээ.

 

Хууль зүйн хувьд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Засгийн газраас баталсан “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм” нь бүх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ бөгөөд үүнийг зөрчсөн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ажиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

Дээрх гэмт хэргийн үндсэн шинж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэсэн тохиолдолд хангагдах ба уг гэмт хэргийн улмаас хор уршиг учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй хэрэг бөгөөд харин энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байна.

 

Энэ гэмт хэргийн объектив тал нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл бөгөөд энэ хэргийн объект нь хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрх байдаг.

 

          Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно. Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Н.Аийн зам тээврийн осол гаргасан гэм буруутай үйлдлийн улмаас Э.Тын амь нас хохирсон нь шууд шалтгаант холбоотой юм.

 

Шүүгдэгч Н.Аийн хувьд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч осол гарган хүний амь нас хохироосныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

 

Иймд шүүгдэгч Н.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүгдэгч Н.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

 

Шүүхээс шүүгдэгч Н.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Прокурорын санал болгож, шүүгдэгч Н.Аийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (Тав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 (Хоёр) жил, 5 (Тав) сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх  эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (Тав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 (Хоёр) жил, 5 (Тав) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх  нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хавтаст хэргийн 116 дугаар хуудаст хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эийн “...бидний хүүхэд Эийн Т нь 2024 оны 04 сарын 26-нд Чандмань сумын нутагт Н-ийн Аийн машинд зорчин явахдаа нас барсан. А бидний хохирлыг төлж барагдуулсан. Аээс сэтгэл санаанд учирсан хохирлыг нэхэмжлээгүй. Бодит хохирлыг төлж барагдуулсан. Шүүх хуралд оролцуулахгүйгээр хэргийг шийдэж өгнө үү. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт, хавтаст хэргийн 117 дугаар хуудаст 11,800,000 төгрөгийг Н.Аээс Н.Эт төлсөн баримт зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч хохирогчид 13,800,000 (Арван гурван сая найман зуун мянга)төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ж овгийн Н-ийн Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (Тав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 (Хоёр) жил, 5 (Тав) сарын хугацаагаар тэнссүгэй.

 

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.А тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Н.Ад сануулсугай.

 

5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс хохирогчид 13,800,000 (Арван гурван сая найман зуун мянга) төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.ЭНХБААТАР