| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2024/0135/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/140 |
| Огноо | 2024-06-10 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/140
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.А-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А-,
Шүүгдэгч С.Д- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт С-ын Д-д холбогдох эрүүгийн 2413000750116 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 15 цаг 15 минутад хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ......... оны ........ дугаар сарын ....-ний өдөр С- суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, төрсөн ах, бэр эгч, дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн С- сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Т овогт С-ын Д-, БИ..............;
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Д- нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн С- сумын ........ дугаар багийн нутаг дэвсгэр “Бөхөн уул” хэмээх газарт бэлчээрлэж байсан хохирогч Б.Б-ы өмчлөлийн 2 тооны үхрийг, хохирогч О.А-ийн өмчлөлийн 1 тооны үхрийг нийт 3 тооны үхрийг буюу олон тооны бод малыг бэлчээрээс нь ..... БӨТ улсын дугаартай “Нyunday porter-1” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлан авч, хохирогч Б.Б-д 1,500,000 төгрөгийн, хохирогч О.А-ид 1,000,000 төгрөгийн хохирол тус тус учруулан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1. 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч Д.А- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирогч О.А-ид 1,000,000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Б-д 1,500,000 төгрөгийн хохирол тус тус учирсан. Хор уршигт малыг эрэн хайсан зардалд тус бүрд 300,000 төгрөг гарсан. Хохирол, хор уршгийг өнөөдрийн байдлаар төлөөгүй тул хохирогч нарын нэхэмжилсэн хохирол, хор уршгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч нарт олгуулах нь зүйтэй байна” гэв.
2. Шүүгдэгч С.Д- мэдүүлэхдээ: “3 тооны үхрийг К-аас худалдаж авсан. К- надад залгаж жороо морь, үхэр байна худалдаж авах уу гэж асуусан. Би үхрийг чинь худалдаж авъя гэж хэлээд К-ын хэлсэн газарт О.М-ийн портер маркийн тээврийн хэрэгслийг хөлсөлж аваад очсон. Үхрээ авах гэж очиход К- байгаагүй ба “К-ад залгаж би ирсэн байна, чи яасан бэ гэхээр нь би аймагт явж байна очно, чиний үхэр бэлэн байгаа” гэж хэлсэн. Бид зөндөө хүлээсэн бөгөөд таксины жолооч яараад байна их удлаа би явлаа гэх үед К- ирсэн. К- үхрийг өөрөө ачиж тусалсан. Үхрийг худалдаж авсан ба мөнгийг нь төлсөн. К- нь зөвшөөрлийн бичгийг араас чинь явуулна, цагдаад хэлсэн гэж хэлсэн ба үхрийг аваад явсан” гэв.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.Д-н хүсэлтээр хууль зүйн туслалцаа үзүүлж байна. Миний үйлчлүүлэгч хулгай хийгээгүй гэж байна. Гэрч О.М- нь мэдүүлэгтээ К-ад мөнгө өгсөн ба хэдэн төгрөг өгсөн гэдгийг мэдэхгүй гэж хэлсэн. Үхрийг хулгайлсан хүн К- уу? С.Д- уу гэдэг нь эргэлзээтэй байна. Үхэр нь алгаа болсны дараа үхрээ хайж хохирогч Б.Б- нь К-аас очиж асуусан ба тухайн үед К- нь мэдэхгүй, хараагүй гэж хэлсэн байна. К-аас нь бусдын үхэр гэдгийг мэдсээр байж хашаандаа байлгасан ба бусдад ачуулсан. Шүүгдэгч нь ах,эгч нараас мөнгө авсан бол хэдэн төгрөг авсан, ямар шалтгаанаар мөнгө авсан гэдгийг тодорхойлох шаардлагатай. Жолооч мэдүүлэгтээ 80,000 төгрөгөөр хөлсөлж авсан ба 120,000 төгрөгийн шагнал гэж өгсөн талаар дурдсан. Үхрийг худалдаж авсан гэх асуудал байгаа тул энэхүү нөхцөл байдлыг тодорхойлохгүйгээр шүүгдэгчид ял халдах нь үндэслэлгүй. Шүүгдэгч анх мэдүүлэг өгөхдөө үхрийг худалдаж авсан гэж хэлсэн. К- дэлгүүрт байхдаа жороо морь, үхэр худалдана гэж хэлсэн ба шүүгдэгч нь такси хөлсөлж аваад очсон байна. Тухайн үхрийг хулгайлж авсан уу? худалдаж авсан уу? К-ад мөнгө өгсөн үү? гэдгийг тодорхойлох шаардлагатай. Хохирогч нь хэн авсан нь хамаагүй хохирлоо төлүүлэх хүсэлттэй байгаа гэдгээ хэлсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд К-аас сэжиглэж байна. К- нь тухайн үхрийг хашаандаа байлгасан. Хохирогч нар үхрийг асуухад мэдэхгүй гэж хэлсэн. К- нь бусдын үхрийг хулгайлж бусдад худалдсан биш үү? С.Д-д үхэр олж өгөөд шан харамж авсан нөхцөл байдал байна уу? К- нь өөрөө сэжиглэгдэж эхлэх үед “үхрийг С.Д- миний үхэр гэж ачаад явсан” гэж мэдүүлэг өгсөн байна. Эргэлзээтэй нөхцөл байдал байгаа тохиолдолд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ. Шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэдэг нь шүүгдэгчийг цагаатгана гэсэн үг биш. Үхрийг өөр хүн хулгайлж худалдсан биш үү? шүүгдэгч нь энэ хэрэгт холбогдсон уу? хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцааж өгөхийг хүсье. Үхрийг хамт ачсан хүнийг гэрчээр асуух шаардлагатай. Мөн ээждээ хэлсэн ба шүүгдэгчийн ээжээс нь энэ талаар тодруулж асуух шаардлагатай” гэв.
4. Хохирогч О.А-и мэдүүлэхдээ: “2023 оны 11 дүгээр сард хүрэн зүсмийн үхэр маань алга болсон. Үүнд С.Д-г сэжиглэж байна. Хохирлыг маань гаргуулж өгөхийг хүсэж байна.” гэв.
5. Хохирогч Б.Б- мэдүүлэхдээ: “2023 оны 11 дүгээр сарын үед үхэр маань алга болсон. Энэ талаар С- сумын төлөөлөгчид мэдэгдсэн. Дараа нь аймгийн цагдаагийн байгууллагад ирсэн ба Е- гэх хүн мэдүүлэг авсан. Хуулийн дагуу энэхүү хэргийг шалгаж өгсөн. Үхрийн үнэ болон эрэн хайсны зардалд 1,900,000 төгрөг гарсан ба тухайн хохирлыг шүүгдэгчээс нэхэмжилж байна.” гэв.
6. Гэрч О.М- мэдүүлэхдээ: “С.Д- нь тухайн өдөр намайг таксигаар хөлсөлж авсан. Би тухайн үед малын захад байсан. Шүүгдэгчийн дүү болох А-, би С.Д- бид гурав үхэр ачиж явахаар явсан. Бид мал зарсан хүний гэрт очиж малыг ачсан ба би портерын ар талын хаалгыг хааж байхдаа С.Д- тухайн хүнд мөнгийг нь өгсөн ба хэдэн төгрөг өгсөн талаар мэдэхгүй. Машин дотор С.Д- нь үхрийн мөнгө гэж хэлж байсан. 3 тооны үхэр ачсан. Үхрийн мөнгө гэж өгч байсан. Хоорондоо ярьж байсан яриа нь сонсогдоогүй ба бид нар явах бэлтгэлээ хангаж байсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2413000750116 дугаартай эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
7. Иргэн Б.Б-, О.А-и нараас 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 03 дугаар хуудас/,
8. Хохирогч Б.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 08 дахь тал/,
9. Хохирогч Б.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 174 дэх тал/,
10. Баримт бичиг, бусад баримтыг хүлээн авсан хүлээн авсан тэмдэглэл, түүний хавсралт, гэрэл зэргийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 09-12 дахь тал/,
11. Хохирогч Б.Б-ы мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2022, 2023 оны тооллого /хавтаст хэргийн 13-15 дахь тал/,
12. Хохирогч О.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,
13. Хохирогч О.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 177 дахь тал/,
14. Хохирогч О.А-игээс гаргаж өгсөн 2023 оны мал тооллогын талаарх материал /хавтаст хэргийн 23 дахь тал/,
15. Баян-Өлгий аймгийн “Е ШТС”-ийн менежер Ж-гаас гаргасан тодорхойлолт /хавтаст хэргийн 24 дэх тал/,
16. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 25-27 дахь тал/,
17. “Ашид Билгүүн” ХХК-ний 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн БӨА-24-27 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 32-36 дахь тал/,
18. “Ашид Билгүүн” ХХК-ний 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн БӨА-24-27 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 43-47 дахь тал/,
19. “Ашид Билгүүн” ХХК-ний 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн БӨА-24-27 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 54-58 дахь тал/,
20. Гэрч Х.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дэх тал/,
21. Гэрч Ө.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 71-72 дахь тал/,
22. Гэрч А.К-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 75-76 дахь тал/,
23. Гэрч А.К-ын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 163-164 дэх тал/,
24. Гэрч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 79-80 дахь тал/,
25. Гэрч О.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 83-84 дэх тал /,
26. Гэрч Б.Б-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 87 дахь тал/,
27. Яллагдагч С.Д-гийн “Хаан Банк”-ны ........... тоот данс болон утсаар ярьсан ярианы жагсаалтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 89 дэх тал/,
28. Яллагдагч С.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 154-155 дахь тал/,
29. Гэрч Ш.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 170-171 дэх тал/,
30. Гэрч М.Р-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 180 дахь тал/ зэргийг,
31. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Гэрч О.М-ийн мэдүүлэг” зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
32. Харин хохирогч О.А-, Б.Б- болон шүүгдэгч С.Д- нараас хавтаст хэргээс нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
33. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
34. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч С.Д-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримт:
35. Шүүгдэгч С.Д- нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн С- сумын ....... дугаар багийн нутаг дэвсгэр “Бөхөн уул” хэмээх газарт бэлчээрлэж байсан хохирогч Б.Б-ы өмчлөлийн 2 тооны үхрийг, хохирогч О.А-ийн өмчлөлийн 1 тооны үхрийг нийт 3 тооны үхрийг буюу олон тооны бод малыг бэлчээрээс нь ..... БӨТ улсын дугаартай “Нyunday porter-1” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлан авч, хохирогч Б.Б-д 1,500,000 төгрөгийн, хохирогч О.А-ид 1,000,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
36. Иргэн Б.Б-, О.А-и нараас 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 03 дахь тал/,
37. Хохирогч Б.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие С- сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суудаг бөгөөд өөрийн гэсэн хэдэн тооны үхэр сүрэг байдаг ба С- сумын нутаг дэвсгэр “Бөхөн уул” гэх газарт Ө.Ө-ийн өвөлжөө хавьд бэлчээрлэж байдаг. Уг үхэр сүргийг Ө.Ө-т захиж хариулуулж байсан ба 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр очиж тоолоход бүрэн байсан ба 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дахиж очиж үзэхэд үхэр сүрэг дотроос манай 2 тооны үхэр, хажууд нь манай сумын иргэн О.А-ийн нэг тооны үхэр байхгүй байсан. Тэгээд уг 3 тооны үхрийг 10 гаруй хоног хайж олоогүй болохоор хулгайд алдагдсаныг мэдсэн. Уг 3 тооны үхэр, үхэр сүргээс огт салдаггүй үхрүүд байсан ба О.А-ийн үхэр ч хамт байсан. Түүнээс хойш сураглаж хайгаад олоогүй. Тэгээд өнөөдөр Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Миний нийт 2 тооны үхэр хулгайд алдагдсан бөгөөд уг үхрийн зүс, им, тамгыг хэлж өгье. Том биетэй, эвэртэй, эвэр нь урагшаа ургасан, бүтэн халзан, цавь хэсгээр цагаантай, хар зүсмийн, им тамгагүй, 4-5 насны Монгол эх үхэр, 2 дахь үхэр нь бор алаг зүсмийн, им тамгагүй, жижиг эвэртэй, 2-3 насны гунан эр үхэр тус тус алдагдсан. Миний бие алдагдсан үхрийг өөрийн мотоцикл болон машинаар хайж явахад нийт 300,000 төгрөгийн бензин зарцуулсан. Тухайн үед авсан бензиний баримтуудыг дараа нь танд гаргаж өгөх болно. Алдагдсан үхрийн талаар үнэлгээ гаргахад түүний төлбөр нэмэгдэх байх гэж бодож байна. Миний бие малчин хүн учраас өөрийн мал сүргийг жил болгон тоолуулдаг ба алдагдсан 2 тооны үхрийг 2022 оны мал тооллогод тоолуулсан. Манай хөршүүд С.Д-, Р-, Х-, нараас сэжиглэж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 08 дахь тал/,
38. Хохирогч Б.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...надад учирсан хохирлыг одоо болтол төлөөгүй тул эдгээр хохирлоо төлүүлж авах болно. Тиймээс миний бие өөрийн биеэр шүүх хуралд оролцох болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 174 дэх тал/,
39. Баримт бичиг, бусад баримтыг хүлээн авсан хүлээн авсан тэмдэглэл, түүний хавсралт, гэрэл зэргийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 09-12 дахь тал/,
40. Хохирогч Б.Б-ы мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2022, 2023 оны тооллого /хавтаст хэргийн 13-15 дахь тал/,
41. Хохирогч О.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр очиж тоолоход бүрэн байсан ба 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дахиж очиж үзэхэд үхэр сүрэг дундаас манай 1 тооны үхэр, хажууд нь манай сумын иргэн Б.Б- гэх хүний 2 тооны үхэр байхгүй байсан. Тэгээд уг 3 тооны үхрийг 10 гаруй хоног хайж олоогүй болохоор хулгайд алдагдсаныг мэдсэн. Миний нийт 1 тооны үхэр хулгайд алдагдсан бөгөөд уг үхэр нь том биетэй, эвэртэй, эвэрэнд ногоон будагтай, бүтэн халзан, цээж хэсгээр цагаантай, улаан хүрэн зүсмийн, зүүн талын чихний урдаас ухам, баруун талын чихний үзүүрээс дөрөөвч имтэй, 5-6 насны Монгол эх үхэр байсан. Миний бие алдагдсан үхрийг өөрийн мотоцикл болон машинаар хайж явахад нийт 350,000 төгрөгийн бензин зарцуулсан. Тухайн үед авсан бензиний баримтуудыг дараа нь танд гаргаж өгөх болно. Миний бие 1 тооны үхрийг 2022 оны мал тооллогод тоолуулсан. Манай хөрш болох С.Д-г сэжиглэж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,
42. Хохирогч О.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...надад учирсан хохирол болох зах зээлийн ханшаар үнэлгээ гаргасан 5-6 насны эм үхэр болох 1,000,000 төгрөг, бензиний зардал 350,000 төгрөг зэргийг нэхэмжлэх болно. Тиймээс миний бие өөрөө шүүх хуралд оролцох болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 177 дугаар хуудас/,
43. Хохирогч О.А-игээс гаргаж өгсөн 2023 оны мал тооллогын талаарх материал /хавтаст хэргийн 23 дахь тал/,
44. Баян-Өлгий аймгийн “Е ШТС”-ийн менежер Ж-гаас гаргасан тодорхойлолт /хавтаст хэргийн 24 дэх тал/,
45. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 25-27 дахь тал/,
46. “Ашид Билгүүн” ХХК-ний 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн БӨА-24-27 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 32-36 дахь тал/,
47. “Ашид Билгүүн” ХХК-ний 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн БӨА-24-27 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 43-47 дахь тал/,
48. “Ашид Билгүүн” ХХК-ний 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн БӨА-24-27 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 54-58 дахь тал/,
49. Гэрч Х.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хамаатан дүү болох О.М- нь утсаар “нэг тооны нядлахаар үхэр байна та худалдаж авах уу” гэж хэлэхээр нь “манай гэрт аваад ир, харж байгаад авъя” гэхэд нь хэсэг хугацааны дараа О.М- нь хажууд үл таних нэг залуугийн хамт өөрийн цагаан өнгийн ..... БӨТ улсын дугаартай “Hyunday porter-1” загварын машинаар 2 тооны үхэр ачиж Өлгий сумын 13 дугаар багт байрлах манай гэрт ирсэн. Уг 2 тооны үхрийн нэг нь эвэртэй хар халзан зүсмийн эх үхэр байсан ба нэг нь эвэртэй улаан халзан зүсмийн Монгол эх үхэр байсан. Тэгээд монгол эх үхэр нь таргандуу харагдахаар нь үнийг нь асуухад 800,000 төгрөгт өгнө гэж хэлсэн. Тэгээд хар халзан зүсмийн үхрийг 700.000 төгрөгт өгөх бол шууд худалдаж авна гэж хэлэхээр нь тохирч хар халзан зүсмийн Монгол эх үхрийг буулгаж авсан. Тэгээд хөрш айлын хүн болох А.Х- гэх хүний хамт өөрийн идшинд нядалж авсан. Миний бие хар халзан зүсмийн эх үхрийг 700,000 төгрөгт үнэлэн худалдаж авсан ба хамаатан дүү болох О.М-т бэлнээр тоолж өгсөн. Манай гэрт ..... БӨТ улсын дугаартай портер загварын машинаар нийт 2 тооны Монгол эх үхэр ачиж ирсэн. Үүнд: нэг нь миний худалдаж авсан хар халзан зүсмийн, эвэртэй, эвэр нь урагшаа гарч ургасан, бүтэн халзан, цав хэсгээр цагаантай, хар зүсмийн им тамгагүй, 4-5 насны тарган Монгол эх үхэр байсан. Нөгөөх нь бүтэн халзан, эвэртэй, цээж хэсэг нь цагаантай, улаан хүрэн зүсмийн, им тамгыг сайн анзаараагүй, дунд зэргийн таргантай, 4-5 насны Монгол эх үхэр байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дэх тал/,
50. Гэрч Ө.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б.Б- нь “манай өвөлжөөнд явж байдаг үхэр сүргүүд дотор миний үхэр байгаа харж байгаарай” гэж захисан ба уг үхрүүд нь 2023 оны 11 дүгээр сарын сүүлээр гэнэт алга болсон. Уг үхрүүд манай хөршүүдийн өвөлжөө бэлчээрт бэлчдэг тул хүмүүс газраа хамгаалж хөөж явуулдаг болохоор нэг тийшээ явсан байх гэж бодсон. Уг үхэр дотор О.А-ийн үхэр ч байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 71-72 дахь тал/,
51. Гэрч А.К-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай хавьд эзэнгүй байнга явж байдаг 5 тооны Монгол үхэр байсан ба уг үхрүүдийг манай хавийн хөрш айлууд болон бусад хүмүүсээс эзнийг олох гэж хайгаад хүмүүсээс асуухад уг үхрийн эзэн нь гараагүй. Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 15-ны үед байх нэг өдөр С.Д- надтай тааралдаж надаас “танай хавьд эзэнгүй бод мал байгаа юу хэдэн тооны үхэр алдсан” гэж асуусан. Тэгээд би манай хавьд эзэнгүй явж байсан 5 тооны Монгол үхрийг зүсээр нь хэлж өгөхөд “танай хавьд байсан үхрүүд миний алдсан үхрүүд мөн байна хэдэн хоногийн дараа очиж авах болно” гэж хэлсэн. Тэгээд 2024 оны 12 дугаар сарын 20-ны орой 23-аас 24-цагийн хооронд С- сумын 3 дугаар багт байрлах манай өвөлжөө хотонд С.Д-, хажууд нь М.А-, жолооч О.М- гэх хүний хамт цагаан өнгийн портер загварын машинаар ирж бид нарын хайж явсан үхрүүдийн гурав нь энд явж байгаа юм байна гэж үхрүүд дотроос нь 3 тооны үхрийг ачиж аваад аймаг руу явсан. Тухайн үхрүүдийн 1.Том биетэй, эвэртэй, эвэрт ногоон будагтай, бүтэн халзан, цээж хэсгээр цагаантай, улаан хүрэн зүсмийн, 5-6 насны Монгол эх үхэр, 2. Том биетэй, эвэртэй, эвэр нь урагшаа ургасан, бүтэн халзан, цав хэсгээр цагаантай, хар зүсмийн, им тамгагүй, 4-5 насны Монгол эх үхэр, 3. Бор алаг зүсмийн, им тамгагүй, жижиг эвэртэй, 2-3 насны гунан эр үхэр тус тус байсан. Тэгээд би С.Д- руу залгаж “чиний ачиж явсан үхрийг эндээс нэг хүн хайж явж байна. Чи надад худлаа хэлсэн юм уу” гэхэд “танай хотноос авсан үхрүүдийн бүгдийг нь худалдсан учраас өөр хүмүүст битгий хэлээрэй” гэж хэлсэн. Тэгээд би өөрөө малчин хүн учраас тэд нараас айж цагдаагийн байгууллагад болон үхрийн эзэнд хэлж чадаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75-76 дахь тал/,
52. Гэрч А.К-ын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...С.Д- надтай тэр өдөр уулзсанаас хойш 3 хоногийн дараа 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 22 цаг өнгөрч байх үеэр портер машинтай манай гэрт ирээд “...нөгөө үхрүүд хаана байна...” гэж асуухад би түүнд үхэрнүүдийг харуулахад тухайн үхрүүд дотроос 3 тооны үхрийг ялгаж аваад “миний алдсан үхэр мөн байна” гэж хэлээд машинд ачиж аваад явсан ба тэр үед би юу ч хэлээгүй явуулсан юм. Тухайн үед би С.Д-тай ямар нэгэн үхрийн наймаа хийж, мөнгө төгрөг авсан, өгсөн зүйл огт болоогүй. Би Хаан банкны ............... гэсэн дансыг эзэмшдэг. Тиймээ, би 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр аймгийн төвд малдаа өвс авахаар ирсэн байсан. Тэр өдөр надтай С.Д- тааралдсан бөгөөд тухайн үед би малын тэжээл авах гэхэд мөнгө дутсан тул С.Д-гаас мөнгө зээлэхийг хүсэх үед С.Д- надад миний Хаан банкны ............... тоот дансанд 200,000 төгрөг шилжүүлж мөнгө зээлдүүлсэн. Тэгээд би С.Д-гаас зээлж авсан 200,000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр би хөдөө мал дээр байсан учраас сумын төвд таньдаг ах болох Х.Аманхан гэх хүнээр дамжуулан С.Д-н Хаан банкны ........... тоот дансанд хийгээрэй гэж 190,000 төгрөг шилжүүлж өгсөн юм. Тухайн үед С.Д-н над руу байнга залгаад “мөнгөө өгөөрэй” гээд байсан тул тэр өдөр зээлж авсан мөнгөө хийсэн юм. 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр би захаас өвс авах гээд явж байх үеэр С.Д- нь хажуудаа зүс таних Р- гэх залуугийн хамт явж байсан ба би тэр Р- гэх залуутай надад “жороо морь байгаа, тухайн морийг зарна” гэх зэргээр тухайн залуутай яриа өрнүүлсэн болохоос би С.Д-тай жороо морь зарна, худалдаж авна гэх яриа огт болоогүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 163-164 дэх тал/,
53. Гэрч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “А.К- нь манай намаржаа болон өвөлжөөний хөрш. 2023 оны 10 дугаар сард ... намаржаанд олон тооны монгол үхэр байсан. Тэгээд хөрш А.К- надад ирж “манай хавьд 10 гаруй монгол үхэр явж байна, хэний үхэр гэдгийг нь сураглаад өгнө үү” гэж удаа дараа хэлж байсан. Манай хавийн бүх хүмүүст хэлж байсан. Уг 10 гаруй тооны үхэр дотор эвэртэй хар халзан, эвэртэй улаан халзан ...үхрүүд байсан. Зарим үед манай бэлчээр дотор орж ирдэг ба энэ үед бид хөөж явуулдаг байсан. Манай хөрш С.Д- болон М.Х- нар нь манай хавиас хулгайд алдагдсан үхрүүдийг хулгайлсан байж болзошгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79-80 дахь тал/,
54. Гэрч О.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие Өлгий сумын 9 дүгээр багт оршин суудаг ба өөрийн “Hyunday porter-1” маркийн ..... БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр байнга таксинд явдаг. Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 17-аас 20-ны өдрүүдийн хооронд байх нэг өдөр орой гэрт байхад танил хүн болох С.Д- миний гар утас луу залгаж “С- сумын чиглэлд очиж нэг хүнээс мал авч ирэх гэсэн юмаа, та таксинд явах уу” гэхээр нь очих газрын км-ийг асуухад 40 км-ийн зайтай газар гэхээр 80,000 төгрөг хөлс өгөх бол явна гэж хэлсэн. Тэгээд С.Д-н гэрт өөрийн залууг дагуулан гарч ирсэн. Тэгээд бид гурав С.Д-гийн гэрээс гараад 10 гаруй км зам явж танил хүн болох А.К-д өвөлжөөнд очсон. Тэгээд А.К- гэрээсээ гарч ирээд С.Д-тай ярилцсан. Тэгээд С.Д-, А.К-, М.А- нар нийт 3 тооны Монгол үхрийг барьж авч миний машинд ачсан. С.Д- бид хоёр аймаг руу явж байхад машинд ачсан 3 тооны үхрийн нэг болох бор алаг зүсмийн 2- 3 насны эр гунан үхэр нь уяанд боогдож үхсэн. Тэгээд аймгийн төвд ирсэн. Тэгээд манай хамаатан ах болох Х.Б- урьд нь идшинд үхэр худалдаж авна гэж захисан болохоор тухайн 2 тооны үхрийг хамаатан Х.Б-д хар халзан үхрийг 700.000 төгрөгт худалдаж авахаар тохирч буулгаад авсан ба мөнгийг нь бэлнээр надад өгсөн. Тэгээд би 700,000 төгрөгийг С.Д-д бэлнээр өгсөн. Нэг тооны эвэртэй улаан халзан үхрийг ачиж аймгийн төвд ороход С.Д- машинаас бууж үлдсэн ба тухайн үхрийг ачиж гэрт ирэхэд хөрш айлын хамаатан Б.Б- гэх хүн 800,000 төгрөгт худалдаж авахаар тохирч буулгаад авсан. Тэгээд маргааш нь Б.Б- надад 600,000 төгрөг өгсөн ба уг мөнгийг газар дээр нь С.Д-гийн Хаан банкны ........... тоот дансанд хийсэн. Тэгээд дараа нь үлдсэн 200,000 төгрөгийг Б.Б- надад өгсөн. Тэгээд С.Д-д залгаж “үлдсэн 200,000 төгрөгийг бэлнээр авах уу дансаар авах уу” гэхэд 2 тооны үхрийг зарж өгсний шагнал гэж хэлээд надаас 200,000 төгрөгийг одоо хүртэл аваагүй. Уг үхрүүд нь 1.Том биетэй, эвэртэй, эвэрт ногоон будагтай, бүтэн халзан, цээж хэсгээр цагаантай, улаан хүрэн зүсмийн, 5-6 насны Монгол эх үхэр, 2. Том биетэй, эвэртэй, эвэр нь урагшаа ургасан, бүтэн халзан, цав хэсгээр цагаантай, хар зүсмийн, им тамгагүй, 4-5 насны Монгол эх үхэр 3. Бор алаг зүсмийн, им тамгагүй, жижиг эвэртэй, 2-3 насны гунан эр үхэр тус тус байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 83-84 дэх тал/,
55. Гэрч Б.Б-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...О.М- нь өөрийн портер машинаар малын ченж нарын таксинд явдаг болохоор идшинд худалдаж авахаар үхэр захисан байсан. Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 20-ны орой О.М- гэрт өөрийн цагаан өнгийн портер машинаар нэг тооны эвэртэй улаан халзан Монгол үхэр ачиж ирсэн. Тэгээд уг үхрийг хараад очиж асуухад худалдахаар авч ирсэн үхэр гэж хэлсэн. 800,000 төгрөгт аваарай гэхээр нь “одоо надад 600,000 төгрөг бэлэн байгаа үлдсэн 200,000 төгрөгийг дараа нь өгье” гэж хэлэхэд шууд тохиролцож тухайн улаан халзан үхрийг машинаас буулгаж аваад маргааш нь өөрийн идшинд нядалсан. Тэгээд О.М-т маргааш нь буюу 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр бэлэн 600,000 төгрөг өгсөн. Дараа нь үлдсэн 200,000 төгрөгийг он гараад мөнгөтэй болохоор өгсөн. О.М-ээс нэг тооны монгол үхэр худалдаж авсан үхэр 1. Том биетэй, эвэртэй, эвэрт ногоон будагтай, бүтэн халзан, цээж хэсэгт цагаантай, улаан хүрэн зүсмийн, нас гүйцсэн тарган Монгол эх үхэр байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 87 дахь тал/,
56. Яллагдагч С.Д-гийн “Хаан Банк”-ны ........... тоот данс болон утсаар ярьсан ярианы жагсаалтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 89 дэх тал/,
57. Яллагдагч С.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2413000750116 дугаартай тогтоолтой танилцлаа уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, энэ талаар би хэлж өгөх болно. Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 20-ны орой 21 цаг өнгөрч байх үеэр манай нутгийн танил болох А.К-аас 3 тооны үхэр авсан минь үнэн. Өмнө нь би А.К-тай жороо морь авахаар ярилцсан байсан юм. Тэгээд би тэр морийг авахаар бодож А.К-ын ............... тоот дансанд 200,000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 20-ны 21 цагийн үед К- нь жороо морио өөр хүнд зарахаар боллоо чи оронд нь үхэр авах юм уу гэж хэлсэн. Тэгээд би К-аас 3 тооны үхэр авч аймгийн төвд оруулж ирэх үед нэг үхэр нь замдаа боогдоод үхсэн, үлдсэн 2 тооны үхрийг 1 тооны үхрийг 600,000 төгрөгөөр, нэгийг нь 700,000 төгрөгөөр зарсан. Нэг үгээр хэлбэл би К-аас 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 3 тооны үхэр авахаас өмнө 4-5 хоногийн өмнө К-ын хаан банкны дансанд 200,000 төгрөг шилжүүлж тухайн үхэрнүүдийг худалдаж авах үедээ К-ад бэлэн 1,300,000 төгрөг өгсөн, би тэр үхрийг хулгайлж авсан асуудал байхгүй. К-аас би түүний жороо морь худалдаж авахаар дансаар 2023 оны 11 дүгээр сарын 10-аас 15-ны өдрийн хооронд 200,000 төгрөг шилжүүлсэн, харин сүүлд 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр К-аас 3 тооны үхэр авах үеэр бэлэн 1,300,000 төгрөг өгсөн. Тухайн мөнгийг өгч байхыг иргэн О.М- харсан байх, өөр бид хоёрын хажууд хүн байгаагүй. Би Б.Б-, О.А-и нарт учирсан хохирлыг төлж өгч чадахгүй, би К-ад нийтдээ 1,500,000 төгрөг өгсөн болохоор надад төлөх шаардлага байхгүй гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 154-155 дахь тал/,
58. Гэрч Ш.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үед С.Д-, М.Р-, А.К- нар зүгээр л ойр зуурын яриа өрнүүлж байсан, хоорондоо ямар нэгэн адуу малын наймааны талаар яриагүй, мөнгө төгрөг шилжүүлсэн асуудал огт байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 170-171 дэх тал/,
59. Гэрч М.Р-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би дэлгүүртээ зогсож байхад С.Д-, А.К- нар нь миний хажууд байхдаа ямар нэгэн адуу, үхэр худалдан авах, зарах тухай огт яриагүй. Тэгээд ч С.Д- гаднаас орж ирэнгүүтээ надтай мэндлээд удаагүй шууд дэлгүүрээс гарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 180 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Эрх зүйн дүгнэлт:
60. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүхээс үнэллээ.
61. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч С.Д-гийн хохирогч Б.Б-, О.А- нарын өмчлөлийн, 3 тооны үхрийг нууцаар, хууль бусаар авч, хохирол учруулсан үйлдлүүд нь хохирогч нарын өмчлөх эрхэд халдаж, хохирол учруулсан, нийгэмд аюултай үйлдэл юм.
62. “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын малыг хулгайлсан бол” гэж тодорхойлж, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад “олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан” гэж энэхүү гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилжээ.
63. Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийг тайлбарлахдаа “Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна” “олон тооны мал" гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно.” гэж тус тус тайлбарлажээ.
64. Шүүгдэгч С.Д- нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж ашиг, хонжоо олох зорилгоор хохирогч Б.Б-ы 2 тооны, хохирогч О.А-ийн 1 тооны үхрийг буюу бод малыг нууцаар, хууль бусаар авч, нядлах, бусдад худалдах, арилжаалах зэргээр захиран зарцуулж, хохирогч Б.Б-д 1,500,000 төгрөгийн, хохирогч О.А-ид 1,000,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг бусдын олон тооны малыг хулгайлж, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
65. Шүүгдэгч С.Д- нь Баян-Өлгий аймаг С- сумын ........ дугаар багийн нутаг дэвсгэр “Бөхөн уул” хэмээх газарт бэлчээрлэж байсан хохирогч Б.Б-, О.А- нарын өмчлөлийн үхэр сүрэг дотроос 3 тооны үхрийг “hyunday porter-1” загварын тээврийн хэрэгслийг ашиглаж туусан нөхцөл байдал тогтоогдсон тул түүнийг бусдын олон тооны бод малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэж дүгнэлээ.
66. Шүүгдэгчийн үйлдлүүд нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд өөрийнхөө үйлдлийн хууль бус шинж чанарыг ухамсарласан атлаа бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж, хохирол, хор уршиг учруулсан учраас түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
67. Шүүгдэгч С.Д-гийн үйлдсэн мал хулгайлах гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, прокуророос түүний үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн шүүгдэгчийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.
68. Иймд шүүгдэгч С.Д-г бусдын олон тооны бод малыг машин механизм ашиглаж хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
69. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар, ёс суртахууны хүмүүжил дутмаг байдал, ашиг хонжоо олох гэсэн шунахайн сэдэлт, хохирогч нарын малаа хариулгагүй үлдээсэн байдал нөлөөлсөн байна.
70. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Гэрч О.М-ийн мэдүүлгийн зөрүүг арилгах, энэ гэмт хэрэгт түүний оролцоо байгаа эсэхийг шалгах шаардлагатай” гэх боловч гэрч О.М- нь шүүх хуралдаанд “Машин дотор С.Д- нь үхрийн мөнгө гэж хэлж байсан. 3 тооны үхэр ачсан. Үхрийн мөнгө гэж өгч байсан. Хоорондоо ярьж байсан яриа нь сонсогдоогүй ба бид нар явах бэлтгэлээ хангаж байсан” гэж мэдүүлсэн ба энэ нь гэрч О.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ зөрүүгүй, өмнө өгсөн мэдүүлгээ үгүйсгээгүй, өөр мэдүүлэг өгсөн бөгөөд гэрч О.М- нь энэ гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж үзлээ.
71. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Үхрийг хамт ачсан хүнийг гэрчээр асуух шаардлагатай” гэх боловч А- нь шүүгдэгч С.Д-гийн төрсөн дүү нь бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” үндсэн эрхийнхээ хүрээнд ахынхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй тул гэрчээр асуух шаардлагагүй байна.
72. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Хэргийн газарт дахиж үзлэг шаардлагатай” гэх боловч тус хэрэгт холбогдуулан 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хэргийн газарт үзлэг хийж, гэрэл зургаар бэхжүүлсэн байх тул дахиж хэргийн газрын үзлэг хийх шаардлагагүй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
73. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.
74. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт “гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ.” гэж тус тус заажээ.
75. Шүүгдэгч С.Д-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-д 1,799,980 төгрөгийн, хохирогч О.А-ид 1,350,000 төгрөгийн хохирол тус тус учирсан нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, Баян-Өлгий аймгийн “Е ШТС”-ийн менежер Ж-гаас гаргасан тодорхойлолт зэргээр нотлогдож байна.
76. Хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлт, Баян-Өлгий аймгийн “Е ШТС”-ийн менежер Ж-гаас гаргасан тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон хохирогч нарын хулгайлагдсан үхрээ эрж хайхад зарцуулсан гэх шатахууны төлбөр, үхрийн үнэ зэргийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож, шүүгдэгчээс 1,799,980 төгрөг гаргуулан хохирогч Б.Б-д, 1,350,000 төгрөг гаргуулан хохирогч О.А-ид тус тус олгож шийдвэрлэлээ.
77. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
78. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч С.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 4 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэх” дүгнэлтийг,
79. Хохирогч нараас “Ямар нэгэн санал байхгүй” гэх тайлбарыг,
80. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Улсын яллагчийн санал болгож байгаа ялын хугацааг багасгаж 3 жил болгож өгөхийг хүсье” гэх дүгнэлтийг,
81. Шүүгдэгчээс “Намайг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзвэл надад их хоногийн хугацаа олгож өгвөл хохирлыг төлж барагдуулна.” гэх тайлбарыг гаргасан болно.
82. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” хэмээн хуульчилсан бөгөөд шүүгдэгч С.Д-гийн үйлдсэн гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарна.
83. Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
84. Шүүхээс шүүгдэгч С.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.
85. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.
86. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй гэж үзлээ.
87. Шүүгдэгч С.Д- нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
88. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан, үлдэгдэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулж хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч С.Д-д 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэв.
89. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасныг удирдлага болгон дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч С.Д-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
90. Шүүгдэгч С.Д- нь баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдаж байна.
91. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхэд иргэн О.М-ийн эзэмшлийн “Hyunday porter-1” загварын тээврийн хэрэгслийг ашигласан нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 6.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
92. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-д авсан хувийн баталгаа гаргах, Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэр болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, өнөөдрөөс эхлэн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт С-ын Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Д-д 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-д оногдуулсан 3 /гурав/, жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-гаас 1.799.980 /нэг сая долоон зуун ерэн есөн мянган есөн зуун наян/төгрөг гаргуулан хохирогч Б.Б-д, 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянган/ төгрөг гаргуулан хохирогч О.А-и нарт олгосугай.
5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-гийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан иргэн О.М-ийн эзэмшлийн “Hyunday porter-1” загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 6.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулсугай.
6. Шүүгдэгч С.Д- нь баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-д авсан хувийн баталгаа гаргах, Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэр болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, өнөөдрөөс эхлэн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК