| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2020/05196/И |
| Дугаар | 101/ШШ2021/01074 |
| Огноо | 2021-04-05 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2021/01074
| 2021 о 04 с 05ө | Дугаар 101/ШШ2021/01074 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******,*******,*******,******* /РД:2685701/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг,,-д холбогдох,
59,232,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгантамир, хариуцагчийн төлөөлөгч*******, нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгантамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******-тай******* нь 2019 оны 08 сарын 24-нд №19/18-24 дугаарт Дээврийн материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Тус гэрээгээр нэхэмжлэгч талаас БГД, 16-р хороо Монголын бурхан шашны төв, гандан тэгчэнлин хийдийн хашаанд 1080 лам хурах их цогчэн дуганы барилгын дээврийн ус тусгаарлалтыг ОХУ-ын ТехноНИКОЛЬ корпорацийн үйлдвэрийн бүтээгдэхүүн болох полимер мембран материал Лоджикруф Ви-АрПи /LOGICROOF V-RР/ 1,5 мм материалаар Монгол Улсын БНбД-31-02-03, 31-07-05. 31-108-08 Барилгын норм дүрмийн дагуу хийж гүйцэтгэх, захиалагч талаас бараа материалын үнэ, гүйцэтгэсэн ажлын хөлс болох 76,488,000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дотор төлж дууссан байхаар тохиролцсон. Ингэхдээ 36,488,000 төгрөгийн эд хөрөнгө, ажлын хөлсийг 3 сарын хугацаанд төлөх боломж олгон Зээлийн гэрээгээр нийлүүлж, ажлыг гүйцэтгэсэн. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Захиалагч тал нь 37,000,000 төгрөгийг өгсөн боловч, өнөөдрийг хүртэл үлдэгдэл 39,488,000 төгрөгийг өгөөгүй байна. Талуудын хооронд байгуулсан №19/18-24 дугаарт Дээврийн материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ-ний 8 угаар зүйлийн 8.3-т нийт төлбөрийг заасан хуваарийн дагуу гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй гэрээний үнийн 0,5%-ийн алданги төлөхөөр заасан бөгөөд 2019 оны 11 сарын 29-ний өдрөө 2020 оны 08 сарын 29 хүртэлх хугацааны 9 сар*30 хоног=270 хоногоор тооцоход л 53,308,800 (39,488,000 төгрөгийн 0,5 хувь нь 197,440,000 төгрөг) төгрөгийн алданги төлөх ёстой байна. Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн 19,744,000 төгрөгийг шаардах эрхтэй байна. Иймд хариуцагчаас Дээврийн материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ-ний үлдэгдэл төлбөр 39,488,000 төгрөг, алданги 19,744,000, нийт 59,232,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах шаардлагаа дэмжихгүй, татгалзаж байна. Гэрээний хавсралтад зааснаар бараа материал 54,328,000 төгрөг, ажлын хөлс 22,160,000 төгрөг нийт 76,488,000 төгрөг болсон. Уг үнийг хүлээн зөвшөөрөөд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ажил гүйцэтгэгч өөрөөсөө материал гаргаж, гэрээний үнийн дүнгээ тохирсон, энэ талаар маргаангүй гэв.
Хариуцагч *******-ийн төлөөлөгч******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дээврийн материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 39,488,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Манайх Их цогчэн дуганы барилгад ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа дээвэр дээр мембрам хийлгэх ажил гарсан. Ондилт компаниар ажил гүйцэтгүүлж гэрээнд дурдсан эрх үүрэг үүссэн. Бид үндсэн төлбөр 39,488,000 төгрөгийг 60 хоногт төлж барагдуулна. Алданги, хүү торгуулийн 19 сая төгрөгөөс чөлөөлж өгнө үү. Алдангиас чөлөөлүүлэх гээд байгаа үндэслэл нь би Ондилт компаниас бэлэн мөнгө аваагүй ажил үүрэг гүйцэтгэсэн. Адилхан 2 Монгол компани улсынхаа төлөө нэг барилгад хамтарч ажилласан. Нэг нь үндсэн зээлийг төлье хүүгээс чөлөөлөөд өгөөч гэж байхад нөгөө нь заавал хүү төлүүлэх хэрэг байна уу, Үндсэн хууль, Иргэний хуульд эх орон, ард түмнийхээ төлөө хийж бүтээсэн зүйлд хүү, алдангиас чөлөөлөх боломж байдаг болов уу. Монголын ард түмний түүх дурсгал, шашин, соёл, аялал жуулчлалд хамаарах их том барилгыг маш хямд төсвөөр барьсан. Үндсэн төлбөрийг төлнө. Үнэтэй материал хэрэглэсэн хэр нь төсөвт өртөгт нь багтааж барьсан талаар Үндэсний аудитын газрын дүгнэлтэд байгаа. Эвлэрэх саналыг олон удаа тавьж байна. 2020 онд Гандангийн барилгаас гадна өөр ажил олж чадаагүй. Ковид-19 цар тахал их нөлөөлсөн. Үүнээс шалтгаалан зээл төлөлтийг хүртэл хойшлуулсан байхад үүнд хамааруулж болдоггүй юм уу. Би барилгыг барьж дуусгахын тулд би 9 байр барьцаанд тавьсан. 2 байрыг нь эзэд нь өөрсдөө барьцаанаас чөлөөлөөд авсан. 6 дахь байр нь Ондилт компанид барьцаалсан эхнэрийн дүүгийн байр байгаа. 19 сая төгрөгийг хүү алдангид төлж байхаар би ядахдаа ээжийнхээ байрыг, эсхүл хүүгийн байрыг барьцаанаас чөлөөлмөөр байна. Бидний зүгээс хүн чанар сэтгэл гаргасан зүйл байгаа. Улс эх орныхоо төлөө бүтээн байгуулалт хийсэн. Үндсэн хууль, Иргэний хуульд биднийг хамгаалсан зүйл байна уу. Хөнгөлөлт чөлөөлөлт байдаг бол энэ талаас нь анхаарч үзэхийг хүсэж байна. 2020 оны 11 сараас хойш Үндэсний аудит, Соёлын яамны үүдийг сахиж байна. Төрөөс мөнгө авчихвал төлөх боломжтой. Биднээс шалтгаалахгүй олон бэрхшээл үүслээ эдгээрийг бодолцож үзнэ үү. Нэхэмжлэлд тооцоолол байгаагүй талаар маргаан байхгүй. Бараа материал 54,328,000 төгрөг, ажлын хөлс 22,160,000 төгрөг, нийт 76,488,000 төгрөгийн тооцооллыг урьдчилж зөвшөөрөөд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ажил гүйцэтгэгч өөрөөсөө материал гаргаж, гэрээний үнийн дүнгээ тохирсон, энэ талаар маргаангүй гэв.
Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* хариуцагч *******-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлсөнд 39,488,000 төгрөг, алдангид 19,744,000 төгрөг, нийт 59,232,000 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах тухай шаардлагаа багасгаж, ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлсөнд 39,488,000 төгрөг, алдангид 19,744,000 төгрөг, нийт 59,232,000 төгрөгийг гаргуулах шаардлагаа дэмжиж байна.
Хариуцагч тал бэлнээр мөнгө аваагүй, Монголын ард түмний төлөө том бүтээн байгуулалт хийсэн, төрөөс барьцаа мөнгөө авч чадахгүй байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэлийн алдангийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Зохигчдын хооронд 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр дээврийн материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд ажил гүйцэтгэгч тал Баянгол дүүрэг 16-р хороо Монголын бурхан шашны төв, гандантэгчэнлин хийдийн хашаанд 1080 лам хурах их цогчэн дуганы барилгын дээврийн ус тусгаарлалтын ажлыг 8 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх, захиалагч нь 76,488,000 төгрөг төлөхтэй холбогдсон харилцаа үүссэн байна.
Зохигчдын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Гэрээ ёсоор ажил гүйцэтгэгч 2019 оны 8 сарын 24-ний өдрөөс эхлэн 8 хоногийг хугацаанд тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөн болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримт, сэтгүүл зэргээр хангалттай тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.
Гэрээгээр дээврийн ажлыг хийж гүйцэтгэх материалын үнэ, ажлын хөлсийг 76,488,000 төгрөг байхаар тохиролцсон байх ба захиалагч талын урьдчилгаанд төлсөн 37,000,000 төгрөгийг хасахад 39,488,000 төгрөг төлөхөөр байх бөгөөд нэхэмжлэгчийн ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 39,488,000 төгрөг нэхэмжилж байгааг хариуцагч төлөх үүрэгтэй байна
Зохигчид хийсэн ажил болон урьдчилгаа төлбөрийн дүнгийн талаар маргаагүй.
Хариуцагч тал алдангийг татгалзаж буй үндэслэлээ ... амин хувьдаа ашиглаагүй, бэлнээр мөнгө аваагүй, Монголын түүх, шашин, соёл, аялал жуулчлалын том төвд зориулсан, Ковид цар тахлын улмаас компани орлогогүй байсан... гэж тайлбарлаж байна.
Их цогчэн дуганы барилгыг 2019 оны 11 сарын 13-нд улсын комисс хүлээн авснаас хойш гандан тэгчинлэн хийд ашиглаж, өмчилж байгааг Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3-т зааснаар ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.
Зохигчид гэрээний 8.3-т нийт төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлөхөөр тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т нийцсэн байх ба гэрээний 4.3-т 2019 оны 11 сарын 29-ний дотор төлбөрийг бүрэн төлөхөөр тохиролцсон байна.
Хариуцагч тал 39,488,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч тал 2019.11.30-ны өдрөөс 2020.08.30-ны өдрийг хүртэл 270 хоногт 39,488,000*0.5%*270 хоног=53,308,800 төгрөг болсныг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн 19,744,000 төгрөг нэхэмжилсэн нь хууль болон гэрээнд нийцэж байна.
Харин дэлхий нийтэд тархсан Ковид-19 буюу шинэ төрлийн коронавирус гэх цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улс даяар 3-4 удаа хөл хорио тогтоосон нийтэд илэрхий үйл баримтыг харгалзан нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг 50 хувиар багасгаж, 9,872,000 төгрөгийг гаргуулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэг болон хэргийн нөхцөл байдалд нийцнэ гэж үзлээ.
Иймд хариуцагч *******-иас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 39,488,000 төгрөг, алдангид 9,872,000 төгрөг, нийт 49,360,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч*******-д олгож, алдангид нэхэмжилсэн 9,872,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
2021 оны 01 сарын 19-ний өдөр талууд 42,488,000 төгрөгийг төлөх, хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ц.Батмөнхийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо 1-р хороолол, 12-р байрны 35 тоот 3 өрөө орон сууцаар үүргийг хангуулахаар эвлэрснийг шүүх Иргэний хуульд нийцээгүй, М.Ууганмөнхийн эрх ашигт нийцээгүй үндэслэлээр эвлэрлийн гэрээг батлаагүй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-иас 49,360,000 /дөчин есөн сая гурван зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч*******-д олгож, 9,872,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 524,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 404,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч*******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ