Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 111/ШШ2021/0027

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Оюунсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам, Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******, хариуцагч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******гийн дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн хяналтын улсын байцаагч *******эд холбогдох 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хяналтын прокурор ******* шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх ******* би, тус аймгийн Авто тээврийн төвийн авто тээврийн хяналтын улсын байцаагч ******* хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа илрүүлсэн ...******* нь тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэхдээ суудлын тооноос илүү хүн тээвэрлэсэн... гэх ******* дугаартай зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч *******т 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар 150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Зөрчлийн материалд авагдсан холбогдогч *******ийн мэдүүлэгт ...Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хот руу хүн тээвэрлэсэн, суудлын тооноос илүү хүн тээвэрлэсэн... гэж мэдүүлсэн байна. Үүнээс дүгнэж үзэхэд холбогдогч нь тээврийн үйлчилгээ явуулахдаа ...Суудлын тооноос илүү хүн тээвэрлэсэн... зөрчил гаргасан болох нь тогтоогдсон байна.

Эрх бүхий албан тушаалтнаас дээрх зөрчилд шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэж шийтгэл оногдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь холбогдогчид шийтгэл оногдуулсан Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Тээвэрлэгч нь ачаа, зорчигчийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй бол хүнийг нь зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж заасан байна.

Харин зөрчлийн материалын 4 дүгээр хуудсанд авагдсан ******* дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээнд тухайн ******* БӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийн зориулалтыг Автобус гэж зааж өгснөөс үзэхэд энэ нь хүн тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэл болох нь тогтоогдож байна.

Дээрхээс дүгнэж үзэхэд холбогдогч нь Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөрчил гаргаагүй харин Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 45 дахь хэсэгт заасан Замын хөдөлгөөний дүрэмд заасан хүн тээвэрлэх журам зөрчсөн зөрчил гаргасан болох нь тогтоогдсон байхад эрх бүхий албан тушаалтнаас хууль буруу хэрэглэж холбогдогчид шийтгэл оногдуулжээ.

Мөн дээрх Зөрлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 45 дахь хэсэгт заасан зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.8 дахь хэсэгт зааснаар Цагдаагийн байгууллага харьяалан шийдвэрлэх зөрчил байхад мөн харьяалал зөрчиж шийдвэрлэсэн байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн авто тээврийн хяналтын улсын байцаагч *******ийн холбогдогч *******т 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар 150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичив. гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Автотээврийн газрын хяналтын улсын байцаагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:Баянхонгор аймгийн Автотээврийн төвийн авто тээврийн хяналтын улсын байцаагч ******* би 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа 87-78 БӨН улсын дугаартай КIA ******* маркийн тээврийн хэрэгслээр Өркен овогтой Бахытбек нь Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчигч тээвэрлэхдээ суудлын тооноос илүү хүн тээвэрлэсэн ******* дугаартай зөрчилд, зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, холбогдогч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 3 дахь заалт /Тээвэрлэгч нь ачаа, зорчигчийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ/ заалтад зааснаар 150 нэгжтэй тэнцэх буюу 150000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулан шийдвэрлэж, 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Прокурорын газрын хяналтын прокурорт хянуулахаар хүргүүлсэн.

Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* нь Автотээврийн төвийн автотээврийн хяналтын улсын байцаагч ******* нь Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэж шийтгэл оногдуулсан гэж үзээд *******, дугаартай шийтгэлийг хүчингүй болгуулахаар 17 дугаартай дүгнэлт бичиж, 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.

Дээрх прокурорын гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул тайлбар гаргаж байна. Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 3 дахь заалт Тээвэрлэгч нь ачаа, зорчигчийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. гэж тус тусад нь ашиглаж тухай бүрийн таслалаар тодорхойлж өгсөн. Үүнийг үндэслэж автобусанд суудлын тооноос илүү хүн тээвэрлэж байгаа нь тээвэрлэлтийн нөхцөл зөрчсөн үндэслэлээр шийтгэл оногдуулсан болно. Өнөөдөр практикт Монгол улсын хэмжээнд орон нутгийн замд үйлчилгээ үзүүлж байгаа автобусны хүн тээвэрлэлтийн норм хэтэрсэн дохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 3-д зааснаар арга хэмжээ тооцож хэвшсэн байна. гэжээ.

Гуравдагч этгээд ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Өркен овогтой Бахытбек нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт эхнэр хүүгийн хамт амьдардаг. Баянхонгор аймгийн Прокурорын газраас гаргасан дүгнэлттэй танилцлаа. Миний зүгээс шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрч холбогдох төлбөрийг төлсөн. Одоо шийтгэлийн хуудсыг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* нь Баянхонгор аймгийн Автотээврийн төвийн автотээврийн хяналтын улсын байцаагч *******эд холбогдуулан Баянхонгор аймгийн Автотээврийн төвийн хяналтын улсын байцаагч *******ийн2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-аар дүгнэлт бичжээ.

Шүүх зөрчлийн хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлэг зэрэгт тулгуурлан дор дурдсан үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Баянхонгор аймгийн Автотээврийн төвийн хяналтын улсын байцаагч ******* 87-78 БӨН улсын дугаартай, ******* ******* маркийн тээврийн хэрэгслийн жолооч *******ийг Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хот руу тээвэрлэлт гүйцэтгэхдээ тээврийн хэрэгслийн суудлын тооноос илүү зоригч тээвэрлэсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 3-т Тээвэрлэгч нь ачаа, зорчигчийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж заасны дагуу 150 нэгж буюу 150,000 төгрөгөөр торгох шийтгэлийн хуудсыг ногдуулжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 239 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм-ийн 23.7-д ...хот хоорондын болон аялал, жуулчлалаар явах автобусанд тээвэрлэх зорчигчдын тоо үйлдвэрээс тавьсан суудлын тооноос илүүгүй байх бөгөөд суудал бүр нь хамгаалах бүсээр тоноглогдсон байна., Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 45-д 3амын хөдөлгөөний дүрэмд заасан хүн тээвэрлэх журам зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно., Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.8-д цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч Зөрчлийн тухай хуулийн ...14.7... гэж тус тус заасан.

Тээврийн хэрэгслийн суудлын тооноос илүү зорчигч тээвэрлэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 45-д заасан замын хөдөлгөөний дүрэмд заасан хүн тээвэрлэх журам зөрчсөн зөрчил бөгөөд цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч шийтгэлийн хуудас ногдуулах эрхтэй атал хариуцагч хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэлээ.

Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг таслалаар салгаж, тусад нь ойлгох боломжгүй зөрчлийн зохицуулалт юм. Тээвэрлэгч зориулалтын тээврийн хэрэгслээр ачаа эсхүл зорчигчийг тээвэрлэх, тэгэхдээ тээврийн хэрэгсэл нь тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан байх шалгуурыг хангасан байх тухай ойлгоно. Өөрөөр хэлбэл, зорчигч тээврийн зориулалттай тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэхгүй, эсхүл ачаа тээвэрлэх зориулалттай тээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэхгүй байхыг тээвэрлэлтийн нөхцөл гэж үзнэ.

Тухайн тохиолдолд тээвэрлэлтийн нөхцөлтэй холбоотой зөрчил бус харин суудлын тооноос илүү зорчигч тээвэрлэсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэж, 87-78 БӨН улсын дугаартай, ******* ******* маркийн тээврийн хэрэгслийн жолооч *******ийг үндэслэлгүйгээр 150 нэгжээр торгосон нь хууль бус байх тул Баянхонгор аймгийн Автотээврийн төвийн хяналтын улсын байцаагч *******ийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

******* ******* маркийн автомашины зориулалт нь автобус бөгөөд суудлын тоо нь 45 байхаар тээврийн хэрэгслийн гэрчилгээнд бичигдсэн байна. Гомдол гаргагч, хариуцагч нар 87-78 БӨН улсын дугаартай, ******* ******* маркийн тээврийн хэрэгслийн жолооч *******ийг тээврийн хэрэгслийн суудлын тооноос илүү зоригч тээвэрлэсэн асуудлаар маргаагүй, харин уг зөрчилд шийтгэлийн хуудас ногдуулах эрхтэй этгээдийн асуудлаар маргасныг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 45 дахь хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтыг прокурор *******гийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Автотээврийн төвийн хяналтын улсын байцаагч *******ийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгийг баримтлан гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсгийг баримтлан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН