Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 104

 

“Дархан-Ус суваг” ХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00770/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 889 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Дархан-Ус суваг” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Д Н” ХК-д холбогдох

“89.494.790 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батжаргалын давж заалдсан гомдлыг үндэслэн

          Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч “Дархан-Ус суваг” ХК-ийн гүйцэтгэх захирал П.А-, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Баттөр нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           “Дархан-Ус суваг” ХХК нь “Д Н” ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл үйлдвэрийн бохир усыг төв шугамд татан нийлүүлэх гэрээ байгуулан ажиллаж байна. Гэрээний 3.1-д “тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр, ААН, байгууллагууд нь хотын төвлөрсөн бохир усыг зайлуулах сүлжээнд нийлүүлэгдэн, улсын стандартад тохирсон бохир усыг төвлөрсөн сүлжээнд нийлүүлж байх, 4.2-т ...зөвшөөрөгдөх үзүүлэлтээс 1-2 үзүүлэлт зөрчвөл үнийн дүнг 1.5 дахин, 3-4 үзүүлэлт зөрчигдвөл 2 дахин өсгөж тооцох, 4-өөс дээш үзүүлэлт зөрчвөл бохир ус нийлүүлэх ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авахаар тусгасан. “Дархан-Ус суваг” ХК-ийн нэгдсэн лабораторийн шинжилгээний үзүүлэлт, Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн шинжилгээг үндэслэн санхүүгийн тооцоо гаргасан байна. Үүнд: 2016 оны 3 дугаар сард 3-4 үзүүлэлт зөрчиж өсгөсөн үнийн дүнгийн төлөгдөөгүй үлдсэн 23.705.220 төгрөг, 2016 оны 10 дугаар сард 1,5 дахин өсгөөд үлдэгдэл 24.512.180 төгрөг, 2016 оны 11 дүгээр сард үлдэгдэл 2 үзүүлэлт зөрчсөн, үлдэгдэл 14.113.330 төгрөг, 2017 оны 2 дугаар сард 2 үзүүлэлт зөрчиж 1,5 дахин өсгөж тооцоод үлдэгдэл 15.888.180 төгрөг, 2017 оны 4 дүгээр сард 2 үзүүлэлт зөрчиж үлдэгдэл 12.437.040 төгрөг нийт 89.494.790 төгрөгийг “Д Н” ХХК-аас нэхэмжилж байна гэжээ.

 Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 889 дүгээр шийдвэрээр:

 Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, Усны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хариуцагч “Д Н” ХХК-аас 89.494.790 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Дархан-Ус суваг” ХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 605.400 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д Н” ХХК-аас 605.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батжаргал давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатын шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийг буруу хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэж үзэх дараах үндэслэлүүд байна. Үүнд:

Нэг. Хэрэг хянан шалгах ажиллагааны журам зөрчигдсөн талаар:

1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ “Д Н” ХХК-д холбогдуулан гаргасан нь хэргийн жинхэнэ хариуцагчийг буруу тодорхойлсон байх ба 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2851 дугаартай шүүгчийн захирамжаар “Д Н” ХХК-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэж улмаар “Д Н” ХХК-аас төлбөр гаргуулах тухай шүүхийн шийдвэр гарсан. Нэхэмжлэл дээр хариуцагч хуулийн этгээдийн оноосон нэрийг буруу ташаа бичигдсэний улмаас Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангагдаагүй байхад энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг буцаах ёстой байсан боловч хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Учир нь “Д Н” компани нь Компани тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан хувьцаат компани болохоос бус хязгаарлагдмал хариуцлагатай компани биш юм. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт “Д Н” ХХК-аас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй болсон. Нэхэмжлэлд дурдагдсан “Д Н” ХХК бодитойгоор байдаг эсэх, улсын бүртгэлд бүртгэлтэй эсэхийг хариуцагч мэдэхгүй байгааг дурдах нь зүйтэй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-д заасан ажиллагааг давж заалдах шатны шүүх хуралдаанаар, энэ байдлыг залруулах боломж байхгүй байна.

2. “Д Н” ХК-аас 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 1/189 дугаартай итгэмжлэлээр “Н-А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г-ад “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах” эрхийг 3 хоногийн хугацаатай олгосон нь хэрэгт авагдсан байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “итгэмжлэлд зохигчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийн заримыг төлөөлөгчид эдлүүлэхгүй байхаар зааж болно” гэж, Монгол улсын Дээд шүүхийн 2002 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 263 тоот тогтоолын 8-д “ итгэмжлэлээр төлөөлж буй этгээд нь итгэмжлэлд заасан эрх, үүргийг хүлээнэ” гэж тус тус зааснаас үзэхэд уг итгэмжлэлээр Д.Г-ад Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан оролцогчийн эрхийг эдэлж, үүрэг хүлээж оролцох эрхийг олгоогүй байх ба зөвхөн нэхэмжлэлийг хүлээн авах эрхийг олгосон байна. Түүнчлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.5-д “Итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгосон бол хугацааг заасан байх”-аар хуульчилсан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэлийн хугацаа дууссаны дараа шүүх хурлыг зарласан байна. Гэтэл хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээдэд хариуцагчийн эрх үүргийг танилцуулж, “Н-А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г-ад хуралдааны товыг мэдэгдэж, улмаар хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй гэх үндэслэлээр шүүх хурлыг хийсэн нь хэргийн хариуцагчийн эрхийг зөрчсөн байна.

3. Шүүх маргааныг шийдвэрлэхдээ маргааны төрлийг зөв тодорхойлсон боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан Үйлдвэрийн бохир усыг төв шугамд нийлүүлэх гэрээтэй холбоотой маргаан нь Хот, суурины ус хангамж, ариутгах татварын ашиглалтын тухай хуулиар зохицуулагдах харилцаа тул Хот, суурины ус хангамж, ариутгах татварын ашиглалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Энэ хуулийн 22.1-д зааснаас бусад тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон хангагч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг зохицуулах зөвлөл шийдвэрлэнэ” гэж зааснаар төлбөр, торгуулийн маргааныг зохицуулах зөвлөлөөр шийдвэрлүүлсэн тухай тайлбар, баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд гаргаж өгөөгүй тул мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч нь энэ хуулийн 22.2-т заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан тодорхойлох боломжгүй байна. Хэрэгт авагдсан Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01/34 тоот “Албан даалгавар хүргүүлэх” тухай албан бичигт маргааныг шийдвэрлэсэн шийдвэр гэж үзэх утга агуулагдаагүй байх ба хэрвээ энэ нь маргаан шийдвэрлэсэн шийдвэр мөн бол уг шийдвэрийг нэхэмжлэгч хэзээ хүлээж авсан, хүлээж авснаасаа хойш хуульд заасан 10 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан эсэх нь тодорхойгүй байхад нэхэмжлэлийг хүлээж авч хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, улмаар мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох заалтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглээгүй орхигдуулсан байна.

Хоёр. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын талаар:

1. Анхан шатны шүүх “талуудын хооронд байгуулагдсан үйлдвэрийн бохир усны талаар авах арга хэмжээний тухай Засаг даргын 2002 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 41 дүгээр захирамжийг дагаж мөрдөх, гурван яамны сайдын хамтарсан А\11\05\А\18-р тушаал, Засаг даргын 41 тоот захирамжийн хавсралтад заагдсан зөвшөөрөгдөх үзүүлэлтүүдээс 1-2 үзүүлэлт зөрчиж байвал үнийн дүнг 1,5 дахин, 3-4 үзүүлэлт дээд хэмжээ зөрчиж байвал үнийн дүнг 2 дахин өсгөн тооцож, 4-өөс дээш үзүүлэлт зөрчиж байвал зохих журмын дагуу бохир усыг төвийн шугамд нийлүүлэх үйл ажиллагааг зогсоохоор тусгасан” гэж дүгнэсэн боловч уг гэрээний үндэслэл болсон Засаг даргын 2002 оны 41 дүгээр захирамж нь аймгийн Засаг даргын тамгын газрын нэгдсэн санд бүртгэгдээгүй байдгийг анзаарч үзсэнгүй. Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр засаг даргын захирамжийг үндэслэн гэрээ байгуулсан нь уг гэрээний 4.2 дахь заалт хүчин төгөлдөр бус болохыг харуулж байна.

2. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний огноог нэхэмжлэгч тал гараар сүүлд нэмж нөхөж бичсэн байх ба гэрээнд хугацаа заагаагүй байхад уг гэрээний дагуу төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

3. Талуудын хооронд байгуулагдсан гэрээн дээр “Дархан-Ус суваг” ХК-ийг төлөөлөн тус компани ерөнхий инженер Ц.Удвал, лабораторийн эрхлэгч С.Дашцэрэв нар гарын үсэг зурсан байх ба нэхэмжлэгчээс ирүүлсэн “Дархан-Ус суваг” ХК-ийн нэгдсэн лабораторийн үйлдвэрийн бохир усанд хийсэн шинжилгээний дүн” гэсэн 2016.03.01, 2016.04.04, 2016.12.05, 2016.10.03 өдрийн 4 дүгнэлт дээр мөн энэ хоёр албан тушаалтан гарын үсэг зурснаас үзэхэд уг 4 дүгнэлт нь нэг талын нотлох баримт болсон байна.

4. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 10-04-039/029 тоот дүгнэлтэд ... “Д Н” ХХК цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдэн гарч буй хаягдал бохир усны химийн үзүүлэлтээр биохимийн хэрэгцээт хүчил төрөгч зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их байгаа нь хүрээлэн байгаа орчин, усны чанар, ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал ус МЫ56561:2015 стандартын хангахгүй байна” гэсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон байна. Гэтэл уг дүгнэлттэй яг адилхан огноо, дугаартай, шинжилгээний тоон үзүүлэлт нь яг адилхан “Д Н” ХХК-д гэж хаягласан бас нэг дүгнэлт хэрэгт давхар авагдсан авагдсан ба уг хоёр дүгнэлтийн текст нь “Дархан минж” ХХК, “Д Н” ХХК гэх ганцхан үгээр ялгаатай байна. Уг улсын байцаагчийн дүгнэлтэд “Д Н” ХК гэж бичээгүй “Д Н” ХХК гэж бичсэнээс гадна аль нь жинхэнэ, аль нь хуулбар буюу хуурамч болох нь ялгагдахгүй, эргэлзээтэй дүгнэлт байх ба итгэмжлэгдсэн лабораторийн дүнгийн шинжилгээний хариу хавсралтаар авагдаагүй байна.

   5. Уг шинжилгээний дүгнэлтэд төлөвлөгөөт хяналт шалгалтыг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нэг удаа сорьц авч хийсэн гэсэн байхад 2016 оны 3 дугаар сар, 2016 оны 10 дугаар сар 2016 оны 11 дүгээр сарын 2017 оны 4 дүгээр сарын төлбөрийн үлдэгдлийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байгаа юм.

6. Мөн нэхэмжлэлд усны төлбөр бус тухайн сард гарсан усны төлбөрийг 1,5 дахин үржүүлж торгууль тавьсан дүн нэхэмжилж байгаагаа усны төлбөрөө төлөөгүй гэж тайлбарлаж нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Манай байгууллага нь усны төлбөрөө “Дархан-Ус суваг” ХК-ийн ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу сар тухай бүрд нь хоцроолгүй хугацаандаа үнэнч шударгаар төлж ирсэн. Тухайлбал маргаан бүхий хугацаанд нэхэмжлэхийн дагуу дараах төлбөрүүдийг төлж байсныг хүснэгтээр харуулав.

7. “Д Н” ХК-ийн бохир устай холбоотойгоор байгаль орчинд ямар нэг сөрөг нөлөө, хохирол учирсан тухай асуудал гарч байгаагүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батжаргалын давж заалдсан гомдлыг хангах нь зүйтэй.

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасныг зөрчсөн байна.

            Нэхэмжлэгч “Дархан-Ус суваг” ХК үйлдвэрийн бохир ус татан зайлуулсны төлбөрийн үлдэгдэл 89.494.790 төгрөгийг хариуцагч “Д Н” ХК-д холбогдуулан гаргасан байна.

            Шүүх нэхэмжлэлийг 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч \хавтаст хэргийн 1 дүгээр та\ 6 дугаар сарын 21-ний өдрийн  2851 дүгээр шүүгчийн захирамжаар    иргэний хэрэг үүсгэсэн байна. \хавтаст хэргийн 23 дугаар тал\

            Шүүх тус иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой  зөрчсөн нь тогтоогдлоо.

            Хариуцагч “Д Н” ХК-ийн ерөнхий захирал Э.Б-аас  Д.Г-ад 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 1\189 тоот албан бичгээр  итгэмжлэл олгосноо шүүхэд ирүүлсэн \хавтаст хэргийн 26 дугаар тал\ 

            Иргэний хэргийн зохигчийг төлөөлж буй этгээдийн хувьд нэхэмжлэгч, хариуцагчид хуулиар олгогдсон эрхийг эдэлж, үүрэг хүлээх ёстой боловч уг этгээдийн төлөөллийн хүрээ, хязгаарыг  шүүх анхаарах  ёстой.

            Зохигч өөрийгөө төлөөлж буй этгээдэд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхийг хэдий  хэмжээгээр олгосон болохыг төлөөлөл нь итгэмжлэлээр, эсхүл хуулиар бий болж буй байдалд анхааралтай хандаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн төлөөлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд ажиллагаа явуулж буй эсэхийг хянах нь зүйд нийцэх юм.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-ад олгосон итгэмжлэл нь  Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 1-д заасан шаардлагыг хангасан байна, гэхдээ  бүрэн эрхийн хэмжээг бүх шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах гэж,  уг итгэмжлэлийг 3 хоногийн хугацаатай олгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрх, үүрэг бүрэн олгогдоогүй гэж үзнэ.

Харин шүүх хариуцагчийг бүрэн төлөөлөх эрхгүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг хангах үүргээ биелүүлээгүй  байна.

            Иймд хэргийн оролцогчийн эрх зүйн байдал тодорхойгүй байхад түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулан гаргасан шүүхийн шийдвэр нь  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх  шаардлагад  нийцээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн   167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 889 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн  59.3-т зааснаар  хариуцагчийн төлөөлөгч \Н-А ХХК\-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 605.400 төгрөг төлснийг, шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

         

    

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ

                                                                ШҮҮГЧИД                                    С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                                     С.ЭНХЖАРГАЛ