| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 161/2020/0076/Э |
| Дугаар | 017 |
| Огноо | 2020-05-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Т |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 017
Д.Бт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/86 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Д.Бт холбогдох эрүүгийн 2013000650043 дугаартай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын дагуу 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, тус аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Т.Батсүх, шүүгдэгч Д.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Костёр нар оролцов.
Шүүгдэгч Ш овогт Д-ийн Б /РД:БЙ00000000/: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1997 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, ам бүл 1, Ө сумын 02 дугаар багт оршин суух, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,
урьд Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн хуулийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж, нийт эдлэх ялыг 4 сарын хугацаагаар тогтоож, уг баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэхээр тогтоосон,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж байсан ба Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 62 дугаартай захирамжаар ялтан Д.Б-ийг эдлээгүй үлдсэн 1 жил, 1 сар, 14 хоногийн хорих ялаас хугацаанаас нь өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоохоор шийдвэрлэж байсан, хэрэг хариуцах чадвартай.
Д.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-ны өдөрт шилжих шөнө Баян-Өлгий аймгийн А сумын 1 дүгээр багт байрлах М.К-ийн малын өвөлжөөнөөс 8 тооны хонь хулгайлан авч, иргэн Х.Жн цэнхэр өнгийн портер маркийн 19-53 БӨҮ Улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан аймгийн төвд хүргэж, бусдад худалдсан, 2020 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн шөнө 01 цаг 30 минутын үед А сумын 4 дүгээр багийн иргэн Ч.Нн хашаанд, гэрийн гадна тавьсан БНХАУ-д үйлдвэрлэсэн “Мустанг-5” маркийн улаан хүрэн өнгийн, Улсын дугааргүй мотоциклыг нууцаар, хууль бусаар хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/86 дугаар шийтгэх тогтоолоор Д.Б-ийг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 8 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 2 жил 8 сарын хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ХМШЗ/62 дугаартай захирамжаар шүүгдэгч Д.Бийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж эдлээгүй үлдсэн 1 жил, 1 сар, 14 хоногийн ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 8 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 жил, 9 сар, 14 хоногийн хорих ялаар тогтоож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/86 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жил 8 сарын хугацаатай хорих ялаар шийтгүүлсэн Д.Б-ийн өмгөөлөгч Т.Костёр би “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэх үндэслэлээр уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө А сумын 1 дүгээр багт байрлах М.Көбешийн өвөлжөөнөөс 8 хонь хулгайлан авч, иргэн Х.Жгийн цэнхэр өнгийн портер маркийн 12-53 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан аймгийн төвд хүргэн ирж бусдад худалдсан, 2020 оны 02 дугаар сарын 02-ны шөнө А сумын иргэн Ч.Нн хашаанд гэрийн гадна тавьсан Хятад улсад үйлдвэрлэсэн Мустанг-5 маркийн улаан хүрэн өнгийн мотоциклыг нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн билээ. Шүүгдэгч Д.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хурал дээр дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаагаа илэрхийлсэн. Хохирогч М.К, Ч.Ж нар болон иргэний нэхэмжлэгч З.Самалбекийг хохиролгүй болгож бүрэн төлсөн. Хохирогч М.Көбеш мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ шүүгдэгч Д.Бийн гаргасан үйлдэлд хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү гэсэн хүсэлтээ ч хэлсэн. Шүүгдэгч Д.Б нь үйлдсэн хэрэгтээ гэмшин буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч байгаа ба хохирогчид төлөх төлбөргүй зэрэг нь түүнд ял оноохдоо Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан ял хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлын 1.2 дугаарт заасан нөхцөл байдлыг бүрэн хангаж байгаа. Ахуй амьдралын хувьд ам бүл ганцаараа. Өөрийн гэх гэр оронгүй, өнчин өрөөсөн өссөн, мал хөрөнгөгүй. Нэн ядуу амьдралтай, харж хандах төрөл садангүй. Анхан шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн тул Ц. Бт эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар тогтоож өгөхөөр дүгнэлтээ гаргаж мэтгэлцсэн болно гэж миний хэлээгүй зүйлийг хэлсэн болгон буруу бичжээ. Би шүүгдэгч Д.Бт мотоцикл хулгайлсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-ээр 6 сарын хорих ял, 8 хонь хулгайлсан үйлдэл дээр нь 17.12 дугаар зүйлийн 1-ээр 1 жилийн хорих ял оноохыг хүсээд эдлээгүй ялыг энэ ял дээр нь нэмнэ биз дээ гэж хэлсэн. Улсын яллагч Д.Бт мотоцикл хулгайлсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-ээр 2 жилийн хорих ял, 8 хонь хулгайлсан үйлдэл дээр нь 17.12 дугаар зүйлийн 1-ээр 1 жилийн хорих ял, нэмж нэгтгээд 3 жилийн хугацаагаар хорих ял оноох санал гаргасан байхад би юу боллоо гэж түүнээс илүү ял оноохыг хүсэх вэ. Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж буруу дүгнэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илэрхий дордуулсан байна. Дээрх байдлууд дээр дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Д.Б нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан ял хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлын 1.2-т заасан нөхцөл байдлыг бүрэн хангаж байхад 2 жил 8 сараас бага ял оногдуулах бүрэн боломжтой байсан. Гэвч анхан шатны шүүх дээрх байдлуудыг харгалзан үзэлгүйгээр зөвхөн яллах талыг баримтлан ял оногдуулж шүүгдэгч Д.Бийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх боломжтой, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Иймд шүүгдэгч Д.Бийн хэргийн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан түүнд оногдуулсан 2 жил 8 сарын хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү.” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгчийн гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн зарим заалт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-ны өдөрт шилжих шөнө Баян-Өлгий аймгийн А сумын 1 дүгээр багт байрлах М.К-ийн малын өвөлжөөнөөс 8 хонь хулгайлан, иргэн Х.Жн Портер маркийн 19-53 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан аймгийн төвд хүргэж бусдад худалдсан, 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шөнө мөн сумын 4 дүгээр багийн иргэн Ч.Нн хашаанд, гэрийн гадна тавьсан “Мустанг-5” маркийн улаан хүрэн өнгийн, улсын дугааргүй мотоциклыг нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн нотлогджээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Бийн дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан гэж үзэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн нотлох баримтуудаар тогтоогдсон нөхцөл байдал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Иймээс шүүгдэгч Д.Бийг шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жил найман сарын хугацаагаар, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж, шүүгдэгч Д.Бийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж, эдлээгүй үлдсэн нэг жил, нэг сар, арван дөрвөн хоногийн хорих ялыг уг шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялтай нэмж нэгтгэн, шүүгдэгчийн нийт эдлэх хорих ялын хугацааг гурван жил, есөн сар, арван дөрвөн хоногоор тогтоосон нь хууль ёсны байх зарчимд нийцжээ. Түүнчлэн шүүх Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхдээ мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөв тайлбарласан байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн “... шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн тул Ц. Бт эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар тогтоож өгөхөөр дүгнэлтээ гаргаж мэтгэлцсэн болно гэж миний хэлээгүй зүйлийг буруу бичсэн”, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж буруу дүгнэсэн” гэж давж заалдах гомдол гаргасныг анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, прокурорын яллах дүгнэлтийн хавсралттай харьцуулан судалбал, үндэслэлтэй боловч анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жил, найман сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, хуульд заасан журмаар нэмж нэгтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчим хангагдсан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэн, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан , Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангуулж, тогтоох хэсгийн 4 дэх заалтын “биечлэн эдлэх” гэсний дараах “хорих” гэснийг “ялыг” гэж өөрчилж, “14 хоногийн” гэсний дараа “хугацаагаар” гэсэн нэмэлт оруулж өөрчлөн найрууллаа.
Энэ хэргийн улмаас шүүгдэгч Д.Бийн цагдан хоригдсон 98 хоногийн хугацааг хуульд зааснаар түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЗ/86 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 4 дэх заалтын “биечлэн эдлэх” гэсний дараах “хорих” гэснийг “ялыг” гэж өөрчилж, “14 хоногийн” гэсний дараа “хугацаагаар” гэсэн нэмэлт оруулж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний 98 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД Н.ТУЯА
Д.КӨБЕШ