Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2021/01335

 

2021 о 05 с 13 ө

Дугаар 101/ШШ2021/01335

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, өөрийн байранд байрлах, Ариг банк ХХК дахь Бүрэн эрхт төлөөлөгчийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:,*******,*******,*******,*******,*******,

Хариуцагч:,*******,*******,*******,*******,чимэг /РД:ТЕ74031882/ нарт холбогдох,

бусдын хууль бус эзэмшлээс орон сууцнуудыг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2019 оны 12 сарын 25-ны өдрийн 2534 дугаартай орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 12 сарын 25-ны өдрийн 2535 дугаартай орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сонинцэцэг, Н.Хэрлэн, хариуцагч Б*******, хариуцагч нарын өмгөөлөгч Н.Баярхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ариг банк ХХК дахь Бүрэн эрхт төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээИргэн*******, Б******* нь өөрийн өмчлөлийн 25-р хороо, 13-р хороолол******* 26 тоот хаягт байрлах Ү- 2204034364 улсын бүртгэлийн дугаартай, 000763141 тоот гэрчилгээний дугаартай, 171 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууц, 6-р хороо, 13-р хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 59 байр 32 тоот хаягт байрлах Ү-2204027040 улсын бүртгэлийн дугаартай, 000763142 тоот гэрчилгээний дугаартай, 70 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц болон бусад эд хөрөнгийг барьцаалж, Ариг банкнаас 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 2109007491 тоот зээл, барьцааны гэрээ байгуулан 1,000,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 19,8 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зээл авсан. Улмаар зээлийн эргэн төлөлтийн хуваарь удаа дараа зөрчигдөж байсан ба 2019 оны 08 сараас эхлэн хугацаа хэтэрч зээлийн эргэн төлөлт хийгдээгүй. 2019 оны 12 сарын 24-ний өдөр зээлдэгч Б******* нь өөрийн өмчлөлийн Ү-2204034364, Ү-2204027040 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 290,000,000 төгрөгт худалдах худалдан авах гэрээ хийж Ариг банкны өмчлөлд шилжүүлэн өгөх хүсэлт гаргасан. Үүний дагуу худалдах худалдан авах гэрээ хийж уг үл хөдлөх эд хөрөнгө нь Ариг банкны өмчлөлд шилжин ирсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл хугацаанд иргэн*******, Б******* болон түүний гэр бүлийнхэн одоог хүртэл тус орон сууцанд амьдарч байгаа бөгөөд банкны зүгээс орон сууцыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч хүлээн авахгүй байгаа бөгөөд дээрх иргэдийг орон сууцны эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 12 сарын 24-ний өдөр хариуцагч Б*******ийн гаргасан хүсэлтийг Ариг банк хүлээн авч шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 2 ширхэг орон сууцыг 2019-02-25-ны өдөр 2535, 2534 тоот худалдах, худалдан авах гэрээ байгуулж Ариг банкны өмчлөлд шилжүүлсэн. Өмчлөлдөө шилжүүлснээс хойш тодорхой хугацаа хариуцагч нар ямар нэгэн худалдах, худалдан авах гэрээний талаар маргаан гаргаагүй тул банкны зүгээс удаа дараа шаардаж 2020 оны 07 сард мэдэгдэл хүргүүлсэн. 2020-07-09-ний өдөр хариуцагч Б******* хүсэлт гаргасны дагуу хугацаа олгосон боловч байраа буцаан худалдан аваагүй. Ариг банкны өмчлөлийн байрыг чөлөөлж өгөөгүй. Хариуцагчийн хүсэлтийн дагуу худалдаж авсан. Анхнаасаа банк байрыг бага үнийн дүнгээрээ авч зарах гэсэн зорилго байгаагүй. Тодорхой хугацааны дараа банктай ярилцаад хөрөнгө буцаагаад авах эрх зүйн зохицуулалт байсан. Нэхэмжлэлээ бүрэн дэмжиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сонинцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүрэн дэмжиж байна гэв.

 

Хариуцагч Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 4 сард 1 тэрбум төгрөгийн зээл авахдаа 48 ширхэг үл хөдлөх хөрөнгийг Ариг банканд танилцуулсан. 3 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгийг 1 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд авсан. Яагаад ийм олон хөрөнгө барьцаалсан бэ гэхэд зээлийн хорооны шийдвэр гарсан гэж тайлбарлахаар нь Ариг банктай өмнө харилцаатай байсан тул би барьцаанаас суллуулах зүйл яриагүй. Зээлийн төлөлт хойшилсон ч боломжоороо хүүг төлж байсан. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан ажил зогсонги байдалд орсон. Баруун 4 замд байрлах Ариг банкны салбарын эрхлэгч, эдийн засагчид хэлж байсан. Зээлийн төлөлтийг түр хойшлуулах хүсэлт тавьж байсан. 2019 оны 8,9 сард уулзаад манай ажил зогсонги болсноо мэдэгдсэн. Тухайн үед Монгол банкнаас хяналт орж ирээд дотоод асуудал нь хүндэрч эхэлж байсан. Танай асуудал манайд хүндрэл учруулж байна гэж 2019 оны 12 сард эрсдэлийн менежер Мөнхцэцэг ярьж байсан. Мөнхцэцэг, Сүхболор нартай би очиж уулзаад удааг хугацаанд харилцаж байсан тул зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлт гаргасан. Хоёр талаасаа хэн хэндээ туслах гэж өнөөдрийн орон сууцыг банкны өмчлөлд түр шилжүүлэх хувилбарыг Ариг банкны 2 менежер хэлсэн. Би банкны ажилтан биш учраас сайн мэдэхгүй боломж бололцоо юу байгааг надад хэлж өгөөд надад энэ саналыг тавьсны дагуу би өргөдлөө бичсэн. Буцаан худалдан авах утгаараа хүсэлт дээрээ бичсэн байгаа. Тухайн үед зөрчлийг арилгахын тулд миний нэр дээр байсан 2 байрыг 290,000,000 төгрөгт үнэлж хүсэлт бичиж гэрээ байгуулсан. 5 сар хүртэл хугацаатай. Тэр хүртэл та төлбөрөө төлөөд зохицуулаад аваарай гэсэн. Өргөдлөө биччихлээ ямар зарчмаар танай өмчлөлд шилжих вэ гэхэд Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж шилждэг гэсэн. Мөнхцэцэг бид хоёр нотариат орж, гэрээ байгуулсан. 2020 оны 05, 06 сард над руу яриад байраа буцааж шилжүүлэх хугацаа нь болчихлоо гэхээр нь би ажил эхлээгүй байна. Зогсож байгаад одоо дөнгөж эхлэх гэж байна гэж хэлсэн. Би дахиж очиж уулзсан. Монгол банкны төлөөлөгч гэж байсан. Надад сунгалт хийж өгөөч гээд би дахиж хүсэлт бичиж өгсөн. 3 сараар сунгаж өгнө үү гэдэг хүсэлтээ бичиж өгчхөөд явсан. Би 2020 оны 8 сард хөдөө явсан. Над руу 2020 оны 9 сард над руу Ариг банкнаас залгаад танай асуудал шүүх рүү шилжсэн гэж хэлсэн. Би яах аргагүй тэвдэж сандарч эхэлсэн. Би хүсэлтээ өгсөн байхад надад хариу өгөөгүй хэр нь яаж байгаа юм бэ гэхэд танай асуудал шүүх рүү шилжсэн гэж хэлсэн. Надад хугацаа сунгахгүй гэдэг хариугаа хэлсэн байсан бол өөр арга зам болох байсан. Би энэ байрыг хууль ёсоор худалдаагүй. Хэн хэндээ харилцан тусалъя гэж би гэрээ байгуулсан. Өнөөдөр энэ байр зах зээлийн ханшаар 200,000,000 төгрөгийн байр биш, би одоо уг байрандаа 4 хүүхэдтэйгээ ажиллаад амьдарч байгаа. Хэрвээ үнэхээр худалдах байсан би зах зээлийн ханшаар зараад зөрүү мөнгөөр нь өөр зээлээ төлөх байсан. Би Ариг банкийг өнөөдрийг хүртэл үнэлж дүгнэхэд 2006 оноос хойш харилцсан учраас итгэсэн. Арай ийм шийдвэр гарахгүй байх гэж бодсон. Улс орон даяар, дэлхий нийтээр хөл хорио тогтоосон байхад халтирсан дээр нь түлхэж байна. Би банкны үүдэнд очоод нэг ч хүнтэй уулзаж чадаагүй. Угтах ажилтан намайг танд эргээд хариу өгнө гээд үүднээсээ буцаасан. Харилцагч сэтгэл гаргаад төлье гэж байхад дэмжихгүй байгаа нь шударга бус байна. Зээлдэгч нар хүү төлж байгаа нь юу юм бэ. Би яагаад энэ зээлийг 2 хуваагаад төлөх санал гаргасан Ө.Зориг бид хоёрын нэр дээр 2 тусдаа компани байдаг. 2 компанийн нэр дээр 2 хуваагаад өгөөч л гэж хүссэн. Өнөөдөр ажил 6 сар зогссон боловч бид цаашид зогсохгүй. Гомдолтой байна. 600,000,000 төгрөгийн зээлд 400,000,000 төгрөгийн хүү төлж байсан. Орон сууцуудыг худалдах зорилго байгаагүй, 290 сая төгрөг бэлнээр аваагүй, дансанд орлоо гээд зарлагын баримтад зуруулаад зээл төлөлтөд шилжүүлсэн гэж хэлсэн. 5 өрөө орон сууцны зах зээлийн үнэ 318 сая төгрөг, барьцааны үнэлгээ 239,4 сая төгрөг, ийм байраа 200 сая төгрөгт худалдах зорилго байгаагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Б*******,******* нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн*******, Б******* бид хариуцагч Ариг банк ХХК-аас 2019 оны 4 сарын 11-ний өдөр 2109007491 дугаартай "Зээлийн гэрээ байгуулан бизнесийн зээл зориулалтаар 1,000,000,000 төгрөгийг зээл авсан болно. Энэхүү зээлийн авахын тулд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож бидний зүгээс өөрсдийн эзэмшил, өмчлөлд байдаг газар, хувийн орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, авто зогсоол, орон сууц, агуулах зэрэг нийт 48 ширхэг үл хөдлөх хөрөнгийг барьцаалж 2019 оны 4 сарын 11-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан. Банкнаас авсан зээлийн тусламжтайгаар бидний бизнесийн үйл ажиллагаа сайжирч, зээлийн гэрээний үүргээ биелүүлсээр ирсэн боловч 2019 оны сүүлээр улс орны эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч бидний бизнесийн үйл ажиллагаа доголдож ирсэн. Бидний зүгээс нөхцөл байдал хүндрэлтэй байсан ч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхээр хичээсээр ирсэн. Гэтэл 2019 оны 12 сард Ариг банкнаас холбогдож таны зээлийн эргэн төлөлт хугацаа хэтрээд байна. Зээлийн ангилал чинь буурах гээд байна тиймээс зарим нэг үл хөдлөх хөрөнгөө банкны нэр дээр шилжүүлэх шаардлагатай байна гэж мэдэгдсэн. Бид зээлийн ангилал бууруулахгүй байх зорилгоор түр нэр шилжүүлж байгаа гэж ойлгон 2019 оны 12 сарын 25-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ №2535 дугаартай гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 25-р хороо 13-р хороолол******* 26 тоот 171 м.кв орон сууц, мөн өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ №2534 дугаартай гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 6-р хороо 13-р хороолол 59 байр 32 тоот 70 м.кв орон сууцыг тус тус Ариг банкны нэр дээр шилжүүлсэн. Энэхүү Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-нүүдлийн дагуу ямар нэгэн төлбөр тооцоо хийгдээгүй бөгөөд зөвхөн зээлийн ангилал бууруулахгүй байх, зээлийн зөрчилгүй гэж Монгол банканд харагдуулах үүднээс дүр үзүүлсэн хэлцэл хийж үл хөдлөх эд хөрөнгийн нэр шилжүүлсэн. Бид 1 тэрбум төгрөгийн зээл авахын тулд Ариг банканд өөрсдийн эзэмшил, өмчлөлийн нийт 48 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан ба эдгээр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ нь барьцааны гэрээнд зааснаар 1,8 тэрбум төгрөгийн үнэлгээтэй болно. Хэрвээ банкнаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээ шаардаж байгаа бол барьцааны гэрээний дагуу барьцааны зүйлсээс тэргүүн ээлжид үүргийн гүйцэтгэлээ хангуулах боломжтой. Гэтэл Ариг банкнаас дүр үзүүлэн хийсэн хэлцлийн үндсэн дээр шилжсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж байгаа нь биднийг орох гэр оронгүй болгох нөхцөл байдалд хүргээд байна. Бид зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй гэсэн зүйл огт байхгүй, Ариг банк зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээ шаардах эрх нь нээлттэй байгаа. Хэрэв анхнаасаа Ариг банк дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн өмчлөлдөө авах байсан бол гэрээний дагуу төлбөр төлж, орон сууцыг бодитоор шилжүүлэн авах байсан. Нэхэмжлэгч Б*******,******* бид өнөөдрийг хүртэл өөрсдийн орон сууцанд оршин сууж байгаа бөгөөд бодитоор Ариг банканд шилжүүлж өгсөн зүйл огт байхгүй болно. Иймд Ариг банк ХХК-тай байгуулсан 2019 оны 12 сарын 25-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ №2535 дугаартай гэрээ, 2019 оны 12 сарын 25-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ №2534 дугаартай гэрээг тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу анхнаас нь хүчин төгөлдөр бусад тооцож, Ариг банк ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар сөрөг нэхэмжлэлд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн*******, Б******* нар нь 2019 оны 04 сарын 11-ний өдөр Ариг банк ХХК-с 2109007491 дугаартай зээл, барьцааны гэрээ байгуулан 1,000,000,000 төгрөгийн зээлийг авсан боловч 2019 оны 08 сарын 20-ны өдрөөс эхлэн уг зээлийн төлөлт хугацаа хэтэрч төлбөрийн зөрчил гаргаж эхэлсэн ба хариуцсан салбараас зээлээ төлөхийг удаа дараа хэлж шаардаж байсан. 2019 оны 08 сарын 20-ны өдрөөс хугацаа хэтэрч эхэлсэн тул Монгол банкны актив ангилах журамд заасны дагуу зээлийн ангилал буурсан. Зээлээ төлөх талаар удаа дараа хэлж шаардсан ба 2019 оны 12 сард Б.Зориг, Б******* нар нь Ариг банк ХХК дээр өөрийн биеэр ирж уулзсан ба Б******* нь өөрийн нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгө болох 5 өрөө орон сууц, 1 өрөө орон сууцуудыг тус банканд нийт 290,000,000 төгрөгөөр худалдан борлуулж 2020 оны 06 дугаар сарын 30-ний дотор уг худалдсан 2 ширхэг орон сууцыг буцаан Ариг банк ХХК-иас буцаан худалдан авахаар 2019 оны 12 сарын 24-ний өдөр Б******* нь Ариг банк ХХК-д хүсэлт гаргасан. Ийнхүү тус хүсэлтийг Ариг банкны хурлаар танилцуулан уг хүсэлтийн дагуу 2 ширхэг үл хөдлөх хөрөнгийг худалдан авахаар хурлын шийдвэр гарсан. Ийнхүү*******, Б******* нарын гаргасан хүсэлтийн дагуу уг 2 ширхэг орон сууцыг худалдан авахаар болж 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэрээг байгуулсан. ба Б*******ийн Ариг банк дахь өөрийн данс болох 2102006859 дугаартай данс руу нь 2019 оны 12 сарын 26-ны өдөр төлбөр тооцоог бүрэн шилжүүлсэн. /энэ нь Б*******ийн дансны хуулгаас тодорхой харагдана/ Мөн 2019 оны 12 сарын 26-ны өдөр шилжүүлсэн уг байрны тооцоо болох 290,000,000 төгрөгийг Б******* нь бэлнээр зарлага гаргаад авсан байгаа нь мөн дансны хуулгаас маш тодорхой харагдаж байна. Сөрөг нэхэмжлэлд дурдсан Ариг банк ХХК-иас ямар нэгэн төлбөр тооцоо хийгээгүй дүр үзүүлсэн хэлцэл гэсэн нь ямар ч ор үндэслэлгүй юм. Гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн нь дансны хуулга болон Б******* нь өөрийн данснаасаа уг мөнгийг авсан баримтаар нотлогдож байгаа юм. Уг 2 ширхэг орон сууцыг Б******* нь 2020 оны 06 сарын 30-ны өдрийн дотор Ариг банк ХХК-иас буцаан худалдан авахаар өөрөө хүсэлтээ гаргасан тул Ариг банкны зүгээс уг хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн тул тухайн үед Б*******ийг уг орон сууцнаас гаргаагүй ба өөрийн хүсэлтэд заасан хугацаандаа буцаан авна гэж итгэсний үндсэн дээр байрнаас нь гаргаагүй. Гэвч Б************** нар нь өөрсдийн бичсэн хүсэлтэд заасан хугацаа өнгөрч 2 ширхэг байраа эргүүлэн аваагүй учир 2020 оны 07 сарын 02-ны өдөр Ариг банк ХХК-иас Б*******т хандан тус 2 байрыг яаралтай буцаан авах талаар мэдэгдэл хүргүүлсэн ба тус мэдэгдлийн хариуд Б*******ээс 2020 оны 10 сарын 09-ны дотор буцаан худалдан авах талаар хүсэлтээ мөн уламжилсан гэвч хүсэлтэд дурдсан хугацаандаа мөн л уг байраа аваагүй ба банкны ийнхүү харж үзэн боломжийг олгосоор байхад өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй банкийг хохироож байна. Ариг банкны зүгээс өөрсдийн эзэмшлийн 2 байрыг суллаж өгөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд иргэн*******, Б******* нар нь тус орон сууцанд амьдарч байна.*******, Б******* нарын Ариг банк ХХК-с авсан зээлийн хувьд мөн л өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийн хугацаа хэтэрсэн зээлээ төлөхгүй байгаа ба өнөөдрийн байдлаар 282,298,997 төгрөгийн зөрчилтэй зээлийн ангилал нь мөн хэвийн бус ангилалд байна. Уг зээлийн асуудлыг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхийн байгууллагад хандахаар болж байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ариг банк ХХК дахь Бүрэн эрхт төлөөлөгч хариуцагч Б*******,******* нарт холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс орон сууцнуудыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч тал орон сууцаа худалдах хүсэл зорилгогүй байсан, өмчлөх эрхийг түр шилжүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж,

2019 оны 12 сарын 25-ны өдрийн 2534, 2535 дугаартай орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч тал өөрийнх нь хүсэлтийг үндэслэн худалдаж авсан гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Б*******, Ариг банк ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 12 сарын 25-ны өдрийн 2535, 2535 дугаартай орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу, 25-р хороо, 13-р хороолол /13372/ хд******* 26 тоот хаягт байршилтай, эрхийн Ү-2204034364 дугаарт бүртгэлтэй, 5 өрөө орон сууц,, 6-р хороо, 13-р хороолол /13372/ Манлайбаатар дамдинсүрэнгийн гудамж 59 байр 32 тоот хаягт байршилтай, эрхийн Ү-2204027040 дугаарт бүртгэлтэй, 1 өрөө орон сууц нь тус тус Ариг банк ХХК-ийн өмчлөлд шилжсэн, орон сууцууд хариуцагч нарын эзэмшилд байгаа болох нь зохигчийн тайлбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд зэргээр тогтоогдож байна.

 

Хариуцагч*******, Б******* нар Ариг банк ХХК-иас 2019 оны 4 сарын 11-ний өдөр 1,000,000,000 төгрөгийн зээл авсан, зээлийн барьцаан нийт 48 үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан, маргаан бүхий 2 орон сууц уг барьцаа хөрөнгөнд багтсан, зээлийн хугацаа 2022 оны 4 сарын 11-нд дуусах нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, зээл, зээлийн хүү төлөх хуваарь, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч нар зээл төлөх хуваарьт заасан 2019.05.21-нээс 2019.12.21 хүртэл 8 удаагийн төлөлт болох 233,563,522.59 төгрөг төлөх үүргээ зөрчсөний улмаас 2019 оны 12 сарын 25-ны өдөр зээлдэгч Б*******ийн хүсэлтийг үндэслэн Б*******, Ариг банк ХХК-ийн хооронд 2019 оны 12 сарын 25-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ тус тус байгуулагдаж,, 25-р хороо, 13-р хороолол /13372/ хд******* 26 тоот хаягт байршилтай, эрхийн Ү-2204034364 дугаарт бүртгэлтэй, 5 өрөө орон сууцыг 200,000,000 төгрөгөөр,, 6-р хороо, 13-р хороолол /13372/ Манлайбаатар дамдинсүрэнгийн гудамж 59 байр 32 тоот хаягт байршилтай, эрхийн Ү-2204027040 дугаарт бүртгэлтэй, 1 өрөө орон сууцыг 90,000,000 төгрөгөөр тус тус Б*******ээс Ариг банк ХХК-д худалдсан болох нь зохигчийн тайлбар, Б*******, Ариг банк ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 12 сарын 25-ны өдрийн 2534, 2535 дугаартай орон сууц худалдах, худалдан авах гэрээ зэргээр тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

Худалдагч Б******* 5 өрөө орон сууцыг 200,000,000 төгрөгөөр, 1 өрөө орон сууцыг 90,000,000 төгрөгөөр тус тус худалдах, худалдан авагч Ариг банк ХХК-д орон сууцыг худалдан авах хүсэл зориггүй, хэн аль нь 1,000,000,000 төгрөгийн зээлийн төлөлтийг хэвийн ангилалд байлгах хүсэл зорилготой байсан, Ариг банк ХХК-иас 290,000,000 төгрөгийг хүлээн авч ашиглаагүй, Ариг банк ХХК 290,000,000 төгрөгийг*******, Б******* нарын зээлийн төлөлтөд тооцсон болох нь зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэргийн үйл баримтаар тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Хариуцагч Б******* шүүх хуралдаанд .... 1 тэрбумын зээл, хүүгээ төлнө, орон сууцны үнэ гэх 290,000,000 төгрөгийг зээл төлснөөр тооцуулахгүйгээр хүүтэй нь төлнө... гэж тайлбарлаж байх ба Ариг банк ХХК нь зээлийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд гэрээг цуцалж, зээл, хүүгээ нэхэмжлэх эрх нь нээлттэй байхад өмчлөгчийн хүсэл зоригийн эсрэг буюу зах зээлийн үнэ болон барьцааны гэрээгээр үнэлсэн үнээс доогуур үнээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан нь гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцээгүй гэж үзэхээр байна.

Хариуцагч Б*******ийн ...худалдах хүсэл зорилгогүй байсан... гэх тайлбар нь үндэслэлтэй, энэ нь нэхэмжлэгч талын ...тус банканд Монгол банкны шалгалт орсон байсан нь үнэн, зээлийн төлөлтийг хэвийн байлгах зорилгоор харилцагчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэж орон сууцуудыг нь худалдаж авах гэрээ байгуулсан, Б******* буцааж орон сууцаа худалдаж авна гэж тохирсон боловч буцаан худалдаж аваагүй... гэх тайлбар, орон сууцаа буцаан авах талаарх хүсэлт, Ариг банк ХХК-ийн 2020.07.02-ны өдрийн орон сууцаа худалдан авах талаар тохиролцох шаардлагатай талаар мэдэгдсэн мэдэгдэл зэргээр тогтоогдож байна.

Талууд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан эрх, үүргийг хүлээх хүсэл зорилгогүй, зээлийн гэрээний зөрчлийг арилгах, улмаар Монгол банкны мэдээллийн санд чанаргүй зээлээр бүртгүүлэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор гэрээ байгуулсныг дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар Б******* шаардах эрхтэй тул өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг Ариг банк ХХК дахь Бүрэн эрхт төлөөлөгчид даалгах нь зүйтэй.

Ариг банк ХХК болон Б******* нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсон, хариуцагч Б*******,******* нарыг орон сууцуудыг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Ариг банк ХХК дахь Бүрэн эрхт төлөөлөгчийн хариуцагч Б*******,******* нарт холбогдуулан гаргасан бусдын хууль бус эзэмшлээс орон сууцнуудыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, Ариг банк ХХК болон Б******* нарын хооронд байгуулагдсан 2019 оны 12 сарын 25-ны өдрийн 2534 дугаартай орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 12 сарын 25-ны өдрийн 2535 дугаартай орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг Б*******ийн нэр дээр буцаан шилжүүлэхийг Ариг банк ХХК дахь Бүрэн эрхт төлөөлөгчид даалгахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ариг банк ХХК дахь Бүрэн эрхт төлөөлөгчийн хариуцагч Б*******,******* нарт холбогдуулан гаргасан бусдын хууль бус эзэмшлээс орон сууцнуудыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан Ариг банк ХХК болон Б******* нарын хооронд байгуулагдсан 2019 оны 12 сарын 25-ны өдрийн 2534 дугаартай орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 12 сарын 25-ны өдрийн 2535 дугаартай орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг Б*******т буцаан шилжүүлэхийг Ариг банк ХХК дахь Бүрэн эрхт төлөөлөгчид даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.12, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж болох 140,400 төгрөгөөс чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч нараас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,748,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ариг банк ХХК дахь Бүрэн эрхт төлөөлөгчөөс 1,748,350 төгрөгийг гаргуулж сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч Б*******т олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ