Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 019

 

Ц.Н-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ц.Нт холбогдох эрүүгийн 2013000530028 дугаартай хэргийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Е.Халибек, тус аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Т.Батсүх, шүүгдэгч Ц.Н, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Костёр, орчуулагч А.Еркегүл нар оролцов.

Шүүгдэгч У овогт Ц-ийн Н /РД:БК00000000/: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1997 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, ам бүл 4 хүнтэй, ах, дүү нарын хамт Ө сумын 8 дугаар багт оршин суудаг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  оногдуулсан 2 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай.

Шүүгдэгч Ц.Н нь  2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр, 14 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суудаг хохирогч Р.Кийн өвлийн байшингийн цонхны жижиг салхивчаар нэвтрэн орж, 16000.00 төгрөг, “Проуд мобайл” маркийн шаргал өнгийн гар утас, USB холболтын утас зэргийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц. Н-ийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Н-ийг 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна.

Шүүгдэгчийн давж заалдах гомдолд: “Шүүгдэгч Ц.Н миний үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилээс 8 жил хүртэл хорих ял оногдуулахаар заасан байна. Гэвч шүүгдэгч Ц.Н би гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэргийг сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял буюу 1 (нэг) жилийн хорих ял оногдуулж болохоор байгаа. Ц.Н надад ял шийтгэл оногдуулахдаа шийтгэх тогтоолын үндэслэх нь хэсэгт Ц.Нийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй. Шүүгдэгч Ц.Н би хохирлыг төлж өгсөн, гэм буруугаа хүлээж байгаа нь хөнгөрүүлэх нөхцөл гэж үзнэ. Энэ талаар шүүх буруу дүгнэлт хийсэн. Шүүгдэгч Ц.Н би 1997 онд төрсөн, одоо 22 настай, бидний эцэг, эх маань бага байхад нас барсан, бага насны ах, дүү 4 хүүхэд хараа хяналтгүй, асран хамгаалах хүнгүй, бүтэн өнчин өссөн. Одоогийн байдлаар насанд хүрээгүй, ерөнхий боловсролын сургуульд сурдаг хоёр дүүтэйгээ хамт амьдардаг бөгөөд миний бие хувийн дэлгүүрүүдэд ачигчаар ажиллаж, хоёр дүүгээ тэжээдэг байсан. Надаас том ах маань бөөрний архаг дутагдалтай, долоо хоног бүр цус цэвэршүүлэн сольж, байнгын эмнэлгийн хяналтад байдаг, хэвтрийн дэглэм сахидаг тул дүү нарыг асарч, хандах боломжгүй. Шүүгдэгч миний амьдралын энэ хүнд нөхцөл байдлыг Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд надад хөнгөрүүлэх нөхцөлд тооцож болно гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т шүүгдэгч Ц.Н миний урьд ял шийтгүүлсэн байдал нь дахин тухайн үндэслэлээр ял хөнгөрүүлж оногдуулахад хуульд зааснаар саад болохооргүй байна. Өөрөөр хэлбэл урьд ял шийтгүүлсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж оногдуулахад харшлах зүйлгүй байна. Цаашид дахин давтан гэмт хэрэг үйлдэхгүй гэдэгт өөрөө өөртөө тангараг өргөсөн бөгөөд энэ удаа шүүхээс ял хөнгөрүүлэхийг хүснэ. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Ц.Н надад 1 (нэг) жилийн хорих ял оногдуулж өгнө үү.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Нийн гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

            Шүүгдэгч Ц.Н нь 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 14 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суудаг хохирогч Р.Кийн өвлийн байшингийн цонхны жижиг салхивчаар нэвтэрч, 16000.00 төгрөг, “Проуд мобайл” маркийн шаргал өнгийн гар утас, USB холболтын утас зэрэг нийт 231000.00 төгрөгийн үнэлгээтэй эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн нотлогджээ.

 

            Хэрэгт цугларсан мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлүүд, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгүүд, эд мөрийн баримтыг хураан авсан тогтоол, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь, харьцуулан үнэлэхэд, шүүгдэгч Ц.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдэн, хохирогч Р.Кийн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эд хөрөнгө өмчлөх, орон байр нь халдашгүй байх үндсэн эрхэд халдсан нь тогтоогдсон байна.

 

            Иймээс Ц.Нийг шүүхийн шийтгэх тогтоолоор хуульд зааснаар хоёр жил, дөрвөн сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзнэ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Шүүгдэгч Ц.Нээс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэж давж заалдах журмаар гомдол гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, хорих ялыг хөнгөрүүлж болно гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч Ц.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, яллах дүгнэлтийн хавсралтад зааснаар энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болох нь тогтоогдсон боловч түүний хувийн байдлыг харгалзаж, анхан шатны шүүхээс түүнд хуульд зааснаар оногдуулсан хоёр жил, дөрвөн сарын хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлээгүй буюу шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсийн 1.3 дахь заалтыг хэрэглээгүйг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Энэ хэргийн улмаас шүүгдэгч Ц.Нийн цагдан хоригдсон 99 хоногийн хугацааг хуульд зааснаар түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

           

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Нийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нийн цагдан хоригдсон 99 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

 

                                                                                                            Д.КӨБЕШ