Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2021/01329

 

2021 о 05 с 13 ө

Дугаар 101/ШШ2021/01329

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,******* холбогдох,

Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагчийн 2020 оны 12 сарын 31-ний өдрийн Б/52 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, хэсгийн ахлагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэдэнпунцаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяр-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэдэнпунцаг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Нямсүрэн нь 2020 оны 01 сараас 20-р хорооны 1-р хэсгийн ахлагчаар ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн хариуцлага алдаж байгаагүй, хорооны захирагчийн өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэдэг байсан бөгөөд урамшуулал буюу цалинг 100 хувиар тогтоолгож авдаг байсан. Мөн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр цаашид хэсгийн ахлагчаар ажиллах хүсэлтэй байгаагаа гэдгээ мэдэгдэж, мөн өмнө нь удаа дараа Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт амаар илэрхийлсэн. Гэвч Гачуурт тосгоны захирагч 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Б/52 дугаартай Балданжамц овогтой Нямсүрэнг ажлаас чөлөөлөх тухай захирамжийг гаргаж хэсгийн ахлагчийн ажлаас чөлөөлөхдөө гэрээний хугацаа дуусгавар болсон гэсэн хууль бус үндэслэлийг үндэслэж тушаал гаргасан.

1. НИТХ-ын 2015.10.30-ны өдрийн 30/24 дугаартай тогтоол, түүний хавсралтаар Хэсгийн ахлагчийн ажиллах журам-ыг баталсан бөгөөд уг журмын 1.2 дахь хэсэгт Хэсгийн ахлагч нь МУ-ын хууль, тогтоомж төрийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны чиглэлээр хариуцсан нутаг дэвсгэрийн иргэд, аж ахуй нэгж, байгууллагад, хөнгөн шуурхай хүргэх, мэдээлэх, сурталчлах, тухайн ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр иргэний хамтын ажиллагаанд бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан. Мөн энэ журмын 2.1 дэх хэсэгт Дүүргийн нэг хороонд ажиллах хэсгийн ахлагчийн тоог гэр хорооллын хороонд 200-250, орон сууцны хорооллын хороонд 250-300 өрх тутамд нэг хэсгийн ахлагч ажиллахаар тогтооно гэж тус тус зааж зохицуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.15 дахь хэсэгт заасан байнгын ажлын байр гэдэг тодорхойлолттой нийцэж байгаа юм. Өөрөөр хэлбэл ажил олгогчоос ажлын байрыг 250-300 өрх тутамд нэг хэсгийн ахлагч гэж заасан байх бөгөөд ажил олгогчоос Хэсгийн ахлагчийн ажиллах журам гэж ажилтны ажил, үүргээ гүйцэтгэх горим, норм, үнэлгээ тогтоосон байна. Хөлсөөр ажиллах гэрээ нь үүргийн эрх зүйн хоёр талын гэрээ бөгөөд энэ гэрээний нэг тал нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, нөгөө тал нь тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Харин хөдөлмөрийн гэрээний хувьд ажилтан нь ажил олгогчоос захирах, захирагдах зарчмын дагуу хувь этгээдийн хувьд хараат байж, тодорхой хөлс авч хөдөлмөрлөдөг. Өөрөөр хэлбэл хөлсөөр ажиллах гэрээний хувьд тухайн хүний хийж гүйцэтгэх тодорхой зүйлсийг тоо, чанар, хэмжээ, хугацаа нь тодорхой байдаг. Мөн аливаа нэг хөдөлмөрийн журам, тогтоосон дүрэм гэж байх ёсгүй бөгөөд сахилгын арга хэмжээ оногдуулдаггүйгээр хөдөлмөрийн гэрээнээс ялгагддаг болно. Иймд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь байнгын ажлын байран дээр үүссэн хөдөлмөрийн гэрээний харилцаа юм.

2. 30/24 дугаартай тогтоолын 2 дахь хэсэгт Хэсгийн ахлагч нарт сар бүр олгох урамшууллын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож тогтоосугай гэж заасан байна. Гачуурт тосгоны захирагчийн 2020 оны 12 сарын 31-ний өдөр Б/42 дугаартай захирамж нь Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйл 23.6 дэх хэсэгт Захирагчийн ажлын албаны ажилтныг томилж, чөлөөлнө гэж заасныг үндэслэсэн байна. Хэсгийн ахлагч нь Захирагчийн ажлын албаны орон тоонд багтаж байх бөгөөд засаг даргын тамгын газрын цалингийн сангаас урамшуулал буюу цалингаа авдаг ажилтан байна. Хэрвээ энэ харилцаа хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулсан бол ажил, үүргийн гүйцэтгэлийн шинж, чанарт хамаарахгүйгээр үндсэн цалинг тогтоох ёсгүй. Мөн хэсгийн ахлагчийн цалин нь Гачуурт тосгоны цалингийн сангаас буюу төсвөөс гардаг бөгөөд Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйл 7.6 дахь хэсэгт заасны дагуу хэсгийн ахлагч нарын 2021 оны цалин төсөвт суугдсан болно.

3. Энэхүү харилцаанд хөдөлмөрийн тухай хууль үйлчилдгийн хувьд Хэсгийн ахлагч нь долоо хоногт нийтдээ 40 цаг ажилладаг бөгөөд амралтын өдрүүдэд амардаг, мөн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу хэсгийн ахлагч нар нь баярын болон тэмдэглэлт өдрүүдэд амардаг. Уг хууль нь Хөдөлмөрийн тухай хуулийг удирдлага болгосон бөгөөд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтнуудад үйлчилдэг тул энэхүү харилцааг хөдөлмөрийн харилцаа гэж үзнэ. БЗД-ын ЗДТГ-ыг төлөөлж гэрээ байгуулсан 20-р хорооны Гачуурт тосгоны Захирагч нь төрийн ажил, чиг үүргийг хэрэгжүүлж буй хэсгийн ахлагч албан тушаалтай иргэний эрх зүйн байдлыг дордуулж Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж Хөлсөөр ажиллах гэрээ байгуулж уг гэрээний хугацаа дууссан гэдэг хууль бус үндэслэлээр ажлаас халсан байна. Иймд БЗД-ийн 20-р хорооны Гачуурт тосгоны Захирагчийн гаргасан 2020 оны 12 дүгээр сарын 31-ний өдрийн Б/52 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Д.Б.Нямсүрэнг хэсгийн ахлагч албан тушаалтай ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан үеийн цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяр-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НИТХ-ын 2015 оны 10 сарын 30-ны өдрийн 30/24 тоот тогтоолоор Хэсгийн ахлагчийн ажиллах журам-ыг баталсан бөгөөд уг тушаалын 2 дугаар хэсэгт Хэсгийн ахлагч нарт сар бүр олгох урамшууллын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцохоор тогтоосон байдаг. Баянзүрх дүүргийн*******, Гачуурт тосгоны Захирагч нь дээрх 30/24 тоот тогтоол түүний хавсралт хэсгийн ахлагчийн ажиллах журмаар олгогдсон эрх хэмжээний хүрээнд, Хэсгийн ахлагч нарт тавигдах шаардлага хангасан иргэнтэй тухайн хорооны гэр хороолол болон орон сууцны хорооллын өрх айлын тоонд тулгуурлан хэсгийн ахлагчийн ажиллах журмын 2.1-д заасны дагуу хөлсөөр ажиллуулах гэрээг Иргэний хуулийн 40 дүгээр зүйл 40.1-д зааснаар харилцан тохиролцож, хүсэл зоригийн үндсэн дээр гэрээг байгуулсан. Дээрх хөлсөөр ажиллуулах гэрээ нь хугацаатай бөгөөд хэсгийн ахлагчийн ажиллах журмын 2.3-д зааснаар нэг жилийн хугацаатай байгуулж, 6.6-д заасны дагуу жил бүрийн 12 дугаар сард хөлсөөр ажиллуулах гэрээг Гачуурт тосгоны Захирагч дүгнэж байсан. Хөлсөөр ажиллуулах гэрээг байгуулах үед иргэн Б.Нямсүрэн нь гэрээтэй холбоотой ямар нэгэн санал, татгалзал, гэрээний нэр, төрлийг өөрчлөх санал гаргаж байгаагүй, өөрийн хүсэл зоригийн дагуу гэрээг хүлээн зөвшөөрч байгуулсан. Төр, Төрийн байгууллага, албан тушаалтан, Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага түүний ажлын алба, албан тушаалтанд хууль, тогтоомж, журам, дээд шатны байгууллагын шийдвэр, Захиргааны актаар олгосон, зөвшөөрснөөс бусад эрхийг иргэний нэгэн адил эдлэхийг хязгаарласан байдаг. Хэсгийн ахлагчийн ажиллах журмаар олгогдсон эрх хэмжээний хүрээнд Гачуурт тосгоны Захирагч нь Хэсгийн ахлагч нартай байгуулсан хөлсөөр ажиллуулах гэрээний хугацаа 2020 оны 12 сарын 31-ний өдөр дууссан тул 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Б/52 тоот захирамж гаргаж хэсгийн ахлагчийг ажлаас чөлөөлсөн. Дээрх үйлдэл нь ямар нэгэн хууль, дүрэм, журмыг зөрчөөгүй бөгөөд өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд эрх зүйн харилцааг үүсгэж, дуусгавар болгосон.

1. Хэсгийн ахлагчид Гачуурт тосгоны Захирагч ямар нэгэн байнгын ажлын байр зааж өгөөгүй, энэ талаар хөлсөөр ажиллуулах гэрээнд тусгасан зүйл байхгүй болно.

2. Ажлын байрны тодорхойлолтоор эрхлэх ажлын горим тогтоогоогүй, хэсгийн ахлагчийн ажлыг хийхдээ ашиглах тусгайлсан хөдөлмөрийн багаж хэрэгсэл ямар нэгэн эд хөрөнгө хүлээлцэх актаар олгоогүй.

3. Ажил олгогч гэж үзээд байгаа Гачуурт тосгоны Захирагч нь хэсгийн ахлагч нарын урамшууллын хэмжээг тогтоогоогүй урамшууллын хэмжээг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоосон байна.

4. Хэсгийн ахлагчтай байгуулсан хөлсөөр ажиллуулах гэрээнд ажлын өдрийг сард хэд байх талаар заагаагүй, нэг өдөрт хэдэн цаг ажиллах талаар заагаагүй байна. Хэсгийн ахлагч нь өгөгдсөн ажлыг өөрийн зохион байгуулалтаар өөрийн боломжид тааруулж хийж байсан.

5. Иргэний хуулийн 359 дүгээр зүйл 359.2-т Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно. гэж зааснаар ямар ч ажил үйлчилгээ байж болохоор заасан байна. Дээрх нөхцөл байдал нотлох баримтуудаас үзэхэд хэсгийн ахлагчийн ажил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл, 3.1.15-д заасан байнгын ажлын байр гэсэн тодорхойлолтод нийцэхгүй бөгөөд байнгын ажлын байр биш гэдэг нь нотлогдож байна. Байнгын ажлын байр биш тул Хөдөлмөрийн гэрээ хийх шаардлагагүй.

Төр, төрийн байгууллага нь ажил олгогч мөн бөгөөд хорооны бүтэц, ажлын байрны жагсаалтыг дүүргийн Засаг дарга баталдаг. Хэсгийн ахлагч нь байнгын ажлын байр биш тул бүтэц, ажлын байрны орон тоонд байхгүй. Тухайн дүүрэгт байнга оршин суух бүртгэлтэй иргэнийг хорооны өрхийн тоо хэмжээнээс хамаарч ажиллуулдаг. Хэрэв тухай хорооны нутаг дэвсгэрт оршин сууж байгаа өрх айлуудын тоо цөөрч эсвэл тухай хороонд өрх айл оршин суухаа больсон тохиолдолд хэсгийн ахлагчийн орон тоо байхгүй болох тул өрхийн тоотой шууд хамааралтай байна.

Хэсгийн ахлагчийн хөлсөөр ажиллуулах гэрээний урамшууллыг цалин гэж үзэж байгаа бол Төрийн албаны тухай хуулийн 57.5 Доор дурдсан төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж заасны дагуу Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472 тоот Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолоор цалин хөлсийг тогтоох ёстой. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд иргэн Б.Нямсүрэнтэй байгуулсан хөлсөөр ажиллуулах гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр байгуулагдаж, гэрээгээр тохирсон урамшууллыг Гачуурт тосгоны Захирагчийн ажлын албанаас саадгүй олгож, гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан тул Иргэний хуулийн 364 дүгээр зүйл 364.1.Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно гэж заасны дагуу дуусгавар болсон. Нэхэмжлэгч талын маргаж байгаа Хөдөлмөрийн харилцаатай төсөөтэй харилцаа боловч зарим нэг нарийн ялгаа, хуулийн шаардлага байгаа. Хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21.1-д заасан 4 шаардлагыг хангасан байхыг шаарддаг хэрэв 21.4-д заасан 4-н шаардлагаас аль нэг нь байхгүй бол хөдөлмөрийн гэрээ гэж үздэггүй.

Хэсгийн ахлагч нартай ажлын байрны тодорхойлолт огт хийгээгүй, ганцхан хөлсөөр ажиллуулах гэрээг байгуулсан байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бусад бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Нямсүрэн хариуцагч******* холбогдуулан Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагчийн 2020 оны 12 сарын 31-ний өдрийн Б/52 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, хэсгийн ахлагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлага гаргажээ.

 

Хариуцагч тал хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан, сунгах хүсэлт өгөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/52 дугаартай захирамжаар тус хорооны 1 дүгээр хэсгийн ахлагч Б.Нямсүрэнгийн хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусгавар болсон үндэслэлээр 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Нэхэмжлэгч Б.Нямсүрэн хариуцагч Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагч нарын хооронд Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн харилцаа үүссэн болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан ажлын байрны буюу албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэргийг талууд тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 30/24 тоот тогтоолоор Хэсгийн ахлагчийн ажиллах журам-ыг баталж, 2016 оноос оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдөх, хэсгийн ахлагч нарт сар бүр олгох урамшууллын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцон тогтоосон, хэсгийн ахлагч нартай хөлсөөр ажиллах гэрээг байгуулах талаар заасан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...байнгын ажлын байр, хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан нь хөдөлмөрийн хууль зөрчсөн, гэрээг сунгах хүсэлтээ амаар гаргасан... гэж тайлбарлаж байна.

 

Нийслэлийн хороодын хэсгийн ахлагч нарыг хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллуулах тухай Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30/24 тоот Журам батлах тухай тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байх ба Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны бүтэц, ажлын байрны жагсаалтад хорооны хэсгийн ахлагчийн орон тоо батлагдаагүй болох нь Гачуурт тосгоны захирагчийн 2020 оны 1 сарын 2-ны өдрийн А/02 дугаартай захирамж, түүний хавсралтаар тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагч хэсгийн ахлагчийн ажиллах журмыг үндэслэн төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх, дүүргийн иргэд, байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах, харилцаа холбоог бэхжүүлэх зорилгоор иргэн Б.Нямсүрэнтэй хөлсөөр ажиллах гэрээг 2020 оны 1 сарын 2-ны өдрөөс 2020 оны 12 сарын 31-ний өдрийг дуусталх хугацаагаар байгуулсан болох нь талуудын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээгээр тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт нийцсэн хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

Дээрх хөлсөөр ажиллах гэрээний дагуу Б.Нямсүрэн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан, 12 сарын турш сар бүр 630,000 төгрөгийн урамшуулал авсан, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн болох нь зохигчийн тайлбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргээр тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

 

Хариуцагч тал 2020 оны 12 сарын 31-ний өдөр гэрээний хугацаа дууссан үндэслэлээр гэрээг дуусгавар болгож, Б.Нямсүрэнг чөлөөлснийг тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй, энэ нь Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1, хөлсөөр ажиллах гэрээний 7.1-д хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно гэж заасанд тус тус нийцэж байна.

 

Нэхэмжлэгч Б.Нямсүрэн 2021 оны 1 сарын 1-ний өдрөөс ажил үүрэг гүйцэтгээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

Нэхэмжлэгч талын хэсгийн ахлагчийн ажлын байр байнгын ажлын байр, хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн гэх тайлбар баримтаар болон хэргийн нөхцөл байдлаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 366 дугаар зүйлийн 366.1-д гэрээний хугацаа дууссаныг ажиллагч нь нөгөө талдаа мэдэгдэн гэрээг үргэлжлүүлэхийг хүссэнийг ажиллуулагч эсэргүүцээгүй тохиолдолд гэрээг тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцно гэж заажээ.

Нэхэмжлэгч нь гэрээний хугацааг сунгах талаар амаар мэдэгдсэн гэж тайлбарлаж байх боловч ажиллуулагч болох Гачуурт тосгоны захирагч үргэлжлүүлж ажиллахыг зөвшөөрсөн нөхцөл байдалгүй байна.

 

Дээр дурдсанаас дүгнэж, хариуцагч******* холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Б.Нямсүрэнгийн Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагчийн 2020 оны 12 сарын 31-ний өдрийн Б/52 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, хэсгийн ахлагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба шүүх хэргийг шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 364 дүгээр зүйлийн 364.1-д заасныг баримтлан хариуцагч******* холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Б.Нямсүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ