| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2021/01515/И |
| Дугаар | 102/ШШ2021/02378 |
| Огноо | 2021-09-23 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2021/02378
| 2021 оны 09 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2021/02378 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг * тоотод оршин суух Б овогт О Б /РД: УУ89032692/
Хариуцагч: Баянгол дүүрэг * “У Д С” ТӨХК /РД: 2688476/
“У Д С” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/74 дугаар тушаалыг хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Б
хариуцагчийн төлөөлөгч А.Г, П.А
гэрч Д.И
нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.
Нэхэмжлэлийг 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Б би “У Д С” ТӨХК-д сүүлийн 3 жилийн хугацаанд дулааны оруулгын слесараар ажиллаж байсан ба 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр гүицэтгэх захирлын дугаар Б/74 тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж ажлаас халлаа. Халсан үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, “У Д С” ТӨХК-ны Хөдөлмөрийн дотоод журмын 10, 1.3.3 дахь заалт, захирлын зөвлөлийн 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаар хурлын шиидвэриг тус тус үндэслэсэн гэх боловч миний хувьд дээрх заалт шийдвэрүүдийг хүлээн зөвшөөрөхгүй хөдөлмөрийн гэрээ болон байгуулгийн дотоод журмыг зөрчөөгүй аих тул хөдөлмөрийн гэрээг цуцласан тухай Улаабаатар дулааны сүлжээ ТӨХК-ны гүйцэтгэх захирлын 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар Б/74 тушаалыг хүчингүй болгож шиидвэрлэж өгнө үү.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Б миний бие У Д С ТӨХК-д сүүлийн 3 жилийн хугацаанд дулааны оруулгын слесараар ажиллаж байсан ба 2021 оны 4 сарын 26-ны өдөр гүйцэтгэх захирлын дугаар Б/74 тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан. Халсан үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 зуйлийн 131.1.3, У Д С ТӨХК-ны Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.3.3 дахь заалт, захирлын зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаар хурлын шийдвэрийг тус тус үндэслэсэн гэх боловч миний хувьд дээрх заалт шийдвэрүүдийг зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн гэрээ болон байгуулгийн дотоод журмыг зөрчөөгүй гэж үзэж байгаа тул хөдөлмөрийн гэрээг цуцласан тухай Улаабаатар дулааны сүлжээ ТӨХК-ны гүйцэтгэх захирлын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар Б/74 тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг дэмжиж оролцож байна.
Хариуцагчийн төлөөлөгч А.Г шүүхэд гаргасан тайлбартаа: О.Бийг У Д С” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/205 тоот тушаалаар тус компанийн Авто аж ахуйн албанд жолоочоор томилж байсан болно. Тэрээр 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/247 тоот тушаалаар Дулааны оруулгын слесарь, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/27 тоот тушаалаар Дулааны хянах хэмжүүр автоматикийн засварын слесарь, 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Б/62 тоот тушаалаар Дулааны оруулгын слесарын ажлын байранд тус тус томилогдон ажиллаж байжээ. Нэхэмжлэгч нь 2021 оны 3 дугаар сарын 29-ний Наадам центрийн дэргэд баригдаж байгаа Авлигатай тэмцэх газрын ажилчдын орон сууцны барилгын гүйцэтгэгч иргэн И-тэй уулзаж уг барилгын суурийг ухах ажлыг хийж, дулааны шугамын ажлыг гүйцэтгэх мөн техникийн нөхцлийг гаргаж өгнө гэдэг саналыг тавьжээ. Та нар ном журмаар явбал техникийн нөхцлийг авч чадахгүй, би хурдан аваад өгч чадна, би урьд нь ерөнхий инженерийн жолооч байсан болохоор асуудалгүй гэж хэлсэн байдаг. 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өглөө 9 цаг 45 минутад уг барилгын захиалагч Ц гэдэг хүнтэй ярьж асуухад дээрх асуудал үнэн болохыг баталсан байна. Тэрээр Захиргаа, хүний нөөцийн албанд гаргаж өгсөн тодорхойлолтдоо өөрийн гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч, ёс зүйн алдаа гарагсан гэж гарын үсгээ зурсан байдаг. Тус байгууллагаас нийт ажиллагсдын дунд авилга, ашиг сонирлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг байнга зохион байгуулсаар ирсэн ба нэхэмжлэгч О.Б нь 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр өөрийн “Ажлын байрны тодорхойлолт”-той, 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдийн А/87 дугаар тушаалаар баталсан “Авилга, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр дагаж мөрдөх журам”-тай тус тус танилцаж гарын үсэг зурсан, мөн 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр “Авилгын мөн чанар, шалтгаан, хор хөнөөл” сэдэвт сургалтад хамрагдаж гарын үсэг зурсан байдаг.Нэхэмжлэгчийн дээрх үйлдлүүд нь Хөдөлмөрийн гэрээний 5.1, Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.1, 7.2.4, 10.1.5, 10.1.7.3, 10.1.7.7, 10.1.7.8, Гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 30-ны А/87 дугаар тушаалаар баталсан “Авилга, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр дагаж мөрдөх журам”-ын 2.1.1, 2.6.1, “Эрчим хүчний салбарын төрийн өмчит байгууллагын ажилтны ёс зүйн дүрэм”-ийн 2.2.6, 2.2.8, 2.2.14, 2.2.24, 2.2.25 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн байх тул Хөдөлмөрийн гэрээний 6.3.5, 6.3.7, Хөдөлмөрийн дотоод журмын 5.4.2, 5.4.2.2, Компанийн “Ёс зүйн зөвлөл”-ийн хурлын дүгнэлт, шийдвэр, Захирлын зөвлөлийн 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 12 тоот хурлын шийдвэр, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг тус тус баримтлан Гүйцэтгэх захирлын 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/74 тоот тушаалаар О.Бтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. О.Бтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ болон бусад эрх зүйн баримт бичгийн актуудад нийцсэн бөгөөд хууль зүйн үндэслэлтэй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хариуцагчийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Бийг нь “У Д С” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/205 тоот тушаалаар тус компанийн Авто аж ахуйн албанд жолоочоор анх томилогдож ажилласан байдаг. Улмаар 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Б/62 тоот тушаалаар дулааны оруулгын слесарын ажлын байранд тус тус томилогдон ажиллаж байсан. Нэхэмжлэгч нь 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Наадам центрийн дэргэд баригдаж байгаа Авилгатай тэмцэх газрын ажилчдын орон сууцны барилгын гүйцэтгэгч иргэн н.Итэй уулзаж уг барилгын суурийг ухах ажлыг хийх, дулааны шугамын ажпыг гүйцэтгэх мөн техникийн нөхцөлийг гаргаж өгнө гэдэг саналыг тавьсан байсан. Ингэхдээ та нар ном журмаар нь явбал техникийн нөхцөлийг авч чадахгүй би хурдан аваад өгч чадна би урьд нь ерөнхий инженерийн жолооч байсан болохоор асуудалгүй гэж хэлсэн байдаг. 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өглөө 9 цаг 45 минутад уг барилгын захиалагч н.Цэвээнбадам гэдэг хүнтэй ярьж асуухад дээрх асуудал үнэн болохыг баталсан. Нэхэмжлэгч нь Захиргаа, хүний нөөцийн албанд гаргаж өгсөн тодорхойлолтдоо өөрийн гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч, ёс зүйн алдаа гаргасан гэж гарын үсгээ зурсан байдаг. Тус байгууллагаас нийт ажиллагсдын дунд авилга, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, соён гэрээрүүлэх үйл ажиллагааг байнга зохион байгуулсаар ирсэн ба нэхэмжлэгч О.Б нь 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр өөрийн ажлын байрны тодорхойлолттой, 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр гүйцэтгэх захирлын 2020 оны 07 дугаар сарын 30-ны А/87 дугаар тушаалаар баталсан “Авилга, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр дагаж мөрдөх журам”-тай тус тус танилцаж гарын үсэг зурсан, мөн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр “Авилгын мөн чанар, шалтгаан, хор хөнөөл” сэдэвт сургалтад хамрагдаж гарын үсэг зурсан байдаг. Нэхэмжлэгчийн дээрх үйлдлүүд нь Хөдөлмөрийн гэрээний 5.1, 6.3.5. 6.3.7, Хөдөлмөрийн дотоод журмын 5.4.2.2, 6.1.15, 7.2.1, 7.2.4, 7.2.5, 7.2.21, 10.1.1, 10.1.3, 10.1.3.3, 10.1.3.7, 10.1.3.8 10.2.4, 10.2.4.3, гүйцэтгэх захирлын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/87 дугаар тушаалаар баталсан “Авилга, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр дагаж мөрдөх журам”-ын 2.1.1, 2.2.4, 2.6.1, 2.6.1.а, 2.6.1.д, 6.1, “Эрчим хүчний салбарын төрийн өмчит байгууллагын ажилтны ёс зүйн дүрэм”-ийн 2.1, 2.2, 2.2.6, 2.2.8, 2.2.14, 2.2.24, 2.2.25 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн байх тул Хөдөлмөрийн гэрээний 6.3, 6.3.5, 6.3.7, Хөдөлмөрийн дотоод журмын 5.4.2, 5.4.2.2, Компанийн “Ёс зүйн зөвлөл”-ийн хурлын дүгнэлт, шийдвэр мөн захирлын зөвлөлийн 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 12 тоот хурлын шийдвэр, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг тус тус баримтлан гүйцэтгэх захирлын 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/74 тоот тушаалаар О.Бтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. О.Бтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ болон бусад эрх зүйн баримт бичгийн актадуудад нийцсэн бөгөөд хууль зүйн үндэслэлтэй. Манай байгууллагад Авлигатай тэмцэх газраас 48 цагийн сургалт явуулсан. Энэ сургалтад нийт ажилчдаа хамруулахдаа цалинтай чөлөө олгож сургалтад явуулсан. Манай хамт олон, манай залуучууд авлигын эсрэг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг өөрсдөө санаачилж хийдэг болсон. Гэтэл тэр залуучуудын хийсэн сайн үйлсийг ийм ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл, эс үйлдэхүйгээрээ алдагдуулсан. Үүнээс болж манай байгууллагын сайшаалтай байсан, авлигын индексээрээ дээшилж байсан үзүүлэлт нь хамт олноороо үнэлгээ нь доошилсон. Эрчим хүчний салбартаа нэр хүнд муутай байсныг засаж залруулахаар хамт олноороо хичээж ажиллаж байсан нэг ажилтны зөрчлөөс үүдэж байгууллагын нэр хүнд унасан. Авлигатай тэмцэх газрын барилга дээр дулааны оруулгын слесарь буюу бага тушаалын албан хаагч хөрс хуулалт, техникийн нөхцөлтэй холбоотой хувийн ашиг сонирхол бүхий зөрчлийг гаргасан үйлдэл нь авлигатай тэмцэх газрын ажилчид болон бусад хүмүүст байцаагч нар нь ингэж байгаа юм чинь инженер, дарга нар нь ямар байх уу, үнэхээр энэ байгууллага авлигад идэгдсэн байна гэдэг ойлголтыг төрүүлж байна. Дээрээс нь н.Ц гэдэг хүнтэй утсаар ярьсан тэмдэглэлүүд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Авлигатай тэмцэх газрын барилга дээр ийм ашиг сонирхол яригдаж байгаа юм чинь зүгээр энгийн аж ахуй нэгжийн барилгын ажил дээр ямар аймшигтай ашиг сонирхлыг энэ байгууллага гаргадаг вэ гэсэн төсөөлөхөд бэрх дүр зургийг харуулж байна. Тиймээс энэ үйлдэл нь яах аргагүй байгууллагын ажил хэргийн нэр хүндийг унагасан харш үйлдэл мөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:
Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч “У Д С” ТӨХК-д холбогдуулан “У Д С” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/74 дугаар тушаалыг хүчингүй болгох шаардлага гаргажээ.
Дээрх шаардлагын үндэслэлээ “авлига, ашиг сонирхлын зөрчил бүхий үйлдэл гаргаж хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журмыг зөрчөөгүй” гэж тайлбарлаж байх ба харин хариуцагч “нэхэмжлэгч нь барилгын ажлын гүйцэтгэгчээр ажиллаж буй этгээд болох өөрийн танил /найзынхаа ах/-д уг барилгын суурийг ухах ажлыг хийх, дулааны шугамын ажлыг гүйцэтгэх, техникийн нөхцөлийг гаргаж өгөх гэх мэт өөрийн ажлын чиг үүрэгт хамааралгүй асуудлаар, мөн ажил хийж өгөх саналыг тавьж, энэ тухайгаа ажиллаж буй байгууллагадаа мэдэгдээгүй нь хөдөлмөрийн гэрээний 5.1, 6.3.5. 6.3.7, хөдөлмөрийн дотоод журмын 5.4.2.2, 6.1.5, 7.2.1, 7.2.4, 7.2.5, 10.1.1, 10.1.7.3, 10.1.7.7, 10.1.7.8, 10.2.4, 10.2.4.3, Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр дагаж мөрдөх журмын 2.1.1, 2.2.4, 2.6.1, 2.6.1.а, 2.6.1.д, 6.1, Эрчим хүчний салбарын төрийн өмчит байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийн 2.1, 2.2, 2.2.6, 2.2.8, 2.2.14, 2.2.24, 2.2.25 дахь заалтуудыг зөрчиж ноцтой зөрчил гаргасан” гэж маргаж байна.
Хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хэлнэ. Энэхүү тохиролцоо талуудын хооронд 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 2 дугаар сарын 03-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаатай хийгдсэн байх ба уг гэрээний хугацааг сунгаагүй нэхэмжлэгчийг ажиллуулж байжээ. Иймд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэж заасны дагуу хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй, тухайн гэрээний нөхцөлөөр ажиллаж байсан гэж үзнэ .
Дээрх хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/74 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн дотоод журмын 10.1.3.3, захирлын зөвлөлийн 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хурлын шийдвэрийг баримтлан цуцлаж, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Энэхүү нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана. Нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас халсан үндэслэлээ “барилгын ажлын гүйцэтгэгчээр ажиллаж буй этгээд болох өөрийн танил /найзынхаа ах/-д уг барилгын суурийг ухах ажлыг хийх, дулааны шугамын ажлыг гүйцэтгэх, техникийн нөхцөлийг гаргаж өгөх гэх мэт өөрийн ажлын чиг үүрэгт хамааралгүй асуудлаар, мөн ажил хийж өгөх саналыг тавьж, энэ тухайгаа ажиллаж буй байгууллагадаа мэдэгдээгүй үйлдэл нь авлига, ашиг сонирхлын зөрчлийг үүсгэж байгууллагын ажил хэргийн нэр хүндийг гутаасан, хууль зөрчиж хувийн ашиг сонирхолд автаж байгууллагад хохиролтой нөхцөл байдал үүсгэсэн” гэж тодорхойлж, уг зөрчлийг хөдөлмөрийн гэрээний 6.3.5, 6.3.7, хөдөлмөрийн дотоод журмын 10.1.7.3, 10.1.7.7, 10.1.7.8-д заасан ноцтой зөрчил гэж тайлбарлав. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт “...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж ажлаас чөлөөлөх тохиолдлыг зохицуулсан байна. Ноцтой зөрчилд ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдлийг хамааруулна. Дээрх зөрчилд ямар зөрчлийг тооцохыг ажилтны албан тушаал, гүйцэтгэх ажлын онцлогт тохируулан ажилтан, ажил олгогч харилцан тохиролцон тогтоож, тухайн зөрчил бүрийг хөдөлмөрийн гэрээнд заасан байх нь хуульд нийцэх ба уг зөрчлийг ажилтан гаргасан болох нь тогтоогдсон нөхцөлд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно. Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажил олгогчийн санаачилгаар гэрээ цуцлах хэд хэдэн үндэслэл тодорхойлсон байх бөгөөд ноцтой зөрчилд ямар зөрчлийг тооцох болохыг тухайлан тодорхойлоогүй байна. Харин хөдөлмөрийн дотоод журамд заасан “ноцтой зөрчил” гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөх үндэслэл болохыг гэрээний 6.3.5-д заажээ. Үүнийг хөдөлмөрийн гэрээнд заасан “ноцтой зөрчил”-тэй адилтган үзэж болно. Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.7-д ноцтой зөрчилд ямар зөрчлийг хамааруулахыг 8 заалтаар тодорхойлсон байх ба үүнээс нэхэмжлэгчийг 10.1.7.3-д “байгууллагын ажил хэргийн нэр хүндийг гутаасан”, 10.1.7.7-д “ёс зүйн зөрчил гаргасан тухай ёс зүйн зөрчлийн талаарх маргаан таслах хуралдааны эцсийн шийдвэр гарч хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл бий болсон”, 10.1.7.8-д “Авлигатай тэмцэх тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчин хувийн ашиг сонирхолд автан, байгууллагад хохиролтой нөхцөл байдал үүсгэсэн” гэж заасан ноцтой зөрчлийг гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж хариуцагчийн төлөөлөгч нар тушаалын үндэслэлээ тайлбарласан.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн захирлын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэсэн байх бөгөөд уг хурлаар нэхэмжлэгчийн үйлдлийг Эрчим хүчний салбарын төрийн өмчит байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийн 4 заалтыг зөрчсөн, энэ нь хөдөлмөрийн дотоод журмын 10.1.3.3-т заасан ноцтой зөрчилд хамаарна гэж үзжээ. Хариуцагчийн нотлох баримтаар ирүүлсэн хөдөлмөрийн дотоод журамд 10.1.3.3 гэсэн заалт байхгүй ба энэ нь тухайн байгууллагын одоогийн мөрдөж буй /нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үед хамаарна/ хөдөлмөрийн дотоод журам мөн, өөр журам байхгүй болохыг хариуцагчийн төлөөлөгч нар илэрхийлж, хөдөлмөрийн дотоод журмын 10.1.3.3 гэсэн нь 10.1.7.3 дахь заалт гэж ойлгохыг тайлбарласан байна. Мөн нэхэмжлэгч нь хөдөлмөрийн дотоод журмын 10.1.7.7, 10.1.7.8-д заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон гэж хариуцагч тал тайлбарлаж байх боловч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх болсон зөрчлийг хөдөлмөрийн дотоод журмын 10.1.7.3 /10.1.3.3/-д “байгууллагын ажил хэргийн нэр хүндийг гутаасан” ноцтой зөрчил гаргасан гэж тушаалын үндэслэлээ тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн дотоод журмын 10.1.7.7, 10.1.7.8-д заасан зөрчлийг гаргасан гэж тайлбарлаж байгаа хэдий ч энэ талаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх эсэх асуудлыг шийдвэрлэх хурал /захирлын зөвлөлийн хурал/ дээр яригдаагүй, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэлд хамааруулаагүй байна. Иймд тушаалын үндэслэл болсон 10.1.7.3 /10.1.3.3/-д заасан ноцтой зөрчлийг нэхэмжлэгч гаргасан эсэх нь маргааны зүйл болно. Иймд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх асуудлаар яригдаагүй, хэлэлцэгдээгүй зүйлээр тушаалын үндэслэлийг тайлбарлах, тухайн хурлаар шийдвэрлээгүй асуудлыг нэмж оруулах нь хуульд нийцэхгүй.
Хариуцагчийн төлөөлөгч нар хөдөлмөрийн дотоод журмын 10.1.7.3-д “байгууллагын ажил хэргийн нэр хүндийг гутаасан” гэдгийг “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу манай хамт олон, залуучууд авлигын эсрэг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг өөрсдөө санаачилж хийдэг болсон, залуучуудын хийсэн сайн үйлсийг нэхэмжлэгч ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл, эс үйлдэхүйгээрээ алдагдуулсан, манай байгууллагын сайшаалтай байсан авлигын индексээрээ дээшилж байсан үзүүлэлтийн үнэлгээ доошилсон, эрчим хүчний салбартаа нэр хүнд муутай байсныг засаж залруулахаар хамт олноороо хичээн ажиллаж байсныг энэ зөрчлөөс үүдэж байгууллагын нэр хүндийг унагасан” гэж тайлбарлав. Ноцтой зөрчил гэдэгт ямар зөрчлийг /үйлдэл, эс үйлдэл/ хамааруулахыг ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээндээ тусгах ба уг зөрчлийг ажил олгогч өөрийн үзэмжээр тайлбарлах салаа утга, хоёрдмол санаа агуулаагүй, ойлгомжтой байдлаар тодорхойлох нь хуульд нийцнэ. Иймд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон зөрчлийг “ноцтой зөрчил”-д хамааруулахаар хөдөлмөрийн гэрээндээ заагаагүй, мөн “байгууллагын ажил хэргийн нэр хүндийг гутаасан” гэж үзэх үндэслэлд юу хамаарах, ямар зөрчлийг ойлговол зохихыг тодорхойлоогүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан “барилгын ажлын гүйцэтгэгчээр ажиллаж буй өөрийн танил /найзынхаа ах/-д уг барилгын суурийг ухах ажлыг хийх, дулааны шугамын ажлыг гүйцэтгэх, техникийн нөхцөлийг гаргаж өгөх гэх мэт өөрийн ажлын чиг үүрэгт хамааралгүй асуудлаар, мөн ажил хийж өгөх саналыг тавьж, энэ асуудлаар ажлын цагаар уулзсан, энэ тухайгаа ажиллаж буй байгууллагадаа мэдэгдээгүй” гэх үйлдэл, эс үйлдлийг байгууллагын ажил хэргийн нэр хүндийг гутаасан ноцтой зөрчил гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн ажил олгогчоос хуульд нийцүүлэн гаргасан бусад дүрэм, журмаар тогтоосон журмыг ажилтан зөрчвөл “ноцтой зөрчил”-д тооцох талаар хөдөлмөрийн гэрээгээр тохиролцоогүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан гэх үйлдэл, эс үйлдлийг Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр дагаж мөрдөх журмын 2.1.1, 2.2.4, 2.6.1, 2.6.1.а, 2.6.1.д, 6.1, Эрчим хүчний салбарын төрийн өмчит байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийн 2.1, 2.2, 2.2.6, 2.2.8, 2.2.14, 2.2.24, 2.2.25-д заасан хориглох зүйлийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байх тул 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/74 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “У Д С” ТӨХК-ийн захирлын 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/74 дугаар О.Бийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “У Д С” ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Бид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА