| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2024/0131/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/129 |
| Огноо | 2024-05-27 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/129
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-,
Шүүгдэгч Т.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж,
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Т-гийн Г-д холбогдох эрүүгийн 2413000000174 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсныг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ....... оны ........ дугаар сарын .......-ны өдөр Баян-Өлгий аймгийн Б- суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Б- сумын ....... дүгээр багийн ....... гудамжны ..... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, О овогт Т-гийн Г-, регистрийн дугаартай: БЕ.................;
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Г- нь 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймаг Б- сумын ......... дүгээр багт байх гэртээ өөрийн охин насанд хүрээгүй Г.Е- “ахтайгаа хэрэлдлээ” гэх шалтгаанаар аягаар толгой хэсэгт цохиж эрүүл мэндэд эпидурал цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
1. Прокуророос шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэд: “...Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаарх дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нь гэр бүлийн хамаарал бүхий хүн болох охин Г.Э-гийн биед халдаж түүний биед хүнд хохирол учирсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгийг дурдсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Шүүдэгчтэй эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээгээр тохиролцсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуульд зааснаар 12000 нэгж буюу 12,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Уг торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэргийг шалгах явцад шүүгдэгчийн ойр дотны хүмүүсээс түүний хувийн байдлыг талаар тодруулахад шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй, гэртээ бага насны хүүхэд хардаг болох нь тогтоогдсон. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх нөхцөлөөр энэхүү гэмт хэргийг үйлдээгүй гэж дүгнэсэн. Шүүгдэгчид авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Цагдан хоригдсон болон баривчлагдсан хоноггүй. Битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй” гэв.
2. Шүүгдэгчээс шүүх хуралдаанд: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
3. Шүүгдэгч Т.Г- нь 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймаг Б- сумын ........ дүгээр багт байх гэртээ өөрийн охин насанд хүрээгүй Г.Е- “ахтайгаа хэрэлдлээ” гэх шалтгаанаар аягаар толгой хэсэгт цохиж эрүүл мэндэд эпидурал цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн их эмч Х.Е-ээс 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 02-06 дахь тал/, насанд хүрээгүй хохирогч Г.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/, насанд хүрээгүй хохирогч Г.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 61 дэх тал/, гэрч Э.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дэх тал/, Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой Х.Е-ын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 331 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дэх тал/, шүүгдэгч Т.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дахь тал/ шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
4. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
5. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
6. Шүүгдэгч Т.Г- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
7. Энэ хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.Есүнгэ нь шүүгдэгч Т.Г-гээс хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
8. Прокурорын санал болгож, шүүгдэгч Т.Г-гийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах 12.000 нэгж буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
9. Иймд шүүгдэгч Т.Г-д Эрүүгийн хуулийн тусгай 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12.000 нэгж буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 12.000 нэгж нь 12.000.000 төгрөгтэй тэнцэх юм.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-д оногдуулсан 12.000 нэгж буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
12. Шүүгдэгч Т.Г- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.
13. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Т.Г- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна.
14. Шүүгдэгч Т.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Т-гийн Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-г 12.000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-д оногдуулсан 12.000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Т.Г- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Т.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК