Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 111/ШШ2021/0024

 

Прокурор дүгнэлтийн шаардлагаас

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа би, Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангийн дүгнэлттэй Баянхонгор аймгийн Баянхонгор сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Лхамдуламд холбогдох Баянхонгор сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Лхамдуламын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 0046314 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангаас шүүхэд гаргасан хүсэлтдээ: Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Н.Амгалан би Баянхонгор сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Лхамдулам нь ....Б.Эрдэнэхүү нь зөвшөөрөлгүй газар хашаа хатгасан.... гэх 05-04-333-99 дугаартай мэдээлэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Б.Эрдэнэхүүд 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь заалтад зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр тогох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрт гомдол гаргасан билээ. Улмаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумаас холбогдогч Б.Эрдэнэхүүд тухайн газрыг нь олгохоор Б.Эрдэнэхүүтэй харилцан тохиролцож шийдвэрлэсэн байх тул дээрх гомдол, дүгнэлтийн шаардлагаасаа татгалзаж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалан тус шүүхэд хандан Баянхонгор сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Лхамдуламын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 0046314 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох шаардлага бүхий дүгнэлтийг Баянхонгор сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Лхамдуламд холбогдуулан гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурор нь дүгнэлтийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа тухай хүсэлтийг тус шүүхэд ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурор нь бичсэн дүгнэлтийн шаардлагаасаа бүхэлд татгалзсан үндэслэл, шалтгаанаа бичгээр илэрхийлсэн байх тул татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Лхамдуламын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 0046314 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох шаардлага бүхий зөрчлийн хэрэгт прокурор нь дүгнэлтийн шаардалгаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ц.СУВДМАА