Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 103

 

“Х У Ц К” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00370/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг,  С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 765 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Х У Ц К” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.М-ид холбогдох

“42.563.400 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмбаярын давж заалдсан гомдлыг үндэслэн

          Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмбаяр, хариуцагч  Ж.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч “Х У Ц К” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           ... Манай “Х У Ц К” ХХК нь “С-” ХК-тай 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 02 тоот бараа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр тус компаниас 750 м.кв хөнгөн блокийг 2015 оны 3 дугаар сарын 30-аас мөн оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд авахаар тохиролцсон байсан. Энэхүү гэрээний талаар мэдсэн Ж.М- нь манай компанийн нэрийг барьж уг компаниас 42.563.400 төгрөгийн үнэ бүхий 354.695 м.куб хөнгөн блок авсан байсныг “С-” ХК-тай тооцоо нийлэхдээ мэдсэн. Уг блокийг авсан талаараа Ж.М- нь миний бие “Х У Ц К” ХХК-тай тооцоотой байсан, тооцоондоо авсан гэж тайлбарладаг. Манай компани нь Ж.М-ид өгөх ямар нэгэн өр төлбөр байхгүй болно. Гэтэл “С-” ХХК нь 02 тоот бараа худалдах, худалдан авах гэрээтэй холбогдуулан 841.6 м.куб хөнгөн бетоны үнийг манай компаниас гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж улмаар манай компани Ж.М-ийн авсан блокны үнийг тус компанид төлөхөөр Монгол улсын Дээд шүүхийн тогтоол гараад байгаа. Өөрөөр хэлбэл Ж.М- нь 42.563.400 төгрөгийн блокны үнийг хэмнэх байдлаар хөрөнгөжиж, манай компани түүний авсан блокны үнээр хохироод байна. Иймд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн Ж.М-оос 354.695 м.куб хөнгөн блокны төлбөр 42.563.400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.М- нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...”Х У Ц К” ХХК нэхэмжлэлтэй хариуцагч Ж.М- миний биед 42.563.400 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ энэ асуудлыг би ойлгохгүй байна. “Х У Ц К” ХХК-ийн захирал Батжаргал гэгч эмэгтэй уйлан дуугараад явж байхад нь би тусалсан. Тус компани барьж байсан 60 айлын орон сууцны барилгыг нь 5 давхар дээрээ зэвэрсэн хэрэглээнээс гарсан шаардлага хангахгүй арматур хэрэглээд мөн хазайлт нь барилгын нормоос 10 см илүү хазайсан зэргээс болоод Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газраас барилгыг нь царцаагаад зогсоочихсон байхад анх танилцсан. Энэ захирал гэгч эмэгтэй нь Иргэн М- надаас 508 ш сапуд буюу тулаас төмрийг 1 ширхгийг нь өдрийн 100 төгрөгөөр түрээслэхээр гэрээ хийж өвөлжин хэрэглэчхээд хавар нь мөнгөө төлөөгүй болно. Мөн 2015 оны хавар над дээр уйлж ирсэн ахаа надад туслаач дүү нь шоронд орох гээд байна баахан цагдаа нараас урьдчилгаа мөнгө аваад мөнгө нь хүрдэггүй зарим нь урьдчилгаа мөнгөө гүйцээж чадахгүй бол барилга царцах гээд байна хэрвээ энэ барилгыг гүйцээж чадахгүй бол би шоронд явлаа та Дарханы хүн учраас хүн танина надад Дарханыхан итгэж бараагаа өгөхгүй байна та цуг яваач би танд барилгаасаа дуртай давхарт чинь 80 м.кв нэг байраа өгье гэсэн ингээд би цуг явж энэ хүүхний барилгыг дуусгахад хүчин зүтгэсэн гэвч ийм зан гаргаж надаас мөнгө нэхэмжилж байгаад харамсаж байна. Яах вэ хөөрхий амьтан одоо бүгдийг мартсан мартах гэж хичээж байгаа байх, би энэ хүнд өр шир байхгүй энэ хүн надад зүгээр 42.563.000 төгрөгийн блок өгөх битгий хэл өөрөө барилгаа барих гэж явахдаа зээл өр шир тавьж сликатаас блок авч байсан болно. 3 шатны шүүх хурал дамжиж байж уг асуудал нь үнэн зөвөөр нотлогдсон. Миний бие “Х У Ц” ХХК-аас авлагатай, би өөрийн найз Х- компани захирал Т-аас 50.000.000 төгрөгийн хөөс арматур авч өгсөн энийгээ захирал гэгч Батжаргал хүлээн зөвшөөрдөг. Иймд би уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 765 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Ж.М-оос 14.999.998 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х У Ц К” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 27.563.402 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 370.767 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.М-оос улсын тэмдэгтийн хураамж 232.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х У Ц К” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмбаяр давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6-т заасныг үндэслэн давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс “...хариуцагч Ж.М- нь “Х У Ц констракшин” ХХК-ийн нэрээр 2715 ДАА улсын дугаартай машинаар нийт 8 удаагийн явалтаар 27.563.402 төгрөгийн үнэтэй хөнгөн бетон тээвэрлэж авсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна..." хэмээн дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтад нийцээгүй, илт үндэслэл муутай болсон гэж үзэж байна. Хариуцагч Ж.М- нь манай компанийн нэрийг барьж “С-” ХХК-аас 27.663.402 /нийт 42.563.400/ төгрөгийн үнэ бүхий хөнгөн блок авсан гэдэг нь хэрэгт авагдсан гэрч З.Ононгын мэдүүлэг, хариуцагч талаас гаргаж өгсөн “Зарлагын баримт”-ууд, Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ2018/00132 дугаар тогтоол, анхан шатны шүүх хуралдааны явцад Ж.М-ийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтаар хангалттай нотлогддог. Гэтэл анхан шатны шүүх эдгээр баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэлгүй нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцэхгүй байна. Иймд дурдсан тайлбар, үндэслэлийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, хариуцагч Ж.М-оос нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 27.563.402 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах  үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгч “Х У Ц К” ХХК нь хариуцагч Ж.М-ид холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 354.695 м.куб хөнгөн блокны үнэ  42.563.400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч,  “...Батжаргал гэгч эмэгтэйд би тусалсан..., ...надаас 508 ширхэг салуд буюу тулаас төмрийг 1 ширхэгийг нь өдрийн 100 төгрөгөөр түрээслэхээр гэрээ хийж..., ...мөнгөө төлөөгүй..., ...та Дарханы хүн учраас хүн танина надад Дарханыхан итгэж бараагаа өгөхгүй байна, би танд ..., ...80 м.кв 1 өрөө байр өгье гэсэн ингээд би цуг явж  энэ хүүхний барилгыг дуусгахад хүчин зүтгэсэн..., ...энэ хүнд өр шир байхгүй...,  ...энэ хүн надад зүгээр 42.563.000 төгрөгийн блок өгөх битгий хэл  өөрөө барилгаа барих гэж явахдаа зээл өр тавьж С-аас блок авч байсан..., ...Миний бие “Х У Ц ХХК-иас авлагатай..., Иймд би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж  маргажээ.

            Анхан шатны шүүх хариуцагч Ж.М-оос 14.999.998 төгрөг гаргуулж, 27.563.402 төгрөгийн шаардлагыг “...27-15 ДАА машинаар нийт 8 удаагийн явалтаар  27.563.402 төгрөгийн  үнэтэй хөнгөн бетон тээвэрлэж авсан нь хэрэгт авагдсан  нотлох баримтаар тогтоогдохгүй байна, гэж  дүгнэн, хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэсэн  байна.

            “Х У Ц К” ХХК нь “С-” ХК-тай байгуулсан бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээгээр блок авсан үйл баримт шүүхийн шийдвэрээр тогтоогджээ.

            Нэхэмжлэгч нь Ж.М- манай компанийн нэрээр “С-” ХК-аас  354.695 м.куб  блок авсныг төлүүлэх шүүхийн шийдвэр гарсан тул Ж.М- 42.563.400 төгрөгөөр  үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн  гэсэн үндэслэлийг заажээ.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага ,татгалзлалын талаар нотлох баримтаар  шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол, 27-15 ДАА, 37-91 ДАА дугаар бүхий авто машинаар блок тээвэрлэсэн зарлагын падаан, “С-” ХК-ийн нэхэмжлэлтэй “Х У Ц К” ХХК-д холбогдох иргэний хэрэгт  авагдсан гэрчийн мэдүүлгүүдийг шүүхийн журмаар гаргуулсан ба анхан шатны шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, дүгнэсэн байна.

Тухайлбал: “...Ж.М- нь ..., ...27-15 ДАА улсын дугаартай машинаар нийт 8 удаагийн  явалтаар 27.563.402 төгрөгийн үнэтэй бетон тээвэрлэж авсан гэдэг нь ...,  ...тогтоогдохгүй байна гэж дүгнэжээ.

2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн  589 дүгээр шийдвэртэй  иргэний хэргийг шийдвэрлэх үед гуравдагч этгээдээр оролцсон Ж.М- шүүхэд гаргасан тайлбартаа, Батжаргал надад 15 машин блок нийлүүлсэн гэж авснаа хүлээн  зөвшөөрсөн \хавтаст хэргийн 58 дугаар тал\, мөн гэрч З.Онон “...миний машинаар 10 удаа рейс хийсэн...”  гэж  мэдүүлсэнийг  шүүх анхаараагүй, хариуцагч  нь нэхэмжлэлийн шаардлагыг  зөвшөөрөөгүй  татгалзалдаа, блокыг авлагандаа авсан талаар тайлбар гаргасан байдлууд нь Ж.М-оос блокны үнэ 42.563.402 төгрөг гаргуулах  үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

Ж.М- блокыг өр авлагадаа авсан гэж тайлбар гаргасан боловч зохигчдын дунд өр авлага үүссэн гэрээ, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар өөрөө шүүхэд гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байх тул түүний уг тайлбар нь нэхэмжлэлийн шаардлагыг няцаах  үндэслэл болохгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн  давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон учир анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжтой гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 765 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг,

“Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг  баримтлан  хариуцагч Ж.М-оос блокны үнэ 42.563.402 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х У Ц К” ХХК-д олгосугай” гэж, 2 дугаар заалтын “...улсын тэмдэгтийн хураамж 232.950 төгрөгийг...” гэснийг  “... улсын тэмдэгтийн хураамжид 370.767 төгрөгийг ...”  гэж  тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн  хураамжид 296.000 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

            4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

 

                              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ 

                                                                 ШҮҮГЧИД                                    С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                                      С.ЭНХЖАРГАЛ