Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 111/ШШ2021/0026

 

Хариуцагч гомдлын шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан би, Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******гийн дүгнэлттэй, Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч *******д холбогдох Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч *******гийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахшаардлага бүхий зөрчлийн хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянхонгор аймгийн Баян-овоо сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч нь 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ******* дугаартай зөрчилд хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулсан талаар тайлбар гаргаж байна.

Иргэн *******д холбогдуулан шалгасан зөрчил нь ******* өөрөө корона өвчин туссан түүний дараах эмчилгээг хийх зорилгоор Эрдэнэцогт сум руу явж байсан хүмүүсийг дагаж явсан бөгөөд өөрийн дур сонирхлоор тухайн иргэн өөрөө тарвага агнасан байсан тул *******ыг холбогдогчоор татаж хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулсан байсан.

1. Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3 дахь заалтаар биш оновчтой заалтыг авч шийдвэрлээгүй гэж үзсэнд: 7.6 дугаар зүйл:

1. Хугацаа дууссан гэрээ, зөвшөөрлөөр, эсхүл гэрээ, зөвшөөрөлгүйгээр амьтныг: 1.1. ашигласан; 1.2. барьсан;

1.3. агнасан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2. Хамтран үйлдсэн байж болзошгүй байхад холбогдогч этгээдүүдээс мэдүүлэг аваагүй гэх: Зөрчил үйлдэх санаа, зорилго нь ******* гаргасан бөгөөд Ковидын дараах эмчилгээнд өөрөө хэрэглэх, мөн улсын мэргэн буудаач хүн бөгөөд өөрөө буудаж агнасан нь илтэд тодорхой байсан ба би хүлээн зөвшөөрнө гэж үзсэн тул холбогдогчоор татаж хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулсан болно.

3. Хориотой үед болон хориглосон хугацаанд амьтан агнасан тээвэрлэсэн зөрчил гаргасан байхад зөрчил гаргахад ашигласан техник хэрэгслийг хураан авах: Тус хэргийг шалгах хугацаанд тээврийн хэрэгсэл хураах асуудлыг хуулийн хүрээнд судлан үзэхэд Ойн тухай хуулийн хүрээнд зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хураах заалт байсан бөгөөд бусад төрөлд тийнхүү заалт байхгүй байсан. Мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газраас зөвлөгөө авч ажилласан болно.

Иймд *******тай хамт явж байсан жолооч иргэнийг холбогдогчоор татаж мэдүүлэг аваагүй, хориотой үед агнасан гэх зүйл заалтаар шийтгэл ногдуулаагүй тул хэрэг бүртгэлийн ажиллагааг дахин явуулахад татгалзах зүйлгүй бөгөөд хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******гаас Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч *******д холбогдуулан Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч *******гийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг гаргажээ.

Хариуцагч *******гоос гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр бичгээр шүүхэд ирүүлсэн байна. Хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******гийн дүгнэлттэй, Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч *******д холбогдох Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч *******гийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгийг баримтлан гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

 ШҮҮГЧ                               Ч.ОЮУНСАЙХАН