Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2021/02754

 

2021 о 09 с 20ө

Дугаар 101/ШШ2021/02754

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хуралдсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Дүнжингарав хороолол, 108-36 тоотод оршин суух Тайж овогт Лувсангомбын Болормаа /РД:СТ68100106/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 01 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 23 байр, 33 тоотод оршин суух Гучбат овогт Нанзадын Жаргалсайхан /РД:ХБ54050215/-д холбогдох,

1,573,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Саранчимэг, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Амар, нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Жаргалсайхан 2019 оны 3 сарын 18-ны өдөр 1,300,000 төгрөгийг 7 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлдүүлэхээр гэж ярьж тохирсны үндсэн дээр сарын 7 хувийн хүүтэй Хаан банкны дансаар авсан. 2019 оны 3 сарын 18-ны өдөр 500,000 төгрөг, 2019 оны 3 сарын 31-ний өдөр 800,000 төгрөгийг авсан. Үндсэн зээл 1,300,000 төгрөг. 500,000 төгрөгийн 3 сарын хүү 7 хувиар тооцохоор 105,000 төгрөг, 800,000 төгрөгийн 3 сарын хүү 168,000 төгрөг, нийт 1,573,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Саранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Н.Жаргалсайхан нь нэхэмжлэгч Л.Болормаагаас 2019 оны 03 сарын 18-ны өдөр 500,000 төгрөг, 2019 оны 03 сарын 31-ний өдөр 800,000 төгрөг, 2 удаагийн давтамжтайгаар нийт 1,300,000 төгрөг зээлсэн. 2019 оны 03 сарын 18-ны өдөр зээлсэн 500,000 төгрөгийн 3 сарын хүү 105,000 төгрөг, 2019 оны 03 сарын 31-ний өдөр зээлсэн 800,000 төгрөгийн хүү 168,000 төгрөг, нийт 1,573,000 төгрөг нэхэмжилж байгаа. Харилцан тохиролцож мөнгө зээлсэн нь Н.Жаргалсайхан болон Л.Болормаа нарын дансны хуулгаар нотлогдож байна. Гүйлгээний утга дээр 7 хувийн хүүтэй Жагаад зээлдүүлэв гэсэн баримтаар нотлогдож байгаа. Амаар 3 сарын хугацаатай зээлье гэж тохирсон гэв.

 

Хариуцагч Н.Жаргалсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Бөхбат дээвэр ХХК болон түүний охин компани болох гадаадын хөрөнгө оруулалттай Тэжо ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар 2020 оны 8 сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Энэхүү 2 компани нь улирлын чанартай ажилладаг, жил бүрийн 3-10 сард ажиллаад өвлийн улиралд сул зогсолттой буюу ажилладаггүй, ажлын улиралдаа гэрээт ажилчид ажиллуулдаг барилгын материал үйлдвэрлэж худалдаалдаг, дээврийн засвар, хучилтын ажил хийж гүйцэтгэдэг компаниуд юм. Компанийн удирдлага нь БНХАУ-ын иргэн нэг гэр бүлийн хүмүүс бөгөөд эхнэр нь Бөхбат дээр ХХК-ийн захирал хийдэг. Жил бүрийн 2 сард Монголд ирж ажиллаад 2 сард нутаг буцаж тэндээ өвөлждөг. Бөхбат дээвэр ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн өвөр монгол хүн болох Соёлцэцэг нь Л.Болормаатай ярьж мөнгө зээлэхээр тохиролцсоны дагуу 2019 оны 3 сарын 17-ны өдөр над уруу манай үйлдвэрийн дарга Дэлгэрцэцэг Соёлоо захирал Л.Болормаагаас мөнгө зээлэхээр тохиролцсон гэж байна. Та Л.Болормаатай утсаар холбогдоод мөнгийг нь өөрийнхөө Хаан банкны дансаар аваад Соёлоо захирлын БНХАУ дахь данс руу юань болгоод явуул гэж утастсаны дагуу миний бие Л.Болормаатай утсаар холбогдсон. Л.Болормаа 2019 оны 3 сарын 18-ны өдөр миний Хаан банкны дансанд 500,000 төгрөг шилжүүлснийг тэр өдөрт нь гарган авч, УБТЗ-ын ард байрлалтай манай захирлууд байнга мөнгө гуйвуулдаг Нью евро ази ББСБ-аар дамжуулан 1 юань 393 төгрөгтэй тэнцүү байсан. 1270*393=499,110+5,000 /шимтгэл/ бүгд 504,110 төгрөгийг тэр байгууллагаар дамжуулан 2019 оны 3 сарын 19-ний өдөр 1270 юань Соёлцэцэг захирал дахин мөнгө зээлэхээр Л.Болормаатай тохиролцсоны дагуу манай үйлдвэрийн дарга Дэлгэрцэцэг утсаар ярьсан. Соёлоо захирал Болормаатай тохиролцож 1,000,000 төгрөг зээлэхээр болжээ. Та Болормаатай яриад дээрх мөнгийг авч, урагшаа Соёлоо захирлын Хятад данс уруу юань болоод шилжүүл гэж 2019 оны 3 сарын 31-нд ярьсан. Би Болормаатай холбогдоход Соёлоо надаас 1,000,000 төгрөг зээлүүлээч гэж утсаар ярьсан. Би одоо чиний данс уруу 800,000 төгрөг шилжүүлье. Үлдэх 200,000 төгрөг үдээс хойш дансанд хийе гэж хэлээд 800,000 төгрөг миний дансанд шилжүүлсэн. Үдээс хойш миний бие нэлээд олон удаа удаа утастсан боловч Болормаа үлдэх мөнгийг шилжүүлээгүй. Маргааш өглөө нь миний утсанд Хаан банкны ирсэн мессежээр 100,000 төгрөг орлого орсон гэж байсныг миний бие Л.Болормааг 200,000 төгрөгийн оронд 100,000 төгрөг шилжүүлсэн юм байна гэж бодоод үйлдвэрийн дарга Дэлгэрцэцэгт утсаар хэлсэн. Дэлгэрцэцэг Соёлоо захирал урдаас утсаар хэд дахин асуулаа та наад 900,000 төгрөгөө юань болгоод захирал руу шилжүүл гэсний дагуу би Нью евро ази ББСБ-аар дамжуулан 899,000 төгрөг төлж Соёлоо захирлын хятад данс уруу 2280 төгрөг шилжүүлсэн. Задаргаа нь 1 юань 392,5 төгрөг байсан. 2280*392.5=894.900 төгрөг + 5000 /шимтгэл/ = 899,900 төгрөг болсон. Сүүлд над руу шилжүүлсэн 100,000 төгрөгийг манай хүргэн хүүхдийн каш сүү аваарай гэж шилжүүлсэн байсан. Соёлоо захиралд мөнгийг шилжүүлсний дараа хүргэн энэ талаар надад хэлсэн. Би андуурч өөрийн хүргэний шилжүүлсэн 100,000 төгрөгийг Л.Болормаагаас ирсэн 800,000 төгрөг дээр нэмж шилжүүлсэн байсан. Би одоо хүртэл энэ 100,000 төгрөгөө захирлаасаа авч чадаагүй байгаа. Иргэн Л.Болормаагаас миний данс уруу шилжүүлсэн дээрх 2 удаагийн мөнгө нийт 1,300,000 төгрөг ба би бүгдийг нь өөрийн захирлын хятад данс уруу шилжүүлсэн гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бусад бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Болормаа хариуцагч Н.Жаргалсайханд холбогдуулан зээлд 1,300,000 төгрөг, хүүд 273,000 төгрөг, нийт 1,573,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч тал зээлийн гэрээ байгуулаагүй, Бөхбат дээр ХХК-ийн захирал Өвөр Монгол Улсын иргэн Соёлцэцэг /Suyalaqiqige/ зээлснийг өөрийн дансаар дамжуулж өгсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Л.Болормаа хариуцагч Н.Жаргалсайхантай амаар тохиролцож, зээлийн гэрээ байгуулан 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 500,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй,

амаар тохиролцож, зээлийн гэрээ байгуулан 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 800,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй тус тус зээлүүлсэн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтууд, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч Л.Болормаагаас Өвөр Монгол Улсын иргэн, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Бөхбат дээр ХХК-ийн захирал гэх Соёлцэцэг /Suyalaqiqige/ 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 500,000 төгрөгийг, 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 800,000 төгрөгийг Н.Жаргалсайханы Хаан банкны дансаар дамжуулан авч, улмаар юань болгон шилжүүлэн авсан болох нь хариуцагчийн тайлбар, гэрч Д.Дэлгэрцэцэгийн мэдүүлэг, Н.Жаргалсайханы 5085147381 тоот дансны хуулга, Нью Евро Ази ББСБ ХХК-ийн 2019 оны 3 сарын 19-ний өдрийн юань шилжүүлгийн баримт, 2019 оны 4 сарын 1-ний өдрийн юань шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч тал Л.Болормаагаас Н.Жаргалсайханы дансанд 500,000 төгрөг, 800,000 төгрөгийг 7 хувь зээл олгов гэх утгаар тус тус шилжүүлсэн Хаан банкны 5037329640 тоот дансны хуулгыг нэхэмжлэлийг нотлох баримт гэж тайлбарлаж байна.

Гэвч Л.Болормаагийн Хаан банкны 5037329640 тоот дансны дэлгэрэнгүй хуулгыг нэхэмжлэгч Л.Болормаа хариуцагч Н.Жаргалсайхан нарын хооронд 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 500,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй, 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 800,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй зээлсэн зээлийн харилцаа үүссэнийг эргэлзээгүй нотолсон баримт гэж үзэхээргүй байна.

 

Хариуцагч талын ...Өвөр Монгол Улсын иргэн, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Бөхбат дээр ХХК-ийн захирал гэх Соёлцэцэг /Suyalaqiqige/ Л.Болормаагаас мөнгө авахаар тохирч миний дансаар авсан ... гэж тайлбар нь хэрэгт авагдсан баримтууд, гэрчийн мэдүүлэг, хэргийн үйл баримттай нийцэж байна.

 

Иймд нэхэмжлэгч Л.Болормаа хариуцагч Н.Жаргалсайхан нарын хооронд 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 500,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй, 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 800,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй зээлдүүлсэн зээлийн харилцаа үүссэн болох нь тогтоогдоогүй гэж дүгнэн, хариуцагч Н.Жаргалсайханаас 1,573,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Болормаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Жаргалсайханаас 1,573,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Болормаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Д.БАТЦЭЦЭГ