Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 018

 

  Б.Бт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/87 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Бт холбогдох эрүүгийн 2013000710065 дугаартай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын дагуу 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, тус аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Т.Батсүх, шүүгдэгч Б.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Бахыт нар оролцов.

 

Шүүгдэгч У овогт Б-ын Б /РД:БЗ00000000/: Монгол Улсын иргэн, яс үндэс Урианхай, 1986 оны 3 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, ам бүл 5 хүнтэй, эхнэр, 3 хүүхдийн хамт Н сумын 5 дугаар багт оршин суудаг,  бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай.

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын эхээр Баян-Өлгий аймгийн Н сумын нутаг дэвсгэр, “Х” гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар ховор амьтны жагсаалтад багтсан зэгсний бодон гахайг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, түүхий эдийг нь хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/87 дугаар шийтгэх тогтоолоор Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ховор амьтан агнасан, доторх эрхтнийг авч хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэжээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэлд: “2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/87 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн Б.Б, түүний өмгөөлөгч Т.Бахыт бид “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэсэн үндэслэлээр уг шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын эхээр тус аймгийн Н сумын нутаг Х гэх газраас 1 толгой зэгсний гахайг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан хэрэгт холбогдсон бөгөөд үйлдсэн хэргээ анхнаасаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа удаа дараа илэрхийлж, агнасан гахайн экологи, эдийн засгийн үнэ болох 2.900.000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд төлсөн, 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний үнэ 2.900.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлээд байсан. Шүүх хуралдааны мэтгэлцээний явцад бид Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн ба шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн зүгээс мөн тэнсэх боломжтой гэдгийг илэрхийлэн мэтгэлцсэн. Гэтэл шүүхээс 2013 онд буюу одоогоос 7 жилийн өмнө ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан гэсэн үндэслэлээр 1 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцээгүй байна гэж үзэж байна. Харин анхан шатны шүүхээс хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэхгүйгээр зөвхөн урьд ял шийтгүүлж байсан байдлыг харгалзан нэг талыг баримтлан эрх зүйн байдлыг дордуулан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосон явдалд гомдолтой байна. Б.Б би 2019 оны жилийн эцсээр бог, бод нийлсэн бүгд 185 толгой мал тоолуулсан, /ХХ-ийн 56-57 хуудас/ мөн үүнээс нас бие гүйцсэн 3 тооны үхрийг прокурорын тогтоолоор битүүмжилсэн. Тухайн үед өмчлөлийн мал хөрөнгөө худалдан борлуулж амжаагүй байсан тул хохирлын талыг төлөөгүй байсан болно. Хэрвээ ял тэнсэх боломжгүй гэж үзсэн тохиолдолд хорих ялын оронд торгох ял оноохыг хүсэж байна. Торгох ялыг эд хөрөнгөө борлуулах замаар барагдуулах боломжтой гэж үзэж байна. Харин давж заалдах гомдол гаргахаас өмнө үлдсэн хохирол болох 2.900.000 төгрөгөөс 2.500.000 төгрөгийг Төрийн банкин дахь 100020855301 тоот дансанд төлж барагдуулаад нотлох баримтыг гомдолд хавсаргаж байгаа ба харин үлдсэн 400.000 төгрөгийг ойрын хугацаанд төлж барагдуулах болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтад өөрчлөлт оруулж, оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэх буюу торгуулийн ялаар сольж, эрх зүйн байдлыг дээрдүүлэн шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Т.Бахыт нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг шийдвэрлэхдээ уг гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох буюу үндэслэл бүхий байх зарчмуудад нийцжээ.

 

Шүүгдэгч Б.Бын 2020 оны 01 дүгээр сарын эхээр, Баян-Өлгий аймгийн Н сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Х” гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Жагсаалт, журам батлах тухай” 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ховор амьтны жагсаалт”-ын 8 дахь мөрөнд заасан зэгсний зэрлэг /эр буюу бодон/ гахай /sus scrofa nigripes/-г Б.Гын эзэмшлийн 049819 дугаар гэрчилгээтэй, ОХУ-д үйлдвэрлэсэн Иж-18 маркийн /гол төмрийн дугаар 8801643, замгийн дугаар 8802230/ галт зэвсгийг ашиглаж тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, ховор амьтан болох зэгсний бодон гахайн түүхий эдийн зүйлийг[1] хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ан агнах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Түүний дээрх үйлдэл нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлсэн хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /гэрэл зургийн хамт/[2], мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол[3], эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тухай тэмдэглэл[4], эд мөрийн баримтаар тооцож, эд зүйлд үзлэг хийн хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тогтоол, тэмдэглэл[5], Б.Бын яллагдагч[6], шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг, гэрч Б.Гын мэдүүлэг[7], шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 4 дүгээр дүгнэлт[8] зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон тул анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргаж, Б.Быг ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, түүхий эдийн зүйлийг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй болжээ.

 

Прокурорын яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн шийдвэрт шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг мөн хуулиар тодорхойлох хууль ёсны зарчимд нийцсэн бөгөөд хуульд заасан төрөл, хэмжээний дотор түүнд оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ял нь шүүгдэгч Б.Бын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон буюу шударга ёсны зарчмыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Иймээс энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан “торгуулийн ял оногдуулж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөлүүдийг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнд энэ хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцсэн бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үзвэл, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглээгүй анхан шатны шүүхийн үйл ажиллагааг буруутгах, давж заалдах шатны шүүх уг зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна. Иймээс энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн зарим заалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх шаардлагыг хангуулж, хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. Тухайлбал, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо “, доторх эрхтнийг авч хадгалсан...” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль зүйн нэр томьёог хэрэглээгүй тодорхой бус, ойлгомжгүй үг хэллэгийг, 5 дахь заалтад “...ойн санд учруулсан хохиролд...” гэж хэргийн нөхцөл байдалд тохирохгүй нэр томьёог хэрэглэснийг тус тус өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Түүнчлэн шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад[9] болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа[10] Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ан, амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-ний Нэгдүгээр хэсгийн 12 дахь мөрөнд заасан зэгсний бодон гахайн экологи-эдийн засгийн үнэлгээ 2900000.00 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалтад зааснаар хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 5800000.00 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхдөө мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасан зохих санд төлөөгүй тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт орууллаа.

 

Байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан гэмт хэргийн хохирол, төлбөрийг Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын, эсхүл орон нутгийн өөр бусад дансанд төлүүлэхгүй, харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /Энэ хэсэгт Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалтын санд нөхөн төлүүлэх тул хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангаж ажиллахыг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасаг, аймгийн Прокурорын газарт,

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2013000710065 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоолын тодорхойлох хэсэгт /”Олсон нь:” гэх/ “...Увс аймгийн Бөхмөрөн сумын 3 дугаар багийн иргэн Б.Э нь...” гэж, прокурорын 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 59 дүгээр яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “..., П.Э нар...” гэж энэ хэрэгт холбогдолгүй хүний нэрийг бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцээгүйг тус тус тэмдэглэж, цаашид ийм төрлийн зөрчил гаргахгүй байхыг аймгийн Прокурорын газарт анхааруулах нь зүйтэй байна.

 

Хуульд зааснаар шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 48 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЗ/87 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “доторх эрхтнийг авч” гэснийг “түүхий эдийн зүйлийг” гэж,

5 дахь заалтыг “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бын байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан нөхөн төлбөрт төлсөн 2.900.000.00 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Төрийн сан дахь 100020013001 дугаар данснаас, 2900.000.00 төгрөгийг Төрийн сан дахь /Данс эзэмшигчийн нэр: Бө.Н БОХНСТС барьцаа/ 100020855301 дугаар данснаас тус тус буцаан гаргуулж, Засгийн газрын тусгай сангийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.” гэж тус тус өөрчилж, шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч Т.Бахыт нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээсүгэй. 

 

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 48 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ӨМИРБЕК

                       

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

                        

Д.КӨБЕШ

 

[1] Хэргийн 17-18 дугаар тал. Гэдэс доторгүй, бүхэл зэгсний бодон гахайн түүхий эдийн зүйл.

[2] Хэргийн 7 дугаар тал.

[3] Хэргийн 14 дүгээр тал.

[4] Хэргийн 18 дугаар тал.

[5] Хэргийн 20-25 дугаар тал.

[6] Хэргийн 49-51 дүгээр тал.

[7] Хэргийн 35 дугаар тал.

[8] Хэргийн 39 дүгээр тал.

[9] Хэргийн 71 дүгээр тал.

[10] Хэргийн 114, 122 дугаар тал.