Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 106

 

Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын

хэлтсийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00746/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж , шүүгч С.Энхжаргал, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 864 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч У.О-т холбогдох

“1.219.458 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч У.О- давж заалдсан гомдлыг үндэслэн

           2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхгэрэл, хариуцагч У.О-, түүний өмгөөлөгч Н.Тэрбиш, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Ажилгүйдлийн даатгалын сангийн зарцуулалтад хяналт шалгалт явуулах тухай хэлтсийн даргын 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу 2017 оны 04 дүгээр сараас 12 сарыг дуусталх хугацааны ажилгүйдлийн тэтгэмж тогтоолт, олголтын үндэслэлийг шалгасан байдаг. Тус шалгалтаар Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалт, мөн хуулийн 4 дүгээр зүйлийг тус тус зөрчиж 12 даатгуулагчдад илүү олгосон нийт 6.715.146 төгрөгийг төрийн санд буцаан төлүүлэх улсын байцаагчийн 037 тоот акт тогтоогдсон. Даатгуулагч У.О-тэй холбоотой 1.219.458 төгрөгийн актын биелэлтийг хангуулах талаар удаа дараа манай байгууллага /байцаагч/-ын зүгээс шаардлага тавьсан боловч тодорхой арга хэмжээ авахгүй өнөөдрийг хүрлээ. Иймд У.О-ээс илүү олгосон тэтгэмжийн 1.219.458 төгрөгийг яаралтай гаргуулж ажилгүйдлийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч У.О- нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн тодорхой зүйл заалтуудыг үндэслэн У.О- надад илүү олгосон гэх 1.219.458 төгрөгийг буцаан гаргуулахаар гаргасан дээрх нэхэмжлэлтэй холбогдуулан Нийгмийн даатгалын улсын байцаагч А.Ч- 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр №03 тоот Нийгмийн даатгалын байгууллагад хандаж иргэн (даатгуулагч)-аас гаргасан өргөдөл, гомдлыг хянан шалгасан дүгнэлт гарган нэхэмжлэлд хавсаргажээ. Уг дүгнэлтийн өргөдөл гомдлыг шийдвэрлэхэд баримталсан хууль, эрх зүйн актуудын нэр, зүйл заалтууд хэсэгт Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн нэхэмжлэлтэй холбогдох зүйл заалтуудыг зөв хэрэглэн дүгнэлт гаргасан боловч У.О- надаас илүү олгосон тэтгэмжийг буцаан төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж буй нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 864 дүгээр шийдвэрээр:

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т заасныг баримтлан хариуцагч У.О-ээс 1.219.458 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст олгож.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч У.О-ээс улсын тэмдэгтийн хураамж 33.817 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч У.О- давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт: “... Өөрөөр хэлбэл хариуцагч У.О- нь өмнө нь ажилгүйдлийн тэтгэмж нийгмийн даатгалын сангаас авсан ба дахин ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсээгүй байхад нь ажилгүйдлийн тэтгэмж 1.219.458 төгрөгийг олгосон нь хуульд нийцээгүй байна...” гэжээ. Хариуцагч У.О- нь Нийгмийн даатгалын байгууллагад 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр дээрх асуудлаар гомдол гаргасан бөгөөд түүний гомдлыг шалгаж, Нийгмийн даатгалын байгууллагад хандаж иргэн /даатгуулагч/-аас гаргасан өргөдөл гомдлыг хянан шалгасан 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаартай дүгнэлт гарсан байдаг. Дүгнэлтээр нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т "Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна"-г үндэслэн дүгнэлтийг гаргасан байдаг бөгөөд “...Нийгмийн даатгалын Улсын байцаагчийн 2018 оны 37 тоот акт тогтоон өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн болно” гэсэн хариуг У.О-т өгсөн. Мөн Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Төрийн банкин дахь 140800162242 тоот дансанд 2018 оны 05 дугаар сарын 05-ны дотор оруулахыг Үйлчилгээний тасгийн дарга 3.Б-, тэтгэмжийн байцаагч У.И- нарт даалгасан. Гэтэл анхан шатны шүүх Нийгмийн даатгалын байгууллагын өөрсдөө гаргасан дүгнэлтдээ тусгаж өгсөн дүгнэлтээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заалтыг авч хэрэглэхгүйгээр нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-т "тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээс болон энэ хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үүргээ өөрийн буруугаас болж биелүүлээгүйгээс үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарсан бол тэтгэвэр, тэтгэмжээс суутгал хийж болно” гэж заасан ба Нийгмийн даатгалын газраас олгосон тэтгэмж 1.219.458 төгрөгийг У.О-ээс буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн нь иргэн У.О- нь ямар нэгэн байдлаар хууль зөрчиж, хуурамч бичиг баримт бүрдүүлж өгөөгүй бөгөөд нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмжийн байцаагч У.И-гийн ажилдаа хариуцлагагүй хандаж алдаа гарсныг 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаартай дүгнэлтээр: “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т” заалтыг зөрчсөнийг Нийгмийн даатгалын шалгалтын комисс тогтоосон байхад нь анхан шатны шүүх хуулийг ноцтой зөрчиж хэт нэг талыг барьж шийдвэрээ гаргасан гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч У.О-т холбогдуулан түүнд үндэслэлгүйгээр олгосон ажилгүйдлийн тэтгэмж 1.219.458 төгрөгийг нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2-т заасан шаардлагыг хангаагүй байхад хариуцагчид тэтгэмж олгосон гэж тайлбарласан байна.

Хариуцагч У.О- нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, буруутай албан тушаалтан хариуцах ёстой гэсэн тайлбарыг гаргаж маргажээ.

Нийгмийн даатгалын улсын байцаагч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг удирдлага болгож,  2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “тэтгэмжийг буцаан төлүүлэх тухай” 37 тоот актыг тогтоосон байна.

Хариуцагч У.О- нь ажилгүйдлийн тэтгэмж авах тухай материалаа Нийгмийн даатгалын байгууллагад гаргаж өгөхдөө хуурамч баримт бүрдүүлж өгсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байхад түүнд олгосон тэтгэмжийг буцаан гаргуулах үндэслэлгүй юм.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмж” гэдгийг нийгмийн даатгалын байгууллагын ажилтан албан үүрэгтээ хайнга хандсанаас шалтгаалан тэтгэвэр, тэтгэмж үндэслэлгүйгээр илүү тогтоогдсон, эсхүл тогтоогдсон хэмжээнээс илүү олгогдсон байхыг ойлгоно.

Иймд хариуцагчид тэтгэвэр, тэтгэмжийг олгосон нь нийгмийн даатгалын байгууллагын ажилтны буруутай үйлдэл байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хариуцагч У.О-ээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг түүнд шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 864 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т  зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.817 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагчид олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

    

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ     

                                                                ШҮҮГЧИД                                    С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                     С.ОЮУНЦЭЦЭГ