| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2024/0134/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/141 |
| Огноо | 2024-06-10 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/141
Баян-Ө- аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
Улсын яллагч, Баян-Ө- аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.А-,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-,
шүүгдэгч Ш.Х- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Ө- аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.А-гээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.х овогт Ш-ын Х-т холбогдох эрүүгийн 2413000000136 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ...... оны ...... дүгээр сарын .....-ний өдөр Баян-Ө- аймгийн Ө- суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ахлагчийн дамжаанд суралцаж төгссөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Баян-Ө- аймгийн Ө- сумын .. дүгээр багт оршин суух хаягтай, урьд Баян-Ө- аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил, 4 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Ш.х овогт Ш-ын Х, регистрийн дугаар: БМ..............;
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Х- нь 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөрт шилжих шөнө Баян-Ө- аймгийн Ө- сумын .. дүгээр багт байрлах хүн байнга амьдрах зориулалттай хохирогч Х.А-ы эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрч “fruit plate” гэх цаасан хайрцагтай таваг /шинэ/ 1 ширхэг, дунд хэмжээний хөнгөн цагаан тогоо 1 ширхэг, “Life vouge” гэх бичигтэй таваг /шинэ/ 1 ширхэг, улаан өнгийн бариултай хэрэглэж байсан хувин 1 ширхэг, 10 литрийн хөнгөн цагаан бетон, 15 см, 20 см, 22 см, 13 см хэмжээний 4 ширхэг каз, өндөр нь 27, өргөн нь 46 см хэмжээтэй никель тогоо 1 ширхэг, эрэгтэй хүний хар хөх өнгийн казах үндэсний хантааз 1 ширхэг, “Huawei” загварын хар өнгийн гар утас 1 ширхэг, тээврийн хэрэгслийн дугуй хийлэгч багаж 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид нийт 679,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар.
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
2. Шүүгдэгч Ш.Х- мэдүүлэхдээ: “Хулгайлсан гэх олон зүйлийг өөрөө өргөж явах боломжгүй. Надад машин байхгүй. Тухайн эд зүйлийг би авч явахыг маань харсан уу, надаас авсан уу, хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
4. Иргэн Т.А-аас 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
5. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 02-08 дахь тал/,
6. Хохирогч Х.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-14, 66 дахь тал/,
7. Гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
8. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 27-35 дахь тал/,
9. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 36 дахь тал/,
10. “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн БӨА-24- 0097 дугаартай үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 44-47 дахь тал/,
11. Шүүгдэгч Ш.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дахь тал/,
12. “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн БӨА-24- 0142 дугаартай үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 70-74 дэх тал/,
13. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-ээс: хавтаст хэргийн 57-58 дахь талд авагдсан шүүгдэгчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичмэл, бичмэл бус нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
14. Шүүгдэгч Ш.Х-аас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлэн судлуулаагүй.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
15. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
16. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Ш.Х-т холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримт:
17.1. Иргэн Т.А-аас 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гаргасан “...2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Ө- сумын ... дүгээр багт байрлах манай хүүгийн байшингийн гэрийн цонхыг хаглан хулгайч орж эд зүйл алдагдсан...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
17.2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 02-08 дахь тал/,
17.3. Хохирогч Х.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр над руу С- гэх дүү залгаж танай гэрийн цонхыг хаглан хулгайч орсон байна, бид нар Цагдаагийн газарт дуудлага өгсөн гэж хэлсэн. Би улмаар яаралтай 2024 оны 03 дугаар сарын 23-ний өдөр Ө-д ирсэн. Намайг ирэхэд гэрийн цонхыг хагалсан байсан. Улмаар дотор орж үзэхэд эд зүйл эмх замбараагүй байсан юм. Би гэрийн эд зүйлсийг шалгаж үзэхэд “fruit plate” гэх цаасан хайрцагтай таваг /шинэ/1 ширхэг, дунд хэмжээний хөнгөн цагаан тогоо 1 ширхэг, “Life vouge” гэх бичигтэй таваг /шинэ/ 1 ширхэг, улаан өнгийн бариултай хэрэглэж байсан хувин 1 ширхэг, 10 литрийн хөнгөн цагаан бетон, 15 см, 20 см, 22 см, 13 см хэмжээний 4 ширхэг каз, өндөр нь 27, өргөн нь 46 см хэмжээтэй никель тогоо 1 ширхэг, эрэгтэй хүний хар хөх өнгийн казах хантааз 1 ширхэг, “Huawei” загварын хар өнгийн гар утас 1 ширхэг, тээврийн хэрэгслийн дугуй хийлэгч багаж 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-14 дэх тал/,
- Хохирогч Х.А-ы дахин өгсөн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай байшингийн цонх хагалаад орсон байсан бөгөөд би өөр сүүлд энэ цонхыг бөглөж авсан, манай байшинд орж хулгай хийсэн хүн архины хамааралтай иргэн болохоор тэр надад төлбөр мөнгө төлнө гэдэгт итгэхгүй байна, тийм болохоор иргэн Ш.Х-т хуулийн хариуцлага тооцож өгөх нь зүйтэй байх, харин би түүний манай гэрээс хулгайлсан эд зүйлсийг бүгдийг нь тухайн үед буцааж авсан бөгөөд одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дахь тал/,
17.4. Гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би өглөө 10 цагийн үед бие засах гээд хашаанд явж байх үед гартаа баахан эд зүйл барьсан нэг хүн явж байсан. Улмаар би хулгайч байна гэж бодоод барьж аваад ээжийг дуудсан. Бид нар ахын гэрийг шалгахад том цонх нь хагарсан байсан. Харин гэрийн цоож нь бүрэн бүтэн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
17.5. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 27-35 дахь тал/,
17.6. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 36 дахь тал/,
17.7. “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн БӨА-24- 0097 дугаартай үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 44-47 дахь тал/,
17.8. Шүүгдэгч Ш.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие одоогийн байдлаар ганц бие, тодорхой эрхэлсэн ажилгүй, ер нь бол байнга архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Тухайн өдөр хаана юу хийсэн талаар сайн санахгүй байна ямар ч байсан Ө- сумын ..... дүгээр багт эзэнгүй нэг байшин байхаар нь тухайн байшин руу орж байснаа санаж байна. Сүүлд байшингийн эзэн нь ирээд эд зүйл хулгайлсан байна гээд цагдаад дуудлага өгсөн байсан, миний хувьд гэвэл архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ юу хийж байгаагаа санадаггүй. Миний хувьд гэвэл энэ хэрэг хийсэн байх гэж бодож байна, надад өөр хэлэх зүйл байхгүй, прокурорын тогтоолтой танилцсан бөгөөд уг тогтоолд миний хулгай хийсэн зүйлийг нотолсон байгаа болохоор надад хэлэх зүйл байхгүй хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дахь тал/,
17.9. “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн БӨА-24- 0142 дугаартай “...45x50 хэмжээтэй цонхны шил 15,000 төгрөг байх боломжтой...” гэх үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 70-74 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
18. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахад, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
19. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгчээс хураан авсан эд зүйлд үзлэг хийж тэмдэглэл хөтөлж, гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн. Хохирогчийн алдагдсан эд зүйлийн оврын хувьд хүн аваад явах боломжтой байсан. Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл ашиглах шаардлагагүй эд зүйл байсан. Машиныг дугуйг хийлдэг эд зүйл байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь гэм буруу дээр маргаагүй. Шүүгдэгч нь хийсэн зүйлээ санахгүй байгаа гэж хэлсэн. Шүүгдэгч нь байнга согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг ба согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ энэхүү гэмт хэргийг үйлдсэн байж магадгүй. Мөн шүүгдэгч нь толгойндоо гэмтэл авсан асуудал яригдан. Энэ нь гэмтлийн гаралтай болохоос биш сэтгэцийн хувьд асуудалгүй гэж хэлж байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг хийснээ мэдэхгүй, санахгүй байгаа гэдгээ нотолж чадаагүй. Иймд шүүгдэгчийг хэрэг хариуцах чадвартай гэж үзэж байна. Шүүгдэгчийг бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэж, хохирогч 679,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдалд дүгнэлт хийхэд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжтэй байх тул дээрх заалтаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь үйлдэл дээр баригдсан ба хохирогчийн гэрээс хулгайлсан эд зүйлийг буцаагаад хохирогчид өгсөн тул хохирлыг биет байдлаар төлж барагдуулсан ба хор уршигт 15,000 төгрөг гарсан ба уг 15,000 төгрөгийг хохирогчийн зүгээс нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах хохирол төлбөргүй болохыг дурдаж байна” дүгнэлтийг гаргасан.
20. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-ээс “Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр шүүхийн шатнаас оролцсон. Нотолбол зохих байдал тогтоогдоогүй гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувийн байдал, эмчийн хяналтад байсан эсэхийг тогтоох шаардлагатай. Урьд нь шүүхийн шийтгэх тогтоолоор хэрэг хариуцах чадвартай гэж гарсан ба шүүгдэгч ял авсан. Шүүгдэгч нь ямар оноштой, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үйлдлээ ухамсарлан чадах эсэх талаар хүсэлттэй байгаа. Гэм буруугийн ямар нэгэн маргаан байхгүй. Олон хэмжээний эд зүйлийг хулгайлсан гэхээр өргөж чадах уу гэсэн эргэлзээтэй байгаа. Шүүгдэгч нь өөрийн үйлдлээ санахгүй байгаа” гэх дүгнэлтийг гаргаж, гэм буруугийн талаар улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.
Хууль зүйн дүгнэлт.
21. Шүүгдэгч Ш.Х- нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэж, бусдад мэдэгдэлгүй бусдын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар орсон, хэн нэгэн хүнд хүч хэрэглээгүй, хулгайлагдсан өмчийн эзэд нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх аргаар бусдын өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн дээрх баримтуудаар нотлогдож байна.
22. Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах боломжтой болсноор уг хэрэг үйлдэгдэж дууссанд тооцдог.
23. Шүүгдэгч нь хууль бусаар олсон эд зүйлсийг өөрийн дураар захиран зарцуулж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул дээрх хууль бус үйлдэл нь төгссөн гэмт хэргийн шинжийг агуулж байна.
24. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч энэ гэмт хэргийг хүсэж, шунахайн сэдэлтээр, санаатай үйлдсэнээр хохирогч Х.А-д хохирол учирсан байна гэж үзлээ.
25. Шүүгдэгч нь иргэн Х.А-ы эзэмшлийн байшингийн цонхыг хагалж хууль бусаар, нууцаар нэвтрэн орж “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг байр нь байнгын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хамаарна.
25. Шүүгдэгч Ш.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
27. Мөн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэмт хэргийн тайлбараас үзвэл орон байранд орж, машин механизм ашиглаж үйлдсэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хохирлын хэмжээ хэд байхаас үл хамаарч хүндрүүлэх нөхцөл байдалтай хулгай хийсэн гэж үзнэ.
28. Иймд шүүгдэгч Ш.Х-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
29. Гэмт хэрэг гарахад хохирогчийн эд хөрөнгөө тогтмол хараа хяналтгүй орхисон байдал, шүүгдэгчийн хууль зүйн ухамсар, ёс суртахууны хүмүүжил дутмаг байдал, дохиолол, камержуулалт байхгүй зэрэг нөлөөлсөн байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
30. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
31. Шүүгдэгч Ш.Х-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.А-д 679.000 төгрөгийн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ш.Х- нь дээрх хохирлуудыг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
32. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгчийн хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг биет байдлаар төлж барагдуулсан, урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан нөхцөл байдлыг харгалзан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” дүгнэлтийг,
33. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т- “Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2-8 жилийн хорих ялтай. Хохирлын шинжийг харгалзан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгөхийг хүсье” гэх дүгнэлтийг гаргасан болно.
34. Шүүгдэгч Ш.Х- нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
35. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ш.Х-ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
37. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
38. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ш.Х-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.
39. Шүүгдэгч Ш.Х- нь урьд ял шийтгүүлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 60 дахь тал/, Баян-Ө- аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/82 дугаар шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 62-64 дэх тал/ зэргээр тогтоогдож байна.
40. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.
41. Шүүгдэгч Ш.Х-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, сэдэлт, гэмт хэрэг үйлдсэн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон хувийн байдлыг харгалзан үзэж, прокурор, өмгөөлөгч нарын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жил, 8 /найман/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэв.
42. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасныг удирдлага болгон дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Ш.Х-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
43. Шүүгдэгч Ш.Х- нь 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/244 дугаар захирамжаар цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Ш.Х-ын баривчлагдаж, цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцох нь зүйтэй.
44. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт тусгаарласан болон нэгтгэсэн хэрэг байхгүй болохыг дурдаж байна.
45. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Ш.Х-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш.х овогт Ш-ын Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ш.Х-ыг 2 /хоёр/ жил, 8 /найман/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Х-т оногдуулсан 2 /хоёр/ жил, 8 /найман/ сарын хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон шүүгдэгч Ш.Х-ын 6 /зургаа/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК