| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2024/0130/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/128 |
| Огноо | 2024-05-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/128
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-,
Шүүгдэгч К.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт К-гийн Т-д холбогдох эрүүгийн 2413001390165 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсныг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ......... оны ........ дүгээр сарын .........-ны өдөр Баян-Өлгий аймгийн Н- суманд төрсөн, ......... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, Н- сумын ........ ажилладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Н- сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд Баян-Өлгий аймгийн шүүхийн 1995 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн В-д зааснаар 25 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, А овогт К-гийн Т-, регистрийн дугаар: МХ..............;
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч К.Т- нь 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөрт шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Н- сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өвлийн байшинд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч С.Т-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд тархины доргилт, дагзны зүүн доод хэсэгт хаван хавдартай гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
1. Прокуророос шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэд: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч К.Т-д холбогдох шүүх хуралдаанд оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч К.Т- нь 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Н- сумын нутаг дэвсгэрт байрлах өөрийнхөө байшинд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч С.Т-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Тухайн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд тархины доргилттой, тархины зүүн доод хэсэгт хавантай гэмтлүүд тогтоогдсон. Шүүгдэгч хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс байгаа. Шүүгдэгч нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь прокурорын яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтууд, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, яллагдагчийн өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй маргааж улмаар хохирогчийг зодож түүний эрүүл мэндэд хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтээ гаргасан. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 700 нэгж буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж байна. Хохирогчийн зүгээс хохирол, хор уршиг нэхэмжлээгүй. Шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох хохирол төлбөр байхгүй. Шүүгдэгчид авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Цагдан хоригдсон болон баривчлагдсан хоноггүй. Битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй” гэв.
2. Шүүгдэгчээс шүүх хуралдаанд: “Миний буруу, буруугаа ухамсарлан ойлгосон” гэв.
3. Шүүгдэгч К.Т- нь 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөрт шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Н- сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өвлийн байшинд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч С.Т-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд тархины доргилт, дагзны зүүн доод хэсэгт хаван хавдартай гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь иргэн С.Т-аас гаргасан гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 06-08 дахь тал/, иргэн С.Т-, К.Т- нарын гэрлэсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 22 дахь тал/, хохирогч С.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 79 дэх тал/, Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой Х.Е-ын 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 282 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 13-14 дэх тал/, шүүгдэгч К.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дэх тал/ шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
4. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
5. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
6. Шүүгдэгч К.Т- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
7. Энэ хэргийн улмаас хохирогч С.Т- нь шүүгдэгч К.Т-гаас хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
8. Прокурорын санал болгож, шүүгдэгч К.Т-н хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулах 700 нэгж буюу 700,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
9. Иймд шүүгдэгч К.Т-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 700 нэгж нь 700.000 төгрөгтэй тэнцэх юм.
11. Шүүгдэгч К.Т- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.
12. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч К.Т- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна.
13. Шүүгдэгч К.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт К-гийн Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Т-г 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Т- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч К.Т- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч К.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч К.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК