Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 015

 

   Б.Ат холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/52 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Ат холбогдох эрүүгийн 1913002620178 дугаартай, 1 хавтастай хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Е.Халибек, тус аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Т.Батсүх, шүүгдэгч Б.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Бакен нар оролцов.

Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1962 оны 5 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 57 настай, эрэгтэй, ам бүл 2 хүнтэй, хүүгийн хамт Ө сумын 9 дүгээр багт оршин суух, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай шүүгдэгч Б овогт Б-ын А /РД:БЗ00000000/нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/52 дугаар шийтгэх тогтоолоор “1. Шүүгдэгч Б.Аыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай; 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Аыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй; 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлсүгэй.” гэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн давж заалдах гомдолд: “Шүүгдэгч Б.А би 2019 оны 5 дугаар сарын сүүлээр /өдрийг нь тодорхой санахгүй байна/ иргэн С.Бийн өвлийн байшинд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн гэмт хэргээ эхнээс нь хүлээн зөвшөөрч хулгайлсан эд зүйлсийн зарим хэсэг болох бор өнгийн шаазан таваг 13 ширхэг, цагаан өнгийн шаазан таваг 11 ширхэг, бүгд 24 ширхэг шаазан тавгийг хэргийг мөрдсөн мөрдөгчид тухайн үед гэрээсээ гаргаж өгсөн. Үлдсэн 20 кг өөхөн тос, 30 кг адууны гуя мах, 50 литрийн тогоо, 10 литрийн том таваг, хонины борцолж хатаасан мах зэрэг эд зүйлсийг хүнсэнд хэрэглэсэн учир үнийг тухайн үед мөнгө төгрөгийн боломжгүйгээс болж төлж чадаагүй нь үнэн. Би анхан шатны шүүх хуралдаан дээр хохирлыг төлөхөө илэрхийлсэн боловч анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн зохицуулалтыг хэрэглэхгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн явдалд гомдолтой байна. Миний бие анхан шатны шүүхээр хорих ял шийтгүүлсний дараа ар гэрийн хүмүүстэй холбоо барьж хохирогчид учирсан бодит хохирол 782,500 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 320,000 төгрөг, бүгд 1,102,500 төгрөгийг хохирогчид бүрэн төлж өгч хохиролгүй болгож баримт гаргуулж авсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар зохицуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасны дагуу миний үйлдсэн хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг 1 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчилж хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Аийн гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

            Шүүгдэгч Б.А нь 2019 оны 5 дугаар сард Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт байрлах хохирогч С.Бийн өвлийн байшингийн хаалганы цоожийг нь эвдэн нэвтэрч, түүний 938.500.00 төгрөгийн үнэтэй боорцгийн тос, адууны мах, тогоо, таваг, усны хоолой, борцолсон мах зэрэг 7 төрлийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн нотлогджээ.

            Хэрэгт цугларсан мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлгүүд, эд мөрийн баримтаар тооцож, хохирогчид хүлээлгэж өгсөн тухай мөрдөгчийн тогтоол, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хохирлын үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь, харьцуулан үнэлэхэд, шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэн, хохирогч С.Бийн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан эд хөрөнгө өмчлөх, орон байр нь халдашгүй байх үндсэн эрхийг зөрчсөн нь тогтоогдсон байна.

            Иймээс Б.Аийг шүүхийн шийтгэх тогтоолоор хуульд зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн буруу хэрэглээгүй байна.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа шүүгдэгч Б.А нь С.Бд учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлж, “Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн холбогдох хэсгийг хэрэглэн ял шийтгэлийг хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг нь хүлээж авах хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, хорих ялыг хөнгөрүүлж болно гэж хуульчилсан.

Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд хохирогчийн зарим эд хөрөнгийг хулгайлсан тухайгаа хүлээн зөвшөөрөхгүй мэдүүлдэг боловч хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа бүрэн нөхөн төлсөн, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж, тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын доод хэмжээ болох хоёр жилийн хугацаагаар хорих ялын хоёрны нэгтэй тэнцэх буюу нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэж хөнгөрүүлэх нь хууль ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэн, хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/52 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Аийг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийтгэх тогтоолын бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний 59 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ӨМИРБЕК

                                    ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

                                                                                                            Д.КӨБЕШ