Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2021/02286

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2021/02286

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг * тоот “Т А Т” ХХК  /РД: *, утасны дугаар: */

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 13 дугаар хороо * тоотод оршин суух Ж овогт Ч У /РД: *, утасны дугаар: */

 

Хариуцагч: Төв аймаг * оршин суух Г овогт Ч Г /РД: *, утасны дугаар: */

 

Хариуцагч: Баянгол дүүрэг * тоотод оршин суух ж овогт Ч Х /РД: *, утасны дугаар: */

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг *тоотод оршин суух Х овогт Э Э /РД: *, утасны дугаар: */

 

3,789,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч З.А

                                               хариуцагч Ч.У

                                   нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т А Т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ч.У, Ч.Х, Э.Э, Ч.Г нар манай компаниас 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 10,000,000 төгрөгийг 1 сард 7 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, зээлийн төлбөрийг өдөр бүрийн орлогоос хэсэгчилж төлөх нөхцөлтэйгөөр зээлж авсан. Талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, гэрээний нөхцөлтэй танилцсаны үндсэн дээр гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулсан. Зээлийн гэрээ, түүний хавсралт "зээл буцаан төлөх хуваарь"-т заасны дагуу зээлдэгчид гэрээт хугацаанд зээл, зээлийн хүүгийн 12,100,000 төгрөг /үндсэн зээлийн 10,000,000, зээлийн хүүгийн 2,100,000/-ийг "ТАТ" ХХК-д буцаан төлөх үүрэгтэй байсан. Зээлдэгчид гэрээний үргэлжлэх хугацаанд 8,579,000 төгрөг төлснөөс 7,090,083 төгрөгийг үндсэн зээлийн төлөлтөөр, 1,488,917 төгрөгийг зээлийн хүүнд суутган тооцсон байна. Гэрээний хугацаа дууссанаас хойш 2020 оны 3 сарын 18-ны өдрөөс 2020 оны 4 сарын 30-ний өдрийн хооронд 1,137,900 төгрөг төлснөөс 852,508 төгрөгийг үндсэн зээлийн төлөлтөөр, 142,492 төгрөгийг зээлийн хүүнд, 142,900 төгрөгийг алдангид тооцон суутгасан байна. Тооцож үзвэл: Үндсэн зээл: 10,000,000-7,090,0837-852,5081 = 2,057,409 төгрөг /Үндсэн зээлийн үлдэгдэл/ Зээлийн хүү: 2,100,000 -1,488,9177 -142,492 = 468,591 төгрөг, /Зээлийн хүүгийн үлдэгдэл/ Үлдэгдэл: 2,057,409 + 468,591 = 2,526,000 төгрөг /Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн/ байна. Зээлийн гэрээний 1.6-д зааснаар зээлдэгчид гэрээний хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,5 хувийн алданги төлөх үүрэгтэй. 2020  оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд 142,900 төгрөгийн алданги бодож авсан бөгөөд 2020 оны 4 сарын 30-ны өдрөөс хойш 4,167,900 төгрөгийн алданги бодогдсон байна. Алданги 2,526,0007 * 0,5% * ЗЗ0 хо= 4,167,900 төгрөг болж байгаа тул Иргэний хуулийн 232.4-т заасныг баримтлан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50% буюу 1,263,000 төгрөгийн алдангийг хариуцагчдаас нэхэмжилж байгаа болно. Зээлдүүлэгчийн зүгээс гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгч нартай уулзаж тохиролцох оролдлого удаа дараа хийсэн боловч үр дүнд хүрээгүй ба өмнө тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Э.Эын оршин суугаа хаяг олдоогүйгээс 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 102/Ш32020/12243 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар хариуцагч Э.Эыг эрэн сурвалжлуулах хүсэлт өгч 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/03420 дугаартай шийдвэрээр хариуцагч Э.Эын оршин суугаа хаягийг тогтоох үүргийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасан. Хариуцагч Э.Эын оршин суугаа хаяг Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцат хотхон 7 дугаар блок, 803 тоот гэж тогтоогдсон учир дахин нэхэмжлэл гаргаж байна. Өнгөрсөн хугацаанд хариуцагч нарын зүгээс манайхтай холбогдож гэрээний үүргээ биелүүлэх санаачлага, уг хэрэгт эвлэрэн хэлэлцэх санал гаргасангүй. Иймд хариуцагчдаас үндсэн зээлийн 2,0557,409 төгрөг, зээлийн хүүний 468,591 төгрөг, алдангийн 1,263,000 төгрөг, нийт 3,789,000 төгрөгийг гаргуулан өгнө үү. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн  хураамжид урьдчилан тушаасан 75,574 төгрөгийг хариуцагчдаас гаргуулж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч  З.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ч.У, Ч.Г, Ч.Х, Э.Э нар манай компаниас 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 10,000,000 төгрөг зээлсэн. Хариуцагчид гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бөгөөд үүнтэй холбоотой хариуцагч нараас зээлийн гэрээ үүрэгт 3,789,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Гэрээт хугацаанд 8,579,000 төгрөг, гэрээт хугацаа дууссанаас хойш 1,137,900 төгрөг төлсөн байдаг. Зээлийн түүхийн нарийвчилсан задаргааг нэхэмжлэлд хавсаргаж өгсөн байгаа. Яг хэдэн төгрөгийг хэдэн хэдэнд төлсөн талаар болон тэдгээр мөнгийг хэдийг нь алданги, хэдийг нь хүүнд тооцсон, хэдийг нь үндсэн зээлд авсан талаар тооцооллыг гаргасан баримтыг санхүүгийн албаны тамга дарж өгсөн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна.  

 

Хариуцагч Ч.У шүүхэд гаргасан тайлбартаа: Ч овогтой У миний бие 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Т А Т” ХХК-иас 10,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 7 хувийн хүүтэй нийт 12,100,000 төгрөгийг өдрийн 171,000 төгрөгөөр өдөр болгон төлөхөөр зээлийн гэрээ байгуулаад төлөөд явж байсан. /хоног алдахгүй/ 2020 оны 2 сараас корона гарч ажил зогсож төлөлт хийж чадахгүйд хүрсэн ч боломжоороо төлж байгаа. Одоо бол үндсэн төлөлтөө хийж дууссан. Надаас нэхэмжилж байгаа хүү, алданги, хүүнээс хүү тооцож байгааг зөвшөөрч чадахгүй төлөх боломжгүй. Одоо ч корона үргэлжилж ажилгүй байгаа учраас энэ байдлыг минь харгалзан үзэж энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Хариуцагч Ч.Х шүүхэд гаргасан тайлбартаа: “Т А Т” ХХК-иас надад гаргасан нэхэмжлэлийг хүлээн авсан бөгөөд туахй нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байна. Миний эгч болох У авсан зээл нь надад хамаагүй бөгөөд тухай зээлийг Ковид-19 хөл хорионы цар тахлаас болж асуудал үүссэн байна.

 

Хариуцагч Ч.Г шүүхэд гаргасан  тайлбартаа: Ч.Г миний бие “Т А Т” ХХК уншиж танилцсан. Энэ зээл нь надад хамаагүй. Ч.У эгч гарын үсэг зураад өгчих гээд гуйгаад байхаар нь гарын үсэг зурсан. Авсан зээлийг нь Ч.У өөрөө төлөх ёстой.

 

Хариуцагч Ч.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 10,000,000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай эдний компаниас зээлж авсан. Эднийх надаас сар болгон хүүгээ авах ёстой байхад 3 сарын хүүг нэг дор бодож 630,000 төгрөгийг бодож 10,000,000 төгрөг дээрээ нэмээд надаас ажлын 72 хоногт хувааж өдөр болгон 171,000 төгрөгийг буцаан төлөх нөхцөлтэйгөөр гэрээ хийсэн. Корона гараад бүх нийтээрээ хөл хорионд орсон. Ингэж хөл хорионд орж ажилгүй болчихоод байж байхад эднийхээс ирж байнгаа мөнгөө нэхэж дарамталдаг байсан. Тэгээд миний зүгээс одоо 20 хүрэхгүй хоногийн хугацаа үлдсэн байна, өдөр болгон 50,000 төгрөгөөр төлөөд дуусгая гэж санал тавьсан боловч эднийх хүлээж авахгүй явсаар бараг 5 сар хүрсэн. Тэгээд надтай дахиж гэрээ хийнэ гээд үлдсэн мөнгөн дээрээ дахиж хүү бодоод өдрийн 70,000 төгрөг билүү 80,000 төгрөг төлөхөөр бодож дахин график байгуулж гэрээ хийсэн. Одоо миний тооцооллоор үндсэн зээлээ бараг төлж дууссан, 200-гаад мянган төгрөг дутуу байгаа байх. Тэгэхээр би энэ нэхэмжилж байгаа 3,789,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хүүнээс хүү нэмж нэхсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.    

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

 

Нэхэмжлэгч “Т А Т” ХХК нь хариуцагч Ч.У, Ч.Г, Ч.Х, Э.Э нарт холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,526,000 төгрөг, алданги 1,263,000 төгрөг, нийт 3,789,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Талуудын хооронд 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр “Т А Т” ХХК нь Ч.У, Ч.Г, Ч.Х, Э.Э нарт 10,000,000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаатай зээлэх, уг мөнгийг зээлдэгч нар сарын 7 хувийн хүүтэй хугацаанд нь буцааж төлөх үүргийг тус тус хүлээж гэрээг бичгээр байгуулсан байна. Иймд дээрх гэрээний шинж, агуулга, нөхцөл, талуудын эрх, үүрэг зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагджээ.

 

Дээрх зээлийн гэрээг байгуулагдсан талаар зохигч маргаагүй бөгөөд хариуцагч Ч.У нь “гэрээний дагуу мөнгийг төлөөд дууссан гэж үзэж байгаа, өдрийн зээл олгосныг хүлээн зөвшөөрөхгүй” гэж, хариуцагч Ч.Г, Ч.Х нар нь “зээлийг Ч.У авч ашигласан, гарын үсэг зураад өгөөч гэсний дагуу гэрээнд гарын үсэг зурсан, төлөх үндэслэлгүй” гэж маргаж, харин хариуцагч Э.Э хуульд заасан хугацаанд ямар нэг тайлбар, нотлох баримт ирүүлээгүй байна.

 

Зээлийн гэрээ гэдгийг зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь үүнтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг хүлээсэн байхыг ойлгоно. Энэхүү гэрээний дагуу зээлдүүлэгч “Т А Ту” ХХК нь зээлдэгч нарын өмчлөлд 10,000,000 төгрөг шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх тул хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна. Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж зааснаар хүүгийн хэмжээг харилцан тохиролцож тогтоосон талаар зохигч маргаагүй ба хүүгийн хэмжээг нэхэмжлэгч нь аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд буюу барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааны хүрээнд тогтоосон байна. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хүү шаардах эрхтэй. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж зааснаар хариуцагч Ч.У, Ч.Г, Ч.Х, Э.Э нар нь “Т А Т” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчид бөгөөд уг гэрээний үүргийг хэн аль нь биелүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл зээлийн мөнгөн хөрөнгийг хэн авч ашигласнаас үл хамааран тухайн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд гэрээний үүргийг хариуцагч нарын хэн аль нь биелүүлэх үүрэгтэй гэж ойлгоно.

 

Хариуцагч нар нь гэрээний дагуу зээлийн төлбөрт 10,000,000 төгрөг, хүүд 2,100,000 төгрөг нийт 12,100,000 төгрөг төлөхөөс 9,716,900 төгрөг төлсөн байх бөгөөд үүнээс Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч зээлийн төлбөрт 7,942,591 төгрөг, хүүд 1,631,409 төгрөг, алдангид 142,000 төгрөг тооцож авсан нь буруу байна. Харин Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар нийт төлбөр 12,100,000 төгрөгөөс 9,716,900 төгрөгийг төлсөн гэж үзэх бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч нар 2,383,100 төгрөг төлөх үүрэгтэй байна. Үүнээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан алдангийг 2,383,100 төгрөгийн 50 хувь болох 1,191,550 төгрөгөөр тооцож хариуцагч нараас нийт 3,574,650 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс 214,350 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.  

 

Хариуцагч Ч.Г, Ч.Х, Э.Э нар нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар мэдэгдэж, тэдний эзгүйд хэрэг хэлэлцэх ажиллагааг явуулах хүсэлт гаргасан, мөн бусад хэргийн оролцогчийн хүсэлтийг үндэслэн хэргийг талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдсэн болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж овогт Ч У, Х овогт Э Э, Г овогт Ч Г, Ж овогт Ч Х нараас 3,574,650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т А Т” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 214,350 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.     

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,574 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ч.У, Э.Э, Ч.Г нараас улсын тэмдэгтийн хураамжид 72,144 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т А Т” ХХК-д олгосугай.  

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Т.ГАНДИЙМАА