| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2024/0122/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/125 |
| Огноо | 2024-05-20 |
| Зүйл хэсэг | 13.14.1, |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/125
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
Орчуулагч М.Н
Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-,
Шүүгдэгч М.З- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын Д.А- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.н овогт М-ы З-д холбогдох эрүүгийн 2413000000153 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсныг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ...... оны ...... дугаар сарын ........-ний өдөр Баян-Өлгий аймгийн Д- суманд төрсөн, ....... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Д- сумын ....... дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Х.н овогт М-ы З-, регистрийн дугаар БЖ..............;
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.З- нь 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Д- сумын 9 дүгээр багт байрлах гэртээ байхдаа “Д-диктер” гэсэн фейсбүүк цахим орчинд “Засгийн газраас зудад нэрвэгдсэн малчдад олгох тусламжийн хүнсийг Д- сумын Засаг даргын тамгын газрын нэр бүхний төрийн албан хаагчид өөрсдөө хувааж авсан” хэмээн 12 иргэний нэрсийн жагсаалт бүхий илтэд худал мэдээллийг олон нийтэд тарааж, хохирогч Х.Ж-, Б.Д-, А.С-, М.С-, К.Б-, С.Х-, Р.А- нарын нэр төрд халдаж, худал мэдээлэл тараах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
1. Прокуророос шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэд: “...Шүүгдэгч М.З- нь илтэд худал мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулж бусдын ажил хэргийн нэр хүндэд халдсан нөхцөл байдал тогтоогдсон. Нэр бүхий хохирогч нар гомдол гаргаж шалгах үед шүүгдэгч М.З-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байсан. Иймд түүнд дээрх зүйл заалтаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхэлж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өмгөөлөгчийн хамт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг хүлээн авч эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээнд тохиролцож шүүхэд шилжүүлсэн. Иймд шүүгдэгч М.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна.” гэв.
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т- шүүх хуралдаанд: “Д- сум нь улс төржсөн сум юм. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэмшиж байгаа. Прокурорын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Гэм буруугийн маргаангүй тул улсын яллагчийн зүгээс 500,000 төгрөгийн торгох ял санал болгоход хүлээн зөвшөөрсөн” гэв.
3. Шүүгдэгчээс шүүх хуралдаанд: “Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
4. Шүүгдэгч М.З- нь 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Д- сумын 9 дүгээр /Хөх толгой/ багт байрлах гэртээ байхдаа “Д-диктер” гэсэн фейсбүүк цахим орчинд “Засгийн газраас зудад нэрвэгдсэн малчдад олгох тусламжийн хүнсийг Д- сумын Засаг даргын тамгын газрын нэр бүхний төрийн албан хаагчид өөрсдөө хувааж авсан” хэмээн 12 иргэний нэрсийн жагсаалт бүхий илтэд худал мэдээллийг олон нийтэд тарааж, хохирогч Х.Ж-, Б.Д-, А.С-, М.С-, К.Б-, С.Х-, Р.А- нарын нэр төрд халдаж, худал мэдээлэл тараах гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/, иргэн Х.Ж- нарын нэр бүхий 7 иргэнээс бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл болон хавсралт баримтууд /хавтаст хэргийн 03-06 дахь тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 07-09 дэх тал/, фейсбүүк цахим орчинд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 10-11 дэх тал/, орчуулга хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Д- сумын Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/25 дугаартай “Үнэ төлбөргүй тусламж олгох тухай” захирамж, түүний хавсралт /хавтаст хэргийн 15-22 дахь тал/, ажлын хэсгийн хурлын тэмдэглэл /хавтаст хэргийн 23-24 дэх тал/, хохирогч Х.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/, хохирогч Б.Д-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/, хохирогч А.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/, хохирогч М.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/, хохирогч К.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/, хохирогч С.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/, хохирогч Р.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/, гэрч К.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/, гэрч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дахь тал/, гэрч У.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дахь тал/, яллагдагч М.З-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дахь тал/, яллагдагч М.З-ы Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 78-81 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
5. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
6. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
7. Шүүгдэгч М.З- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
8. Энэ хэргийн улмаас хохирогч Х.Ж-, Б.Д-, А.С-, М.С-, К.Б-, С.Х-, Р.А- нар нь шүүгдэгч М.З-аас хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
9. Прокурорын санал болгож, шүүгдэгч М.З-ы хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
10. Иймд шүүгдэгч М.З-д Эрүүгийн хуулийн тусгай 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 500 нэгж нь 500.000 төгрөгтэй тэнцэх юм.
12. Шүүгдэгч М.З- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.
13.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.З-д оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагагүй гэж үзлээ.
14. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.З- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна.
15. Шүүгдэгч М.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.н ургийн овогтой М-ы З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.З-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.З- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч М.З- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч М.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК