Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2024/00119

 

Б.А , Н.Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 135/ШШ2024/00081 дүгээр  шийдвэртэй,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 209/МА2024/00021 дүгээр магадлалтай,

Б.А , Н.Б нарын нэхэмжлэлтэй,

Д.Ц-д холбогдох,

Засварын зардал 16,066,571 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, түрээсийн төлбөр болон алданги, хохиролд 39,747,442 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.А , Н.Б нар хариуцагч Д.Ц-д холбогдуулан түрээсийн байрны засварын зардал 16,066,571 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан ба түрээсийн төлбөр болон хохирол, алдангид 39,747,442 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч нар эс зөвшөөрч маргажээ.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.17-ны 135/ШШ2024/00081 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.А , Н.Б нарын хариуцагч Д.Ц-д холбогдуулан гаргасан 16,066,571 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.А, Н.Б нараас 12,285,988 төгрөг гаргуулан хариуцагч Д.Ц-долгож, сөрөг нэхэмжлэлийн үлдэх 27,461,454 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238,285 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 211,515 төгрөг гаргуулан хариуцагчид, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 676,634 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 356,687 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.03.28-ны өдрийн 209/МА2024/00021 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 135/ШШ2024/00081 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1,2 дахь заалтыг нэгтгэж, “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 56.6, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, 493.9 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Д.Ц-гээс 3,597,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А, Н.Б нарт, нэхэмжлэгч Б.А, Н.Б нараас 12,285,988 төгрөг гаргуулан хариуцагч Д.Ц-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 12,469,471 төгрөгийн шаардлагыг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 27,461,454 төгрөгийг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, Шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар ... илүү төлсөн 356,687 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж хариуцагчид тус тус олгосугай” гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт тус тус зааснаар ... илүү төлсөн 4,392 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж хариуцагч Д.Ц-долгож, хариуцагч Д.Ц-гээс улсын тэмдэгтийн хураамжид 72,504 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.А, Н.Б нарт олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн 1,2 дахь заалтыг нэгтгэн 1 гэж, 3 дахь заалтыг 2 гэж, 4 дэх заалтыг 3 гэж тус тус дугаарлаж, 3 дахь заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,355 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж ийдвэрлэжээ.  

4. Хариуцагч Д.Ц Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.03.28-ны өдрийн 209/МА2024/00021 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Б.А , Н.Б нартай 2020.10.23-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж барьцаа 1,200,000 төгрөг авч түрээсийн байрны түлхүүр болон эд зүйлийг актаар хүлээлгэн өгсөн. Б.А, Н.Б нар үүнээс хойш 7 хоногийн дараа түрээсийн гэрээний хугацааг 2020.11.01-ний өдрөөс эхэлж тооцохоор тохиролцсон боловч тэд өөрсдийн эрхлэх үйл ажиллагаандаа тохируулж түрээсийн байрыг зассан. Мөн Ковид-19 цар тахал буюу хөл хорионоос шалтгаалан 2021.01.07-ны өдрийг хүргэсэн. Гэрээ байгуулсан өдрөөс хойш түрээсийн төлбөр төлөх байсан ч төлбөрийг хугацаандаа, бүрэн төлөөгүйгээс төлбөр хуримтлагдсан. Мөн түрээсийн байрны ашиглалтын зардал 141,630 төгрөг төлөөгүй. Вакум цонхны шилний үнэ 193,500 төгрөг, түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүй дур мэдэн үүдний хэсгийн хананы өнгө өөрчилснийг буцаан сэргээх зардал 400,000 төгрөг, шатны хонгилын хэсэг өөрчилснийг засварлах зардал 1,000,000 төгрөг, байрны дотор зохион байгуулалт өөрчилснийг засварлах зардал 1,384,000 төгрөг, цахилгаан монтаж өөрчилснийг засварлах зардал 80,000 төгрөг тус тус гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаснаас анхан шатны шүүх зөвхөн дулааны төлбөр болон вакум цонхны шилний үнийг гаргуулж, бусад засварын төлбөрийг нотлогдохгүй байна гэж хариуцагчийг хохироосныг давж заалдах шатны шүүх анхаараагүй.

Түрээслэгч нар түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүй ажлын байрны эд зүйлийг эвдэж өөрчилсөн тул тэдний өөрчилсөн эд зүйлийг буцаан сэргээх зардлын хэмжээг тогтоолгох зорилгоор шинжээч томилуулсан бөгөөд шинжээч плинтүс 17 ширхэг, плинтүсын залгаа 20 ширхэг, паркетан шал 4 м.кв, дүүжин таазны хавтан 29 ширхэг, гипсэн хавтан 4 ширхэг, замаск 25 кг, эмульс 4 литр, өдрийн гэрэл 6 ширхэг, плинтус 68 удаа тогтоох ажлын хөлс, паркетан шал хуулж авах, шахах ажлын хөлс, гипсэн тааз хийлгэх ажлын хөлс, замаск эмульс хийлгэх ажлын хөлсний үнэлгээг тогтоож барилгын материалын үнэ 543,500 төгрөг, ажлын хөлс 840,500 төгрөг, нийт 1,384,000 төгрөгийн хохирол учирсныг тогтоосон.

Б.А , Н.Б нарт түрээсийн байрыг түрээслэхээс өмнө иогийн хичээл ордог цэвэрхэн бөгөөд өөрсдийн таалагдсан өнгөөр хананы өнгийг будахаас өөр засвар хийх шаардлагагүй байсан. Б.А , Н.Б нарт зөвхөн ханыг замаск эмульсээр хөнгөн засварлах зөвшөөрөл өгсөн байхад үүдний коридорын хэсэг, нийтийн эзэмшлийн шат зэрэгт засвар хийж түүнийгээ өндрөөр үнэлж суутган тооцуулна гэсэн нь анхнаасаа зориуд хийсэн үйлдэл. Мөн Б.А , Н.Б нар анх гоо сайхны сургалтын төвийн үйл ажиллагаа явуулна гэсэн боловч түрээсийн гэрээ байгуулсны дараа түрээсийн байранд засвар хийж өрөө тасалгаа гаргаж тураах төвийн үйл ажиллагаа явуулах зорилгоо нуусан нь харагдана. Түрээсийн байрыг хувааж 4 өрөө болгож, хана хийхдээ тааз болон шаланд ханыг тогтоохдоо паркетан шалыг өрөмдөж олон цоолж, мөн ус асгаж шалыг завсартай болгосон. Ханыг таазанд бэхлэхдээ дүүжин таазыг зүсэж дахин ашиглах боломжгүй болгосон. Мөн шалтай адил өнгийн хүрээ хийсэн байсныг цагаан өнгийн хүрээгээр сольж эд зүйлийн чанар байдлыг дордуулсан.

Анхан шатны шүүхийн шүүгчийн 3615 дугаар захирамжаар шинжээч томилсон бөгөөд энэ нь ажлын байранд хийгдсэн засварын ажлын хөлс болон барилгын материалын зардлыг 2020.12 сарын байдлаар тогтоож, тухайн үеийн барилгын материалын үнэ, ажлын хөлсийг бодитой тогтоох зэрэгт хэрэглэх зориулалттай болно гэжээ. Өөрөөр хэлбэл, түрээслэгч Б.А, Н.Б нар 56 нэр төрлийн 16,066,571 төгрөгийн үнэлгээ нь 41 нэр төрлийн 7,194,200 төгрөг болохыг шинжээч тогтоосон. Уг шинжээчийн тайланг нэхэмжлэгч, хариуцагч нарыг байлцуулан газар дээр нь үзэж танилцсан, дараах засварын ажлыг хийсэн тухай дурдсан. Уг тайлангийн жагсаалтын 2-рт 3 ширхэг нүдэн гэрэл суулгасан, 5-рт дам нурууны гипсэн хаалтад 10 ширхэг нүдэн гэрэл суулгасан, 14-рт цахилгаан розетка 11 ширхгийг суулгасан гэж бичжээ. Мөн уг тайланд цахилгаан монтаж хийх 80,000 төгрөгийн талаар тусгасан. Иймд түрээслэгч нарын дур мэдэн өөрчилсөн цахилгаан монтажийг хэвийн байдалд оруулах ажлын хөлс зардлыг 2020 оны ханшаар 80,000 төгрөгийг нэхэмжилсэн. Цахилгааны розетка болон олон гэрлийг мэргэжлийн байгууллага болон түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүй суулгасныг шүүх анхаараагүй. Дам нурууны гипсэн хаалт нь цахилгаан гэрэл суулгах зориулалтын тааз биш. Хариуцагч тайлбараа нотлохоор шинжээч томилуулж дүгнэлт гаргуулсан, мөн 6 хүнээр гэрчийн мэдүүлэг өгүүлсэн. Гэрч н.Н түрээслэгч нар дур мэдэн зөвшөөрөлгүй үүдний коридорын хэсэг болон нийтийн эзэмшлийн шатны хонгилд засвар хийсэн талаар мэдүүлсэн. Үүдний хэсгийг өмчлөгч нар ярилцаж кодоор өнгө гаргуулж будгийг Улаанбаатар хотоос авчирч 300,000 төгрөгийн зардал гаргаж засвар хийлгээд 5 сар орчим болсон байсан. Мөн энэхүү дур мэдэн өөрчилсөн засварыг н.Норовсүрэн дахин хийлгэхийн тулд зуу гаруй мянган төгрөгийн зардал гаргасан. Тиймээс коридорын хэсгийг засварлах зардалд 400,000 төгрөгийн хохирол учирсан тул Б.А , Н.Б нараас гаргуулна. Мөн н.Н “... Б.А , Н.Б нар ханыг угаах боломжгүй, зориулалтын бус будгаар будсан тул хана халтардсан. Бусад давхрын өнгөтэй адил жигд өнгөтэй байх ёстой байтал түрээслэгч нар дур мэдэн өөрчилж барилгын өнгө үзэмжид нөлөөлж байна гэх шаардлага тавьсан.” гэж мэдүүлсэн. Гэрч н.Э нийтийн эзэмшлийн шатны хонгилын засварыг 800,000-1,000,000 төгрөгөөр хийсэн гэж мэдүүлсэн тул засварын зардалд 1,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Дараа нь гэрч н.Э-гээс засварыг 800,000-1,000,000 төгрөгөөр хийсэн гэж ойлгомжгүй үнэ хэлсэн талаар асуухад “... Б.А, Н.Б нартай би шатны хонгилын засварыг хийлгэхдээ 1 сая төгрөгөөр тохирсон. Гэтэл надад 500,000 төгрөгийн тураах аппаратад 200,000 төгрөгөөр оруулж  үйлчилгээ хийж өгнө гээд 200,000 төгрөг дутуу өгч  800,000 төгрөг өгсөн тул шүүхэд 800,000-1,000,000 төгрөгөөр хийсэн гэж мэдүүлсэн гэж хэлсэн. Б.А, Н.Б нарын хийсэн нийтийн эзэмшлийн талбайн засварыг засан сайжруулсан гэж үзэхгүй. Шатны хонгил нэгэн жигд өнгөтэй байх ёстой учраас 2024.09 сард манай оффисын 1-6 давхрын шатны хонгилын хэсгийг 3,500,000 төгрөгийн зардал гаргаж засвар хийлгэсэн. Б.А , Н.Б нарын үйлдлээс болж зардал гаргасан.

Б.А, Н.Б нар  барилгын стандартын дагуу өрөө, тасалгааны ханыг хийгээгүй. Тухайлбал, өрөөний ханыг цонх руу тулган хийсэн байх бөгөөд хэрэв цонхны шил хагарвал тухайн өрөөний ханыг буулган авч цонхыг шиллэхээр хийсэн. Мөн өрөөний ханыг халаалтын паар руу тулгаж хийсэн бөгөөд халаалтын хэрэгслийг солих бол ханыг буулгасны дараа хийхээр байна. 2 өрөө гаргаж өрөө тус бүрд хаалга хийсэн атлаа өрөө хоорондын хананы тал нь байхгүй дутуу хийсэн. Шинжээчийн үнэлгээгээр 70,000 төгрөгөөр үнэлэгдсэн обойны тал нь байхгүй. Мөн салгаж авч явах боломжтой 1,800,000 төгрөгийн үнэтэй хувцасны шкафаа ашиглах боломжгүй болгож эвдээд орхиж явсан. 2022.11.01-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр хувцасны шүүгээг хийлгэхэд 410,000 төгрөгийн материал, ажлын хөлс 400,000 төгрөг болсныг тогтоосон. Нэхэмжлэгч нарыг түрээсийн байранд хийсэн зүйлээ буцааж ав гэхэд “... наадах чинь хог болно”. гээд авдаггүй. “Капитал зууч” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр засварын зардал 7,194,200 төгрөг хэмээн үнэлсний 50 хувь болох 3,597,100 төгрөгийг хариуцагч Д.Ц-гээс гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсныг зөвшөөрөхгүй байна. Хэрэв давж заалдах шатны шүүх засварыг засан сайжруулалт гэж үзэж байгаа бол барилгын стандартын дагуу хийгдсэн эсэх цаашид ашиглах боломжтой эсэхийг тогтоохгүйгээр үнэлгээний 50 хувийг гаргуулсан нь үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, хууль буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үүдний хэсгийн ханыг сэргээн засварлах зардал 400,000 төгрөг, шатны хонгилын зардал 1,000,000 төгрөг, ажлын байрны засварын зардал 1,384,000 төгрөг, цахилгаан монтаж засварлах зардал 80,000 төгрөг, нийт 2,864,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.17-ны өдрийн өдрийн 135/ШШ2024/00081 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.03.28-ны өдрийн 29/МА2024/00021 дүгээр магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Зохигчийн хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж зөв дүгнэсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нар тус объектод засан сайжруулалт хийсэн тохижилтыг биет байдлаар буцаан өгөх боломжгүй тул шинжээчийн тогтоосон үнийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгох ёстой байсан ч шүүх засан сайжруулалтыг хохирол гэж үзэх боломжгүй гэж өөр агуулгаар дүгнэн хангахаас татгалзсан нь үндэслэлгүй.

Шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан ашиглаж байсан хугацааны төлөгдөөгүй түрээсийн төлбөр 11,920,000 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэгч нар үндэслэлгүй хөрөнгөжиж үр шимийг хүртсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн. Гэтэл хуулийн зохицуулалтыг баримтлан нэхэмжлэгч нарыг түрээсийн объектын түрээсийн төлбөрийг төлөлгүй ашиглаж хөрөнгөжсөн гэж үзэж байгаа тохиолдолд үйл ажиллагаа явуулж олсон орлогыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн цаашлаад тухайн орлогыг түрээслүүлэгчид олгох, нэхэмжлэгч нарын түрээслүүлэгчид төлсөн төлбөрийг буцаан олгох зэргээр хүчин төгөлдөр бус гэрээний дагуу үндэслэлгүй хөрөнгөжиж олсон орлогыг харилцан буцааж шийдвэрлэх ёстой байсан ч нэхэмжлэгч нарын хувьд тухайн үед Ковид-19 цар тахлын улмаас шалтгаалан засан сайжруулалт хийсэн объектыг хэвийн ашиглаж орлого олох боломжгүй, харин ч алдагдалд орж хохирол амсаж байсан тул түрээслүүлэгчид төлөөгүй түрээсийн төлбөрийг үндэслэлгүй хөрөнгөжиж гэж буруу дүгнэсэн. Харин хариуцагч буюу түрээслүүлэгч нь түрээслэгчийн олсон орлогын талаар баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний талаар зөв дүгнэсэн хэдий ч төлбөр тооцоог буруу дүгнэж нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан.

Иймд хүчин төгөлдөр бус гэрээний дагуу уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй тул тохижилтын зардлыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-д заасан үндэслэлийг хангаж байх тул Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.05.22-ны өдрийн 001/ШХТ2024/00647 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7. Анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

8. Нэхэмжлэгч Б.А , Н.Б нар хариуцагч Д.Ц-д холбогдуулан түрээсийн байрны засан сайжруулалтын зардалд 16,066,571 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан үндэслэлээ, “... Д.Ц-тэй 2021.01.07-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 41 дүгээр байр, 3 давхрын В тоотод байрлах 107 м.кв талбайг 5 жилийн хугацаатай, сарын 1,200,000 төгрөгөөр түрээсэлсэн. 2021.02.05-ны өдөр түрээсийн байрны засвар дуусаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байтал Д.Ц түрээсийн төлбөр хэсэгчлэн төлөх боломж олгоогүй, 2021.12 сараас түрээсийн байрнаас гарахыг шаардсан. Түрээсийн байр анх засваргүй, өрөө тасалгаагүй байсныг 5 өрөөтэй, тохижилт сайтай болгон засварласан.” гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч  “... Б.А , Н.Б нар гоо сайхан, тураах салоны үйл ажиллагаанд зориулж түрээсийн байранд засвар хийхээр болж түрээсийн гэрээний хугацааг 2020.11.01-ний өдрөөс тооцохоор тохиролцсон боловч түрээсийн төлбөрийг хугацаандаа бүрэн төлөөгүй тул төлбөрийг шаардаж утас руу нь залгахад утсаа  авахгүй байсан ч гэрээг шууд цуцлаагүй. Түрээслэгч нар 2022.02.28-ны өдөр түрээсийн төлбөрийг даруй төлөх талаар тодорхойлолт бичиж өгсөн боловч төлбөрөө төлөөгүй. Түрээсийн гэрээний 5.14-д “Түрээслэгч нь өөрсдийн үйл ажиллагаанд зориулан хийгдсэн нэмэлт тохижилт сайжруулалтын аливаа ажлаа өөрсдийн зардлаар хийх бөгөөд эдгээр бараа материалын үнэ ажлын хөлс нь түрээсийн төлбөрт суутгагдаж тооцогдохгүй бөгөөд түрээслүүлэгчээс нэхэмжлэн авах эрхгүй” гэж, 5.15-д “Түрээслэгч нь түрээсийн хугацаа дууссан болон түрээсийн гэрээ цуцалмагц өөрсдийн үйл ажиллагаанд зориулан өөрчилсөн түрээсийн байрны эд хөрөнгийг анх байсан чанар байдал, материалын дагуу хийж байрлуулан хүлээлгэн өгөх бөгөөд үүнтэй холбогдон гарсан зардлыг өөрсдөө хариуцах бөгөөд түрээсийн төлбөрт суутгагдаж тооцохгүй мөн түрээслүүлэгчээс нэхэмжлэн авах эрхгүй” гэж заасан.” гэж маргасан.

9. Хариуцагч Д.Ц нэхэмжлэгч Б.А, Н.Б нарт холбогдуулан 39,747,442 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан үндэслэлээ, “ ...  Б.А, Н.Б нар 2022.04.25-ны өдрийг хүртэлх дулааны төлбөр 141,630 төгрөг төлөөгүй, мөн түрээсийн байрыг хүлээлгэж өгөөгүй орхиж гарсан тул 2022.04.25-2023.05 сар хүртэлх дулааны төлбөр 674,312 төгрөг, вакум цонхны шил хагалсан тул шилний үнэ 193,500 төгрөг, үүдний хэсэг болон шатны хэсгийг дур мэдэн өөрчилсөн засварын үнэ 400,000 төгрөг, шатны хэсгийн засварын үнэ 1,000,000 төгрөг, мөн түрээсийн байрны зохион байгуулалтыг өөрчилснийг засварлах зардал 1,384,000 төгрөг, цахилгаан монтаж буцаан засварлах зардал 80,000 төгрөг, 2021.11.16-2022.04.25-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 12,120,000 төгрөг, 2022.04.25-2023.01.07-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 10,794,000 төгрөг, 2021.01.25-2022.04.25-ны өдрийг хүртэлх хугацааны алданги 720,000 төгрөг, Ковид-19 цар тахлын үед хөнгөлж байсан хугацааны түрээсийн төлбөрт 2,040,000 төгрөг, 2023.01.07-2023.09.07-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 9,720,000 төгрөг, алданги 480,000 төгрөг, нийт 39,747,442 төгрөг гаргуулна....гэж тайлбарласан,

Нэхэмжлэгч Б.А, Н.Б нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Д.Ц-тэй тохиролцсны дагуу түрээсийн байранд засвар хийсэн. Тэрээр засвар хийсэн өдрөөс эхлэн хяналт тавьж байсан. Түрээсийн байр ашиглалтад ороод 10 орчим жил болсон өнгө үзэмж муу, хоосон заал байсан тул хана босгож засан сайжруулсан. 2022.04.25-ны өдөр түрээсийн байрыг хүлээлгэн өгсөн. 2022.11.07-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөр 7,600,000 төгрөгийг төлөхгүй. Түрээсийн байрны хуучин элэгдэл ихтэй материалын үнийг төлөхгүй....” гэж маргасан.

10. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.А, Н.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Ц-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ: “... Талуудын хооронд 2021.01.07-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл. Түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүйгээс хэлцэл хүчин төгөлдөр бус болсонд зөвхөн хариуцагчийг буруутгах боломжгүй юм. Нэхэмжлэгч нар түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүйгээс түрээсийн гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болсон нөхцөл байдал тогтоогдсон. Түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус болоход хариуцагч буруутай гэж үзэх нь учир дутагдалтай тул нэхэмжлэгч нарт засварын зардлын хэмжээгээр хохирол учирсан гэж үзэх нь үндэслэлгүй байна.  Нэхэмжлэгч нар нь маргааны зүйл болох объектыг өөрсдийн эзэмшилд шилжүүлэн авснаас хойш 1 жил 6 сарын хугацаанд орлого олохоор үйл ажиллагаа явуулсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул түрээсийн талбайг ашиглаж байсан хугацааны төлөгдөөгүй түрээсийн төлбөр 11,920,000 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэгч нар үндэслэлгүй хөрөнгөжиж, үр шимийг хүртсэн гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч нар нь түрээсийн төлбөрт барьцаа төлбөрийг оролцуулан нийт 6,800,000 төгрөг төлсөн болох нь “ХААН банк” ХК дахь Д.Ц-гийн дансны хуулгаар нотлогдсон. Нэхэмжлэгч нар нь 2022.04.19-ний өдрийн байдлаар дулааны төлбөрийн үлдэгдэл 172,488 төгрөгийг төлөөгүй,  түрээсийн талбайг суллах үед цонхны шил хагарсан нь тогтоогдсоноос гадна вакум цонхны шил 193,500 төгрөг болох нь “Манайх Наран” ХХК-ийн нэхэмжлэлээр тогтоогдсон. Иймээс нэхэмжлэгч нараас 12,285,988 төгрөг гаргуулах нь зүйтэй.... буцаан шаардах шаардлагад хамаарахгүй тул алдангийг, түрээсийн гэрээний үлдэх хугацааны төлбөрийг, түрээсийн талбайн ашиглаагүй хугацааны дулааны төлбөрийг тус тус хариуцагч шаардах эрхгүй, нэхэмжлэгч нар засан сайжруулалт хийсэн болох нь тогтоогдсон тул дур мэдэн засвар хийсэн гэх 3,199,130 төгрөгийг, Ковидын улмаас үйл ажиллагаа хязгаарласан хугацааны 2,040,000 төгрөгийг хангах үндэслэлгүй. ... ” гэж дүгнэжээ.

11. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ: “... Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-т заасны дагуу хариуцагч Д.Ц нь нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Талууд түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүйд зөвхөн хариуцагчийг буруутгах боломжгүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч “... гэрээг бүртгүүлэх гэтэл нэхэмжлэгч нар гэрээгээ мартаж ирсэн, эсвэл маргааш болъё гэх зэрэг шалтаг хэлээд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар очдоггүй байсан, улмаар гэрээ байгуулснаас хойш тодорхой хугацаа өнгөрсөн учир гэрээг бүртгэхгүй гээд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгээгүй" гэх тайлбарыг нэхэмжпэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч няцааж чадаагүй. Иймд “Капитал зууч” ХХК-ийн үнэлгээний тайлан 7,194,200 төгрөгийн 50 хувь болох 3,597,100 төгрөгийг хариуцагч Д.Ц-гээс гаргуулна, анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлээс 12,285,988 төгрөгийг хангаж, үлдэх 27,461,454 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна. ... ” гэж үзжээ.

12. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн эсэх, улмаар Иргэний хуулийн 56, 492, 493 дугаар зүйлүүдэд заасан зохицуулалтыг тухайн маргаанд зөв хэрэглэсэн эсэх талаар гаргасан хяналтын гомдлын хүрээнд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэлэлцүүлэв.

13. Хэргийн баримтаас үзэхэд, Б.А, Н.Б нар Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 00 дүгээр байрны 0 давхарт байрлах, Д.Ц-гийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай ажлын байрыг гоо сайхны сургалтын төвийн зориулалтаар түрээслэхээр 2020 оны 11 сараас түрээсийн талбайд засварын ажил эхлүүлж, 2021.01.07-ны өдөр Ажлын байрны түрээсийн гэрээг 2 жилийн хугацаатай  байгуулж  сар бүр түрээсийн төлбөрт 1,200,000 төгрөг төлөхөөр тохиролцсон,  уг гэрээнд 2021.05.21-нд нэмэлт оруулж, 5 хүртэлх жилээр түрээслэхээр тохиролцсон,  2022.04.25-ны өдөр түрээсийн талбайг чөлөөлсөн, түрээсийн барьцаа болон төлбөрт 6,800,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогджээ.

14. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн боловч мөн зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагыг хангаагүй тул гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзсэн  хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв.

15. Анхан шатны шүүх түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж зөв дүгнэсэн боловч нэхэмжлэгч нар түрээсийн талбайг шударгаар эзэмшиж байхдаа засан сайжруулалт хийсэн зардлыг шаардах эрхтэй байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу болсныг давж заалдах шатны шүүхээс залруулсан нь зөв боловч уг зардлын 50 хувийг гаргуулахаар шийдвэрлэсэн үндэслэлээ заагаагүйгээс гадна салгаж болох засан сайжруулалтын зарим зардлыг хасч тооцоогүй нь буруу болжээ.

16. Хэдийгээр түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус боловч нэхэмжлэгч нарын 2020.10.23-ны өдрөөс 2022.04.25-ны өдрийг хүртэл хугацааны үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар шударга эзэмшил гэж үзнэ. 

Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3 дахь хэсэгт зааснаар шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа засан сайжруулахад зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй.

17. Нэхэмжлэгч Б.А , Н.Б нарын “... Д.Ц-тэй түрээсийн талбайд доод тал нь 5 жил хүртэлх хугацаанд үйл ажиллагаа явуулахаар тохиролцож засвараа хийсэн...засвар эхэлсэн өдрөөс Д.Ц өдөр бүр хяналт тавьж байсан” гэсэн  тайлбар нь  гэрч М.Э-гийн “...Д.Ц нь эхний хэсэгт өдөр бүр ирж байсан...” гэсэн мэдүүлгээс гадна хариуцагч ажлын байранд засвар хийснийг зөвшөөрөхгүй талаар мэдэгдэж байсан баримтгүй  тул түрээсийн талбайд зөвшөөрөлгүйгээр засвар хийсэн гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, “банкны зээлэнд хамрагдах зорилгоор хугацаа сунгасан нэмэлт оруулсан” гэсэн хариуцагчийн тайлбар өөр баримтаар нотлогдоогүй байна.

Дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгч нар удаан хугацаанд үйл ажиллагаа явуулахаар түрээсийн талбайд засварын зардал гаргасан, энэ нь хариуцагчийн зөвшөөрлөөр хийгдсэн нь тогтоогдож байх тул  нэхэмжлэгч Б.А, Н.Б нар нь үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн засварын зардлыг хариуцагч Д.Ц-гээс шаардах эрхтэй байна.

18. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон шинжээч “К” ХХК-ийн дүгнэлтээр нэхэмжлэгч нарын түрээсийн талбайд хийсэн засварын зардлын хэмжээг нийт 7,194,200 төгрөгөөр  тогтоосон, үүнээс салгах боломжтой хувцасны шкаф хийлгэсэн материалын зардал, ажлын хөлс 896,000 төгрөгийг хасаж, засан сайжруулалтын зардалд 6,298,200 төгрөгийг хариуцагч Д.Ц-гээс гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор шүүхийн шийдвэр, магадлалд  өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

19. Нэхэмжлэгч нар үл хөдлөх эд хөрөнгийг тодорхой хугацаанд эзэмшиж, ашиглаж байсан тул гэрээ цуцлахад байрыг нэхэмжлэгчид буцаан өгөхөөс гадна түүнийг эзэмшиж, ашигласны үнийг төлөх үүрэгтэй юм.

Нэхэмжлэгч нар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашигласны үнийн зарим хэсгийг төлөөгүй байсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5., 492 дугаар зүйлийн 492.1.1, 493.1-д зааснаар сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

20. Нэхэмжлэгч нар түрээсийн байрыг өөрсдийн эзэмшилд шилжүүлэн авснаас хойш 1 жил 6 сарын хугацаанд үйл ажиллагаа явуулсан болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, түүнчлэн төлбөрт 18,720,000 төгрөг төлөхөөс 6,800,000 төгрөг төлсөн тул үлдэгдэл 11,920,000 төгрөг, дулааны төлбөр 172,488 төгрөг, вакум цонхны шилний үнэ 193,500 төгрөг, нийт 12,285,988 төгрөгийг хариуцагч Д.Ц-дтөлөх үүрэгтэй талаар хоёр шатны шүүх зөв дүгнэсэн.

21. Нэхэмжлэгч нар түрээсийн байранд хариуцагчийн зөвшөөрлөөр засан сайжруулалт хийсэн талаар энэ тогтоолын 16-д дүгнэсэн, нэхэмжлэгч нарын хийсэн  засвар барилгын стандартын дагуу хийгдсэн эсэх талаарх дүгнэлт байхгүй, уг сайжруулалтыг цаашид ашиглах боломжгүй гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул “магадлалыг хүчингүй болгох, байрыг хэвийн байдалд оруулах зардал 2,864,000 төгрөг гаргуулах тухай” хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй, уг шийдвэрийг үндэслэлтэй гэж зөвшөөрсөн тайлбар гаргасан байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.  Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 209/МА2024/00021 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дархан-Уул аймаг сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01дүгээр сарын 17-ны өдрийн 135/ШШ2024/00081 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 94 дүгээр зүйлийн 94.3, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ц-гээс 6,298,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.А, Б.Б нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,768,371 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.А, Н.Б нараас 12,285,988 төгрөг гаргуулж хариуцагч Д.Ц-долгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27,461,454 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,285 төгрөг, хариуцагч Д.Ц-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 676,634 төгрөгөөс 356,687 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 319,947 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж хариуцагч Д.Ц-долгож, хариуцагч Д.Ц-гээс 115,721 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.А, Н.Б нарт олгож, нэхэмжлэгч Б.А, Н.Б нараас 211,526 төгрөг гаргуулж хариуцагч Д.Ц-д олгосугай.” гэж, 4 дэх заалтын дугаарыг 3 гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч Д.Ц-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.Ц нь 2024.04.25-ны өдөр 133,278 төгрөг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь 2024.04.30-ны өдөр төлсөн 284,040 төгрөг төлснийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.БАЯРМАА

                                            ШҮҮГЧИД                                    Н.БАТЗОРИГ                        

                     Н.БАТЧИМЭГ 

                     Д.ЦОЛМОН

                     Х.ЭРДЭНЭСУВД