Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2021/01297

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2021/01297

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 4-р хороонд оршин суух, Ш овогт Н-ийн Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 20-р хороонд байрлах, Д ХХК-д холбогдох 15 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Г /үнэмлэх /, Н.Б /үнэмлэх /, гэрч А.О, Г.Н, Н.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н. нь Д ХХК-тай 2018 оны 08-р сарын 06-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Дархан хот дахь Э ХХК-ийн агуулахын барилгын угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр тохирч 30 000 000 төгрөгийг урьдчилан авч ажлаа эхэлсэн. 2018 оны 08-р сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн багана, холбоосыг угсарч дууссан. Гэрээнд кран болон өргөгч машин зэрэг техник хэрэглэлтэй холбоотой зардлыг захиалагч тал бүрэн хариуцахаар заасан ч угсралтын явцад кран 5-8 хоног өөр барилга дээр ажиллаж байсан, кран ажиллуулах жолоочгүй болох зэргээр ажлыг байнга зогсонги байдал оруулж хоног хугацаа алдагдлууж байсан. Барилгын дээврийн дам нуруу зэрэг хийцийн материалууд нь 2018 оны 08-р сарын 28-ны өдөр талбайд буусан учир 8-р сарын 30-ны өдөр гэхэд дам нуруу угсарч дууссан. 2018 оны 09-р сарын 06-ны өдөр барилгын хана, дээврийн сендвич хавтан барилгын талбайд бууж эхэлсэн учир ажил эхэлсэн. Ханын ажил эхлэх үед ханын хавтангийн доор тавигдах хаяавч нимгэн төмөр нугалагдаж ирээгүйгээс ажил саатаж удаашрах байдалтай болсон. 2-3 хоног хүлээж ирэхгүй байсан учир Д ХХК-ийн өмнөөс захиалагч үйлдвэр дээр очиж материалынх нь хэмжээ өгч бэлтгүүлсэн. Энэ үүргийг гэрээгээр Д ХХК гүйцэтгэх байсан.Мөн дээврийн хавтангийн хэмжээ буруу ирүүлэх, дээврийн хавтанг залгаагүй үргэлж байхаар зурагдсан байхад 2 залгахаар болгож өөрчилсөн, хавтан хэмжээндээ хүрэхгүй байх, ханын хавтанг зурагт босоо угсардаг хавтангаар гүйцэтгэхээр тусгасан байхад хэвтээ угсардаг хавтан нийлүүлсний уршгаар хавтангуудын амсар нийлүүлэхэд маш их хүндрэл учирч хугацаа алдагдуулж маш их хүндрэл учирч байсан. Гэвч би ажлыг зохих ёсоор хийж дуусгасан. Гэрээнд заасан ажлаас гадна барилгын хормой хэсгээр зурагт тусгагдаагүй явган хана угсрах ажил нэмэлтээр хийхийг шаардаж, хөлс олгохгүй хэмээн хясан боогдуулсан учир уг ажлыг гүйцэтгэсэн. Д ХХК гэрээгээр тохирсноор өмнөх ажлын гүйцэтгэлд 85 000 000 төгрөг төлөх үүрэгтэйгээс одоогийн байдлаар 55 000 000 төгрөгийг төлөөд байгаа ба одоо 25 000 000 төгрөгийг төлөөгүй байна. Мөн гэрээнд заагдаагүй дээд дурдсан ажлыг гүйцэтгэлд 5 000 000 төгрөгөөр тохирсон боловч төлөөгүй байна. Д ХХК нь 85 000 000 төгрөг төлөхөөс 70 000 000 төгрөг төлсөн, одоо 15 000 000 төгрөг төлөх ёстой. Иймд 15 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2004 онд байгуулагдсан. Дорноговь аймгийн спорт цогцолбор, Төв аймагт Г ХХК, Г компаний хамтарсан ноос боловсруулах агуулах, M группийн 21 аймагт баригдах агуулахын зориулалттай барилгын ерөнхий гүйцэтгэгчээр шалгарч 2018 онд эхний ажлаа хийсэн. Манай компани иргэн Н.Б-тэй Баянзүрхийн товчооны гараашийн барилга, Дархан-Уул аймаг дахь M группын барилга, ус зайлуулах суваг, шуудуу зэрэг ажилд хамтарч ажилласан. Тус ажил гүйцэтгэх гэрээ офиссын хананы доторлогоо хийх, барилгын зурагт орсон бусад жижиг ажлуудыг хийж гүйцэтгэхээр тохиролцоод гэрээний нийт үнийн дүн 85 000 000 төгрөг болсон. Үүнээс 35 000 000 төгрөг нь нэмэгдсэн өртгийн албан татвартай, үлдсэн 50 000 000 төгрөг нь татвар бодогдоогүй. Д ХХК-иас Н.Б-гийн Голомт банкны данс руу 6 удаагийн үйлдлээр нийт 70 000 000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй, ажил нь удааширч хаяж явсан. Үүнээс болж М ХХК барилгын ажлаа дуусгахыг шаардсан тул бид Зитоп ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр авч ажиллуулж Н.Б-гийн хийх ёстой байсан 14 680 000 төгрөг төлсөн. Ингээд ажлаа цаг тухайд нь хийж гүйцэтгэн барилгын ажлыг дуусган улс комисс хүлээж авч ашиглалтад оруулсан. Д ХХК, З ХХК-ийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, мөнгө хүлээж авсан баримт зэргийг нотлох баримтаар өгсөн. Н.Б итгэл найдвар хүлээлгэсэн боловч үүргээ гүйцэтгээгүйгээс болж М групп манайхтай байгуулсан ерөнхий туслан гүйцэтгэгчийн гэрээгээ цуцалж хамтран ажиллахгүй гэж манай компанийн нэр хүндийг унагасан. Бид барилгын ажлын тайланг М групп руу 7 хоног болгон явуулдаг байсан юм. М групп, Д ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн ажил хүлээлцэх актад офиссын хэсгийн сэндвич хана хэсгийг зориулалтын ижил өнгөөр будах шаардлага тавьсан, усны хаягдлын налуу болон борооны ус зайлуулах системийн хоолойг засварлах нь Н.Б-ийн хариуцсан ажил байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлгийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б нь Д ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 15 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Д ХХК нь Н.Б-тэй 2018 оны 08-р сарын 06-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Дархан хот дахь Э ХХК-ийн агуулахын барилгын угсралтын ажлаас ганц хийц, сэндвич угсралт, ус зайлуулах суваг шуудуу, далан хашааны суурь, гадна довжоо хаяавч цутгалт, оффисийн ханын доторлогоо, барилгын зурагт орсон бусад жижиг ажлуудыг 2018 оны 9-р сарын 8-ны дотор хийж гүйцэтгүүлэх, ажлын хөлс 85 000 000 төгрөг төлөхөөр /хх 6-17, 52-69/ тохирчээ.

 

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн бөгөөд ажил гүйцэтгэгч нь доголдолгүй үр дүнг хүлээлгэн өгөх, захиалагч үр дүнг хүлээн авч хөлс төлөх үүрэгтэй.

Ажил гүйцэтгэх гэрээний хугацаанд гүйцэтгэгч Н.Б нь гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэсэн боловч ажлыг бүрэн дуусгаагүй, захиалагч хөлсийг бүрэн төлөөгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ.

 

Талууд гэрээний 2-р зүйлийн 2.8, 4-р зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар ажлын үр дүнг акт үйлдэн хүлээн авахаар тохирсон байх ба гүйцэтгэгч Н.Б нь ажлыг дуусгасан, хүлээлгэн өгсөн нь актаар тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл, ажлын үр дүн доголдолтой байна.

 

Гэрч А.О шүүх хуралдаанд ...Би 2019 оны 8-р сарын 16-ны өдөр Дарханд очсон, Н.Б-тэй гэрээтэй ажилласан, барилгын төмөр хийц, цонх хаалга, сендвичэн хавтан, нэмэлтээр хаяавч хийсэн. Дээврийн ажлыг хийхэд хавтан нь богино ирсэн тул нэмэлт ажил хийх болсон, Д компаний хүмүүстэй хамт хийсэн, актаар хүлээлгэж өгснийг мэдэхгүй, гэрч Г.Н ...би гадна тохижилтын бетон цутгалтын ажил, хашааны суурийн ажлыг хийсэн, ажлыг дуустал хийсэн, акт үйлдсэн талаар мэдэхгүй гэж мэдүүлсэн нь гүйцэтгэсэн ажилтай нь холбоотой боловч ажлыг дуусгаж актаар хүлээлгэж өгснийг гэрчлээгүй, гэрч Н.Г-ийн ...Б хугацаандаа ажлыг дуусгаагүй тул дээвэр дээр 5-6 хоног хамт ажиллаж дуусгасан, З ХХК ажлыг дуусгаж актаар хүлээлгэж өгсөн гэсэн мэдүүлэг нь ажлын үр дүн доголдолтой байсныг гэрчилсэн байна.

 

Улмаар Д ХХК нь 2018 оны 9-р сарын 3-ны өдөр З ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж дээрх агуулахын барилгын металл каркас С төмөр гагнах, дээврийн сендвич хавтан угсрах, малгай төмөр хийх, ажлын зурганд тусгагдсан жижиг ажлуудыг үргэлжлүүлэн дуусгах, ашиглалтад хүлээлгэн өгөх 20 000 000 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг гүйцэтгүүлэх, З ХХК нь ажлыг 20 хоногийн дотор гүйцэтгэхээр /хх 43-47/ тохирчээ.

 

З ХХК нь ажлын үр дүнг 2018 оны 9-р сарын 26-ны өдөр Ажил хүлээлцсэн акт-аар хүлээлгэн өгсөн, захиалагч ажлын хөлс 14 688 000 төгрөгийг 2018 оны 9-р сарын 28-ны өдөр төлсөн нь баримтаар тогтоогдсон /хх 105, 107/ байна.

 

Өөрөөр хэлбэл, Н.Б-ийн гүйцэтгэсэн ажлын доголдлыг З ХХК-иар арилгуулсан, ажлын хөлс төлсөн хэмжээгээр үнийг бууруулсан гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д ХХК-иас 15 000 000 /арван таван сая/ төгрөг гаргуулахыг хүссэн Н.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308 000 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.

 

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА