| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2021/01227/И |
| Дугаар | 102/ШШ2021/01194 |
| Огноо | 2021-05-13 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2021/01194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 6-р хороонд оршин суух, Ш овогт Б-ийн Д-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 8-р хороонд оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Х овогт Б-ын А-т холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д, хариуцагч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.А-тай 1999 онд Солонгос улсад танилцаад гэр бүл болсон. 2008 оны 10-р сарын 16-ны өдөр хүү Б төрсөн. Тэр үед бид аз жаргалтай байсан, өвгөн эмгэн болтлоо аз жаргалтай амьдарна гэдэгт нь итгэдэг байсан. Би 2011 оны 4 дүгээр сард хүүгийнхээ эрүүл мэндийн шалтгаанаар Монголдоо ирсэн. Харин Б.А 2012 оны 5-р сард ирж, бид 2013 онд гэрлэлтээ батлуулсан. Би хүүхдээ хараад гэртээ байдаг байсан, 2015 оноос дахин Солонгос улс руу 3 сарын хугацаагаар явж ажилласан. Гэтэл энэ хороонд Б.А өөр эмэгтэйтэй гэр бүлийн харьцаа тогтоож хамтран амьдарч эхэлсэн. Намайг Солонгосоос ирснээс хойш гэрээсээ хөөж, айлган дарамталж, зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх болсон. А архи уудаг, худлаа ярьдаг. Үүнээс болж хүү маань айдаг болсон, би цочмог стрессийн улмаас эмнэлэгт хэвтэж байсан. Би хүүтэйгээ тусдаа амьдраад 4 жил болж байна. Б.А тэр хүнтэй гэр бүл болж 2 хүүхэдтэй болсон, цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, хүүгээ асрамжиндаа авна, хүүхдийн тэтгэлэг гаргуулна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Б.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хүчирхийлэл үйлдэж гар хүрч байгаагүй, нэг удаа түлхсэн нь үнэн. Б.Д-ийн аав ээж ч мэднэ. Бидний салах болсон шалтгаан нь миний ээж, аавыг ирэхээр би барлаг юм уу, чи өөрөө хоол хийж өг гэх зэргээр байнгын хэрүүл маргаантай байдаг, байнга мөнгө нэхдэг. Миний хувьд маш их хөдөлмөрлөсөн. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд хүлээн зөвшөөрч байна. Би салъя гэж шийдээд өөр хүнтэй гэр бүл болсон. Надад маш их стресстэй байдаг гэв
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Д нь Б.А-т холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Б.Д, Б.А нар нь 2005 оноос хамт амьдарч байгаад 2013 оны 4-р сарын 12-нд гэрлэлтээ батлуулж, 2008 оны 10-р сарын 16-нд хүү Б-ыг төрүүлж өсгөжээ.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй байна.
Харин гэрлэгчид хамт амьдрах хугацаандаа зан харьцааны таарамжгүй байдал, нөхөр Б.А нь гэр бүлээс гадуур өөр хүнтэй харилцаатай болж, улмаар 2 хүүхэдтэй болсон, хэн аль нь цаашид хамт амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн байх тул эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.
Хариуцагч нь хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаагүй тул хуулинд зааснаар тэтгэлэг гаргуулж шийдвэрлэлээ.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.3, Гэр бүлийн тухай хуулийн 26-р зүйлд зааснаар эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд эцэг эхийн үүрэг хэвээр үлдэж хүүхэд тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.
Талуудын хооронд эд хөрөнгийн маргаангүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2021 оны 3-р сарын 22-ны өдөр дуусгавар болгосон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Б-ийн Д, Б-н А нарын гэрлэлтийг цуцалж, 2008 оны 10-р сарын 16-нд төрсөн хүү А.Б-г эх Б.Д-ийн асрамжинд үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүү А.Б-ыг 16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Б.А-аар тэжээн тэтгүүлсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Б.А-аас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Шийдвэрийг зохигч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА