Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/117

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

улсын яллагч Ө.Манзушир,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа,

шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Б-д холбогдох 2416000000130 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, халх, **** оны *** дүгээр сарын ***-ний өдөр Говь-Алтай аймгийн ***** сумд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн **** сумын ******* багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* регистрийн дугаартай, Ц овогт Т-н Б.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч Т.Б нь 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн ***** сумын ******* багийн ********* гэх газар хохирогч Б.Н-тай “...мал нийлүүллээ...- гэх зүйлээр шалтгаанаар маргалдан, түүнийг зодож биед нь хамар ясны хугарал, мурийлт, хамар, дээд уруул, зүүн бугуйнд зулгаралт гэмтэл буюу хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа хүлээж байна ...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 65 дугаар хуудас/

2. Хохирогч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хөдөө гэртээ ямаа самнаад байж байсан ... Тэгсэн гэрээс харахад манай мал саахалт айлын Б-н малтай нийлж байхыг нь харсан. Шууд мотоциклтой яваад очтол малын түрүүч нь айлын малтай нийлсэн байсан. Дүү Б малынхаа сүүлийг туугаад ирж байсан. Би шууд малаа хоёр тийш нь ялгаж байтал Б ирээд ялгаж байсан малыг хөөж дахин нийлүүлсэн. Тэгэхээр нь “...чи яагаад ялгаж байгаа мал хөөгөөд нийлүүлчихэж байгаа юм...” гэж хэлсэн чинь “...хоёулаа үзчих үү...” гэж хэлэхээр нь Б-г шууд түлхсэн чинь мотоцикл дээрээс уначихсан юм. Тэгсэн босож ирээд над руу чулуу аваад шидсэн. Чулуу шидэхээр нь очоод Б-г бариад авсан. Бид хоёр дээр доороо ороод ноцолдож байтал миний толгой руу удаа дараа хөлөөрөө өшиглөөд, гараараа нэг удаа хамар луу цохисон... Б миний хамар руу хөлөөрөө удаа дараа өшиглөөд, гараараа нэг удаа нүүр рүү цохисон... Хамраа аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлж, зураг авахуулж тэгшлүүлэхэд 200,000 төгрөг, сумаас ирсэн замын зардал 50,000 төгрөг болсон. Өөр гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 19-21 дүгээр хуудас/

3. Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Н ах малаа ялгаад зогсож байтал Б дахиж малаа нийлүүлэхээр нь Н ах “..чи яах гэж дахиж малаа нийлүүлээд байгаа юм...” гэж хэлсэн чинь Б “...хоёулаа үзчих үү...” гэж Н ахлуу хэлсэн. Н ах Б-г мотоцикл дээрээ сууж байхад нь түлхсэн чинь мотоциклоосоо уначихсан юм. Б босож ирээд чулуу аваад шидсэн чинь оноогүй. Тэр хоёр барилцаж аваад ноцолдоод байсан... Б Н ахын толгой руу өшиглөөд гараараа 1 удаа цохисон... Б Н ахын толгой руу удаа дараа өшиглөөд, баруун гараараа хамар руу нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 29-31 дүгээр  хуудас/

4. Гэрч Б.М-н “... Б ах надад хэлэхдээ чамайг ирэхээс өмнө би Н-тай ноцолдож байхдаа бид хоёр газарт унасан юм тэгээд би хөлөөрөө нүүр лүү нь өшиглөөд гараараа нэг удаа нүүр лүү цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/

5. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч, цадаагийн ахмад Д.Даваахүүгийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 163 дугаартай “...Б.Н-н биед хамар ясны хугарал, мурийлт, хамар, дээд уруул, зүүн бугуйнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл болно ... Дээрх гэмтлүүдээс хамар ясны хугарал, мурийлт, гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй ...” гэх шинжээчийн дүгнэлт. /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/  

6. Хохирогч Б.Н-н хамрын рентген зураг. /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Т.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Н-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед “... Би хамраа аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлж, зураг авахуулж тэгшлүүлэхэд 200,000 төгрөг, сумаас ирсэн замын зардал 50,000 төгрөг болсон. Өөр гомдол санал байхгүй...” гэж мэдүүлсэн /хавтаст хэргийн 19-21 дүгээр хуудас/, эрүүл мэндийн байгууллагын зүгээс хохирогчид нийт 123,128 төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлсний төлбөрийг иргэний нэхэмжлэгч нэхэмжилсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч “... сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг  тогтоолгох шаардлагагүй ...” гэх агуулга бүхий хүсэлт /хавтаст хэргийн 68 дугаар хуудас,  хэргийн материалтай танилцаад “...санал хүсэлт байхгүй...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 88 дугаар хуудас/-г тус тус гаргасан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 500,000(таван зуун мянга) төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд  123,128 (нэг зуун хорин гурван мянга нэг зуун хорин найм)  төгрөгийг тус тус төлсөн болох нь ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд /хавтаст хэргийн 102-103/-аар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохиролд 500,000(таван зуун мянга) төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд  123,128 (нэг зуун хорин гурван мянга нэг зуун хорин найм) төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт ирсэн 2 ширхэг CD-г хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Ц овогт Т-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15(арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1(нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Б-д сануулсугай. 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохиролд 500,000(таван зуун мянга) төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд  123,128 (нэг зуун хорин гурван мянга нэг зуун хорин найм) төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт ирсэн 2 ширхэг CD-г хэрэгт хавсаргасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА