| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 161/2020/0051/Э |
| Дугаар | 016 |
| Огноо | 2020-04-16 |
| Зүйл хэсэг | 12.1.2.1., 12.1.2.3., |
| Улсын яллагч | А.Т |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 016
К.Сд холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч К.Сд холбогдох эрүүгийн 1913004050279 дугаартай, 1 хавтастай хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан давж заалдах гомдлын дагуу 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Е.Халибек, тус аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Турдыбек, шүүгдэгч К.С, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Айбек нар оролцов.
Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1983 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, ам бүл 4 хүнтэй, эхнэр хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Ө сумын 3 дугаар багт оршин суух, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,
- урьд Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг биечлэн эдлэхгүйгээр тэнсэн 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,
- тус шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,
- тус шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сар, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар, мөн хуулийн 60 дугаар зүйлийг журамлан 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар 3 жил, 3 сарын хугацаагаар тус тус хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан ялуудыг тус тус багтаан 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,
- тус шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай шүүгдэгч Ж овогт К-н С /РД:БВ00000000/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий, арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн, хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолоор:
“1. Шүүгдэгч К.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т тус тус заасан “арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндсэн, хүчиндэхийг завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч К.Сг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ял дээр мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх хорих ялыг 5 /тав/ жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Сд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Шүүгдэгч К.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйл болон битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч К.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч Т.А нь өөрт учирсан хохирлын талаарх
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.” гэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан давж заалдах гомдолд: “Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Д.Айбек, шүүгдэгч К.С бид Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/68 тоот дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн гомдол гаргаж байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэргийг тал бүрээс нь үнэлж дүгнээгүй зөвхөн нэг талыг баримталж шийдвэр гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйг удирдлага болгон нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасан байдаг. Гэтэл Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч К.Сн гаргаж өгсөн нотлох баримт болох 2019 оны 10 дугаар сарын 21-ээс 24-ний өдөр хүртэл 4 хоног гэсэн малын гарал үүслийн гэрчилгээ, малын ариун цэврийн бичиг, мөнгө шилжүүлсэн хуулга зэргийг хэрхэн үнэлсэн талаар 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн шийтгэх тогтоолд тусгаагүй орхигдуулсан байна. Насанд хүрээгүй хохирогч Аийг 2019 оны 10 дугаар сарын 21-ээс 24-ний өдрийн хооронд шүүгдэгч К.С хүчиндсэн, хүчиндэхийг завдсан гэх ба тухайн өдрүүдэд К.С нь Увс аймгийн Өлгий суманд мал худалдаж авахаар очсон асуудлыг огт шалгаагүй байхад хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Аймгийн прокурорын газар болон Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх талаар хүсэлт гаргасан ба уг гаргасан хүсэлтийг ханган шийдвэрлээгүй. Аймгийн прокурорын газрын яллах дүгнэлтэд шүүгдэгч К.Сн мэдүүлгийг тусгаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүгдэгчийн мэдүүлгийг тусгахгүй гэсэн заалтгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Гарал үүслийн гэрчилгээ бичсэн Увс аймгийн Өлгий сумын мал эмнэлгийн эмч н.Нансалмаа, тус багийн иргэн малчин н.Н, мал худалдаж авахаар хамт очсон малын ченж Х.А, жолооч Х.С нарыг гэрчээр асуугаагүй байхад хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, К.Сд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүх шүүгдэгч К.С-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэж шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг хангаагүй байна.
Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд хууль ёсны болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина гэж хуульчилжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ.” гэж, 36.7 дугаар зүйлд шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт, 36.8 дугаар зүйлд тогтоох хэсэгт тусгах зүйлсийг тус тус нарийвчлан хуульчилсан байна. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хянаж үзэхэд:
(1) хэрэгт хавсаргасан 1-11 хүртэл дугаарлагдсан, 11 хуудастай Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолын 9 дүгээр хуудасны сүүлийн “4. Бусад асуудлаар. Шүүгдэгч К.С энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга” гэх өгүүлбэр бүрэн бус, уг өгүүлбэрийн үргэлжлэл нь тус шийтгэх тогтоолын 10 дугаар хуудаст тусгагдаагүй;
(2) шийтгэх тогтоолын 10 дугаар хуудасны сүүлийн хэсэгт тусгагдсан, тогтоох хэсгийн 7 дахь заалт бүрэн биш буюу “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч Т.А нь өөрт учирсан хохирлын талаарх” гэсэн өгүүлбэрийн үргэлжлэл нь шийтгэх тогтоолын 11 хуудаст тусгагдаагүй;
(3) анхан шатны шүүх К.С-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хянан шийдвэрлэж 2020/ШЦТ/68 дугаартай шийтгэх тогтоол гарган, уг тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтаар шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан атлаа “шүүгдэгчийн эдлэх хорих ялыг 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн” тоолохоор шийдвэрлэснийг шүүх хуралдааны дуу-дүрс бичлэгтэй харьцуулан судлахад, шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг хэрэгт байгаа шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй зэрэг ноцтой зөрчлүүд тогтоогдов.
Дээрх зөрчлүүдийг дүгнэвэл, шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заасан шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдох тул мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтын дагуу шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчмыг алдагдуулж, мөн хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд, шүүх хуралдааны шатанд буцаахаар шийдвэрлэв.
Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх тул шүүгдэгч К.С болон түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан “...анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа зөвхөн нэг талыг баримталж шийдвэр гаргасан. Гарал үүслийн гэрчилгээ бичсэн Увс аймгийн Өлгий сумын мал эмнэлгийн эмч н.Н, тус багийн иргэн малчин н.На, мал худалдаж авахаар хамт очсон малын ченж Х.А, жолооч Х.С нарыг гэрчээр асуугаагүй хэргийг шийдсэн” гэх гомдолд давж заалдах шатны шүүхээс урьдчилан дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлийн улмаас нэгэнт анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон тул уг шийтгэх тогтоолоор шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэх хүртэл түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах (Хэргийн 61-62 дугаар тал) таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч К.С нь шүүхийн шийтгэх тогтоолоор энэ өдрийг хүртэл 44 хоног цагдан хоригдсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд, шүүх хуралдааны шатанд буцаасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч К.С-д шүүхийн шийтгэх тогтоолоор авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэх хүртэл түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэсүгэй.
3. Шүүгдэгч К.С нь шүүхийн шийтгэх тогтоолоор энэ өдрийг хүртэл 45 хоног цагдан хоригдсоныг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг тэмдэглэсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД Д.КӨБЕШ
Н.ТУЯА