Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/104

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,

Улсын яллагч Б.Түвшинтөр,

Хохирогчийн өмгөөлөгч М.Энхзаяа,

Хохирогч М.А,

Шүүгдэгч Т.Лийн өмгөөлөгч Т.Хуягбаатар, Ж.Мөнхнасан,

Шүүгдэгч Э.Дийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм,

Шүүгдэгч Э.Д, Т.Л нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Э.Д, Т.Л нарт холбогдох 2316000340021 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 9 сарын 25-ны өдөр **** аймгийн *** сумд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт **** аймгийн **** сумын *** багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, **** регистрийн дугаартай, Х овогт Э-н Д,

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 10 сарын 12-ны өдөр **** аймгийн **** сумд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт **** аймгийн *** сумын **** багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, **** регистрийн дугаартай, Х овогт Т-н Л

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.Д, Т.Л нар нь бүлэглэн 2021 оны 10 сарын 28-29-ны өдрийн орчим **** аймгийн *** сумын **** багийн нутгаас улаан өнгийн мустанг-150 маркийн мотоцикл, хөх өнгийн Мустанг-200 маркийн мотоциклуудыг ашиглан, М.Аын эзэмшлийн 4 тооны буюу олон тооны адууг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 4,600,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д тус тус заасан гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Э.Д, Т.Л нар нь бүлэглэн 2021 оны 10 сарын 28-29-ны өдрийн орчим **** аймгийн **** сумын **** багийн нутгаас улаан өнгийн мустанг-150 маркийн мотоцикл, хөх өнгийн Мустанг- 200 маркийн мотоциклуудыг ашиглан, М.Аын эзэмшлийн 4 тооны буюу олон тооны адууг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримтууд тогтоогдлоо.

 

Дээрх үйл баримт нь бусдын олон тооны малыг, бүлэглэн, мотоцикл ашиглан хууль бусаар авсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж шүүх үзлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Э.Д, Т.Л нар гэм буруутай болох нь:

 

1.Хохирогч М.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.Л нь маханд адуу авна гэж байсан би түүнд адуу зарна гэж огт хэлээгүй. Манай адуу алга болчихлоо харж үзсэн үү гэж Лоос асуухад надад огт юм хэлээгүй. Цагдаагаас ирж надаас мэдүүлэг авсан орой нь Л, Д, П нар нь над дээр ирчхээд таны адууг авсан хүн **** аймгийн **** сумын хүн байна гэж надад хэлсэн. Тэгэхэд П нь Л Д нар нь нэлээд согтуу байсан. П таны адууг авсан хүн нэлээн ядарсан залуу байдаг юм. Би адууг нь өмнөөс нь төлөөд өгье гэхээр нь чи яахаараа хүний өмнөөс төлдөг юм. Л, Д нар нь **** аймгийн **** сум руу адуу зарахад зарсан адууны өртөгт таны 4 удаа ирсэн байна. Би таны 4 адууг би төлчихье гэж Д хэлсэн. Л нь миний адууг таньж байгаа. Миний найз учраас адуугаа 1 сар гаруй хайж асуухад надад адууны талаар огт хэлээгүй. Тэгтэл ***** аймаг руу авч яваад зарсан байсан. Одоо болохоор Л нь надтай уулзахгүй байгаад байгаа. Д нь надтай уулзахдаа Л нь таны адууг хөл дэрс гэх газраас тууж ирээд надаар туулгуулж Пийн гадаа очиж 4 адууг барьж бай гэж зааж өгсөн би түүнийг барьж авсан юм. Таны адуу гэдгийг би мэдээгүй. Т.Л манай хоёр 7-8 км зайд байдаг. Л нь над руу адуу ачих гэж байна гэж ирээд ачилцаадах гэхээр нь би манай адуу өнөөдөр хөл дэрс дээр байсан чинь алга байна. Би адуугаа хайх гэж байна гэхэд ирээд адуу ачилцаадах гэхээр нь очиж адууг нь ачиж өгчхөөд адуугаа хайгаад явсан. 6 дахь өдөр буюу хагас сайн өдөр Л гэрийнхээ гаднаас С-гийн машинд адуу ачиж байхад Лх, Х, Су бид нар байсан. Л надаар адуугаа ачуулсан нь одоо болохоор намайг адуунд явуулахгүй гэсэн санаа зорилготой байсан байна. Хөл дэрс гэх газар нь Лийн гэрээс хойшоо 10 км зайд байдаг. Л бид хоёр нэг нутгийн хүмүүс тул миний адууг сайн мэднэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 хуудас/,

 

          2.Гэрч С.Пийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би цаг хугацааг нь сайн санахгүй байна. 2021 оны 10-11 сарын үед байсан. Манайх *** багийн Агуйт гэх газарт ганц гэрээр нутаглаж байсан. Э.Д, Т.Л нар мотоциклтой хонгор халзан азаргатай 18 тооны адууг тууж ирээд манай хашаанд хашсан. Дараа нь С- ах том шланз дээр адууг ачсан. Хашаанд хашсан адуунаас 4 тооны адууг ачсан. Тухайн үед адууны талаар ямар нэгэн зүйл тэр хоёр яриагүй. Дараа нь Аб ирээд адуугаа алдсан гээд. 14 тооны адуугаа манай гэрийн ойролцоогоос олж аваад явсан. Надаас 4 тооны адуугаа асуухад нь би хулгайн адуу гэж мэдээгүй байсан учир мэдэхгүй гэж Абт хэлсэн. Манай гаднаас ачсан 4 тооны адууны 2 нь хар морь, 1 бор гүү, тамга нь тодорхой харагдахгүй байсан. Харин хээр үрээ нь 8 тоо тамгатай байсан. Тухайн үед С-, Д, Л бид 4 байсан. Д нь шөнийн 04 цагийн үед манайд мотоциклтой ирж хоноод маргааш өглөө нь мотоциклоороо адуу тууж ирээд хашаанд хашиж, 4 адууг нь барьж аваад уяж, бусад адууг нь хашаанаас гаргасан. Дараа нь өөрийнхөө адууг тууж ирээд мөн хашаанд хашсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 хуудас/,

 

          3.Гэрч С.Пийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Би тухайн үед мэдүүлэг өгөхдөө айхдаа Д, Л нар нь мотоциклоор адуу тууж ирсэн гэж мэдүүлэг өгсөн байна. Д нь ганцаараа шөнө манайд мотоциклтой ирж хоносон. Тэгээд өглөө нь хонгор халзан азаргатай адуу тууж ирээд хашчихаад Л барьж ав гэсэн гээд 4 адуу барьж авчхаад бусдыг нь гаргасан. Тэгээд дахиж өөрөө явж өөрийнхөө адууг тууж ирээд адуу ачсан. Мөрдөгч Ба гэдэг хүн мэдүүлэг авсны орой нь Э.Д манайд орж ирчхээд цагдаа дуудаж байна гаръя гэхээр нь би дагаад гарахад Т.Л гадаа машин дотор сууж байсан. Тэгээд бид гурав архи уугаад сууж байтал Л, Д хоёр бид Абын адууг ачаад явсан юм. 4 адууг нь маргаашийн дотор төлөөд өгчихмөөр байна. Чи 4 адууг нь өгчих. Бид хоёр сүүлд чамд 4 адууг нь буцаагаад өгье гэхээр нь би үгүй гэж хэлсэн. Чи *** *** рүү нэг хүнд азарга зарсан чинь өртгөнд нь 4 адуу авсан чинь тэр нь хулгайн адуу байсан байна гээд хэлээд өгөөч гээд намайг гуйгаад байхаар нь би Абт би 4 адууг чинь төлөөд өгье гэхэд Аб нь нэг гүү нь хээлтэй явсан. Тэгээд унагатай нь 5 адуу авмаар байна гэж хэлсэн. Л нь Дийг чи ганцаараа даана шүү гээд тэр хоёр тэгэх юм болоод яриад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 67 хуудас/,

 

          4.Гэрч Д.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн хувийн 36-14 улсын дугаартай шланз маркийн тээврийн хэрэгслээр **** аймгийн **** уурхайд нүүрс тээвэрлэдэг 2021 оны 10 сарын сүүлээр **** аймгийн *** уурхайгаас нүүрс иж *** аймгийн **** сумд аваачиж зарах болсон. Тэгээд **** маг явах болоод Л, Д нар нь адуу ачуулна гээд нийт 27 тооны адуу ачуулсан. **** сумын Т*** багийн *** буудлаас Л нь ганцаараа хашаанд ялгаж хашсан 19-20 адууг ачсан. Дараа нь *** багийн нутаг *** гэх газраас Пийн гэрийн гаднаас адуу ачсан. Пын гэрийн гаднаас хоёр хул дэлтэй хар гүү, хүрэн халзан гүү, бор гүү, хээр үрээ ачигдсан. Бусдыг нь сайн мэдэхгүй. Дээрх адууг Д, Л, П, Б гэдэг залуучууд ачсан. Сүүлд нь Д гэх хүн нэг морь ачсан. Би ачиж явсан адуугаа *** аймагт баруун хойд зүгт нэг хашаанд буулгаж орхиод цаашаагаа нүүрсний оочерт орохоор яараад явсан. Тэнд казак эр Д, Л нартай хамт үлдсэн. Би тухайн үед нэг адууг 70,000 төгрөгөөр ачсан. Нийт 30 адуугаар тооцож 2.100.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 хуудас/,

 

          5.Гэрч С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2 дугаар удаа өгсөн “...Би өөрийнхөө дансны хуулгыг харсан чинь Л нь ********* дугаарын данснаас миний хаан банкны ******** данс руу 20 адууны 1,400,000 төгрөг, Д нь ******* тоот данснаас миний хаан банкны ******** дугаарын данс руу 11 адууны 770,000 төгрөгийг тээврийн хэрэгслийн хөлсөнд төлсөн байна. Л нь үлдсэн адууг Пийн гаднаас ачуулна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 73 хуудас/,

 

          6.“Ашид билгүүн” ХХК-ны үнэлэгдэж буй 4 тооны адууны нийт зах зээлийн үнэ цэнийг 2021 оны 10 дугаар сарын байдлаар 4,600,000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх 2023 оны 01 сарын 26-ны өдрийн ТХҮ-923/5707 дугаартай хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 85 хуудас/,

 

          7.“Ашид билгүүн” ХХК-ийн “...БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мустанг-200 маркийн улсын дугааргүй мотоциклийг 600,000 төгрөгөөр, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мустанг-150 маркийн улсын дугааргүй мотоциклийг 750,000 төгрөгөөр үнэлэв...” үнэлгээ /хх-ийн 184, 194 хуудас/,

 

          8.Гэрч Л.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Т.Лид 3 адуу өгсөн. Э.Д, Т.Л, Хи, Тө нар адуугаа ацын худгаас усалсан. Хи, Тө нар нь түрүүлж гэр лүүгээ явсан. Т.Л Э.Д хоёр мотоциклтой явж байсан. Маргааш өглөө адуугаа ачуулна гэж байсан. Би сум руу явна малын зах харж байгаарай гэж хэлсэн. Сум руу явахдаа би малаа өөрөө хотолж үлдээчхээд явсан. Хагас сайн өдөр байсан. Манай эхнэр хүүхэд Тонхил сумын төв дээр байсан. Би сум руу явж эхнэр хүүхэд тэр шөнө надтай зөрж ирсэн. Би маргааш нь өдөр гэртээ ирэхэд Т.Л адуугаа ачаад явсан байсан. Би 2021 оны 10 сарын 27-ны өдөр 14 цагийн үед Тонхил сумын төв рүү явахдаа малаа хотлуулчхаарай гэж захиад явсан. Маргааш нь Л, Д нарыг адуугаа усалж байхад нь малаа өөрөө хотлуулчхаад алсыг нь харж байгаарай гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 82-83-р хуудас/,

 

          9.Гэрч Р.Суын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 10 сарын 28-ны орой манайд 23-24 цагийн үед Л.Х, эхнэр Т, манай бага хүү бид нарыг гэртээ байж байтал Т.Л ирээд маргааш адуу ачилцаад өгөөрэй гэж хэлсэн. Маргааш нь Л.Х бид хоёр очиж адуу ачиж өгсөн. Тухайн үед Л, түүний аав ээж хоёр нь байсан. М.А ирээд адуугаа асуугаад адуу ачилцсан. Л Д нартай 2021 оны 10 сарын 28-ны өдөр адуугаа усалж байхад нь таарсан. 2021 оны 10 сарын 28-ны өдөр Т.Лийнд очоогүй. Өмнөх өдөр нь миний мотоциклийн дугуй хагараад дугуйны нөхөөс авах гэж очсон. Өмнөх өдөр нь гэрт нь очиход Т.Л нь Соыг хонь харж байгаарай гэж хэлсэн гэж хэлж байсан. Гэрт нь очиход Т.Л ганцаараа байж байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 87-р хуудас/,

 

          10.Гэрч С.Нуын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.Лийг танина. Э.Дийг танихгүй. 2021 оны 10 сард Баян-Өлгий аймагт адуу зарах гээд ирлээ гэж намайг Увс аймагт ажлаар явж байхад ярьсан. Би малын зах дээр ажилладаг Ж гэж хүн байгаа. Тэр хүнтэй холбогд гэж хэлсэн. Тэр хоёр 30 орчим адуу зарах гэж авч ирсэн ба хамгийн сүүлд тооцоо хийхдээ миний дансаар 2021 оны 11 сарын 07-ны өдөр 17,000,000 төгрөгийг Т.Лийн данс руу шилжүүлсэн. 2021 оны 11 сарын 09-ний өдөр 50,000 төгрөг дээрээс нь бэлэн 4,000,000 төгрөг аваад өөр хүний данс руу хийж байсан. Гэхдээ хэний данс руу хийсэн талаар мэдэхгүй. Адуу зарах асуудал надтай ямар нэгэн холбоогүй. Би зарж өгөх боломж байна уу гэхээр нь Жд холбож өгсөн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 93-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдын малыг хулгайлсан тохиолдолд хэргийн үндсэн шинж, энэ гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, бүлэглэж, улсын хилээр нэвтрүүлж, машин механизм ашиглаж, ноцтой хохирол, хор уршиг учруулж, гойд ашиг шимт малыг хулгайлж үйлдсэн бол хүндрүүлэх шинж тус тус хангагдахаар хуульчилжээ.

 

“Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай машин механизмууд хамаарах бөгөөд “машин механизм ашиглах” гэдэгт хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх малын бэлчээрт зорьж очих, малыг хөөж туух зэрэгт хэрэглэснийг хамааруулан үздэг.

 

Мөн “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна гэж, “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж тус тус хуульчлан тайлбарласан.

 

Шүүгдэгч Э.Д, Т.Л нар нь бүлэглэж, бэлчээрт байгаа бусдын олон тооны буюу 4 адууг хаших, туух зорилгоор мотоцикл ашигласныг “Мал хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, олон тооны мал хулгайлж, машин механизм ашиглаж үйлдсэн гэх хүндрүүлэх шинжтэй үйлдсэн гэж дүгнэхээр байна.

 

Иймд шүүгдэгч Э.Д, Т.Л нарын бүлэглэж, олон тооны буюу бусдын 4 (Дөрөв) бод мал болох адууг машин механизм буюу мотоцикл ашиглаж хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм буюу мотоцикл ашиглаж “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

 

Шүүгдэгч Т.Лийн өмгөөлөгч нараас дараах дүгнэлт, тайлбарыг хэргийн зүйлчлэлийн талаар маргаж шүүх хуралдаанд оролцлоо:

 

Шүүгдэгч Т.Лийн өмгөөлөгч Д.Хуягбаатар: “...энэ гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дээр хэзээ, хаана, хэн үйлдсэн болохыг нотолбол зохих байдлаараа нотлох ёстой. Тэгэхээр хаанаас туусан гэж үзээд байгаа юм. Хөл дэрс гэх газраас туусан гэж үзээд байгаа юм бол хөл дэрс гэх газраас Д туусан. Тэгэхээр Лийг хаанаас туусан гэдгийг нотолж чадахгүй байгаа. Хэзээ, хаана гэдгийг нотлоогүй. Хөл дэрснээс л орой нар жаргахын алдад байж байсан, тэндээс тууж явсан гэдгийг хавтаст хэрэгт нотлогдож байгаа. Улсын яллагч хавтаст хэргийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагаагаар нотолж чадаагүй. Хаанаас тууж ирсэн юм. Тэр Лийн хэлээд байгаа юм уу? Дийн хэлээд байгаа газар нь хаана байсан юм, адуу нь хаана байсан гэдгийг бас нотлоогүй. Тэрэн лүү чиглэсэн ажиллагаа ч хийгдээгүй. Хамгийн гол нь хулгайн сэдэлт зорилгыг тогтоосон уу гэвэл энэ дээр дансны хуулгаар Д рүү 13,990,000 төгрөгийн орлого олж аваад тэрийгээ л зарлагадсан. Өөрөө захиран зарцуулсан. Мөн тээврийн хөлсийн 770,000 төгрөгийг 2 хүнээс авч төлсөн. Дийг билүү Лийг мөнгөгүй байсан учраас надаас мөнгө авсан гэж хэлж байгаа боловч дансны хуулганаас нь харахад тухайн үед 360,000 төгрөгтэй байсан. Тухайн үед зардлын мөнгө төлөх боломжтой байсан. Гэтэл энэ олсон орлогыг хэн захиран зарцуулсан бэ гэдгийг 1 дүгээрт дүгнэлт хийх ёстой юм л гэж хараад байгаа юм. Тэгэхээр 13,750,000 төгрөг буюу нэг адууг 1,250,000 төгрөгөөр бодож тооцох юм бол захиран зарцуулсан эзэн нь Д өөрөө байгаа. Тэгэхээр сэдэл зорилгыг нь мөнгө захиран зарцуулсан үйлдлээр нь тодорхойлж болох юм л гэж хараад байгаа юм. Улсын яллагч хавтаст хэрэгт байхгүй өөрийн бодол таамаглалаар нотлогдоогүй юмыг л ярьж, буруутгаж яллаад байна л даа. Ерөөсөө энэ хүнийг М.Аыг адууг нь хайлгалгүйгээр өөрөө дуудаж авчирсан, өөрөө явахгүй гэдгийг нь мэдсээр байж зохион байгуулалттай санал тавьсан л гэж байх шиг байна. Явах боломжтой байсан эсэхээ эргээд хэлье гэсэн тэгээд тухайн өдрөө дахиад чи явахгүй юм уу, хамт явчихъя л даа гэсэн, би боломжгүй байна гэж хэлсэн.  Тэгэхэд явахгүй, явах боломжгүй байгаа гэдгийг яаж мэдэх юм, мэдэж байсан гэж яллаад байх юм. Ер нь мэдэх боломжтой байсан гэж яллаад байх юм. Тэгэхээр ийм боломж байхгүй байсан. Тэгэхээр тухайн өдрөө хэрвээ тэр хүн өөрөө адуу туугаад явуулчихсан юм бол М.Ат хамт явъя гэдэг санал тавиад зогсож байх уу, М.Аыг үгүй гэж хэлнэ гэж тооцсон гэж яриад байгаа юм. Уг нь үгүй гэж явахгүй, явах боломжгүй гэж хэлэхийг тооцож тэгж асуусан гэдэг. Ийм байдал ерөөсөө байхгүй шүү дээ. Харин хохирогч би хамт явъя гэсэн тухайн үедээ адуу малаа хайдаг ажилтай болчихлоо бас хүүхдүүд хардаг ажилтай явах боломжгүй болчихлоо л гэдэг үгээ хэлж байсан. Тэгэхээр би энэ нөхцөл байдлуудаас харахад Т.Л гэдэг хүн М.Аын 18 тонны адууг туулгаж явуулаагүй юм байна. Энэ гэмт хэргийг үйлдэхэд оролцоогүй юм байна гэсэн дүгнэлтийг хийгээд байгаа. Яагаад 18.6 дугаар зүйлд зааснаар мөнгө угаах гэмт хэрэг болчхож байгаа юм бэ гэдэг дээр бол буруу гарын хөрөнгө орлого, мөнгө гэдгийг мэдсээр байж нуун дарагдуулсан аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, мөн сая төгрөгийг нь авчихсан байж байгаад сүүлд нь буцааж өгсөн байдаг. Өлзийбүрэн рүү шилжүүлсэн. Тэгэхээр энэ үйлдлээрээ мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгдсэн байна л гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлаагүй, бүлэглэж, машин механизм ашиглаагүй гэдэг нь бол нотлогдож байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйд тооцож, мөнгө угаах гэмт хэрэгт гэм буруутай гэдгээр шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.

 

Шүүгдэгч Т.Лийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан: Яллах дүгнэлтэд ганцхан Дийн мэдүүлгээр Лийг буруутгаагүй юм. Яллах дүгнэлтэд заасан өөр бусад гэрч нарын мэдүүлэг нотлох баримтаар буруутгаад байгаа гэж байгаа юм. Тэгэхээр яллах дүгнэлт дээр нь яллагдагч Л нь өөрийн эзэмшлийн хөх өнгийн Мустанг 200 маркийн мотоциклоор М.Аын эзэмшлийн 18 тооны адууг Алтан-Оргил багийн Хөл дэрс гэх газраас тууж ирсэн гэж байгаа юм. Тэгэхээр өнөөдөр Л гэдэг нь өөрийн эзэмшлийн хөх өнгийн Мустанг-200 маркийн мотоциклоор Абын эзэмшлийн 18 тооны адууг хаанаас хаашаа туугаад ирснийг нь энэ яллах дүгнэлтэд авагдсан гэрч нарын мэдүүлгээс нэг нь ч энэ хүнийг тэндээс энэ юуг туугаад явж байсан гэдгийг мэдүүлээгүй байгаа юм. Хохирогч М.Аын мэдүүлэг байгаа. Яллах дүгнэлтэд гэрч Пийн мэдүүлэг, С-гийн мэдүүлэг, Соын мэдүүлэг, Суын мэдүүлэг байгаа юм. Энэ 5 хүний мэдүүлэг л өнөөдөр яллах дүгнэлтэд байгаа. Энэ 5 хүний тэгвэл хэнийх нь мэдүүлгээр өнөөдөр миний үйлчлүүлэгчийг Алтанбаатарын эзэмшлийн 18 тооны адууг Алтан-Оргил багийн Хөл дэрс гэдэг газраас туугаад хаана ирсэн гэж нотлоод байгаа нь яллах дүгнэлт дээр чинь харагдахгүй байгаа. Харин ч С-, Пийн мэдүүлгээр тухайн үед мэдүүлэг өгөхдөө айхдаа Д, Л нар нь мотоциклоор адуу тууж ирсэн гэж мэдүүлэг өгсөн байна гээд энэ хүн нь өөрийнхөө мэдүүлгээр хамт адуу туугаад ирсэн гэдгээ энэ хүн өөрөө үгүйсгээд мэдүүлэг өгчихсөн байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдөр Л нь 18 тонны адууг Алтан-Оргил багийн Хөл дэрс гэх газраас тууж ирсэн. Улмаар Дийг туугаад яв гэсний дагуу Д нь өөрийн эзэмшлийн улаан өнгийн Мустанг 150 маркийн мотоциклоор Пийн гэрийн гаднах малын хашаанд нь хашиж 36-14 улсын дугаартай шланз загварын тээврийн хэрэгсэлд ачсанаар уг гэмт хэргийг төгссөн байна гэж дүгнэв гэж байгаа нь яллах дүгнэлтэд дурдагдчихсан байгаа нь гэрчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Л нь машин механизм ашиглаад 18 тонны адууг тууварлаад байгаа нь яллах дүгнэлтэд заасан гэрчийн мэдүүлгээр бүрэн тогтоогдож харагдахгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзээд байгаа юм. Ийм учраас өмнөх дүгнэлтээ дэмжиж байна гэв.

 

             Шүүгдэгч Т.Лийн өмгөөлөгч Д.Хуягбаатар, Ж.Мөнхнасан нараас шүүгдэгч Т.Лийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан Мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн хэмээн хэргийн зүйлчлэлийн хувьд маргасан байр суурьтайгаар гэм буруугийн шүүх хуралдаанд оролцдог. Харин хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, дансны хуулга болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын маргаан бүхий дүгнэлт үгүйсгэгддэг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” хэмээн хуульчилсан бөгөөд шүүгдэгч Т.Лийн өмгөөлөгч нарын дээрх дүгнэлт, саналыг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Улсын яллагч дүгнэлтдээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Э.Д, Т.Л, шүүгдэгчийн Т.Лийн өмгөөлөгч Д.Хуягбаатар, Ж.Мөнхнасан нараас гэм буруугийн талаар маргаж шүүх хуралдаанд оролцлоо.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Э.Д, Т.Л нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан бүлэглэж, олон тооны малыг хулгайлж, машин механизм ашиглаж “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 145, 147 дугаар хуудас/, Говь-Алтай аймгийн Тонхил сумын 1, 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 119, 120 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Э.Д, Т.Л нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Д, Т.Л нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д тус тус зааснаар 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д, Т.Л нарт оногдуулсан 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Э.Дийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улаан өнгийн мустанг-150 маркийн мотоцикл, Т.Лийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  хөх өнгийн мустанг-200 маркийн мотоциклийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгох хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ авсугай.

 

3.Гэм хор, хохирлын талаар:

 

          Шүүгдэгч Э.Д, Т.Л нарын хохирогч М.Ааас хулгайлан авсан 4 (Дөрөв) тооны адууг хавтас хэрэгт авагдсан “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 01 сарын 26-ны өдрийн ТХҮ-923/5707 дугаартай хөрөнгийн үнэлгээгээр 4,600,000 (Дөрвөн сая зургаан зуун мянга) төгрөгөөр үнэлжээ. Мөн шүүх хуралдаанд хохирогч М.Ааас шүүхэд ирж, буцах болон адуу хайх зардалд 522,000 (Таван зуун хорин хоёр мянга) төгрөгийн шатахуун зарцуулсан талаарх баримт гаргаж өгсөн.

 

          Иймд шүүхээс шүүгдэгч Э.Д, Т.Л нараас дээрх 4 (Дөрөв) тооны адууны хохирлын үнэлгээ болон шатахууны зардлын нийлбэр 5,122,000 (Таван сая нэг зуун хорин хоёр мянга) төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч М.Ат олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

          Шүүх хуралдааны явцад шүүгдэгч Э.Д 2,561,000 (Хоёр сая таван зуун жаран нэгэн мянга) төгрөгийг баримтаар төлсөн.

         

          Харин шүүгдэгч Т.Лийн өмгөөлөгч Ж.Мөнхнасангаас шүүх хуралдаанд: “Абын өөрийнх нь гараараа бичсэн баримт байна. Шүүхэд гэсэн байгаа.  Тэгээд 2024 оны 06 сарын 15-ны өдөр аав Төын хамт Төын адуунаас 7 настай хээр морь, гүү 6 настай хүрэн гүү, охин хээр даага хүлээж авлаа. Яллагдагч Лоос хохирол гомдлоо барагдуулж авсан гээд Аб гэсэн бичиг байгаа” гэсэн тайлбар гаргасан бөгөөд хохирогч М.А шүүх хуралдаанд “хохирлоо барагдуулсан. Өөр надад санал хүсэлт байхгүй” гэсэн тул шүүгдэгч нар хохирлыг бүрэн төлсөн гэж шүүх дүгнэв.

 

          4.Бусад асуудлын талаар:

 

          Энэ хэрэгт шүүгдэгч Э.Д, Т.Л нар цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, хохирол төлөгдсөн, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Дийн улаан өнгийн мустанг-150 маркийн мотоцикл, шүүгдэгч Т.Лийн хөх өнгийн мустанг-200 маркийн мотоциклийг тус тус битүүмжилсэн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01, 02 дугаартай прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, эдгээр мотоциклуудыг Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхийг, шүүх хуралдаанд хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч нараас гаргаж өгсөн 3 хуудас, шүүгдэгч Э.Дээс гаргаж өгсөн 1 хуудас ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг тус тус хэрэгт хавсаргах, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х овогт Э-н Д, Х овогт Т-н Л нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д тус тус заасан олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д тус тус зааснаар шүүгдэгч Э.Д, Т.Л нарт тус бүрт 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Д, Т.Л нарт оногдуулсан 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Д, Т.Л нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улаан өнгийн мустанг-150 маркийн мотоцикл, шүүгдэгч Т.Лийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөх өнгийн мустанг-200 маркийн мотоциклийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгосугай.

 

6.Энэ хэрэгт шүүгдэгч Э.Д, Т.Л нар цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, хохирол төлөгдсөн, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Дийн улаан өнгийн мустанг-150 маркийн мотоцикл, шүүгдэгч Т.Лийн хөх өнгийн мустанг-200 маркийн мотоциклийг тус тус битүүмжилсэн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01, 02 дугаартай прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, эдгээр мотоциклуудыг Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхийг, шүүх хуралдаанд хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч нараас гаргаж өгсөн 3 хуудас, шүүгдэгч Э.Дээс гаргаж өгсөн 1 хуудас ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг тус тус хэрэгт хавсаргах, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

          9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Д, Т.Л нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.ЭНХБААТАР