| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2021/01117/И |
| Дугаар | 102/ШШ2021/01296 |
| Огноо | 2021-05-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2021/01296
| 2021 оны 05 сарын 20 өдөр | Дугаар 102/ШШ2021/01296 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 11-р хороонд оршин суух, Т тулгат овогт У-н С-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 11-р хороонд оршин суух Т нар овогт П-ын Ц-д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.С шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2000 оноос Ц-тэй гэр бүл болж амьдарсан. Бидний дундаас 2001 оны 1-р сарын 23-нд хүү М, 2008 оны 9-р сарын 1-нд хүү М нар төрсөн. Ц ах дүү нартайгаа хамтарч хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Би хүүхдээ хараад ажилгүй байсан. Нөхөр Ц-д нь архи уудаг, гадуур их явдаг, надад гар хүрч байсан. Бид 2018 оноос тусдаа амьдарч байгаа, 2 хүүхэд аавтайгаа хамт амьдарч байна. Би одоо байр түрээсэлж амьдарч байна. 2019 оноос багшаар ажиллаж байна. Цаашид хамт амьдархгүй тул гэрлэлтээ цуцлуулна, бага хүүхдээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч П.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие гэрлэлтээ цуцлуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Ямарваа нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй. Харин 2 хүүхдээ асрамжиндаа авах хүсэлтийг зөвшөөрөхгүй. Бид гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас 2018 оноос тусдаа амьдарч байна. Энэ 3 жилийн хугацаанд 2 хүүхэд минь төрсөн гэр, өсөж торнисон голомтондоо эрүүл аюулгүй орчинд надтай хамт амьдарч байна. Иймд миний эцэг хүний үүрэг, хариуцлага зорилго зорилтыг хүндэтгэн, санхүүгийн боломжийг харгалзан үзэж 2 хүүхдээ өөрийн асрамжинд хэвээр үлдээх хүсэлтийг хүлээн авна уу гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У.С нь П.Ц-эд холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
У.С, П.Ц нар нь 2000 оноос хамт амьдарч, 2003 оны 2-р сарын 7-нд гэрлэлтээ батлуулсан бөгөөд хамт амьдрах хугацаандаа 2001 оны 1-р сарын 23-нд хүү Ц.М, 2008 оны 9-р сарын 1-нд хүү Ц.М нарыг төрүүлж өсгөжээ.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй байна.
Харин гэрлэгчид хамт амьдрах хугацаандаа зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2018 оноос тусдаа амьдарч байгаа, хэн аль нь цаашид хамт амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн байх тул эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.
Гэрлэгч тусдаа амьдарсан хугацаанд хүү Ц.М, Ц.М нар нь эцгийн асрамжинд байгаа, насанд хүрээгүй хүү Ц.М аавтайгаа, ахтайгаа хамт амьдарна, ээжтэйгээ өмнөх шигээ уулздаг байя гэсэн саналыг гаргасан, эцэг нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, асран тэтгэх, хүүхдийн сурч боловсрох орчин нөхцөл, орон гэрээр хангасан, цаашид эцгийнхээ асрамжинд байснаар хүүхдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.3, Гэр бүлийн тухай хуулийн 26-р зүйлд зааснаар эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд эцэг эхийн үүрэг хэвээр үлдэж хүүхэд тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.
Талуудын хооронд эд хөрөнгийн маргаангүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2020 оны 7-р сарын 29-ний өдөр дуусгавар болгосон байна.
Хариуцагч П.Ц нь 2 дахь удаагаа шүүх хуралд ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 , 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан У-ийн С, П-ын Ц нарын гэрлэлтийг цуцалж, 2008 оны 09-р сарын 01-нд төрсөн хүү Ц.М-ийг эцэг П.Ц-ийн асрамжинд үлдээсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч П.Ц-ээс 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Шийдвэрийг зохигч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА