Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбаатар Ууганбаатар |
Хэргийн индекс | 186/2024/0422/Э |
Дугаар | 2024/ШЦТ/469 |
Огноо | 2024-06-14 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Н.Түвшинбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/469
2024 06 14 2024/ШЦТ/469
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
улсын яллагч Н.Түвшинбаяр,
шүүгдэгч Ж.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр ирүүлсэн Ж.От холбогдох эрүүгийн “2411 00000 0651” дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.О нь 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 16 дугаар гудамжны ........... тоотоос буюу иргэн Б.Ггийн гэрээс түүний алтан гинжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 3.870.000 /гурван сая найман зуун далан мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.О нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ж.О нь 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 16 дугаар гудамжны ........... тоот иргэн Б.Ггийн гэрээс түүний алтан гинжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 3.870.000 /гурван сая найман зуун далан мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
яллагдагч Ж.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
“Дамно ХХК”-ны хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 22-27 дугаар хуудас/,
эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 42-43 дугаар хуудас/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-8 дугаар хуудас/
хохирогч А.Ггийн бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 45 дугаар хуудас/,
шүүгдэгч Ж.Оын бичгээр гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаархи хүсэлт /хх-ийн 45-46 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Ж.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.От холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.
Иймд Ж.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Ж.О нь хохирогч Б.Ггийн алтан гинжийг биет байдлаар буцаан өгсөн болох нь “Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл” /хх-ийн 42-43 дугаар хуудас/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Улсын яллагчаас санал болгож, шүүгдэгч Ж.Оын хүлээн зөвшөөрсөн 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Зорчих эрхийг хязгаарлах ялын бүслчлэлийг шүүгдэгчийн байнга оршин сууж, ажил хөдөлмөр эрхэлж байгаа Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээр тогтоов.
Иймд шүүгдэгч Ж.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрх хязгаарлах ял шийтгэх, шүүгдэгч Ж.Оын цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, биечлэн эдлэх зорчих эрхийн ялыг хугацааг 5 /тав/ сар 23 /хорин гурав/ хоногоор тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Ж.О нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ж.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ж.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар оршин суух газраа өөрчлөх, эмнэлгийн яаралтай тусламж болон төрийн үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Улаанбаатар хотын Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Оын цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, биечлэн эдлэх ялыг 5 /тав/ сар 23 /хорин гурав/ хоногоор тогтоосугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.От оногдуулсан 5 сар 23 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шүүгдэгч Ж.О нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УУГАНБААТАР