| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 183/2020/04507/И |
| Дугаар | 102/ШШ2021/02214 |
| Огноо | 2021-09-09 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2021/02214
| 2021 оны 09 сарын 09 өдөр | Дугаар 102/ШШ2021/02214 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг * тоотод оршин суух О овогт У Б /РД: */
Хариуцагч: Баянгол дүүрэг * “Б А” ХХК /РД: */
47,077,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б
нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.
Нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн У.Б би “Б А” ХХК, түүний захирал Г.Дтэй 2020 оны 03 сарын 06-ны өдөр 1 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг нийт 3 сарын хугацаатай байгуулсан. Гэрээгээр гүйцэтгэгч “Б А” ХХК нь батлагдсан зураг, төсвийн дагуу Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүүшийн ам”-нд дүнзэн байшинг барих үүрэг хүлээсэн. Тус компанийн гүйцэтгэх захирал Г.Д нь материал авахгүй бол барилгын ажил зогслоо гэж шахан нийт урьдчилгаа төлбөр болгон 62,145,000 төгрөгийг “Б А” ХХК, түүний захирал Г.Дгийн “Хаан” банк дахь ** тоот дансанд, 1,145,000 төгрөгийг Г.Дгийн хэлснээр Дашравдан гэх хүний Хаан банк дахь ** тоот дансанд тус тус шилжүүлэн авсан боловч гэрээний хугацаа дуусахад дүнзэн байшинг барьж дуусаагүй алга болсон. Ажил гүйцэтгэгч “Б а” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дгийн өөрийнх гаргаж өгсөн тооцооноос үзэхэд 16,068,000 төгрөгийн материал худалдан авч байшин барих газарт буулгасан. Өөрөөр хэлбэл нийт урьдчилгаа хөлснөөс 63,145,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авсан боловч дөнгөж 16,068,000 төгрөгийн материал авч миний захиалсан байшинг барилгүй ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зөрчин, гэрээний хугацаа дууссан ч эргэж холбогдолгүй алга болсон. “Б А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дтэй холбогдож гэрээний үүргээ биелүүлж байшинг барьж дуусгах тухай удаа дараа шаардахад “удахгүй очоод дуусгана” гэж байснаа утас нь холбогдохгүй алга болсон тул ажил гүйцэтгэх гэрээнд заасан хаягаар 2 удаа шаардлага хүргүүлсэн ч гэрээний үүргээ биелүүлээгүй гэрээний хугацаа дууссан тул би өөр хувь хүнтэй гэрээ байгуулан дээрх дүнзэн байшинг барьж дуусгаж байна. Иймд 2020 оны 03 сарын 06-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний урьдчилгаа хөлсөнд төлсөн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу нийт 47,077,000 төгрөгийг хуульд заасан журмын дагуу “Б А” ХХК-иас гаргуулж иргэн надад эргүүлэн олгож, хохиролгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага хэвээрээ байгаа. Иргэн Г.Б нь 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “Б А” ХХК-ийн захирал Г.Дтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээгээр дүнзэн байшинг 60 хоногийн хугацаатай хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Гэтэл ажил гүйцэтгэх гэрээ хэрэгжих явцад Г.Д нь өмнөх хурал дээр дурдсанчлан дүнзэн байшинд орох бараа материалын тооцооллыг хийж нийт 63,145,000 төгрөгийг Г.Бээс өөрийн дансанд шилжүүлж авсан байдаг. Ингээд 16,068,000 төгрөгийн бараа материал авчирч өгч ийм тооцоо гарсан гэж бичиж өгөөд явсанаас хойш гэрээний үүргээ биелүүлэлгүй алга болсон. Тиймээс нэхэмжлэгч 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гэрээг цуцлах талаар шаардлага гарган албан бичгийг хариуцагчид хүргүүлсэн. Мөн адил 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дахин шаардлага хүргүүлсэн ч эргээд ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй. Энэ шаардлагыг хүргүүлэхээс өмнө хариуцагчтай удаа дараа холбогдож ойлголцохыг хичээсэн байдаг боловч амжилтгүй болсон учраас албан ёсоор шаардлага гаргаж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж явснаас эхэлж одоог хүртэл уг маргаан нь эцэслэн шийдвэрлэгдээгүй явж байна. Г.Д нь нийт 63,145,000 төгрөгийг аваад 16,068,000 төгрөгийн гэх бараа материал авчирч өгснөөс өөрөөр ажил үүрэг гүйцэтгээгүй таг алга болсон болсон байгаа. Мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр хариуцагчид нэхэмжлэлийн нэг хувийг гардуулж өгөөд, эрх, үүрэгтэй танилцсан баримт дээр Г.Д нь өөрөө гарын үсэг зурсан байдаг. Тэр ч байтугай “Б А” ХХК-ийн гэрчилгээг эх хувиар нь шүүхэд авчирч өгөөд үүнийгээ түр үлдээчихье гээд явсан байдаг. Үүнээс хойш нэг ч удаа холбогдоогүй. Үүнээс харахад “Б А” ХХК-ийн захирал Г.Д нь өөрт олгогдсон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхгүй байхыг өөрөө сонгосон учраас хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:
Нэхэмжлэгч У.Б нь хариуцагч “Б А” ХХК-д холбогдуулан гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 63,145,000 төгрөгөөс 47,077,000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Талуудын хооронд 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “ажил гүйцэтгэх” гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр “Б А” ХХК нь зураг төсөв гаргаж өмнө барьсан торхыг буулгах, суурийг засаж өөрчилж цутгах, бэлэн торхийг зургийн дагуу хийх, шал, хашлага, цонх, шат, хаалга, дээврийн ажлыг иж бүрнээр хийх, гадна, дотор өнгөлгөөний ажлыг хийх, цахилгаан болон сангийн холболтын ажлыг гүйцэтгэж дүнзэн байшин барих ажлыг 60 хоногийн хугацаанд гүйцэтгэх, У.Б нь ажлын үр дүнг хүлээн авч, хөлс төлөх үүрэг тус тус хүлээжээ. Дээрх гэрээний шинж, агуулга, нөхцөл, талуудын үүрэг зэргээс үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “ажлын хөлсний урьдчилгаа төлбөрт төлсөн 63,145,000 төгрөгөөс барилгын материалын үнэ 16,068,000 төгрөгийг хасаж үлдсэн 47,077,000 төгрөг” гэж тодорхойлсон ба уг шаардлагын хариу тайлбарыг хариуцагч өгөөгүй байна.
Нэхэмжлэгч нь 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд Г.Дгийн дансаар 62,000,000 төгрөг, “будаг” гэсэн утгаар 1,145,000 төгрөгийг н.Д дансаар шилжүүлсэн үйл баримт тогтоогдов. Г.Д нь хариуцагч “Б А” ХХК-ийн захирал бөгөөд нэхэмжлэгчээс 63,145,000 төгрөгийг хүлээн авсан эсэх асуудлаар хариу тайлбар гаргаагүй, ямар нэг нотлох баримт ирүүлээгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хэрэгт авагдсан баримтууд болох Г.Бийн дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримтууд, Б.Д хувийн тэмдэг дарагдсан 1,145,000 төгрөгийн үнэ бүхий барилгын материалын зарлагын баримтыг үндэслэн хариуцагчийг нэхэмжлэгчээс ажлын хөлсөнд 63,145,000 төгрөгийг хүлээн авсан гэж үзэв. Мөн хариуцагчийн төлөөлөгч Г.Дгийн гарын үсэг бүхий “шаардлагатай материалын жагсаалт” гэсэн баримтад барилгын материалын зардлыг 63,140,350 төгрөг гэж тооцоолсон байх ба уг баримт нь нэхэмжлэгчийг ажлын хөлсөнд 63,145,000 төгрөг төлсөн гэж үзэх үндэслэл болж байна. Иймд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт “Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно” гэж зааснаар нэхэмжлэгчийг ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд 63,145,000 төгрөг төлсөн гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх бөгөөд ажил гүйцэтгэгч нь ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй. Энэхүү үүргийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасан зарчмын дагуу гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл гэрээгээр тохирсон хугацаанд, гэрээгээр тохирсон арга, хэлбэрээр, гэрээнд заасны дагуу гүйцэтгэх үүрэгтэй гэж ойлгоно. Хариуцагч нь гэрээний үүргээ хэдий хэмжээгээр, хэрхэн биелүүлсэн болох талаар тайлбар, нотлох баримт гаргаагүй тул нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзлээ. Иймд хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх хэсэгт заасан журмаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзахын үр дагавар нь талууд өгсөн, авсан зүйлээ харилцан буцааж өгөх үүрэг үүснэ. Иймд нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн хавтас хэргийн 20 дугаар талд авагдсан “шаардлагатай материалын жагсаалт” гэсэн баримтыг үндэслэн барилгын материалын зардал 16,068,000 төгрөгийг хасаж хариуцагчаас 47,077,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв.
Хариуцагчийн төлөөлөгч Г.Дд 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд буюу 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсвэл татгалзсан үндэслэл, тайлбар, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүрэгтэй болохыг, хуульд заасан журмын дагуу шүүх хуралдаанд ирж тайлбар өгөөгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан журмаар шийдвэрлэх болохыг мэдэгдсэн байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд, нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Гэрээ цуцлах шаардлага нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бөгөөд бие даасан шаардлага гэж үзэхгүй. Иймд уг шаардлагад төлсөн 70,200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б А” ХХК-иас 47,077,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У Бт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393,335 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 70,200 төгрөг, хариуцагч “Б А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 393,335 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч У.Бт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА