| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2021/01203/И |
| Дугаар | 101/ШШ2021/01907 |
| Огноо | 2021-06-18 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 101/ШШ2021/01907
| 2021 о 06 с 18ө | Дугаар 101/ШШ2021/01907 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хуралдсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******лол,*******, 1-11 тоот хаягт оршин суух Түндэв овогтой Оюунхүү /РД:РП77061604/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******р /РД:9095489/-т холбогдох,
Баянзүрх дүүргийн*******ны үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Оюунхүү, түүний өмгөөлөгч Ж.Бат-Амгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалсайхан, гэрч Б.Булганхүү, нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн Б.Оюунхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Оюунхүү би 2009 оны 4 сарын 6-ны Баянзүрх дүүргийн тамгын газрын даргын тушаалаар Баянзүрх дүүргийн*******ны үйлчлэгчийн ажилд орж өдийг хүртэл 12 жилийн хугацаанд 2 засаг даргатай ямар нэгэн ажлын доголдол, асуудалгүйгээр ажилласаар ирсэн бөгөөд БЗДЗДТГ-ын даргын 2021 оны 02 сарын 16-ны дугаар Б/91 тоот Т.Оюунхүүгийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар Баянзүрх дүүргийн*******ны үйлчлэгчийн ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдлөө . Миний бие 44 настай, өрх толгойлсон ганц бие ядарсан амьдралтай эмэгтэй юм. 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд манай 16-р хорооноос Баянзүрх дүүргийн төлөөлөгчөөр сонгогдсон Б.Булганхүү нь 2021 оны эхээр 16-р хорооны засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдож, улмаар бүх ажилчдаа ажлаас хална хэмээн дарамталж эхэлсэн. Улмаар БЗД-ийн шинээр томилогдсон засаг дарга Б.Булганхүү нь чамтай хамтарч ажиллахгүй өргөдлөө өгөхгүй бол ажлаар дарамтална гэрчлэх дарамталж эхэлсэн. Би 4-р ангийн боловсролтой бичиг үсэг сайн тайлагдаагүй тул Б.Булганхүү нь 2 янзаар буюу ажилд минь үлдээж өгөөч, нөгөөх нь ажлаас чөлөөлж өгөөч гэж хүнээр миний өргөдлийг бичүүлж гарын үсэг заавал зур гэж 2021 оны 02 сарын 09-нд зуруулж 10-нд нь тамгын газар руу Б.Булганхүү нь өөрийн гарын үсгээр уламжилж тушаал 2 сарын 16-ны өдөр гарсан байна. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.2-д зааснаар ажилтан санаачилсан, тохиролцсон хэмээн хууль бусаар миний хөдөлмөрлөх эрхэнд мөрөөрөө ажлаа хийж байсан ядарсан намайг ийнхүү хууль бусаар халдсанд гомдолтой байна. Намайг ажиллаж байх хугацаанд хорооны засаг дарга хийж байсан 2 засаг дарга МАН, АН гээд нам намын л хүмүүс байсан. Гэтэл энэ шинэ дүүрэг, хорооны удирдлага ийнхүү хүмүүсийг ажилгүй болгож байгаад харамсаж байгаа учир хуулийн хугацаанд буюу 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж байна. Иймд Т.Оюунхүү намайг Баянзүрх дүүргийн*******ны үйлчлэгчийн ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоож, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж, ажилгүй байсан хугацааны-цалинг нөхөн олгуулж өгнө үү.
Б.Булганхүү дарга намайг ажиллах хүсэлт, чөлөөлөгдөх хүсэлт бичиж өг гэж дарамталсан. Би чөлөөлөгдөх хүсэлтээ хэсгийн ахлагч н.Одончимэгийг гуйж бичүүлсэн, гэрчээр асуулгах гэхээр асуугдах боломжгүй гээд байгаа юм. Ажиллах хүсэлттэй гэдгээ хэлсэн. Булганхүү дарга зөвхөн чөлөөлөгдөх өргөдөл өгсөн гэж худал хэлж байна. Би өргөдлөө аваад БЗД-ийн ЗДТГ-т өгсөн, хуулийн мэргэжилтэн н.Бат-Эрдэнэ гэж хүнд өгсөн нь үнэн. Би Булганхүү даргыг эсэргүүцсэн зүйл хийгээгүй гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяр-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэн Т.Оюунхүү нь 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 69 тоот тушаалаар Баянзүрх дүүргийн*******ны үйлчлэгчийн ажилд томилогдож, ажиллаж байсан. 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн Тамгын газарт Миний бие Түндэв овогтой Оюунхүү 2009 онд Баянзүрх дүүргийн*******ны үйлчилгээний ажилтнаар орсон. Хойшид ажиллах боломжгүй болсон тул ажлаас чөлөөлөн өнгө үү гэсэн гараар бичсэн өргөдлийг гаргасан бөгөөд өргөдлийн дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Б/91 тоот тушаал гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйл 38.1.1 -д заасны дагуу ажилтны санаачилснаар ажлаас чөлөөлсөн. Иргэн Т.Оюунхүү нь ажиллаж байх хугацаандаа*******ны Засаг даргатай таарамжгүй харьцаатай, дарамт шахалт байгаа талаар ямар нэгэн гомдол, санал, хүсэлт гаргаж байгаагүй. Иргэн Т.Оюунхүү нь хорооны Засаг даргын зүгээс дарамт шахалт үзүүлсэн бол ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, Баянзүрх дүүргийн Ёс зүйн хороонд хандах боломжтой байсан. Энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна. Хариуцагч талын зүгээс иргэн Т.Оюунхүү нь хуульд заасны дагуу өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан учир ажлаас чөлөөлсөн. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар нь Хөдөлмөрийн хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй хуульд нийцүүлэн ажилтны хүсэлтийг үндэслэн шийдвэрлэсэн. Оюунхүү ажиллах хүсэлтэй байсан бол чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхгүй байх боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Оюунхүү хариуцагч Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газарт холбогдуулан Баянзүрх дүүргийн*******ны үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд ажилгүй байсан хугацааны цалинг сүүлийн 3 сарын дундаж цалин 2,191,943 төгрөгийг 3 сард хувааж, сарын дундаж цалин 730,647 төгрөг, үүнийг 21.5-д хувааж 1 өдрийн цалин 33,983 төгрөгийг, 88 хоногоор /ажлаас чөлөөлөгдсөн 2021.02.16-ны өдрөөс хэргийг шийдвэрлэж буй 2021.06.18-ны өдрийг хүртэл/ тооцож 2,990,504 төгрөг нэхэмжилж байна гэж тайлбарлаж байна.
Хариуцагч тал өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Т.Оюунхүү Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын даргын 2009 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 69 дугаартай тушаалаар 16-р хорооны үйлчлэгчээр томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Б/91 дугаартай тушаалаар 16-р хорооны үйлчлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчийн тайлбар, Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын даргын 2009 оны 4 сарын 6-ны өдрийн 69, 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Б/91 дугаартай тушаал зэргээр тогтоогдож байна.
Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын дарга 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Б/91 дугаартай тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 заасныг баримтлан ажилтны санаачилгаар Т.Оюунхүүг ажлаас чөлөөлсөн байна.
Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын дарга Т.Оюунхүүгийн өөрийнх нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг үндэслэн 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Б/91 дугаартай тушаалаар түүнийг ажлаас чөлөөлсөн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ....би ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө аваад тамгын газрын хуулийн мэргэжилтэн н.Бат-Эрдэнэ гэх хүнд өгсөн нь үнэн... гэх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Т.Оюунхүүгээс засаг дарга Б.Булганхүү дарамталсан талаар гомдол огт гаргаагүй, ёс зүйн талаар гомдлоо гаргах эрх нь нээлттэй байсан, өөрийнх гаргасан хүсэлтийг хуульд зааснаар шийдвэрлэсэн. Үйлчлэгчийн орон тоонд өөр хүн авсан... гэх, гэрч Б.Булганхүүгийн ....Миний бие 16-р хорооны засаг дарга болоод бүх ажилчидтай уулзаж, хамтарч ажиллах хүсэлтэй бол хүсэлтээ өгөөрэй гэж хэлсэн. Т.Оюунхүү ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсний дагуу миний бие цохолт хийж уламжилсан, дүүргийн засаг даргын тамгын газрын дарга ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан, өөрөө хүсэлтээ гаргасан нь үнэн юм. Миний зүгээс шахаж дарамталсан зүйл байхгүй... гэх тайлбарууд, нэхэмжлэгчээс өгсөн хэргийн 5-р хуудсанд авагдсан өргөдөл зэргээр хангалттай тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн ...би үргэлжлүүлж ажиллах талаараа хэлсэн... гэх тайлбар нь баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд түүний ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ хэсгийн ахлагч н.Одончимэгээр бичүүлэн, өөрөө гарын үсэг зурж, засаг дарга Б.Булганхүүгээр цохолт хийлгэн, өөрийн биеэр тамгын газрын хуулийн мэргэжилтэн н.Бат-Эрдэнэ гэх хүнд өгсөн зэрэг үйл баримтаар няцаагдаж байх ба түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан хариуцагч талыг буруутгах үндэслэл зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд дээр дурдсаныг үндэслэн хариуцагч Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газарт холбогдуулан Баянзүрх дүүргийн*******ны үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 2,990,504 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Т.Оюунхүүгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт нэхэмжлэгч Т.Оюунхүүгээс ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад 70,200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 2,990,504 төгрөг гаргуулах шаардлагад 62,798 төгрөг, нийт 132,998 төгрөг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд оруулах нь хуульд нийцнэ.
Нэхэмжлэгч Т.Оюунхүү нь амьжиргааны түвшний босго шугамаас доогуурт багтсан болох нь БЗД-ийн халамжийн байцаагчийн тодорхойлолтоор тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжид нөхөн төлүүлэх 132,998 төгрөгөөс чөлөөлж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газарт холбогдуулан Баянзүрх дүүргийн*******ны үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Т.Оюунхүүгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Т.Оюунхүүг улсын тэмдэгтийн хураамжид төлөх 132,998 төгрөгөөс чөлөөлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ