| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2024/0057/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/56 |
| Огноо | 2024-06-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд,
Улсын яллагч Б.Төрболд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э /цахимаар/,
Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн ................... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн .... сумд төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн .... сумын .... багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, .... .... овогт .... Б.. регистрийн дугаар: ........
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.Б-ыг хохирогч Д.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:
Шүүгдэгч П.Б нь 2024 оны 02 дугаар сарын 00-ний өдөр Завхан аймгийн .... сумын ..... багт байрлах Д.С-ийн хашаанд хохирогч Д.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүрний хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд тархи доргилт, зүүн хацарт зулгаралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
- Хохирогч Д.Б-н “...Тухайн өдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 00-ний өдөр бэр Д-ын хамт Улиастай суманд ирж засал номоо хийлгээд замдаа тал шилтэй архи уугаад .... суманд 19 цагийн үед очсон. Сумын төвд очоод худ болох С гуайнд 19 цагийн үед очиход гадна хашааны хаалга унасан байхаар гэрт нь орох гээд явж байтал Б буюу Ба хашааны хаалга унагаалаа гэх байдлаар миний цээж рүү хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Яг аль хөлөөрөө өшиглөснийг мэдэхгүй. Би Б-г өшиглөнгүүт доошоо хараад хэвтсэн. Намайг хэдэн удаа цохисон талаар …Би санахгүй байна. Нүүр рүү, цээж рүү өшиглөсөн. С намайг цохисон үгүйг мэдэхгүй байна. …Надад одоо уг хэрэгтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй. П.Б-тай сайн дураараа эвлэрсэн. П.Б нь надад учруулсан хохирлоо нөхөн төлсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 64-74 дүгээр хуудас/,
- Гэрч П.Э-ын “…Б-н бэр над руу залгаад “хадам аав Б-г ирээд аваадахаа гадна зодоон хийгээд байна” гэхээр нь машинаа хучаад орондоо орчихсон байсан болохоор учиргүй зодолдоогүй байлгүй гээд хэсэг байж байтал 00 цаг болох гэж байхад дахиад залгахаар нь машинаа асаагаад С-нд яваад очиход С, Б хоёр хажуу талд нь зогссон Б дунд нь сөхрөөд суусан байсан. Би машинтайгаа очоод Б-г машинд суу гэхэд Б машинд суугаад би Б, С хоёртой юм ярилгүй шууд явсан. Б-ийн хамраас цус гоожсон, нүүр хавьд нь бага зэрэг хавдсан байхаар нь цусыг нь арчаад хаана унтах юм гэхэд согтуурхаад голын захад аваачаад орхичих гэхээр нь Бэ-ийнд хүргэж өгөөд би явсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 76 дугаар хуудас/,
- Гэрч С.Д-ын “...Тухайн өдөр хадам аав болох Б-тай Улиастайд засал номоо хийлгээд ирсэн. Би аймгаас ирээд ээжийнд байж байтал над руу Д гэх хүн “хадам аав чинь гудамд архи уугаад унасан байна ирж ав” гэхээр нь унаа байхгүй байсан тул Д ахыг Э ах руу ярь гэж хэлээд байж байтал гадна машин ирэхээр нь хашааны хаалга онгойлгоод хартал хадам аав Б ээжийн хашааны гадна 23 цагийн үед хүргүүлж ирэхээр нь та Э ахынд очоод хоночих, ээжийнд хүмүүс ирчихсэн багталцахгүй байна гэхэд хадам аав хэн ирсэн юм гэхээр нь Б ахынх ирсэн хонож байна гэж хэлэхэд чи Б алцганалаа гээд хараагаад байхаар нь хашааны том хаалгаа дотроос нь уячхаад нойлд бие засаж байтал хашааны том хаалгыг унагаагаад орж ирсэн. С гуай гэрээс гарч ирээд тэр хоёр хоорондоо муудалцаад байж байтал Б ах гэрээс гарч ирээд тэр хоёрыг салгахад хадам аав Б ах руу чи манай бэр Д-тай алцганаад хэвтэж байсан биз дээ гэхэд Б ах юу яриад байгаа юм гэх байдлаар маргалдаж байхаар нь би гэртээ ороод тэр 3 үлдсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 78 дугаар хуудас/,
- Гэрч С.Б-ийн “…Тухайн шөнө буюу 2024 оны 02 дугаар сарын 00-ний шөнө 00 цагийн үед байх цагийг нь сайн санахгүй байна гадна хашааны үүдний харалдаа Б нь гудамжинд хэвтэж байхаар нь би гэртээ оруулаад нүүр нь зулгарч, шал согтуу байхаар нь нүүрнийх нь цусыг угааж өгөөд ор засаж унтуулсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 80 дугаар хуудас/,
- Гэрч М.О-ын “...Би 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр үзэхэд биеийн байдал хүнд, артерийн даралт 210/110-тай, хамар, уруулын гурвалжин хөхөрсөн, багтарсан байдалтай, ханиалгах үедээ бага зэргийн цусны судалтай ханиалгаж байсан. Амин үзүүлэлтийг тогтворжуулж, биеийн байдлыг хянаад Аймгийн нэгдсэн эмнэлэг тээвэрлэж хүргэсэн. Б нь манай эмнэлэгт 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагт өөрөө ирж үзүүлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 86 дугаар хуудас/,
- Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн хошууч П.Б-ийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 000000000 дугаартай “…1. Д.Б-ийн биед тархи доргилт, зүүн хацарт зулгаралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан буюу 2024 оны 02 дугаар сарын 00-нд үүссэн байх боломжтой.
4. Д.Б-ийн биед учирсан гэмтлууд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Д.Б-н биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 108-110 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй, оролцохгүй гэдгээ илэрхийлсэн учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, түүний өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Улсын яллагчийн яллах дүгнэлтэд тусгагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгч П.Б-ын холбогдсон хэргийн нөхцөл байдал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч П.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч П.Б гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч Д.Б хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч П.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .... овогт .....-н Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч П.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй зүйлгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 42 см урттай, гадаргуу тэгш бус нэг үзүүрийг нь тэгшилж тайрсан, нөгөө үзүүр нь хугарч бяцарсан гэмээр ул мөртэй, гадаргуу хэсэг нь шаргал өнгийн будмал модон зүйл 1 ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ