| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Сувдмаа |
| Хэргийн индекс | 111/2020/0024/З |
| Дугаар | 111/ШШ2021/0025 |
| Огноо | 2021-11-18 |
| Маргааны төрөл | Тендер, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 111/ШШ2021/0025
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Сувдмаа даргалж, шүүгч Ч.Оюунсайхан, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Нэргүй нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Уран хаш Баянхонгор ХХК,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын Тамгын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтэст тус тус холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 5/1260, Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1а/542 дугаар албан бичгүүдийг тус тус хүчингүй болгуулах, Уран хаш Баянхонгор ХХК-тай Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар сургуулийн барилгын дулаанаар хангах гэрээ байгуулахыг аймгийн Засаг даргад даалгах захиргааны хэргийг ерөнхий шүүгч Ц.Сувдмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Золбоо, Б.Анхбаяр нар цахимаар, хариуцагч Аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Зүүн шанд ХХК-ийн захирал Л.Пүрэвсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Должинсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Уран хаш Баянхонгор ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь 1996 онд байгуулагдсан бөгөөд уур үйлдвэрлэл, халуун ус хангамжийн үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн.
Баянхонгор аймгийн Засаг даргаас зарласан 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Баянхонгор сумын 5 дугаар сургуулийн барилгын дулаан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендерийн урилгын дагуу бид баримт бичгээ бүрдүүлэн оролцсон.
Аймгийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1а/513 дугаартай албан бичгээр ...сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн хуралдааны шийдвэр, зөвлөмжийн дагуу ... хамгийн сайн үнэлэгдсэн гэж үзэж гэрээ байгуулах эрх олгож байна. гэж мэдэгдсэн.
Бид тендерт оролцохдоо захиалагчийн тавьсан шаардлагыг бүрэн биелүүлж, үүний дотор орон нутагт хандив өгөх саналыг хүргүүлсэн. Үүнээс хойш ажлаа эхлүүлэн уурын зуух барихад шаардагдах уурын тогоо, шугам зэрэг материалуудаа бүрэн бэлдэж, барилга угсрах ажлаа эхлүүлэх шатандаа явж байсан.
Гэтэл аймгийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 5/1260 дугаартай албан бичгээр ...ажлын 5 хоногийн дотор хандивыг тушаагаагүй тохиолдолд гэрээ хийгдэхгүй... танай компанитай гэрээ байгуулахгүй болохыг мэдэгдэж байна. гэсэн.
Нэгэнт сонгон шалгаруулалтад шалгарч, гэрээ байгуулах эрх олгогдсон байхад дээрх байдлаар хууль бус шаардлага, үндэслэлээр гэрээ байгуулахгүй гэж мэдэгдсэн нь хуулийн үндэслэлгүй болсон. Учир нь шалгарч, гэрээ байгуулах эрх олгогдсон тендерээс татгалзах цөөн нөхцөлийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т Хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулахаас татгалзсан, эсхүл энэ хуулийн 20.7.2-т заасан нөхцөл үүссэн бол түүнд олгосон гэрээ байгуулах эрхийг захиалагч хүчингүй болгож, удаахи хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд ийм оролцогч байхгүй бол 30.4-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана., 20.5-д Тендерийн баталгаа шаардсан нөхцөлд түүнийг ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн тендерийн баталгаа нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй бол захиалагч тухайн тендерээс татгалзана. гэж заасан бөгөөд эдгээрийн аль ч нөхцөл байдал энд үүсээгүй болно.
Түүнчлэн бид шалгаруулалтын баримт бичигтээ санал болгосон хандиваа өгөхгүй гэж татгалзаагүй, нөхцөл байдлыг харгалзан баримтад хавсарган өгсөн хуваарийн дагуу өгөх хүсэлтээ илэрхийлсэн боловч аймгийн Засаг дарга хүлээж аваагүй, бүрмөсөн гэрээ байгуулахгүй гэсэн хариу өгсөнд гомдолтой байна.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж зааснаар Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 5/1260 дугаар албан бичгээр Баянхонгор аймгийн 5 дугаар сургуулийг дулаанаар хангах ажлын гэрээг байгуулахгүй болохыг мэдэгдсэн байна.
Энэ нь дээр заасан захиргааны актын шинжийг агуулсан захирамжилсан, эрх зүйн үр дагаврыг үүсгэсэн шийдвэр байна.
Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д тус тус зааснаар шүүхийн өмнөх урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийлгэж Сангийн яамны 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 61/6515 дугаар албан бичгээр гомдлыг хүлээн авах боломжгүй тухай мэдэгдснийг бид 2020 оны 10 сарын 19-ний өдөр хүлээн авсан болно.
Иймд Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 5/1260 дугаартай албан бичгийг хүчингүй болгож, ажлыг цаашид үргэлжлүүлэн явуулах боломж олгож, гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү. гэжээ.
Уран хаш Баянхонгор ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага ихэсгэхдээ: Уран хаш Баянхонгор ХХК-ийн нэхэмжлэлээр Баянхонгор аймгийн Засаг дарга, аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргад холбогдуулан захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон ирүүлсэн нотлох баримтуудад аймгийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1а/542 дугаартай албан бичгээр Зүүн шанд ХХК-д ажлыг хийж гүйцэтгэх эрх олгосон гэжээ.
Иймд хариуцагч түүнээс өөрөөр ямар нэгэн шийдвэр захирамж гаргаагүй гэж мэдэгдсэн, тухайн албан бичиг нь Зүүн шанд ХХК-д ажил гүйцэтгэх эрхийг олгож, эрх зүйн үр дагавар үүсгэсэн байх тул маргаантай асуудлыг нэг мөр шийдвэрлүүлэх үүднээс нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар нэмэгдүүлж байна. Нэхэмжлэлийн хуулийн үндэслэл өмнөхтэй ижил болно.
Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 5/1260, 2020 оны 9 дүгээр сарын 18-ныөдрийн 1а/542 дугаартай албан бичгүүдийг тус тус хүчингүй болгож, Тус компанитай Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар сургуулийн барил гын дулаанаар хангах гэрээ байгуулахыг аймгийн Засаг даргад даалгах. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр, Ө.Золбоо нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Уран хаш Баянхонгор ХХК нь 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 5 дугаар сургуулийн дулаанаар хангах аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах тендерт оролцсон. Удирдамжид заасны дагуу баримт бичгээ бүрдүүлж өгсөн байдаг. 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Засаг даргаас манай компанид гэрээ байгуулах эрх олгосон гэх утга бүхий албан бичгийг ирүүлсэн. Гэрээ байгуулах мэдэгдлийн дагуу манай компани дулааны үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажлаа хангаад явж байхад 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Засаг даргаас хандиваа өгөөгүй учир гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгосон гэх утга бүхий албан бичиг ирүүлсэн байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар гэрээ байгуулахаар шалгарч хамгийн сайн гэх үнэлгээг авч гэрээ байгуулах эрх олгосон аж ахуй нэгжээс гэрээг байгуулахаас татгалзах 2 үндэслэлийг тусгаж өгсөн байдаг. Үүнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт ...Хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулахаас татгалзсан, эсхүл энэ хуулийн 20.7.2-т заасан нөхцөл үүссэн бол түүнд олгосон гэрээ байгуулах эрхийг захиалагч хүчингүй болгож, удаах хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд ийм оролцогч байхгүй бол 30.3-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана гэсэн заалт байдаг. Эдгээр 2 үндэслэлийн аль аль нь хангагдаагүй байхад гэрээг байгуулахаас татгалзсан үйлдэл нь хууль бус гэж үзсэн. Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 5/1260 дугаартай албан бичиг, мөн 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1а/542 дугаар албан бичиг тус тус хүчингүй болгож Уран хаш Баянхонгор ХХК-тай гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уран хаш Баянхонгор ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан миний бие оролцож байгаа бөгөөд нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар сургуулийн барилгыг дулаанаар хангах үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалтыг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулж Уран хаш Баянхонгор ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн сонгон шалгаруулалт гэж үзэж 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1а/513 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэн.
Хүйтний улирал эхэлж газар шорооны ажил хийх хугацаа бага байсан тул 5 дугаар сургуулийг дулаанаар хангах ажлыг яаралтай хийх бодит нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор гэрээ байгуулах эрх олгох хугацааг дээрх албан бичигт зааж өгсөн.
Гэтэл тус компани нь албан бичигт заасан хугацааг 8 хоногоор хэтрүүлсэн Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг орлон гүйцэтгэгч Г.Цэдэндамбаагийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 5/1260 дугаар албан бичгээр гэрээ байгуулахгүй талаарх мэдэгдлийг хүргүүлсэн.
Улмаар сонгон шалгаруулалтад оролцсон дараагийн компани болох Зүүн шанд ХХК-д эрх олгож гэрээ байгуулан тус ажлын гүйцэтгэл дуусгавар болсон байна.
Дээрх сонгон шалгаруулалт нь эрх олгох сонгон шалгаруулалт байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах тухай хуулийн 7.1-т Захиалагч бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа дор дурдсан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулна. 7.1.1-д нээлттэй тендер шалгаруулалтын журам; 7.1.2-т тендер шалгаруулалтын онцгой журам; 7.1.3-т зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журам, 7.1.4-т олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журам." гэж зааснаар тус хуулиар зохицуулагдах асуудалд хамаарахгүй юм.
Өөрөөр хэлбэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2017 оны Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай 53 дугаар тушаалаар батлагдсан журмыг жишиг болгон сонгон шалгаруулахад тавигдах шаардлагыг боловсруулж, ирүүлсэн материалыг хүлээн авах, нээх, дүгнэх, гэрээ байгуулах, эрх олгох, мэдэгдэл хүргүүлэх ажиллагааг зохион байгуулж ажилласан.
Уран хаш Баянхонгор ХХК нь сонгон шалгаруулалтад шалгарч гэрээ байгуулах эрх олгох талаар албан бичгийг гардан авснаас хойш заасан хугацаанд /5 хоног/ ямар нэгэн байдлаар гэрээ байгуулах хугацааг хойшлуулах талаар хүсэлтийг амаар болон бичгээр ирүүлээгүй тул албан бичигт заасан хугацаанд гэрээ байгуулж эрх олгохыг зөвшөөрч байна гэж үзсэн.
Тендерийн гол онцлог нь аймаг орон нутагт хамгийн өндөр үнийн санал хүргүүлсэн аж ахуй нэгжтэй хамтран ажиллах байсан.
Хуульд зааснаар бол техникийн нөхцөлөө өгсөн аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах ёстой байдаг. Барилга баригдаж байх үед Зүүн шанд ХХК нь техникийн нөхцөлийг өгсөн. Гэтэл өмнөх Баянхонгор аймгийн Засаг дарга 2020 оны 06 дугаар сард Уран хаш Баянхонгор ХХК-д зөвшөөрөл олгосон албан бичиг хүргүүлсэн байдаг. Ингээд хоёр аж ахуйн нэгжийн хооронд маргаан үүссэн учир энэ маргааныг таслах шаардлага гарсан тул сонгон шалгаруулалтыг зарлан явуулсан.
Сонгон шалгаруулалтад хоёр аж ахуйн нэгж оролцож нэг нь 200.000.000 төгрөг, нөгөө нь 201.600.000 төгрөгийн үнийн саналыг хүргүүлсэн. Ингээд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн Уран хаш Баянхонгор ХХК-д гэрээ байгуулах мэдэгдлийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүргүүлсэн байдаг. Тухайн үед бид 5 дугаар сургуулийн дулаанаар хангах асуудлыг 11 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд шийдвэрлэсэн байх шаардлага үүсээд байсан учир цаг хугацааны хувьд давчуу байсан. Гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлснээс хойш Уран хаш Баянхонгор ХХК нь гэрээ байгуулах нөхцөл болох хандивын мөнгөө төрийн дансанд байршуулахгүй удаж учрыг тодруулахад зээл авахаар хөөцөлдөж байна гэсэн талбар өгсөн. Тухайн үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарлаж байгаа шиг үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажлаа хангаж байсан зүйл байгаагүй. Аймгийн удирдлагын зүгээс танил талдаа албан бичгээр өгөх гэж байсан зүйлийг таслан зогсоож, аймаг орон нутагтаа 200,000,000 төгрөгийн хандив оруулсан, аж ахуйн нэгж нь өөрсдийн мөнгөөр уурын зуухаа барьж, дулааны үйл ажиллагаа эхэлсэн байгаа. Уран хаш Баянхонгор ХХК хувьд санхүүгийн чадвар байхгүй байж тендерт оролцсон нь 5 дугаар арван жилийг дулаанаар хангах үйл явц хойшлогдсонтой холбоотой аймаг орон нутаг хохирсон. Мөн барилгын ажлыг гүйцэтгэгч компани нь барилгаа цаг хугацаанд нь хүлээлгэж өгөөгүй гэсэн асуудлаар авилагтай тэмцэх шалгагдаж байна. Энэ барилгын үйл явц удааширсан асуудлыг гүйцэтгэгч компани тайлбарлахдаа дулаанаар хангах асуудалтай холбон тайлбарладаг гэв.
Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д Захиргааны актад тухайн захиргааны актыг гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана., 40.2-т Захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах; гэж тус тус заасны дагуу бодит нөхцөл байдал /хүйтний улирал эхэлж байгаа тул 5 дугаар сургуулийг дулаанаар хангах ажлыг эрчимжүүлэх/-ыг 5/1260 дугаартай албан бичигт тухайлан заасан, 48.2.3-т Захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр Уран хаш Баянхонгор ХХК-д эрх олгох гэрээ байгуулах мэдэгдлийг /1а/513 дугаар албан бичиг/ хүчингүй болгосон.
Иймд Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Цэдэндамбаагийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 5/1260 дугаар албан бичиг нь үндэслэлтэй байх тул Уран хаш Баянхонгор ХХК-ны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Хамтран хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар сургуулийн барилгыг дулаанаар хангах үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалтыг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулж Уран хаш Баянхонгор ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн сонгон шалгаруулалт гэж үзэж 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1а/513 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэн. Ингэхдээ хүйтний улирал эхэлж газар шорооны ажил хийх хугацаа бага байсан тул 5 дугаар сургуулийг дулаанаар хангах ажлыг яаралтай хийх бодит нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор гэрээ байгуулах эрх олгох хугацааг дээрх албан бичигт зааж өгсөн.
Гэтэл тус компани нь албан бичигт заасан хугацааг 8 хоногоор хэтрүүлсэн. Миний бие 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 5/1260 дугаар албан бичгээр гэрээ байгуулахгүй талаарх мэдэгдлийг хүргүүлсэн.
Улмаар сонгон шалгаруулалтад оролцсон дараагийн компани болох Зүүн шанд ХХК-д эрх олгож гэрээ байгуулан тус ажлын гүйцэтгэл дуусгавар болсон байна.
Дээрх сонгон шалгаруулалт нь эрх олгох сонгон шалгаруулалт байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах тухай хуулийн 7.1-т Захиалагч бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа дор дурдсан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулна. 7.1.1-д нээлттэй тендер шалгаруулалтын журам; 7.1.2-т тендер шалгаруулалтын онцгой журам; 7.1.3-т зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журам, 7.1.4-т олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журам гэж зааснаар тус хуулиар зохицуулагдах асуудалд хамаарахгүй юм.
Өөрөөр хэлбэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2017 оны Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай 53 дугаар тушаалаар батлагдсан журмыг жишиг болгон сонгон шалгаруулахад тавигдах шаардлагыг боловсруулж, ирүүлсэн материалыг хүлээн авах, нээх, дүгнэх, гэрээ байгуулах, эрх олгох, мэдэгдэл хүргүүлэх ажиллагааг зохион байгуулж ажилласан.
"Уран хаш Баянхонгор ХХК нь сонгон шалгаруулалтад шалгарч гэрээ байгуулах эрх олгох талаар албан бичгийг гардан авснаас хойш /5 хоног/ заасан хугацаанд ямар нэгэн байдлаар гэрээ байгуулах хугацааг хойшлуулах талаар хүсэлтийг амаар болон бичгээр ирүүлээгүй тул албан бичигт заасан хугацаанд гэрээ байгуулж эрх олгохыг зөвшөөрч байна гэж үзсэн.
Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д Захиргааны актад тухайн захиргааны актыг гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана., 40.2-т Захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах; гэж тус тус заасны дагуу бодит нөхцөл байдал /хүйтний улирал эхэлж байгаа тул 5 дугаар сургуулийг дулаанаар хангах ажлыг эрчимжүүлэх/-ыг 5/1260 дугаартай албан бичигт тухайлан заасан, 48.2.3-т Захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр Уран хаш Баянхонгор ХХК-д эрх олгох гэрээ байгуулах мэдэгдлийг 1а/513 дугаар албан бичиг/ хүчингүй болгосон.
Иймд миний 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 5/1260 дугаар албан бичиг нь үндэслэлтэй байх тул Уран хаш Баянхонгор ХХК-ний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.
Гуравдагч этгээд Зүүн шанд ХХК-ийн захирал Л.Пүрэвсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани 5 дугаар сургуулийн барилгыг дулаанаар хангах аж ахуй нэгжийг сонгон шалгаруулалтаар сонгох нь зүйтэй. Сонгон шалгаруулалтад тавигдах ерөнхий шаардлага нь зөв. Шударгаар өрсөлдөх боломж олгосон гэж үзэж сонгон шалгаруулалтад оролцох болсон. Шалтгаан нь манай компани 2013 онд дулаанаар хангах техникийн нөхцөл олгосон. Тавигдах шаардлагыг 100 хувь хангаж байсан учир оролцсон. Сонгон шалгаруулалтад оролцсон Б.Бүрэнжаргал эхний удаа сонгон шалгаруулалтад шалгарсан тухай мэдэгдлийг хүчинтэй болгох гэж нэхэмжлэл гаргажээ. Тийм болохоор сонгон шалгаруулалтын үнэлгээ дүгнэлт өгдөг үйл ажиллагаа худлаа явагдсан гэж үзэж байсан учир аймгийн засаг дарга Д.Мөнхсайханд гомдол гаргасан. Энэ сонгон шалгаруулалтын материалыг үнэлж дүгнэхээр 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан байдаг. Сонгон шалгаруулалтын материалыг 2020 оны 8 сарын 28-ны өдрийн 11 цагт хүлээж аваад 2020 оны 8 сарын 28-ны өдрийн 12 цагт оролцогчдыг байлцуулж байгаад нээх ёстой байсан. Тендерийн хуульд тийм зарчимтай байдаг. Оролцогчдыг оролцуулж байж нээгээд үнийн саналыг танилцуулах ёстой байсан. Гэтэл 3 хоногийн дараа нээсэн. Энэ хооронд нууцлал алдагдсан гэж үзэж байгаа. Энэ сонгон шалгаруулахад тавигдах ерөнхий шаардлагын дагуу бүрдүүлж хүргүүлсэн материалыг үнэн зөв үнэлээгүй гэж үзэж гомдол гаргасан.
Уран хаш Баянхонгор ХХК-ийг шалгарсан болгож гэрээ байгуулах орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэх 201.600.000 төгрөгийг ажлын 5 хоногт төвлөрүүлэхээр мэдэгдэл өгчээ. Гэтэл 2020 оны 9 сарын 18 хүртэл уг хандивын мөнгөө төвлөрүүлээгүй учир манай компанийг дулаанаар хангах ажлыг гүйцэтгэхээр мэдэгдэл ирсэн. Манай компани хандивын мөнгийг тушаагаад бүх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байгаа. Хуулийн дагуу үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Уран хаш Баянхонгор ХХК тус шүүхэд хандан Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 5/1260 дугаартай албан бичгийг хүчингүй болгож, ажлыг цааш үргэлжлүүлэн явуулах боломж олгож, гэрээ байгуулахыг даалгах шаардлагыг Баянхонгор аймгийн Засаг дарга, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст тус тус холбогдуулан гаргасан[1] бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцадБаянхонгор аймгийн Засаг даргад холбогдуулан Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1а/542 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн[2].
Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон Р.Уртнасан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно... гэж заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн зөвшөөрлийг үндэслэн эзгүйд нь шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн болно.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар, бусад нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 5/1260 дугаартай албан бичиг, Аймгийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1а/542 дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Баянхонгор аймгийн Засаг дарга Баянхонгор сумын 5 дугаар сургуулийн барилгын дулаан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахаар 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлжээ.
Уурын зуухны зориулалтаар үйл ажиллагаа явуулах газартай байх, шалгарсан аж ахуйн нэгж, байгууллага, нийгмийн хариуцлагын хүрээнд сайн дурын үндсэн дээр аймгийн орон нутгийн хөгжлийн санд хандив өргөх, хандивын доод хэмжээ 100.000.000 төгрөг, сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгж нь баримт бичгийн дагуу материалаа эмх цэгцтэй бэлтгэж ирүүлэх гэсэн ерөнхий шаардлага[3] тавьж, үүний дагуу Уран хаш Баянхонгор ХХК 201.600.000 төгрөгийн[4], Зүүн шанд ХХК 200.000.000 төгрөгийн үнийн санал бүхий материалуудыг[5] тус тус ирүүлсэн байна.
Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1а/513 дугаар гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгээр[6] Тус сонгон шалгаруулалтад оролцогч Уран хаш Баянхонгор ХХК нь хандивын үнийн санал 201.000.000 төгрөг, өөрийн эзэмшлийн газартай тул хамгийн сайн үнэлэгдсэн сонгон шалгаруулалт гэж үзэж гэрээ байгуулах эрх олгож, гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор хандивын 201.000.000 төгрөгийг аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн дансанд тушаахыг мэдэгдэж, заасан хугацаанд хандивын мөнгийг тушаагаагүй тохиолдолд гэрээ хийгдэхгүйг анхааруулжээ.
Улмаар Аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 5/1260 дугаар албан бичгээр[7] ...тус сонгон шалгаруулалтад хандивын үнийн санал болох 201.600.000 төгрөгийг гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдснээс хойш ажлын 5 хоногийн дотор тушаагаагүй тохиолдолд гэрээ хийгдэхгүй болохыг анхааруулсан. Иймд хүйтний улирал эхэлж байгаа тул ...танай компанитай гэрээ байгуулахгүй болохыг үүгээр мэдэгдэж байна. гэж, Аймгийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1а/542 дугаар албан бичгээр[8] ...тус ажилд Уран хаш Баянхонгор ХХК шалгарсан боловч орон нутгийн төсөвт төвлөрүүлэх 201.600.000 төгрөгийг заасан хугацаа хэтэрч, танай компани орон нутгийн төсөвт 200.000.000 төгрөгийг төвлөрүүлсэн гэх үндэслэлээр ажлыг хийж гүйцэтгэх эрхийг Зүүн шанд ХХК-д олгож, албан бичиг хүргүүлсэн байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална. гэж заасны дагуу хариуцагч нь Баянхонгор сумын 5 дугаар сургуулийн барилгын дулаан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах сонгон шалгаруулалтыг явуулах үүрэгтэй.
Гэтэл хариуцагч Засаг дарга нь дээрх хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ., 29 дүгээр зүйлийн 29.2-т Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна. гэж заасныг тус тус зөрчин, Зүүн шанд ХХК-тай өнөөдрийг хүртэл гэрээ байгуулаагүй, Зүүн шанд ХХК-д гэрээ байгуулах олгосон тухай мэдэгдлийг Уран хаш Баянхонгор ХХК-дхүргүүлээгүй нь хууль бус байна.
Түүнчлэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар сургуулийн барилгын дулаан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахад тавигдах ерөнхий шаардлагад хандивын санал ирүүлэх, хандивын доод хэмжээ 100.000.000 төгрөг гэж тусгасан, Уран хаш Баянхонгор ХХК-иас бүрдүүлж өгсөн баримтын хамт хандив гэх 201.600.000 төгрөгийг 2 жилийн хугацаанд төлөх жагсаалтаа[9] гаргаж өгсөн байтал анх гэрээ байгуулах эрх олгосон, төлөх хугацааг гэрээ байгуулах мэдэгдэл өгөхдөө 5 хоног гэж тусгаж, заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд гэрээ байгуулах мэдэгдлийг цуцалж байгаа зэрэг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулагдаагүй зүйлийг энэ хуулиар зохицуулагдах харилцаанд хамааруулсан нь ойлгомжгүй, хэргийн оролцогч нар Баянхонгор сумын 5 дугаар сургуулийн барилгын дулаан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах ажиллагааны сонгон шалгаруулалт хуулийн дагуу явагдсан эсэх талаар маргаагүй тул шүүх энэ асуудалд дүгнэлт өгөх боломжгүй юм.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ., 4.2.1-д хуульд үндэслэх, 42 дугаар зүйлийн 42.1-д Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ., 42.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ. гэж тус тус заасан. Тухайн маргааны хувьд хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга хуульд заасан эрх хэмжээний хүрээнд сонгох боломжийг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.
Хэргийн оролцогч нарын тайлбар, мэдүүлгүүд, хэрэгт цугларсан баримт зэргээс үзэхэд Баянхонгор сумын 5 дугаар сургуулийн барилгын дулаан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа бүрэн дуусгавар болсон тухай шүүхэд мэдүүлсэн тул нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй албан бичгүүдийг хүчингүй болгосноор эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргэх боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хоёр. Уран хаш Баянхонгор ХХК-тай Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар сургуулийн барилгын дулаанаар хангах гэрээ байгуулахыг аймгийн Засаг даргад даалгах шаардлагын хувьд:
Даалгах нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус эс үйлдэхүй, эсхүл татгалзалтай холбоотойгоор гаргадаг.
Аймгийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1а/513 дугаар гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгээр Уран хаш Баянхонгор ХХК нь хандивын үнийн санал 201.000.000 төгрөг, өөрийн эзэмшлийн газартай тул хамгийн сайн үнэлэгдсэн сонгон шалгаруулалт гэж үзэж гэрээ байгуулах эрх олгож, гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор хандивын 201.000.000 төгрөгийг аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн дансанд тушаахыг мэдэгдэж, заасан хугацаанд хандивын мөнгийг тушаагаагүй тохиолдолд гэрээ хийгдэхгүйг анхааруулсан, Аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 5/1260 дугаар албан бичгээр Уран хаш Баянхонгор ХХК компанитай гэрээ байгуулахгүй болохыг мэдэгдэж, Аймгийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1а/542 дугаар албан бичгээр орон нутгийн төсөвт 200.000.000 төгрөгийг төвлөрүүлсэн гэх үндэслэлээр ажлыг хийж гүйцэтгэх эрхийг Зүүн шанд ХХК-д олгосон байна.
Хариуцагчаас Зүүн шанд ХХК-д эрх олгосон боловч өнөөдрийг хүртэл гэрээ байгуулаагүй, гэхдээ сонгон шалгаруулалтын зорилго биелэсэн буюу Баянхонгор сумын 5 дугаар сургуулийн барилгын дулаан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах шалгаруулалалт дуусгавар болж, холбогдох үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн болох нь хариуцагч, гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан тайлбар, үзлэгийн тэмдэглэлүүд[10], холбогдох бусад нотлох баримтуудаар нотлогдоно.
Захиргааны гэрээ байгуулах эсэх нь захиргааны байгууллагын сонгох боломжид хамаарах бөгөөд дээрх нөхцөл байдлаас үзвэл, хариуцагчийн хууль бус татгалзал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, Аймгийн Засаг даргаас Зүүн шанд ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон боловч гэрээ байгуулаагүй байгаа зэрэг нь нэхэмжлэгч Уран хаш Баянхонгор ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага хангагдах нөхцөл байдал, үндэслэл болохгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн6 дугаар зүйлийн 6.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Уран хаш Баянхонгор ХХК-иас Баянхонгор аймгийн Засаг дарга, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтэст тус тус холбогдуулангаргасан Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 5/1260, Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1а/542 дугаар албан бичгүүдийг тус тус хүчингүй болгуулах, Уран хаш Баянхонгор ХХК-тай Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар сургуулийн барилгын дулаанаар хангах гэрээ байгуулахыг аймгийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.СУВДМАА
ШҮҮГЧИД Ц.НЭРГҮЙ
Ч.ОЮУНСАЙХАН