Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 52

 

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувд

Улсын яллагч Л.Мөнхбаяр

Хохирогч Э.Ганзориг

Хохирогчийн өмгөөлөгч Т.Энхболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч Д.Баянбат нарыг оролцуулан гэрч Д.Алтанцэцэгийг байлцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Дагвадоржийн Баянбатад холбогдох эрүүгийн 201711000044 дугаартай хэргийг 2017 оны 04 сарын 03-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 08 сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг 57-14 тоотод оршин суух, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн 5 дугаар заставт харуулын дарга ажилтай, улсаас авсан гавьяа шагнал Онц хилчин, Хилчний алдар 1,2,3, Хилийн цэргийн 70, 80 жилийн ойн медаль, Халх голын 60 жилийн ойн медаль, аймгийн 70 жилийн ойн медалиар шагнуулж байсан, ял шийтгэлгүй, бие эрүүл, МЗ77080517 регистрийн дугаартай, Сартуул овогт Дагвадоржийн Баянбат.

Шүүгдэгч Д.Баянбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 сарын 05-ны өдөр 21 цаг 40 минутын орчимд Дорнод аймгийн Хэрлэн сум 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ахмадын чөлөөт цаг өнгөрүүлэх байр”-ны баруун талын автомашины зам дээр 40-12 ДОР дугаартай "Тоёота Приус-10" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан "…замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүй зорчино…" гэсэн заалт, мөн дүрмийн 2.5в-д заасан “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх”, 2.7а-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 9.2-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч Э.Ганзоригийг мөргөж, бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан, мөн хохирогч Э.Ганзоригийг мөргөж зам тээврийн осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх  үүргээ  биелүүлээгүй  гэмт  хэрэгт  тус  тус  холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч Д.Баянбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр 2 дугаар хороонд цуг ажилладаг ахындаа очсон. Замдаа нэг шил Болор архи аваад хоёулаа  хувааж уусан. Орой 21 цаг 30 минутын үед эхнэр хүүхдээ аваад харьж явсан. Гэрлийн үзүүрт нэг хар юм харагдаад тулаад ирчихсэн болохоор мөргөчихсөн. Тэгээд эхнэртээ түргэн дууд гэж хэлэхэд түргэний машин байхгүй байна гэхээр нь хохирогчийг аваад эмнэлэг рүү  очсон. Эмнэлгийн гадаа очоод оруулах гэсэн боловч чадаагүй, тэгээд эмнэлэг орж хүн авчирч оруулсан. Ингээд би эхнэр хүүхдээ гэртээ буулгаж өгөөд яахаа ч мэдэхгүй машиндаа сууж тамхи татсан. Тэгээд хэсэг сууж байгаад эмнэлэг дээр дахин очсон. Би айж сандраад Цагдаагийн байгууллагад хэлж мэдэгдээгүй. Би одоогийн байдлаар хохирогчид онгоцны болон тээврийн зардал, эмчилгээний мөнгөнд нийт 3100000 төгрөг өгсөн. Би үйлдсэн хэргийнхээ бурууг ойлгож байна гэв.

Хохирогч Э.Ганзориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Баянтүмэн тасагт 2003 оноос хойш шугамын монтёроор ажилласан. Осолд орсны улмаас гэмтэл авч олон хоног ухаангүй байсан. Одоо хөдөлмөрийн чадвараа алдаад группт орсон. Осолд орсноос хойш шүд зуурч, бүх бие хавддаг болсон. Өвчиндөө дийлдээд шөнөдөө унтаж чадахгүй гэртээ холхидог болсон. Эмчилгээний зардлын  хувьд би сайн мэдэхгүй байна. Гэхдээ 3100000 төгрөг өгсөн гэж ойлгож байна, манай гэр бүлийн хүн мэдэж байгаа. Цаашид би эмчилгээ сувилгаа хийлгүүлнэ. Баянбат өөрийгөө л бодож байгаа болохоос биш намайг бодоогүй байх. Нэг удаа манайд ирснийг  л мэдэж байна. Түүнээс биш түрүү долоо хоногт л гэрт ирж уучлалт гуйсан. Би гэрээс гарахгүй байгаа. Ажил дээр  нэг удаа очсон чинь баахан л бичиг баримт цуглуулаад, дарга нартай  уулзаад явж байна гэж сонссон. Чойбалсан суманд бас л согтуу явж байна гэж сонссон. Гэхдээ би хүнийг ховоор дүгнэмээргүй байна. Ер нь намайг гэх сэтгэл гаргахгүй байна гэж бодож байна. Одоо би цалин болон группын мөнгөний зөрүү болох 669472 төгрөгийг групп тогтоосон 6 сарын хугацаагаар буюу 406832 төгрөг, 2017 оны 01 сарын 05-ны өдрөөс 2017 оны 04 сарын 08-ны өдөр хүртэлх үед олгогдож байсан цалин 3044671 төгрөг, эхнэр Алтанцэцэгийн цалингүй 6 хоногийн чөлөөний мөнгө 159352 төгрөг, ээлжийн амралтын 26 хоногийн  мөнгө 867119 төгрөг, цаашид хийлгэх эмчилгээний зардал 2500000 төгрөг сувиллын газар сувилуулах зардал 1000000 төгрөг, өмгөөллийн хөлс 300000 төгрөг нийт  11887974  төгрөг нэхэмжилж байна гэв.

Гэрч Д.Алтанцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 1 сарын 5-ны өдөр манай нөхөр ээлжинд гарч байсан юм. Би өөрөө шүүгдэгчийн эхнэрийнх нь төрсөн дүүд эмчилгээ хийж байсан юм. 21 цагийн үед залгаад намайг хоолоо хийж байна уу гэсэн. Тэгээд удахгүй очлоо гэсэн юм. Эрүүл саруул ажлаа хийгээд явж байсан миний нөхөр  хөдөлмөрийн чадвараа алдаад ажил хөдөлмөрөө эрхэлж чадахгүй байгаа. Гэмтлийн зүйл үлдэц ихтэй байдаг гэв.

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  56 тоот дүгнэлтэнд: 1. Э.Ганзоригийн биед тархины няцрал, цус хуралт, бүсэлхийн L1-L5 нугаламын баруун хөндлөн сэртэнгийн зөрөөгүй хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх тархины няцрал, цус хуралт бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бүсэлхийн L1- L5 нугаламын баруун хөндлөн сэртэнгийн зөрөөгүй хугарал бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар, эрүүл мэндэд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 54/

            Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2017 оны 02 сарын 10-ны өдрийн 3 тоот дүгнэлтэд: 1. Эрүүгийн хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад жолооч Д.Баянбат нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.5в-д “Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүний овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх”, 2.7а-д “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон”, 9.2-д "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Жолооч Д.Баянбат нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсон нь зам тээврийн осол гарах гол шалтгаан болсон байна гэж үзлээ. 3. Эрүүгийн хэргийн 201711000044 дугаартай материалд авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Тоёота Приус-10 маркийн 40-12 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн, замын хөдөлгөөнд оролцох боломжтой гэж үзэв гэжээ. /хх-ийн 58/

   Хохирогч Э.Ганзориг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “…2017 оны 01 сарын 05-ны өдрийн 07 цагт ээлжийн ажилдаа явсан юм. Ингээд орой 21-22 цагийн орчимд ажил дээрээсээ оройн хоолоо идэхээр гэрлүүгээ явсан. Төмөр замын ахмад чөлөөт цаг өнгөрүүлэх байрны баруун хойд талын замаар зүүн хойш алхаж байхад араас нэг юм мөргөх шиг болсон. Тэгээд юу болсон талаар огт санахгүй байж байгаад 2017.01.19-ний өдөр Улаанбаатар хотод эмнэлэгт ухаан орсон. Яагаад эмнэлэгт хэвтэх болсноо мэдэхгүй байгаа бөгөөд миний бодлоор машинд дайруулсан юм байна лээ…” гэжээ. /хх-ийн 39-41/

   Гэрч Д.Алтанцэцэг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “…Манай нөхөр Ганзориг 2017.01.05-ны өдрийн өглөө ажилдаа гарсан юм. Тухайн өдөр би гэртээ амарч байсан бөгөөд 05-ны өдрийн 21 цаг 30 минутын орчимд нөхөр Ганзориг миний гар утас руу залгаж одоо очлоо, ажлынхаа юмыг аваачиж компьютерт шивүүлнэ гэж хэлээд гар утсаа салгасан. …ирэхгүй болохоор нь 22 цаг 20 минутын орчимд нөхрийнхөө гар утас руу залгасан чинь эмэгтэй хүн утсыг нь аваад өөрөө юу нь вэ энэ хүн хүлээн авах тасагт ухаангүй байдалтай орж ирчихээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь хүлээн авах тасаг дээр ирсэн чинь тусгаарлах өрөөнд ухаангүй байдалтай хэвтэж байсан. …Намайг анх эмнэлэг дээр ирэхэд хүн машинд шүргүүлчихлээ. Бид нар аваад очиж байна гэж хэлсэн гэсэн. Төд удалгүй тэр дугаараас нь төрөхийн гадаа ухаангүй хүн хэвтэж байна гэсэн дуудлага өгсөн гэсэн. Тэгээд асрагч сувилагч нар очиж авсан гэж ярьж байсан” гэжээ. /хх-ийн 42-43/

   Гэрч Ч.Отгонцэцэг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “2017.01.05-ны орой 22 цагийн орчимд нэг танихгүй эмэгтэй хүн орж ирээд “хүн байна уу туслаарай гадаа үүдэнд хүн ухаан алдчихсан байна” гэж хэлэхээр нь сувилагч Оюунцэцэг, Оюунтунгалаг болон тэр танихгүй эмэгтэйгийн хамт гарсан бөгөөд машины зогсоол дээр очсон чинь газарт дээшээ харсан байдалтай ухаангүй эрэгтэй хүн хэвтэж байсан бөгөөд уг хүний хажууд танихгүй эрэгтэй хүн “хурдлаарай, түргэлээрэй, тусламж үйлчилгээ хурдан үзүүлээрэй. Та нарыг эмнэлгийн хүн болохоор дуудсан юм аа” гэж тэр эрэгтэй хүн хэлж байсан. Эрэгтэй нь нилээд уусан бололтой архи үнэртэж байсан” гэжээ. /хх-ийн 44-45/

   Гэрч Г.Болор-Эрдэнэ мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “2017.01.05-ны өдрийн 21 цагийн орчимд Хэрлэн сумын 2 дугаар багт оршин суудаг Түмэнхүү гэдэг хамт ажилладаг хүнийд нөхөр Баянбат, охин Ану нарын хамтаар өөрсдийнхөө Тоёота Приус маркийн 40-12 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй очсон юм. Түмэнхүүгийн гэрт очихдоо дэлгүүрээс 1 шил болор архи авсан болохоор уг архийг манай нөхөр Баянбат болон Түмэнхүү хоёр хувааж уусан. Тэгээд Түмэнхүүгийн гэрээс 22 цаг 40 минутын орчимд гарсан бөгөөд манай нөхөр Баянбат машинаа бариад явсан юм. Төмөр замын ахмадын чөлөөт цаг өнгөрүүлэх байрны хойд талын шороон замаар гэрлүүгээ явж байсан чинь гэнэт юм мөргөх чимээ гарах шиг болсон. Тухайн үед би зүүрмэглээд явж байсан болохоор манай нөхөр Баянбат хүн мөргөчих шиг боллоо гэж хэлсэн. Тэгээд бид хоёр машинаасаа буугаад харсан чинь хажуухан талд эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэр хүнийг доошоо хараад хэвтэж байхад нь дээш харуулсан чинь нүдээ нээж нэг харсанаа эргэж ухаан алдчихсан.  …бид хоёр хүүхдийн больницийн зүүн талын авто зогсоол дээр зогсоод нөгөө хүнээ машинаас буулгаад дахин 103 луу залгаж “Эмнэлгийн гадаа ухаангүй хүн байна” гэж хэлсэн юм. Нөхөр бид хоёр машинд мөргүүлсэн хүнийг өргөөд эмнэлэг орох гэсэн боловч дийлэхгүй байсан болохоор дотрын эмнэлэг рүү ороод хүн байна уу гэж асуухад 1 давхарт сувилагч байсан учраас “эгчээ гадаа чинь хүн ухаан алдчихсан байна” гэж хэлээд буцаж ороод гараад ирэхдээ насилкатай гарч ирээд мөргүүлсэн хүнийг хүлээн авах тасаг руу нөхрийнхөө хамтаар оруулж өгөөд буцааж гараад явсан. Хүлээн авах тасагт мөргүүлсэн хүнээ оруулж өгөхдөө ямар нэгэн зүйл хэлээгүй” гэжээ. /хх-ийн 46-48/

  •   Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8/
  •   Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10/
  • Д.Баянбатаас авсан тайлбар /хх-ийн 12-13/
  • Г.Болор-Эрдэнээс авсан тайлбар /хх-ийн 14-15/
  • Согтуурлын зэрэг шалгасан хуудас /хх-ийн 20-21/
  • Замын  цагдаагийн тасгаас тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22-23/
  • Согтуурлыг шалгасан тэмдэглэл /хх-ийн 24/
  • Жолоочийн мэдээлэл /хх-ийн 25/
  • Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 37/
  • Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 38/
  • Хохирогч Э.Ганзоригийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 39-41/
  • Гэрч Д.Алтанцэцэгийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 42-43/
  • Гэрч Г.Болор-Эрдэнийг  байцаасан тэмдэглэл /хх-ийн 46-48/
  • Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  56 тоот дүгнэлт /хх-ийн 54/
  • Замын Цагдаагийн тасгийн шинжээч Б.Ууганбаатарын  3 тоот дүгнэлт /хх-ийн 58/
  • Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  55 тоот дүгнэлт /хх-ийн 62/
  • Д.Баянбатыг  сэжигтнээр  байцаасан тэмдэглэл /хх-ийн 72-73/
  • Хэрлэн сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 77/
  • Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 80/
  • Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91/
  • Гэрч Ц.Цэдэвдоржийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 51-52/
  •    Гэрч Н.Эрдэнэчулууныг байцаасан тэмдэглэл /хх-ийн 49-50/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Баянбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 сарын 05-ны өдөр 21 цаг 40 минутын орчимд Дорнод аймгийн Хэрлэн сум 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ахмадын чөлөөт цаг өнгөрүүлэх байр”-ны баруун талын автомашины зам дээр 40-12 ДОР дугаартай "Тоёота Приус-10" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан "…замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүй зорчино…" гэсэн заалт, мөн дүрмийн 2.5в-д “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх”, 2.7а-д “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 9.2-д "Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч Э.Ганзоригийг мөргөж, түүний биед тархины няцрал, цус хуралт, бүсэлхийн L1-L5 нугаламын баруун хөндлөн сэртэнгийн зөрөөгүй хугарал бүхий гэмтэл учруулсан, мөн хохирогч Э.Ганзоригийг мөргөж зам тээврийн осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх  үүргээ  биелүүлээгүй  гэмт  хэргийг  тус  тус  үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Ганзоригийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Г.Болор-Эрдэнэ, Д.Алтанцэцэг, Ч.Отгонцэцэг нарын мэдүүлэг, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, согтуурлын зэрэг шалгасан хуудас, замын цагдаагийн тасгаас тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, согтуурлыг шалгасан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  55, 56 тоот дүгнэлт, замын Цагдаагийн тасгийн шинжээч Б.Ууганбаатарын 3 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Баянбатад холбогдох хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Д.Баянбатыг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан, мөн осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 216 дугаар зүйлийн 216.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр тус тус баривчлах ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

     Шүүгдэгч Д.Баянбат нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9, 55.1.10-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд энэ хэрэгт ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тээврийн хэрэгслийн 13 ширхэг хагарч бутарсан хуванцар эд анги, хагас дугуй хэлбэртэй толь зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 32 хуудастай дэвтэр, Хөдөлмөр хамгаалал гэсэн гарчигтай дэвтэр, саарал өнгийн саравчтай малгай зэргийг хохирогч Э.Ганзоригт буцаан олгож, бичиг баримтаар хураагдаж ирсэн МЗ77080517 регистрийн дугаартай шүүгдэгч Д.Баянбатын иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж, ¹609443 дугаартай жолооны үнэмлэх, 40-12 ДОР дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус хүргүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Баянбат нь хохирогчид мөрдөн байцаалтын шатанд 3100000 төгрөг, шүүхийн шатанд нийт 810000 төгрөг тус тус төлжээ.

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт нэмж 11887974 төгрөг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд хамаарахгүй хохирогчийн өмгөөлөгчийн зардал 300000 төгрөг, хохирогчийн гэр бүл Д.Алтанцэцэгийн ээлжийн амралтын болон цалингүй чөлөө авсан хугацааны мөнгө нийт 1026471 төгрөг зэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, нотлох баримтын шаардлага хангаагүй цалингийн зөрүү 4016832 төгрөг, олгогдох байсан цалин 3044671 төгрөг, цаашид хийлгэх эмчилгээний зардал 2500000 төгрөг, сувилуулах зардал 1000000 төгрөг зэргийн баримтыг бүрдүүлж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг мэдэгдэх нь зүйтэй гэж үзнэ.

Шүүгдэгч нь одоогоор хохирогчид төлөх төлбөргүй тул түүний эзэмшлээс Хэрлэн сумын 8 дугаар баг 57-14 тоот 12000000 төгрөгийн үнэ бүхий 1 өрөө байр, Приус маркийн 40-12 ДОР улсын дугаартай 2500000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 02 сарын 13, 2017 оны  03 сарын 10-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг тус тус хүчингүй болгож шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг шийтгэх тогтоолд дурдвал зохино.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сартуул овогт Дагвадоржийн Баянбатыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас согтуугаар, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан, мөн осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Баянбатыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5 сарын баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр 1 сарын баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан ялтан Д.Баянбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар оногдуулсан 5 сарын баривчлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1-д зааснаар оногдуулсан 1 сарын баривчлах ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар ялтан Д.Баянбатад оногдуулсан 6 сарын баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тээврийн хэрэгслийн 13 ширхэг хагарч бутарсан хуванцар эд анги, хагас дугуй хэлбэртэй толь зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 32 хуудастай дэвтэр, Хөдөлмөр хамгаалал гэсэн гарчигтай дэвтэр, саарал өнгийн саравчтай малгай зэргийг хохирогч Э.Ганзоригт буцаан олгосугай.

6. Ялтан Д.Баянбат нь цагдан хоригдсон хоноггүй, мөрдөн байцаалтын шатанд 3100000 төгрөг, шүүхийн шатанд 810000 төгрөг төлснийг дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн ялтны МЗ77080517 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд, ¹609443 дугаартай жолооны үнэмлэх, 40-12 ДОР дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус хүргүүлсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн зардал 300000 төгрөг, Д.Алтанцэцэгийн ээлжийн амралтын мөнгө, цалингүй чөлөө авсан хугацааны мөнгө 1026471 төгрөг зэргийг хэрэгсэхгүй болгож, цалингийн зөрүү 4016832 төгрөг, олгогдох байсан цалин 3044671 төгрөг болон цаашид хийлгэх эмчилгээний зардал 2500000 төгрөг, сувилуулах зардал 1000000 төгрөгийн баримтыг бүрдүүлж, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан Д.Баянбатын эзэмшлээс Хэрлэн сумын 8 дугаар баг 57-14 тоот 12000000 төгрөгийн үнэ бүхий 1 өрөө байр, Приус маркийн 40-12 ДОР улсын дугаартай 2500000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 02 сарын 13, 2017 оны 03 сарын 10-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг тус тус хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл ялтан Д.Баянбатад авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, баривчлах ялын хугацааг 2017 оны 04 сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ж.ДОЛГОРМАА