Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2021/00923

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Бөмбөгөр сумын 4-р багт оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо 53-111 тоотод оршин суух, Мөнх-Эрдэнэ овогтой Амарболд /РД:ВИ94030710/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймаг, Хүрээ марал сумын 4-р багт оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол 407-р байрны 79 тоотод оршин суух, Дэмид овогтой Цэрэнчимэд /РД:ВР93101217/-д холбогдох,

10,128,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

12,800,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Амарболд, хариуцагч Д.Цэрэнчимэд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Амарболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хүрээ марал сум, Цорж 4-р багт оршин суух Д.Цэрэнчимэдээс 2018 оны 10 дугаар сард Доосан /DOOSAN/ М-55 маркийн экскаваторыг нийт 36,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа төлбөр болох 5,000,000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Дэмид овогтой Амарзаяа гэх хүний Хаан банкны 5240062240 тоот дансанд шилжүүлсэн. Миний бие нь тус Доосан М-55 маркийн экскаваторыг өөрийн эзэмшилд авч, 928,000 төгрөгийн сэлбэг хэрэгсэл авч цэнхэр насосанд ээлж хийлгэсэн, уг засвар үйлчилгээний ажлын хөлсөнд 200,000 төгрөгийг төлсөн болно. Мөн базагчны шаланкуудыг шинээр сольж, ажиллагаанд оруулсан. Тус тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийлгэн ажилд гарахад бэлтгэж, нөхөрлөл байгуулах, ажиллах зөвшөөрөл хөөцөлдсөөр 2019 оны 07 сарын 03-ны өдөр дахин Дэмидийн Цэрэнчимэдийн 5240035250 тоот Хаан банкны дансанд 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл тус экскаваторыг Д.Цэрэнчимэд нь надаас буцаан авч миний шилжүүлсэн 9,000,000 төгрөгийг надад буцаан өгөхөөр болсон. Д.Цэрэнчимэдээс 9,000,000 сая төгрөгөө нэхэхэд, одоогоор боломж байхгүй 2019 оны 11 дүгээр сард мөнгөтэй болохоор 9,000,000 төгрөгийг чинь буцаан өгнө гэж надад хэлсэн. Би тус Доосан М-55 маркийн экскаваторыг өөрийн зардлаар Баянхонгор аймгаас Улаанбаатар хот уруу машин хөлсөлж тээвэрлэн Д.Цэрэнчимэдийн зааж өгсөн газар болох хуучин 22-ын товчооны ойролцоох том оврын тээврийн хэрэгсэл зогсдог хашаанд хүргэж өгсөн. Гэтэл өдийг хүртэл хугацаанд мөнгө авч чадахгүй, тохиролцоонд хүрэхгүйгээр барахгүй, надад 9,000,000 төгрөгийг өгөхгүй, хууль шүүхийн байгууллагаар шийдвэрлүүл гэсэн тул Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахаас өөр аргагүй болсон. Иймд Д.Цэрэнчимэдэд өгсөн 9,000,000 төгрөг, экскаваторт хийсэн засвар үйлчилгээ хийлгэсэн төлбөр болох 1,128,000 төгрөг, нийт 10,128,000 төгрөгийг Д.Цэрэнчимэдээс гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү.

Экскаваторыг буцааж авснаа хойш надад ямар нэгэн эвдрэлтэй байгаа талаар гомдол ирээгүй. Мөнгийг өгнө гэдэг хариу хэлдэг байсан. Экскаваторыг анх авахад насос эвдэрсэн байсан тул засвар үйлчилгээний хийсэн. Түүнд зориулсан зардал 1,128,000 төгрөг гэв.

Хариуцагч Д.Цэрэнчимэд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний зүгээс 2018 оны 09 дүгээр сард амаар тохирч М.Амарболд болон М.Ариунболд нартай дээрх экскаваторыг алтны хуурай аргын төхөөрөмжийн хамт зарсан болно. Тухайн үед бидний зүгээс 2 сарын хугацаанд төлбөрийг бүрэн төлж урьдчилгаа төлөлгүй зээлээр худалдсан болно. Гэвч М.Амарболд нь 5.000.000 төгрөгийг төлсөн хэдий ч үлдэгдэл төлбөрөө огт төлөхгүй байсан бөгөөд миний бие арга ядан 1 жилийн дараа очин экскаваторыг буцаан авсан болно. Энэ хугацаанд экскаваторыг ашиглах явцад ихээхэн хэмжээний хохирол учруулж миний зүгээс нийт 6.300.000 төгрөгийн сэлбэг худалдан авч, 1.000.000 төгрөгөөр бүтэн будганд оруулж засвар хийсэн болно. Бодит байдал дээр би хохирсон бөгөөд одоог хүртэл алтны хуурай аргын төхөөрөмж болон экскаваторын дагалдах тоног базагчийг буцаан аваагүй, мөн М.Амарболдын төлбөр төлөөгүй 1 жилийн хугацаанд өөр хүнд түрээсэлсэн бол сард 7,000,000 төгрөгийн ашиг олох боломжтой байсан болно.

Би 2018-07-01-ний өдөр Түвшинжаргал гэдэг хүнээс орж ирсэн экскаваторыг авсан. Экскаваторыг аваад би 20,000,000 төгрөгийн ажил хийсэн. Үүнийг М.Амарболдын хамаатан экскаваторын оператор Гантогтох гэдэг залуу мэднэ. 2018 оны 09 сарын эхээр М.Амарболдын хашаанд экскаваторыг хүргэж өгөхөд Төмөрбаатар болон М.Амарболдын ээж Мөнхжаргал нар хүлээж авсан. Тэр үед би М.Амарболдын дүү охинтой гэр бүл байсан тул итгээд өгсөн. Би анх худалдаж авахдаа 2 сарын хугацаатай зээлээр 37,000,000 төгрөгөөр худалдан авсан. Би тохирсноороо төлбөрөө төлсөн. М.Амарболдын ах Ариунболд гэдэг хүн төлбөрийг 2 сарын хугацаанд төлнө гэж хэлээд авсан. Төлбөртөө ямаа өгнө гэж хэлэхэд нь би авъя гэсэн өгөөгүй. Би Хова машин худалдаж авах гэж байгаа юм миний мөнгийг өгөөч гэж хэлсэн. 2019 оны цагаан сараар гэрт нь очиход цэнхэр өнгийн приус 20 байгаа өгье гэхэд нь би авъя гэсэн. 2019 оны 6 сараас эхлээд Ариунболд, Ариунгэрэл утсаа авахаа больсон. Би аргаа бараад ажлаа хаяад Бөмбөгөр сум орж өөрийнхөө экскаваторыг хайсан. М.Амарболд Дорноговь уруу авч яваад алт олборлоод зөндөө мөнгө олсон. Надад мөнгө оллоо гэж утсаар хэлээд миний эгч Амарзаяагийн данс уруу 5,000,000 төгрөг шилжүүлсэн. Экскаваторыг анх хүлээлгэж өгөхөд цэнхэр насос гэдэг зүйл эвдрээгүй байсан. Орж ирсэн дөнгөж 2 сар ашигласан. Унаж байсан хүмүүс нь мэдэж байгаа. Би экскаваторыг өөрөө авч ажиллуулсан бол багадаа 3-5 сая төгрөг олох байсан. Миний мөнгө олох боломжуудыг бүгдийг нь үгүй хийсэн. Ариунболд утсаа авахаа больсон. Ариунгэрэл уруу залгахад утсаа аваад шүүхэд өг, хохь чинь надад ямар хамаатай юм, чаддаг юм бол экскаватороо олоод аваарай гэж хэлсэн. Би экскаватороо авсан. М.Амарболд над руу залгаад 10,000,000 төгрөг төлье буцаагаад авъя гэхээр нь би үлдэгдэл төлбөрөө төлөөд авч болно гэж хэлэхэд үгүй гэсэн. Би ажилтай байхад над уруу залгаад экскаваторыг аваад ирлээ хаана буулгах уу гэж асуусан би 22 товчоонд буулгачих гэж хэлсэн.М.Ариунболдын ах Лхагважав над уруу залгаад чи 5,000,000 төгрөг өгөх ёстой түүнийгээ өг гэж хэлсэн ямар гэж асуухад экскаваторт өгсөн мөнгө гэж хэлсэн. Би экскаватороо эвдүүлээд, бүтэн жилийн хөдөлмөрөөр хохирсон. Би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Цэнхэр насос эвдэрсэнд итгэхгүй байна. Экскаваторын шанагыг тойруулж бэхэлгээ хийсэн, бүдүүн шаланк хөлөрсөн байсныг сольсон байсан. Тэр үед надтай хамт ажил хийж байсан ижил нэртэй Цэрэнчимэд гэдэг найз маань экскаваторыг худалдаж авах санал тавьж байсан. Экскаватор гэдэг бол 4 сараас 10 сар хүртэл ажилладаг зүйл, ээж нь хүүхдүүд нь төлбөрийг төлж чадахгүй бол би мөнгийг өгнө гэж хэлж анх авсан. Анх М.Амарболдын хашаанд экскаваторыг хүргэж өгөхдөө Гантогтох гэдэг хүнтэй цуг хүргэж өгсөн. Иймд миний зүгээс миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч Д.Цэрэнчимэд шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Амарболдтой тохирсны дагуу экскаваторыг М.Амарболдын эзэмшил ашиглалтад бүрэн шилжүүлсэн. М.Амарболд төлбөрийг төлөхгүй байсан бөгөөд 2019 оны 9 сард миний экскаваторыг Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 22-ын товчооны ойролцоох том оврын ачааны машин зарж борлуулдаг газарт эвдэрхий байдалтайгаар үлдээсэн байсан болно. Миний бие тус экскаваторыг худалдахдаа бүрэн бүтэн, дагалдах хэрэгсэл болох зах зээлийн ханш нь 3,500,000 төгрөгийн үнэ бүхий алтны пункир, 1,500,000 төгрөгийн үнэ бүхий экскаваторын базагчийг дагалдуулж өгсөн боловч буцааж өгөөгүй болно. Мөн М.Амарболд нь миний экскаватороор Баянхонгор аймагт алтны уурхайд ажил хийж байсан бөгөөд ажиллах хугацаанд экскаваторын будаг арилсан байсан тул 1,500,000 төгрөгөөр миний бие бүтэн будаг хийлгүүлсэн. Экскаваторыг М.Амарболдоос буцааж аваад хүрд 2,800,000 төгрөг, моторын хойд талын таг 1,000,000 төгрөг, чиглүүлэгч 500,000 төгрөг стартер 420,000 төгрөг, асаалтын татах релей 60,000 төгрөг, пальц 200,000 төгрөг, буйл 5 ширхэг 200,000 төгрөг, катки 4 ширхэг 520,000 төгрөг, шүд 5 ширхгийг 20,000 төгрөгөөр 100,000 төгрөг, агаар шүүгч 50,000 төгрөг, оймсон холбоо 250,000 төгрөг, 2 шил 140,000 төгрөг, хуйлруулагч 60,000 төгрөг, нийт 6,300,000 төгрөг нэхэмжилж байна. Нийт 12,800,000 төгрөгийг нэхэмжилж байна. НӨАТ шивүүлсэн баримт байгаа баримтыг гаргаад өгч болно гэв.

Нэхэмжлэгч М.Амарболд сөрөг нэхэмжлэлд болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 10 сард иргэн Д.Цэрэнчимэдтэй Доосан /DOOSAN/ М-55 маркийн экскаваторыг Зээлээр худалдан авахаар амаар тохиролцсон. Анх хүлээн явах 3,4 анги цэнхэр насос эвдрэлтэй байсан тул засвар үйлчилгээ хийж, ажлынхаа бэлтгэл ажлыг базаах хугацаанд бичиг баримт хөөцөлдөж 2019 оны 06 сар хүртэл экскаваторыг ажиллуулаагүй. Улмаар 2019 оны 6 дугаар сараас 09 сар хүртэлх газрын бичиг баримт хөөцөлдөөд ажиллуулж эхлээгүй байтал Д.Цэрэнчимэд нь 2019 оны 09 дүгээр сард төлбөр бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр буцаан авахаар болсон. 2019 оны 09 сард буцаан өгөхөөр холбогдоход чиний 9,000,000 төгрөгийг чинь 11 сард өгнө гэж хэлэхэд нь түүний зааж өгсөн газар болох Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 22-н товчооны ойролцоох том оврын ачааны машин зарж борлуулдаг газарт буулгаж өгсөн. Тухайн үед тэр хашаанд байсан хүмүүс болон надтай байсан хүмүүс Доосан М-55 маркийн экскаваторыг ажиллаж байхыг бүгд харсан. Үүний дараагаар утсаар холбогдон экскаваторын төлбөрт төлсөн 9,000,000 төгрөг авья гэхэд 11 сард мөнгийг чинь бүрэн төлж барагдуулна гээд одоог хүрээд байна. Будаг хийлгүүлсэн үндэслэл гэх нь анх хүлээж авахад будаг муутай байсан болно. Мөн Экскаваторын хамт хүлээлгэн өгөөгүй гэх Цэнхэр насос нь экскаваторыг зөөвөрлөхөд зайлшгүй байх ёстой явах эд анги бөгөөд Цэнхэр насосгүйгээр авчрах боломжгүй юм. Түүнчлэн өгөөгүй гэх экскаваторын базагч нь шанага тогтоодог тэлэгчийг хэлдэг учир базагчгүйгээр экскаваторыг зөөвөрлөх боломжгүй. Гэтэл иргэн Д.Цэрэнчимэд нь тус шаардлагуудыг намайг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд шаардлага гаргаагүй, одоо нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

1 шил хагархай байсан 70,000 төгрөг, стартерний татах түлхүүр 60,000 төгрөгийг зөвшөөрч байна. Стартер эвдэрснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Стартер эвдэрсэн байсан бол экскаваторыг асааж чадахгүй, үндэслэлгүй. Хүрд эвдэрснийг хүлээн зөвшөөрөхгүй эргэх хөдөлгөөн хийдэг төхөөрөмж, машин дээр ачсан экскаваторыг буулгаж чадахгүй байх байсан. Тиймээс зөвшөөрөхгүй байна. Моторын таг анх цууралттай байсан нэмж цуурсан шинээр авч тавих хэмжээний эвдрээгүй төлбөрийг төлөхийг зөвшөөрөхгүй, чиглүүлэгч дугуй гинжээ эргүүлдэг, дугуй эвдэрсэн байсан бол экскаваторыг хашаанд байрлуулж чадахгүй байсан зөвшөөрөхгүй, будаг хийлгэсэн гэдэг нь анхнаасаа будаг муутай экскаватор байсан. Дахин будах эсэх нь хувь хүний асуудал тул хүлээн зөвшөөрөхгүй, базагч байсан базагчгүйгээр шанагийг тогтоох боломжгүй байдаг би огт оролдоогүй, ажиллуулж үзээгүй анх байснаар нь буцааж 22-ын товчооны хашаанд хүргэсэн. Шүдийг солиод удаагүй байсан хүлээн зөвшөөрөхгүй байна. Алтны бункер Бөмбөгөр суманд байгаа буцаагаад өгч болно. Анх авахад машинаас чирдэг чирэгч хугарсан байхад би засуулсан. Цахилгаан мотор анх байгаагүй би шинээр худалдаж авч байсан. Цэрэнчимэдтэй цуг ажилладаг найзад нь байгаа түүнээс аваарай гэхэд нь авахаар очиход байгаагүй. бункер 3,500,000 төгрөгт үнэлэгдэхгүй, худалдаж авахаар тохироогүй, худалдаж авсан бол 1,500,000 төгрөгт үнэлэгдэх байсан. Пальцийг солих шаардлагагүй, хуйлруулагч байсан, оймсон холбоо асуудалгүй байсан гэв.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, үзлэгийн тэмдэглэл, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч М.Амарболд хариуцагч Д.Цэрэнчимэдэд холбогдуулан урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 9,000,000 төгрөг, сэлбэгийн үнэд 1,128,000 төгрөг, нийт 10,128,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч тал төлбөрийг буцаан өгнө гэж хэлээгүй, бүрэн экскаватор өгсөн, сард 3-5 сая төгрөгийн орлого олох байсан боломжийг алдагдуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, сөрөг нэхэмжлэл гаргасан.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэн Д.Цэрэнчимэд 2018 оны 10 дугаар сард Доосан маркийн экскаваторыг 36,000,000 төгрөгөөр М.Амарболдод худалдах, М.Амарболд үнийг төлөхөөр тохиролцсон болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Талуудын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээний нөхцөлд тохирсон, хуульд нийцсэн худалдах, худалдан авах гэрээ байна.

Худалдагч тал 2018 оны 10 дугаар сард Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын төвд М.Амарболдын эх Мөнхжаргал болон хамт байсан н.Төмөрбаатар гэх хүнд экскаваторыг хүлээлгэн өгсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул худалдан авагч тал худалдан авсан хөрөнгөө хүлээн авсан гэж үзнэ.

Доосан маркийн экскаваторыг 36,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон, үүнээс М.Амарболд 2018.10.17-нд Д.Цэрэнчимэдийн төрсөн эгч Д.Амарзаяагийн Хаан банкны 5240062240 тоот дансаар 5,000,000 төгрөг, 2019.07.03-нд Д.Цэрэнчимэдийн Хаан банкны 5240035250 тоот дансаар 4,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбар, М.Амарболдын 5234027282 тоот дансны хуулга зэргээр тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй.

2018 оны 10 сараас 2019 оны 9 сар хүртэл худалдан авагч М.Амарболд экскаваторыг өөрийн эзэмшилдээ байлгасан, худалдагч Д.Цэрэнчимэдээс худалдан авагч М.Амарболдын нэр дээр Доосан маркийн экскаваторыг шилжүүлэн өгөөгүй, худалдан авагч М.Амарболд худалдах, худалдан авах гэрээний үүрэг 27,000,000 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

Уг нөхцөл байдлын улмаас худалдан авагч гэрээнээс татгалзсаныг худалдагч Д.Цэрэнчимэд хүлээн авч, экскаваторыг хүлээн авах газрыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг 22-ын товчооны орчим байрлах хашааг заан өгсний дагуу М.Амарболд экскаваторыг хүлээлгэн өгсөн болох нь зохигчийн тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

Дээр дурдсанаас болон хариуцагчийн экскаваторыг буцаан авахыг зөвшөөрөөд 22-ын товчооны хашааг зааж өгсөн, 7 хоногийн дараа уг хашаанаас авсан, 2020 оны 4 сард засвар хийгээд Хөвсгөл аймаг уруу зарсан гэх тайлбараас дүгнэвэл, худалдан авагч тал гэрээнээс татгалзсаныг худалдагч тал хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй, энэ нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д нийцсэн байна.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д заасан эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцлах саналыг худалдагч, худалдан авагчийн аль нэг гаргасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж байгааг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар экскаваторын үнэд төлсөн мөнгийг худалдан авагч М.Амарболд худалдагч Д.Цэрэнчимэдээс шаардах эрхтэй, Д.Цэрэнчимэд 9,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Хариуцагчийн мөнгийг нь буцааж өгнө гэж хэлээгүй гэх тайлбараар түүнийг гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагавраас чөлөөлөх үндэслэлгүй.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж заажээ.

Д.Цэрэнчимэдээс М.Амарболдод Доосан маркийн экскаваторыг хүлээлгэн өгөхөд цэнхэр насос эвдрэлтэй буюу доголдолтой байсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул цэнхэр насосын үнэ 928,000 төгрөг ажлын хөлс 200,000 төгрөг, нийт 1,128,000 төгрөгийг хариуцагчид хариуцуулах үндэслэлгүй.

Иймд хариуцагч Д.Цэрэнчимэдээс 9,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Амарболдод олгож, нэхэмжлэлээс 1,280,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 Сөрөг нэхэмжлэлийн талаар

Хариуцагч Д.Цэрэнчимэд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэгч М.Амарболдод холбогдуулан 3,500,000 төгрөгийн үнэ бүхий алтны пункир, 1,500,000 төгрөгийн үнэ бүхий экскаваторын базагч, экскаваторыг будуулсан засварт 1,500,000 төгрөг, экскаваторын хүрд 1 ширхэг 2,800,000 төгрөг, моторын хойд талын таг 1 ширхэг 1,000,000 төгрөг, чиглүүлэгч 1 ширхэг 500,000 төгрөг, стартер 1 ширхэг 420,000 төгрөг, асаалтын татах релей 1 ширхэг 60,000 төгрөг, пальц 4 ширхгийг 50,000 төгрөгөөр 200,000 төгрөг, буйл 5 ширхгийг 40,000 төгрөгөөр 200,000 төгрөг, катки 4 ширхгийг 130,000 төгрөгөөр 520,000 төгрөг, шүд 5 ширхгийг 20,000 төгрөгөөр 100,000 төгрөг, агаар шүүгч 1 ширхэг 50,000 төгрөг, хуйлруулагч 1 ширхэг 60,000 төгрөг, оймсон холбоо 1 ширхэг 250,000 төгрөг, шил 2 ширхэг 70,000 төгрөгөөр 140,000 төгрөг, нийт 12,800,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч тал 1 шил хагарсан 70,000 төгрөг, асаалтын татах релей эвдрэлтэй байсан 60,000 төгрөг, нийт 130,000 төгрөгийг зөвшөөрч, бусад эд анги эвдрэлгүй байсан, алтны пункир хулдан авахаар тохироогүй, Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд байгаа, экскаваторын будгийг муутгаагүй, базагч нь байсан гэх үндэслэлүүд зааж 12,670,000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Талуудын хооронд алтны пункирыг 3,500,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

Худалдан авагч тал гэрээнээс татгалзсаныг худалдагч тал хүлээн авсан болох нь дээр дурдсанаар тогтоогдсон ба М.Амарболдоос 2019 оны 9 сард Доосан маркийн экскаваторыг Д.Цэрэнчимэдэд хүлээлгэн өгөхдөө талууд баримтаар хүлээлцээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрөө баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч Д.Цэрэнчимэд нь экскаваторыг эвдрэлтэй байсан хэмээн сөрөг нэхэмжлэл гаргасан тул эвдрэлтэй байсныг нотлох үүрэгтэй.

Сөрөг нэхэмжлэлд дурдсанаар, экскаваторын базагч дутуу байсан, экскаваторын будаг муудсан, экскаваторын хүрд, моторын хойд талын таг, чиглүүлэгч, стартер, 4 ширхэг пальц, 5 ширхэг буйл, 4 ширхэг катки, 5 ширхэг шүд, агаар шүүгч, хуйлруулагч, оймсон холбоо, 1 ширхэг шил зэрэг нь эвдрэлтэйн улмаас засах шаардлагатай байсан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэх, үзлэгийн тэмдэглэлээр эргэлзээгүй тогтоогдохгүй байх тул М.Амарболдын зөвшөөрсөн 1 ширхэг шилний үнэ 70,000 төгрөг, асаалтын татах релейний үнэ 60,000 төгрөг, нийт 130,000 төгрөгийг М.Амарболдоос гаргуулж Д.Цэрэнчимэдэд олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 12,670,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

М.Амарболд алтны пункир Бөмбөгөр суманд байгаа гэж тайлбарлаж байх тул Д.Цэрэнчимэд нь алтны пункирээ М.Амарболдын эзэмшлээс гаргуулахаар нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэйг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Цэрэнчимэдээс 9,000,000 /есөн сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Амарболдод олгож, нэхэмжлэлээс 1,128,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийн хариуцагч М.Амарболдоос 130,000 /нэг зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч Д.Цэрэнчимэдэд олгож, сөрөг нэхэмжлэлээс 12,670,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 176,998 төгрөгийг Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн дансанд, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 219,750 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дансанд тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 18,048 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд оруулах, хариуцагч Д.Цэрэнчимэдээс 158,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Амарболдод олгох, сөрөг нэхэмжлэлийн хариуцагч М.Амарболдоос 4,550 төгрөгийг гаргуулж сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч Д.Цэрэнчимэдэд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ