| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2024/0142/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/148 |
| Огноо | 2024-06-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/148
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.А-,
Шүүгдэгч Ө.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Ө-ы А-д холбогдох эрүүгийн 2413001460188 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсныг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ......... оны ....... дугаар сарын .......-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, ...... настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын .. дугаар багийн ... дугаар гудамжны .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Ж овогт Ө-ы А, регистрийн дугаартай: СП............;
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.А- нь 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ....... дугаар багийн ..... дугаар гудамжны .... тоотод хохирогч Т.Д-гийн гэрт түүнтэй хэрүүл маргаан үүсгэж хохирогч Т.Д-гийн биеийн цээж, баруун зүүн бугалга, шуу, баруун зүүн гуянд цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд цээж, баруун зүүн бугалга, шуу, баруун зүүн гуянд цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
1. Прокурор Д.А- шүүх хуралдаанд: “Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулахыг хүлээн зөвшөөрсөн байгаа. Хүлээн зөвшөөрсөн төрөл хэмжээг шүүхээс оногдуулахыг улсын яллагчийн хувьд шүүхэд гаргаж байна. Тиймээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж өгөхийг хүсэж байна. Хохирогч баримтаар хохирол, төлбөр нэхэмжлээгүй боловч шүүгдэгчийн хувьд 200,000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан байгаа. Сэтгэл санааны хувьд хохирол төлбөр нэхэмжлэх бол нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх боломжтой.” гэв.
2. Шүүгдэгч Ө.А- шүүх хуралдаанд: “Бид хоёр чатаар маргалдсан. Хохирогчийн гэрт очиход өөрийгөө барьж чадаагүй. Бид хоёрын хэрүүлээс болж маргаан гарсан. Миний хийсэн зүйл маань хохирогчийн гараас нь мушгиж, үснээс нь зулгаасан явдал юм. Хохирогчоос утсыг нь өгөхийг хүссэн. Тэрээр хэлсэн хүнийг хэлж өгөхгүй байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.
3. Хохирогч Т.Д- шүүх хуралдаанд: “Өөрийн өгөх ёстой бүх мэдүүлгээ цагдаа, прокурорт өгсөн гэж бодож байна. Сэтгэл санааны хохирол авсан тул үүндээ гомдолтой гэж байсан. Мөрдөгчид хүртэл гомдолтой байгаа гэж мэдүүлэг өгсөн. Би гомдолтой гэж байхад хэргийг яагаад хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаад гайхаж байна. Надад өмнө хохирлын төлбөр шилжүүлснийг авахгүй гэж хэлсэн. Мөн мөнгө төгрөг нэхэмжлэхгүй гэж хэлсэн. Зөвхөн миний нэр төр, сэтгэл санааны хохирлыг маань сэргээж өгвөл боллоо. Шүүгдэгчийн шилжүүлсэн мөнгийг нь авч ирсэн байгаа” гэв.
4. Шүүгдэгч Ө.А- нь 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ........ дугаар багийн ...... дугаар гудамжны ........ тоотод хохирогч Т.Д-гийн гэрт түүнтэй хэрүүл маргаан үүсгэж хохирогч Т.Д-гийн биеийн цээж, баруун зүүн бугалга, шуу, баруун зүүн гуянд цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд цээж, баруун зүүн бугалга, шуу, баруун зүүн гуянд цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Т.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/, гэрч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/, хохирогч Т.Д-гаас гаргаж өгсөн баримт бичиг /хавтаст хэргийн 44-46 дахь тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 71-74 дэх тал/, яллагдагч Ө.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 85 дахь тал/, хохирогч Т.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 89 дэх тал/, Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой Х.Е-ын 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 319 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 10-11 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
5. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
6. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
7. Шүүгдэгч Ө.А- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
8. Энэ хэргийн улмаас хохирогч Т.Д-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба шүүгдэгчийн зүгээс хохирол гэж 200.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж байна
9. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч Т.Д- нь сэтгэл санааны хохирол байна гэж үзвэл энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
10. Прокурорын санал болгож, шүүгдэгч Ө.А-ийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах 500 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
11. Иймд шүүгдэгч Ө.А-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 600 нэгж нь 600.000 төгрөгтэй тэнцэх юм.
13. Шүүгдэгч Ө.А- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.
14. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ө.А- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна.
15. Шүүгдэгч Ө.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Ө-ы А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ө.А-ийг 600 /зураан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.А- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Ө.А- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч Т.Д- нь сэтгэл санааны хохирол байна гэж үзвэл энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шүүгдэгч Ө.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК