Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/124

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,

Улсын яллагч Б.Түвшинтөр,

Хохирогч Т.М-Э,

Шүүгдэгч Э.Н нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Эийн Н-д холбогдох 2416000000143 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 20-ны өдөр **** аймгийн *** суманд төрсөн. 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт **** аймгийн **** сумын *** оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, **** регистрийн дугаартай, Б овгийн Эийн Н,

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.Н нь согтуурсан үедээ 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр **** аймгийн **** сумын **** багийн төвд Т.М-Э-тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүр рүү нь толгойгоороо мөргөн газарт унагаж, цээж рүү нь цохиж биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн алимны салстын цус харвалт, баруун, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, хамрын нуруу, хүзүү, баруун суганы ар хэсэгт зулгаралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Э.Н нь согтуурсан үедээ 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ***** аймгийн **** сумын **** багийн төвд Т.М-Этэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүр рүү нь толгойгоороо мөргөн газарт унагаж, цээж рүү нь цохисон үйл баримт тогтоогдлоо.

 

Дээрх үйл баримтын улмаас Э.Н нь Т.М-Эийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн алимны салстын цус харвалт, баруун. зүүн дээд. доод зовхинд цус хуралт, хамрын нуруу, хүзүү, баруун суганы ар хэсэгт зулгаралт гэмтэл учруулсан бөгөөд энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Э.Н гэм буруутай болох нь:

 

1.Хохирогч Т.М-Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр *** сумын *** багийн төв дээр гэртээ байсан. Үдээс хойш 15 цагийн үед Н, бага сургуулийн захирал Г нартай уулзсан. Уулзах үед тэр хоёр багийн төвөөс урагшаа зайдуу газар том пиво уугаад сууж байсан. Би тэнд очоод тэр хоёртой 2 ширхэг 2,5 литрийн пиво хувааж уусан. Ууж дуусаад буцаж багийн төв дээр ирээд соёлын төвд бид хэд бүжиг явуулсан. Тэнд 2 цаг бүжиглээд тарсан. Тараад Н, Г, манай найз М-Э бид 4 хүүхдийн дотуур байрын урд талд юм яриад сууж байхад Н намайг Бийн боол, зарц, чи муу гөлөг гээд хэл амаар доромжилсон. Тэгээд би юу гээд байгаа юм бэ чи гээд босоод ирэхэд намайг шууд нүүр рүү мөргөсөн. Мөргөхөд нь би газар унасан. Унаад нэг харахад дээрээс нэг удаа дэвсэж байсан. Тэгээд би тухайн үед ухаан алдсан байсан. Ухаан ороод сэрэхэд багийн эмч ирсэн надад цус тогтоогч хийгээд байж байсан. Миний биед гэмтэл учирсан нүүр хэсэгт мөргөсний улмаас хамар хугарсан, тархиндаа хавантай, нүд хөхөрч улайрсан бүрэлзээд байгаа. Тухайн үед Н согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

                 

          2.Гэрч Д.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 19 цагийн үед *** багийн төв дээр сургуулийн дотуур байрны сул өрөөнд Э.Г-н гэрийг хураалгаж байраа цоожилсон. Тэгээд Гийн очсон. Тэнд Г, Т, Б, Э, М, Н-Э, Н, С гээд хүмүүс байсан. Тэр айлд 4 ширхэг 2.5 литрийн пиво уусан. Тэндээсээ *** багийн соёлын төв рүү бүжиглэх гээд явцгаасан. Соёлын төвд бүжиглэж байхдаа Н, Г 2 муудалцаад байсан. Намайг гараад очиход Г, Н нар хоорондоо маргалдсан байдалтай хажууд нь О.М-Э, Т.М-Э нар байж байсан. Би очоод маргааныг болиулаад Гийг холдуулаад байж байтал Н, Т.М-Эийг мөргөөд, унахад нь дээрээс нь гараараа цохисон. Тэгээд салгаад О.М-Э нь Т.М-Эийг аваад гэр рүү нь явсан. Тухайн үед Э.Н, Т.М-Э нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

 

          3.Гэрч О.М-Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хөдөөнөөс *** багийн төв дээр очсон. Намайг очиход тэнд манай найз Т.М-Э, Г, М нар юм уусан бололтой халамцуу байж байсан. Тэгээд бид нар соёлын төв рүү орцгоосон юм. Тэгээд тэнд гараад ирэхэд манай найз Т.М-Э, Н муудалцаад байж байсан. Тухайн үед Г тэр хоёрын дундуур ороод салгаад байж байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад Н, М-Э хоёр хоорондоо маргалдаад гээд манай найз Т.М-Э газарт хэвтэж байсан. Тэгээд би Мөнх-Эрдэнийг аваад гэр рүү нь явсан. Тухайн үед тэр хоёр хоёулаа архи уусан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,

 

          4.Иргэний нэхэмжлэгч Б.Энхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.М-Э нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн нэгдсэн яаралтай тусламж 154,954 төгрөгийн үйлчилгээ авсан байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан 154,954 төгрөгийг нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

 

          5.Говь-Алтай аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч цагдаагийн хошууч Т.Алтайбаатарын 2024 оны 06 сарын 18-ны өдрийн “...1. Т.М-Эийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн алимны салстын цус харвалт, баруун, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, хамрын нуруу, хүзүү, баруун суганы ар хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.4.6. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдахгүй. 5. Т.М-Эийн биед учирсан гэмтэл нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо...” гэх 178 дугаартай дүгнэлт /хх-ийн 45-46-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

           Иймд шүүгдэгч Э.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

          2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

          Шүүгдэгч Э.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 дугаар хуудас/, Э.Нын мал тооллогын лавлагаа /хх 65-рт/, Эрүүл мэндийн даатгалын санд хохирол төлсөн баримт зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Э.Ныг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Э.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Над оногдуулсан 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэв.

 

          3.Гэм хор, хохирлын талаар:

 

          Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.М-Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч Т.М-Э мөрдөн шалгах ажиллагаанд хохирлын баримт гаргаж өгөөгүй.

 

          Хохирогч хүснэгтээр тогтоосон сэтгэцэд учирсан хор уршигийн хоёрдугаар зэрэглэлийг хүлээн зөвшөөрч хавтаст хэргийн 11 дүгээр хуудаст гарын үсэг зурсан байна.

 

          Шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлж 4,620,000 (Дөрвөн сая зургаан зуун хорин мянга) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

 

          Хохирогч Т.М-Эд энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

          Шүүгдэгч Э.Н нь иргэний нэхэмжлэгчээс энэ гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардалд нэхэмжилсэн 154,954 (Нэг зуун тавин дөрвөн мянга есөн зуун тавин дөрөв) төгрөгийг төлсөн байна.

 

          4.Бусад асуудлаар:

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Н Эрүүл мэндийн даатгалын санд 154,954 (Нэг зуун тавин дөрвөн мянга есөн зуун тавин дөрөв) төгрөг төлсөн, хохирогч энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36,10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овгийн Эийн Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ныг 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Над оногдуулсан 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид Э.Над мэдэгдсүгэй.

 

5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Над урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 4,620,000 (Дөрвөн сая зургаан зуун хорин мянга) төгрөгийг шүүгдэгч Э.Наас гаргуулж, хохирогч Т.М-Эд олгосугай.

 

7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Н Эрүүл мэндийн даатгалын санд 154,954 (Нэг зуун тавин дөрвөн мянга есөн зуун тавин дөрөв) төгрөг төлсөн, хохирогч энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Над урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        А.ЭНХБААТАР