| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2024/0138/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/144 |
| Огноо | 2024-06-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/144
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.А-,
Шүүгдэгч Т.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Т-н Д-т холбогдох эрүүгийн 2413000000194 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авсныг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ........ оны ...... дугаар сарын .......-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, ......... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хуваариа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, эцэг, эх, эхнэр, 4 хүүхдийн хамт Баян-Өлгий аймаг Өлгий сумын ... дүгээр багийн ....... дугаар гудамжны ...... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Х овогт Т-н Д-, регистрийн дугаартай: БЮ...........;
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Д- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөрт шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн ..... БӨҮ улсын дугаартай “Тоёота Ланд Крузир” загварын тээврийн хэрэгсэл дотор тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч А.Ж-ын толгойг архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь зулайнд урд хэсгийн зүүн талд 3 ширхэг оёдол, баруун нүдний гадна ирмэгт 2 ширхэг оёдол, гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
1. Прокурор Д.А- шүүх хуралдаанд: “Шүүгдэгчтэй ялын төрөл хэмжээнд тохиролцож хэргийг хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Тохиролцсон ялын төрөл хэмжээ болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуульд зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Хохирогчид баримтаар гаргаж өгөх хохирол төлбөр байхгүй боловч хохирогчид 5,000,000 төгрөг төлж өгсөн болохыг дурдаж, хохирогчийн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй” гэв.
2. Шүүгдэгч Т.Д- шүүх хуралдаанд: “Хохирогчтой нууц амрагийн холбоотой байсан ба асуудал гарч маргаан гарсан. Би архи уудаггүй байсан. Толгойндоо саажилттай, гэмтэлтэй тул архи уухаараа ухаан алддаг. Тухайн үед хохирогч бид хоёр архи уусан. Тухайн үед би ухаан алдсан байсан. Юу болсныг мэдэхгүй, ухаан ороход машин дотор цус болсон байсан. 3 замын уулзвар дээр цагдаагийн машин байсан ба би өөрөө очиж хохирогчийг хүлээлгэж өгсөн. Цагдаагийн машин тухайн газарт байгаагүй бол хохирогч үхэх магадлалтай байсан. Хуулийн дагуу үүргээ биелүүлсэн. Харамсаж байна” гэв.
3. Шүүгдэгч Т.Д- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөрт шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн ..... БӨҮ улсын дугаартай “Тоёота Ланд Крузир” загварын тээврийн хэрэгсэл дотор тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч А.Ж-ын толгойг архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь зулайнд урд хэсгийн зүүн талд 3 ширхэг оёдол, баруун нүдний гадна ирмэгт 2 ширхэг оёдол, гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч А.Ж-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 05 дахь тал/, гэрч Б.Б-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 07 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Х-ын 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 351 дугаартай шинжээчийн дүгнэлт дүгнэлт /хавтаст хэргийн 12-13 дахь тал/, яллагдагч Т.Д-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
4. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
5. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
6. Шүүгдэгч Т.Д- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
7. Шүүгдэгч Т.Д- нь энэ хэргийн улмаас хохирогч А.Ж-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирол гэж шүүгдэгчийн зүгээс 5.000.000 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурдаж байна.
8. Харин хохирогч А.Ж- нь хохирол, хор уршигтай холбоотой жич нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар нэхэмжлэхээ илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар цаашид нэхэмжлэх хохирол байна гэж үзвэл энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
9. Прокурорын санал болгож, шүүгдэгч Т.Д-ийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах 700 нэгж буюу 700,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
10. Иймд шүүгдэгч Т.Д-т Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 700 нэгж нь 700.000 төгрөгтэй тэнцэх юм.
12. Шүүгдэгч Т.Д- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.
13. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Т.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна.
14. Шүүгдэгч Т.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Т-н Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.Д-ийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Т.Д- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Т.Д- нь хохирогч А.Ж-д 5.000.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч А.Ж- нь цаашид нэхэмжлэх хохирол байна гэж үзвэл энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шүүгдэгч Т.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК