Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/61

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд,

Улсын яллагч Б.Төрболд,

Шүүгдэгч Ц.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-т холбогдох ............. дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 00-ны өдөр Завхан аймгийн ....... сумд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн ..... сумын ..... багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ..... овогт -ын Б, регистрийн дугаар .........

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 10 дугаар сарын 00-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 00-ны өдрийн хооронд Завхан аймгийн .... сумын .... багийн нутаг дэвсгэрт “....” гэх газарт бэлчээрт байсан хохирогч П.С-ын өмчлөлийн 6 тооны үхрийг нууцаар хууль бусаар өөртөө шилжүүлэн авч хулгайлж 5,700,000 төгрөгийн хохирол,

Мөн үргэлжилсэн үйлдлээр буюу 2022 оны 11 дүгээр сарын 00-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 00-ны өдрийн хооронд Завхан аймгийн .... сумын ..... багийн нутаг дэвсгэрт “...” гэх газарт бэлчээрт байсан хохирогч Г.Ч-ийн өмчлөлийн 6 тооны үхрийг нууцаар хууль бусаар өөртөө шилжүүлэн авч хулгайлж 5,700,000 төгрөгийн хохирол,

2022 оны 11 дүгээр сарын 00-наас 2022 оны 11 дүгээр сарын 00-ны өдрийн хооронд Завхан аймгийн ..... сумын .... багийн нутаг дэвсгэрт “.....” гэх газарт бэлчээрт байсан хохирогч Ю.Ц-ийн өмчлөлийн 2 тооны үхрийг нууцаар хууль бусаар өөртөө шилжүүлэн авч хулгайлж 2,400,000 төгрөгийн хохирол,

2022 оны 12 дугаар сарын 00-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 00-ны өдрийн хооронд Завхан аймгийн .... сумын .... багийн нутаг дэвсгэрт “....” гэх газарт бэлчээрт байсан хохирогч С.Т-ийн өмчлөлийн 5 тооны сарлагийн үхрийг нууцаар хууль бусаар өөртөө шилжүүлэн авч хулгайлж 5,000,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Олон тооны мал хулгайлах” гэмт гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны товыг хохирогч С.Т, П.С, Ю.Ц, Г.Ч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна. 

Хохирогч С.Т, П.С, Ю.Ц, Г.Ч нар нь шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан учир хохирогч нарыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

                 Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 10 дугаар сарын 00-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 00-ны өдрийн хооронд Завхан аймгийн ...... сумын .... багийн нутаг дэвсгэрт “...” гэх газарт бэлчээрт байсан хохирогч П.С..-н өмчлөлийн 6 тооны үхрийг нууцаар хууль бусаар өөртөө шилжүүлэн авч хулгайлж 5,700,000 төгрөгийн хохирол,

Мөн үргэлжилсэн үйлдлээр буюу 2022 оны 11 дүгээр сарын 00-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 00-ны өдрийн хооронд Завхан аймгийн ..... сумын .... багийн нутаг дэвсгэрт “.....” гэх газарт бэлчээрт байсан хохирогч Г.Ч-ийн өмчлөлийн 6 тооны үхрийг нууцаар хууль бусаар өөртөө шилжүүлэн авч хулгайлж 5,700,000 төгрөгийн хохирол,

2022 оны 11 дүгээр сарын 00-наас 2022 оны 11 дүгээр сарын 00-ны өдрийн хооронд Завхан аймгийн .... сумын ..... багийн нутаг дэвсгэрт “.....” гэх газарт бэлчээрт байсан хохирогч Ю.Ц-ийн өмчлөлийн 2 тооны үхрийг нууцаар хууль бусаар өөртөө шилжүүлэн авч хулгайлж 2,400,000 төгрөгийн хохирол,

2022 оны 12 дугаар сарын 00-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 00-ны өдрийн хооронд Завхан аймгийн ..... сумын ..... багийн нутаг дэвсгэрт “....” гэх газарт бэлчээрт байсан хохирогч С.Т-ийн өмчлөлийн 5 тооны сарлагийн үнээг нууцаар хууль бусаар өөртөө шилжүүлэн авч хулгайлж 5,000,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

1. Шүүгдэгч Ц.Б нь хохирогч П.С-ын өмчлөлийн 6 тооны үхрийг нууцаар хууль бусаар өөртөө шилжүүлэн авч хулгайлсан хэргийн үйл баримт нь:  

- Хохирогч П.С-ын “…Манайх 2022 оны 10 дугаар сард ..... сумын ..... багийн нутаг .... гэх газарт нутаглаж байсан. Тухайн үед манайх үхэр малаа гаднаа хариулдаг байсан. Тэгтэл 10 дугаар сарын 20-ны үед цас орж тэнгэр муудсан. Тэгтэл манайхны үхэр гаднаа тогтохоо больж өвөлжөө рүүгээ гүйгээд эхэлсэн. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үхрээ бөөгнүүлж авахад манай үхрүүд ....ын ... гэх газарт бүрэн гүйцэд байсан. 10 дугаар арын 30-ны өдөр манай нэг эр үхэр мяндас чирчихсэн явж байхаар нь үхрээ бөөгнүүлж үзтэл 6 тооны үхэр алга болсон байсан. Эдгээр хулгайд алдагдсан үхрүүд маань нуруу болон гэдсээрээ цагаантай, эвэртэй улаан эрээн зүсмийн соёолон эр үхэр, буруу чих они, зөв чих цуулбар имтэй, мухар, хүрэн тарлан зүсмийн соёолон эр үхэр, буруу чих они, зөв чих цуулбар имтэй, эвэртэй хар зүсмийн соёолон эр үхэр, буруу чих они, зөв чих цуулбар имтэй, бөөр алаг, эвэртэй улаан зүсмийн шүдлэн эр үхэр, зөв чих урдаасаа ганзага хойноосоо ухам, буруу чих нь имгүй, мухар, цагаан зүсмийн шүдлэн эр үхэр, хүзүүнийхээ орчмоор улаан толботой цоохордуу, зөв чих урдаасаа ганзага хойноосоо ухам буруу чих нь имгүй, эвэртэй, хүрэн тарлан /эрээн/ зүсмийн шүдлэн эр үхэр, зөв чих урдаасаа ганзага хойноосоо ухам, буруу чих нь имгүй эдгээр 6 тооны үхэр алдагдсан байсан. Манай хүүхэд Т тэр үеэс хойш алдагдсан 6 тооны үхрээ тэр орчмын бүх газраар явж хайсан боловч олдоогүй. Ямар ч сэжиг таамаг, сураг чимээ гаргаж чадаагүй өдий хүрсэн байсан юм. ...Манай хулгайд алдсан 6 тооны үхрүүд зүгээр энгийн Монгол үхрүүд байсан. 3 тооны шүдлэн эр үхэр, 3 тооны соёолон эр үхэр байсан. …Сая 2024 оны 04 дүгээр сарын 15-нд ..... сумын хэсгийн төлөөлөгч дуудахаар нь ирж уулзахад ..... багийн иргэн Ц.Б нь миний алдсан 6 үхрийг хулгай хийж аваад зарж борлуулсан талаар мэдсэн. Тэгээд тэр Ц.Б гэх залуу надтай уулзаад хохирол мөнгийг чинь бүрэн барагдуулж өгье намайг уучлаарай би буруугаа хүлээж байна гэж уулзаад явсан.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 231-235 дугаар хуудас/,

- Гэрч С.Т-ийн “...Манай аавынх хөдөө мал дээр байдаг юм. Би сумын төвөөс очиж, мал маллахад нь тусалж дэмжиж байдаг. Тэгтэл 2022 оны 10 дугаар сард манай аавынх .... сумын ..... багийн нутаг .... гэх газарт нутаглаж байх үед үхэр нь гаднаа тогтохгүй өвөлжөө рүүгээ гүйгээд эхэлсэн. 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр аав өөрөө үхрээ бөөгнүүлж, авахад нь тэдний үхрүүд нь ....ын .... гэх газарт бүрэн гүйцэд байсан гэсэн. Тэгээд хэд хоног үхрээ харж, хариулж чадахгүй байж байгаад 10 дугаар сарын 30-ны өдөр үхрээ бөөгнүүлж үзтэл 6 тооны үхэр алга болсон байхаар нь тэр орчмын газраар хайгаад олоогүй байсан. Тэгээд би сумын төвөөс очиж алдагдсан 6 тооны үхрүүдээ хайсан боловч олоогүй.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 237 дугаар хуудас/,

- Гэрч М.С-ын “...Манай багийн иргэн П.С гэдэг айл 2022 оны 11 дүгээр сард үхрээ хулгайд алдсан гэж нутгийн хүмүүсээс сонсож байсан. Дараа нь П.С ах өөрөө манайд ирж сураад намайг асууж сураглаж байгаарай гэж хэлж байсан. Ямар им, тамгатай гэдгийг мэдэхгүй. 2022 оны 11 дүгээр сард 6 тооны монгол үхрээ хулгайд алдсан сурж байгаарай гэж надад захиж байсан. П.С ах 6 тооны үхэр алдаад хайж сураглаж, их явсан олдоогүй байж байсан чинь өнөөдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр П.С ахын У-тай уулзахад хадам аавын алдсан 6 тооны үхрийг Ц.Б буюу Ш гэх залуу хулгай хийж авсан байна. Хохирол мөнгийг нь барагдуулж өгнө гэж уулзсан гэнэ гэж ярьж байсан. Тэгээд би олсон юм байна гэж мэдсэн” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 239 дүгээр хуудас/,

- Гэрч Г.Ц-ын “...Манайх 2022 онд Завхан аймгийн ....... сумын ...... багийн  нутаг ... энгэрт байж байгаад өвөлжөөндөө буюу .... гэдэг газар руу очсон юм. Манай хүү Б бид хоёр хамт 1 гэрт харин том хүү Б ..... сумын төвд байсан юм. Том хүү Б 6 тооны үхэр шөнө 01 цагийн үед тууж ирээд энэ үхрүүдийг гаргах хэрэгтэй байна гэхээр нь бага хүү Ба бид хоёр юун үхэр хаанаас авч ирсэн юм, яах гэж байгаа юм, хэний үхэр юм гэж асуухад би хүнээс авах ёстой байсан юм аа зүгээр гаргалцаад өг гэхээр нь бага хүү Ба-ийн хамт нөгөө тууж ирсэн 6 үхрийг өвөлжөөндөө нядлаад махыг нь өөрийнхөө ..... өнгийн пикап дээрээ ачиж .... сумын ченж Ц-д зарсан.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас/,

- Гэрч Ц.Б-ийн “...Энэ үхрээс өмнө Ш ах бас 6 үхэр Т-ийн энгэрт хөөж ирээд тэнд нь гаргаж төхөөрөөд махыг нь мөн Ц ахад зараад мөнгийг нь мөн банкны өрөндөө хийсэн. Би эхэндээ бол хэний үхэр гэдгийг мэдэхгүй байсан. ...С ахын 6 үхэр бол алаг эр үхэр 1, улаан зүсмийн эр үхэр 2, бөөр алаг үхэр 1, сормуус алаг үхэр 1, мухар хар эр үхэр 1 байсан. Эдгээр үхрүүдийн имийг нь сайн анзаараагүй ээ.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 78-79 дүгээр хуудас/,

- 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн эд зүйл баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 247 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

2. Шүүгдэгч Ц.Б нь хохирогч Г.Ч-ийн өмчлөлийн 6 тооны үхрийг нууцаар хууль бусаар өөртөө шилжүүлэн авч хулгайлсан хэргийн үйл баримт нь:

- Хохирогч Г.Ч-ийн “...Манайх 2022 оны 11 дүгээр сард .... сумын .... багийн нутаг .... ... гэх газарт нутаглаж байсан юм. Тухайн үед манай үхрүүд манай гэрээс урагшаа ойролцоогоор 4-5 км зайтай байрлах өвөлжөөнийхөө орчмоор буюу ....-р бэлчээрлэдэг байсан. 2022 оны 11 дүгээр сарын 10-ны үед үхэртээ явж бүртгэхэд манай үхрүүд бүрэн гүйцэт байсан. Түүнээс хойш үхэртээ явж чадахгүй байсаар байгаад 11 дүгээр сарын 20-ны үед манайх .... гэх газарт өвөлжөөндөө буугаад үхрүүдээ бөөгнүүлсэн чинь манай үхрээс 8 тооны үхэр алга болсон байсан. Тэгээд тэр ойр орчмын газруудаар үхрээ олон хоног хайгаад, ах дүү найз нөхөд, нутаг усны хүмүүсээс асууж сураглаад олоогүй. Тэгж байгаад нэлээд хэд хоногийн дараа элсний урагшаа гарч ..... доод үзүүр, ...., ..... гэх газруудаар үхрээ сураглаж яваад Б гэдэг залуугийнд орж цай уугаад юм яриад үхрээ сурагласан чинь Б надад “манай үхэрт хэнийх нь мэдэгдэхгүй бөөр алаг үнээ, улаан тугалтайгаа нийлээд нэлээд хэд хонож байна. Хаанаас ирж нийлснийг нь би мэдэхгүй” гэхээр нь би Б-ийн үхэрт очиж үзтэл миний алдсан 8 тооны үхрээс 2 нь мөн байсан. Тэр үнээ 2 бөөрөндөө цагаантай улаан үнээ, улаан тугалтайгаа байсан. Харин нөгөө 6 тооны үхрээс сураг байгаагүй. Б-аас асуухад огт мэдэхгүй байсан. Тэгэхээр нь би тугалтай алаг үнээ маань -ын араас цааш 10-15 км цаана, элсэн манхнуудын урд оччихсон байхаар нь бусад үхрүүд маань урагшаа чиглэлд явчихсан байж магадгүй гээд элсээр маш их хайсан, хүмүүсээс ч их сурагласан боловч огт олдоогүй. Харин алаг үнээгээ тугалтай нь гадна айлын үхэрт өвөлжүүлээд хавар нь авсан. Бусад 6 тооны ухэр нь цагаан өвчүүтэй улаан зүсмийн нас гүйцсэн эр үхэр, ягаан зүсмийн нас гүйцсэн үнээ, хүрэн улаан шүдлэн эр үхэр, бэлхүүсээрээ алаг, хүрэн улаан шүдлэн эр үхэр, улаан алаг нас гүйцсэн бүдүүн үнээ, мухар улаан эр бяруу эдгээр 6 тооны үхрүүд бүгд зөв чих оно, буруу чих урдаасаа ганзага имтэй байсан. …Ц.Б нь надаас хулгай хийж авсан 6 тооны үхрийн төлбөрт нийт 5.000.000 төгрөгийг бэлэн мөнгөөр төлсөн. Би хохирол гомдлоо барагдуулсан авсан. Тийм учраас би шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцохгүй.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 159-167 дугаар хуудас/,

- Гэрч М.Б-ийн “…Манай багийн иргэн Г.Ч гэдэг айл 2022 оны 11 дүгээр сард үхрээ хулгайд алдсан гэж надад хэлж байсан. Намайг хүмүүсээс асууж сураглаж байгаарай гэж хэлж байсан. Ямар им тамгатай гэдгийг мэдэхгүй. Г.Ч ах 6 тооны үхрээ алдаад хайж сураглаж их явсан ч олдоогүй байж байсан чинь 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Г.Ч ахтай уулзахад манай алдсан 6 тооны үхрийг Ц.Б буюу Ш гэх залуу хулгай хийж авсан байна. Надтай уулзаж, танай үхрийг хулгайлж авсан гэдгээ хэлж өөрийн бурууг хүлээж байна гэж ярьж байсан.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 169 дугаар хуудас/,

- Гэрч Д.Б-ны “…Г.Ч гэдэг айл 2022 оны 11 дүгээр сард үхрээ хулгайд алдсан гэж надаас асууж сураглаж байсан. Ямар им, тамгатай гэдгийг мэдэхгүй. 6 тооны дандаа монголын үхэр алдсан гэж байсан. Г.Ч ахынх 6 тооны үхэр алдаад хайж сураглаж их явсан ч олдоогүй байж байсан чинь сая буюу 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Г.Ч ахтай уулзахад манай алдсан 6 тооны үхрийг Ц.Б гэх залуу хулгай хийж авсан байна. Надтай уулзаж танай үхрийг хулгайлж авсан гэдгээ хэлж өөрийн бурууг хүлээж манай хохирлыг төлж өгнө гэж хэлсэн гэж ярьж байсан.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 171 дүгээр хуудас/,

- Гэрч Г.Ц-ын “…Тэгээд дараа нь дахиад 6 тооны үхрийг мөн манай том хүү Б тууж ирээд өвөлжөөн дээрээ гаргаад махыг нь Ц-д зарсан.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас/,

- Гэрч Ц.Б-ийн “...Манайх Завхан аймгийн .... сумын .... багийн  нутаг ... гэдэг газар өвөлжиж байсан юм. 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр шөнө унтах гээд хэвтэж байтал манай ах Ш.... буюу Б нь 6 тооны монголын үхэр хөөж ирээд алалцаад өг гэхээр нь би үгүй гэсэн чинь ах алалцаадхаач гээд байхаар нь гарч ахын тууж ирсэн 6 үхрийг бүгдийг нь тэр шөнөө өвөлжөөндөө гаргаж төхөөрөөд махыг нь Ш ах бид хоёр аавын .... 00-00 дугаартай пикапаар ачиж .... сумын төв оруулж Ц гэдэг ченжид зарж мөнгийг нь банкныхаа зээл рүү хийсэн. Би эхэндээ бол хэний үхэр гэдгийг мэдэхгүй байсан. Тэгээд дараа нь Ш ахын хулгайлж авч ирсэн үхрүүд нь Ч ахын 6 үхэр бол цагаан эрүүтэй эр үхэр, алаг зүсмийн хязаалан эр үхэр, мухар улаан шүдлэн, ягаан зүсмийн үнээ, улаан алаг үнээ, улаан шүдлэн байсан им нь буруу чих ганзага имтэй байсан.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 78-79 дүгээр хуудас/,

- 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн эд зүйл баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 179 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

3. Шүүгдэгч Ц.Б нь хохирогч Ю.Ц-ийн өмчлөлийн 2 тооны үхрийг нууцаар хууль бусаар өөртөө шилжүүлэн авч хулгайлсан хэргийн үйл баримт нь:

- Хохирогч Ю.Ц-ийн “...2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр би .... сумын .... багийн нутаг ..... гэх газар байсан өөрийн үхрээ очиж нэг бүрчлэн бүртгэж тоолоод ирсэн. Тэрнээс хойш манай малчин Г.Ч харж байсан юм. 2022 оны 11 дүгээр сарын 25-ны үед манай хулгайд алдагдсан үхрүүдийг манай малчин Г.Ч бүгд бүрэн байна гэж надад хэлж байсан. Тэрнээс хойш байж байгаад би хүнсээ авах гээд 2022 оны 11 дүгээр сарын 30-нд очиход 2 үхэр алга болсон байсан. Тэгээд ойр орчмын газруудаар үхрээ бараг 7 хоног хайгаад, тэр хавиар нутагладаг ах дүү найз нөхөд, хүмүүсээс асууж, сураглаад олоогүй. Миний алдсан үхрүүд нь хүрэн улаан эр хязаалан үхэр зөв талын чих онь имтэй буруу талын чих тайрхай имтэй, ягаан үнээ зөв талын чих онь имтэй, буруу талын чих тайрхай имтэй үхрүүд байсан. Манай хулгайд алдагдсан 2 тооны үхрүүд энгийн монгол үхрүүд байсан. Манай өвөлжөө .... сумын ..... багийн нутаг .... гэх газарт байдаг юм. Манай малууд бүгд л тэр газрын орчмоор нутаглаж бэлчээрлэдэг байсан. ...Ш буюу Б нь надад учруулсан хохирлоо төлж барагдуулсан ингэхдээ 2 сая төгрөг бэлнээр өгсөн. Мөн энэ намар мал таргалахаар адуу өгнө гэж тохиролцсон. Надад энэ хэрэгтэй холбоотой гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 62-69 дугаар хуудас/,

- Гэрч Д.О-ын “...Ц нь 2022 оны 11 дүгээр сарын 25-наас 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд ..... сумын .... багийн нутаг ..... гэх газраас 2 тооны үхэр алдсан гэж ярьж байсан. Ц-ийн хулгайд алдагдсан 2 тооны үхрүүд зүгээр энгийн Монгол үхрүүд байсан. Хүрэн хязаалан эр үхэр, нас гүйцсэн үнээ байсан. Сэжиг таамаг бол тухайн үед байгаагүй. Саяхан ... багийн иргэн Ц-н Б гэх залуу хулгай хийж аваад хүнсэндээ хэрэглэсэн байна гэж Ц-аас сонссон.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 70 дугаар хуудас/,

- Гэрч Ю.С-ийн “...2022 оны 11 дүгээр сарын 25-наас 2022 оны 11 дүгээр сарын 30-ны хооронд .... сумын .... багийн нутаг ... гэх газраас 2 тооны эвэртэй хүрэн зүсмийн эр хязаалан үхэр, нас гүйцсэн ягаан зүстэй үнээ зэргийг хулгайд алдсан. Уг 2 үхэр нь баруун чих онь имтэй, зүүн чих тайрхай имтэй үхрүүд байсан. Дээрх хулгайд алдагдсан 2 тооны үхрүүд зүгээр энгийн Монгол үхрүүд байсан. 1 тооны хязаалан эр үхэр, 1 тооны нас гүйцсэн үнээ байсан. ... багийн иргэн Ц-н Б гэх залуу хулгай хийж аваад хүнсэндээ хэрэглэсэн байна лээ.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 73 дугаар хуудас/,

- Гэрч Г.Ц-ын “...Дараа нь хэд хоногийн дараа буюу 2022 оны 11 сарын 20-дын орчимд манай том хүү Б бас 2 үхэр авч ирээд гэрийн гадна хашиж хонуулаад маргааш нь ... оруулж нядалж махыг нь Ө гэдэг ченжид зарсан.” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас/,

- Гэрч Ц.Б-ийн “...Бас Ц ахын 2 үхрийг хулгайлж .... сум руу оруулж нядлаад зарсан.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 78-79 дүгээр хуудас/,

- Гэрч С.Ц-ын “...Б бол .... сумын залуу байгаа юм. Манай суманд хүргэн болж ирсэн юм. 2022 оны намар 10, 11, 12 сард үхрийн мах авч ирж зарж байсан. Надад үхрийн мах авч ирж өгөхдөө нэг хоёроор нь авч ирж өгдөг байсан. Одоогоос хоёр жилийн өмнөх асуудал учраас заримыг нь сайн санахгүй байна.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 81 дүгээр хуудас/,

- Гэрч Х.Ө-ийн “...2022 оны өвөл 11 сард мах хөлдөж байх үеэр надад 1 ширхэг үхрийн мах өгсөн. Энэ нь ямар учиртай юм гэхээр Б-ын аав Ц надаас 1 эмээл авч түүнийхээ үнэ өртөгт бүтэн үхрийн мах өгснийг би Улаанбаатар хот руу аваачиж зарсан. Би эмээлээ 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгөөр зараад оронд нь 1 бүтэн үхрийн мах, хонь 1, ямаа 1 тус тус авсан юм. Би тэр үхрийг 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр тооцож авсан юм. Бүдүүн эр үхрийн мах байсан.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 85 дугаар хуудас/,

- 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Эд зүйлд үзлэг хийсэн тухай” мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 146 дугаар хуудас/,

- 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Ц.Б-ын эзэмшлийн Хаан банкны ............ тоот дансаар хийгдсэн гүйлгээний хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл  /1 дүгээр хавтаст хэргийн 06 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

4. Шүүгдэгч Ц.Б нь хохирогч С.Т-ийн өмчлөлийн 5 тооны сарлагийн үхрийг нууцаар хууль бусаар өөртөө шилжүүлэн авч хулгайлсан хэргийн үйл баримт нь:

- Хохирогч С.Т-ийн “... 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Завхан аймгийн .... сумын .... багийн нутаг .... гэх газраас миний өөрийн эзэмшлийн үхрээс 5 үхэр алга болсон. Тэгээд тэрнээс хойш өөрийн үхрээ хайж болох ..... сумын ... баг болон .... сумын Б, С, Х, ... аймгийн .... сум, .... сум зэрэг газруудаар үхрээ хайж хүн амьтанд захиж, сураглаж явсан ч олдоогүй тул сумын төвд ирж цагдаад мэдэгдэж бүртгүүлсэн. ...Миний алдсан 5 тооны үхэр нас гүйцсэн, бор зүсмийн 1 тооны үхэр, хар зүсмийн 4 тооны үхэр, буруу талын чих оно, зөв талын чих цуулбар имтэй сарлагийн 5 тооны үнээ байсан юм. ...Би 5 тооны үхрээ 1 үхрээ 1.000.000 төгрөгөөр үнэлнэ. Нийт 5 тооны үхрээ 5.000.000 төгрөгөөр үнэлнэ.  Мөн алдагдсан үхрээ хайж өөрийн эзэмшлийн .... маркийн тээврийн хэрэгсэлд нийт 2.000.000 төгрөгийн бензин шатахуун хийж Завхан аймаг, Увс аймгуудын нутгаар хайж, хүмүүстэй уулзаж, захиж, сураглаж явсан. ...Манай үхрүүд өвөл болохоор .... гэх газар зундаа ...., .... гэх газруудаар нутаглаж, бэлчээрлэдэг байсан. ...Би .... гэх газраас алдсан. Яг манай аавын болон миний унаган үхрүүд. ...Миний алдсан 5 тооны үхрийг манай сумын ...... багийн иргэн Ц гэдэг хүний том хүүхэд болох Б гэдэг залуу хулгайлсан авсан гэдгээ өөрөө хүлээж, надаас уучлалт гуйж, хохирлыг минь барагдуулж өгнө гэсэн. Миний хохирлыг ямар ч байсан бүрэн барагдуулна гэсэн.” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 32-36 дугаар хуудас/,

- Гэрч Ж.У-гийн “...Манайх 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хооронд .... гэх газраас 5 тооны сарлагийн үхэр алдсан юм. Бор зүсмийн үхэр 1 ширхэг, хар зүсмийн 4 тооны сарлагийн үнээ алдсан юм. Манайх тухайн үед нь хайж, сураглаж явсан. Хавар нь явсан, зун бас Увс аймгийн ..... сумын нутгаар хайж сураглаж, хүмүүст захиж их явсан олдоогүй. Манайх 5 тооны үхэр алдаад хайж, сураглаж, их явсан олдоогүй байж байсан чинь сая буюу 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр манай алдсан 5 тооны үхрийг хулгайлж авсан Ц.Б  гэх залуу өөрөө манай нөхөртэй уулзаж танай үхрийг хулгайлж авсан гэдээ хэлж өөрийн бурууг хүлээж манай хохирлыг төлж өгнө гэж хэлсэн байсан.” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 38 дугаар хуудас/,

- Гэрч М.Б-гийн “...Би С.Т яг ямар им, тамгатай гэдгийг мэдэхгүй, ямар ч байсан 2022 оны өвөл үхрээ алдсаныг мэднэ. Нутгийн хүмүүсээс бас сонсож байсан. ...Хэдэн тооны үхэр алдсаныг би сайн мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/,

- Гэрч З.Н-гийн “...С.Т-ийнх 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хооронд .... гэх газраас 5 тооны сарлагийн үхэр алдсан юм. Бор зүсмийн үхэр 1 ширхэг, хар зүсмийн 4 тооны сарлагийн үнээ алдсан ю.” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 42 дугаар хуудас/,

Гэрч Г.Ц-ын “...Мөн 2022 оны 12 сарын сүүлээр бас л манай том хүү Б 5 тооны сарлаг тууж ирээд намаржаа буюу Т-н энгэр гэдэг газарт нядлаад махыг нь би .... 0000 дугаартай пикап дээрээ ачаад сумын төв оруулж Улаанбаатар хотын танихгүй ченжид зараад мөнгийг нь бэлнээр авсан юм.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас/,

- Гэрч Ц.Б-ийн “...Т ахын 5 сарлаг бол 4 хартай, 1 бортой,  3 хязаалан, 2 шүдлэнтэй үхэр байсан. Би им тамгыг нь мэдэхгүй ээ.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 78-79 дүгээр хуудас/,

- 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн эд зүйл баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, /2 дугаар хавтаст хэргийн 50 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой  байх тул шийдвэрийнхээ үндэслэл болголоо.

“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Мал хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.

Өөрөөр хэлбэл мал хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгийн шилжилт хийгдсэн байдаг ба эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “олон тооны мал гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд олон тооны мал хулгайлсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ц.Б-ын үргэлжилсэн 4 удаагийн үйлдлээр бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдлийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзнэ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Ц.Б-ыг  Эрүүгийн хуулийн 17.12 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, амар хялбар аргаар мөнгө олох санаа зорилго нөлөөлсөн байна.

Мөн шүүгдэгч Ц.Б нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

  • Хохирлын талаар:

Шүүгдэгч Ц.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.С-т 5,700,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “......” ХХК-ийн ..... салбарын гэрээт хөрөнгийн үнэлгээчин Н.Э-гийн 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 00 дугаартай “...Нийт 6 тооны үхрийн зах зээлийн үнийг 2022 оны 10 дугаар сарын байдлаар 5,700,000 /таван сая долоон зуун мянга/ төгрөг гэж тогтов.” гэсэн дүгнэлтээр,

- хохирогч Г.Ч-д 5,700,000 төгрөгийн хохирол учирсан болох нь  “......” ХХК-ийн ...... салбарын гэрээт хөрөнгийн үнэлгээчин Н.Э-гийн 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 00 дугаартай “...Нийт 6 тооны үхрийн зах зээлийн үнийг 2022 оны 11 дүгээр сарын байдлаар 5,700,000 /таван сая долоон зуун мянга/ төгрөг гэж тотов.” гэсэн дүгнэлтээр,

- хохирогч Ю.Ц-т 2,400,000 төгрөгийн хохирол учирсан болох нь  “......” ХХК-ийн ...... салбарын гэрээт хөрөнгийн үнэлгээчин Н.Э-ийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 00 дугаартай “...Нийт 2 тооны үхрийн зах зээлийн үнийг 2022 оны 11 дүгээр сарын байдлаар 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр тогтов.” гэсэн дүгнэлтээр,

- хохирогч С.Т-т 5,000,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “.....” ХХК-ийн ...... салбарын гэрээт хөрөнгийн үнэлгээчин Н.Э-гийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 00 дугаартай “...Нийт 5 тооны сарлагийн үнээний зах зээлийн үнийг 2022 оны 12 дугаар сарын байдлаар 5,000,000 /таван сая/ төгрөг гэж тогтов.” гэсэн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгаа мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлсөн болох нь шүүгдэгч Ц.Б-ын хохирол төлсөн талаарх мэдүүлэг болон хохирогч П.С-н 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Миний бие ... овогтой С би хохирол болох 5,700,000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авлаа. Одоо гомдол санал байхгүй болно” гэсэн тайлбараар, /2 дугаар хавтаст хэргийн 70 дугаар хуудас/,

- хохирогч С.Т-ийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Миний бие .... овогтой С би хохирол болох 5,700,000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авлаа. Одоо гомдол санал байхгүй болно” гэсэн тайлбараар /2 дугаар хавтаст хэргийн 71 дүгээр хуудас/,

- хохирогч Ю.Ц- ийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр өгсөн “...Ш буюу Б нь надад учруулсан хохирлоо төлж барагдуулсан ингэхдээ 2 сая бэлнээр өгсөн. Мөн энэ намар мал таргалахаар адуу өгнө гэж тохиролцсон. Надад энэ хэрэгтэй холбоотой гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр /1 дүгээр хавтаст хэргийн 69 дугаар хуудас/,

- хохирогч Г.Ч-гийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр өгсөн “...Ц-н Б нь надаас хулгай хийж авсан 6 тооны үхрийн төлбөрт нийт 5,000,000 төгрөгийг төлж барагдуулсан.” гэсэн мэдүүлгээр /1 дүгээр хавтаст хэргийн 167 дугаар хуудас/ тус тус тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

                         Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Прокуророос шүүгдэгч Ц.Б-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянахад бүрэн хангагдсан байна.

Мөн шүүгдэгч Ц.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Уг гэмт хэргийг үйлдэхдээ Ц.Б өөрийн өмчлөлийн хоёр гуяндаа .... тамгатай ..... зүсмийн нас гүйцсэн морь, хоёр гуяндаа ..... тамгатай ..... зүсмийн нас гүйцсэн морийг тус тус ашигласан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар уг 2 тооны морийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                   ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан шүүгдэгч ..... овогт Ц-тын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “бусдын олон тооны мал хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил, 02 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т оногдуулсан 1 жил, 02 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

4. Шүүгдэгч Ц.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Б-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хоёр гуяндаа .... тамгатай ..... зүсмийн нас гүйцсэн 1 тооны адуу, хоёр гуяндаа .... тамгатай ..... зүсмийн нас гүйцсэн 1 тооны адууг тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож улсын орлого болгосугай. 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

                                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ