Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2021/02128

 

 

 

 

 

 

 

 

2021           07          20                                        101/ШШ2021/02128

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа  даргалж,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, тоот хаягт байрлах, РД:, Н Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, тоот хаягт оршин суух, РД:, Б овогт О-ын Д д холбогдох орон сууцнаас албадан чөлөөлүүлж, орон сууцыг хууль бусаар эзэмшсэн хугацааны түрээсийн болон ашиглалтын зардалд 6.160.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А, хариуцагч О.Д , хариуцагчийн өмгөөлөгч В.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н Э ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Н Э ХХК нь Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо байрны Ү-220 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр тус байрны хууль ёсны өмчлөгч. Н Э ХХК нь иргэн Э.С  той 2020-10-07-ны өдөр 90 дугаартай “Орон сууцны барилгыг худалдах худалдан авах гэрээ”-г байгуулсан. Үүнд дээрх барилгын 83.1 м.кв хэмжээтэй 0   тоот орон сууц багтсан. Э.С   гэрээний үүргээ биелүүлээгүй орон сууцны үнийг төлөөгүй тул бид 2020-11-11-ний өдрийн 458 тоот гэрээнээс татгалзах тухай мэдэгдэл хүргүүлж Э.С  той байгуулсан гэрээг цуцалсан. Гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 205.1-д заасны дагуу өгсөн авснаа буцаан өгөх ёстой. Гэтэл тус 0   тоот орон сууцад иргэн О.Д  орж хууль бусаар эзэмшиж байна. Манай компани иргэн О.Д  тус орон сууцны байрыг худалдах болон түрээслэх аливаа гэрээ хэлцэл байгуулж иргэний эрх зүйн харилцаанд оролцоогүй, төлбөр мөнгө аваагүй. Манай байгууллагаас Иргэний хуулийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу тус орон сууцын чөлөөлж өгөхийг 2020-12-09-ний өдөр 471, 2021-01-19-ний өдөр 54, 2021.04.07 өдөр 236 тоот албан бичгүүдээр удаа дараа мэдэгдэж шаардлага гаргасан боловч тус шаардлагыг биелүүлээгүй. О.Д  нь 2021-02-04-ний өдрийн баталгаа гаргах тухай бичгээр 2021 оны 03 сарын 01-ний өдөр тус байрыг чөлөөлж өгөх амлалтыг гаргасан боловч тус амлалтаа биелүүлээгүй.  Бидний зүгээс О.Д тай удаа дараа уулзаж, утсаар холбогдож байр чөлөөлж өгөх талаар шаардлага тавьсан боловч үндэслэлгүйгээр элдэв шалтаг тоочсоор, хууль бусаар орон сууцыг эзэмшиж, хууль ёсны өмчлөгч манай компанийг хохироосоор байна. Тэрээр 2020-12-01-ний өдрөөс компанийн өмчлөлийн орон сууцанд үнэ төлбөргүйгээр амьдарч үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна гэж үзэж Иргэний хуулийн 492.1.1-д заасны дагуу амьдарсан хугацааны түрээсийн төлбөрийг тухайн орон сууцны жишиг үнэлгээгээр тооцож сар тутамд 1.500.000 төгрөг, амьдарсан хугацаанд нийт 6.000.000 төгрөг, ашиглалтын зардал 160.000 /сарын 40000/ төгрөгийн хамт О.Д гаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч О.Д г Баянзүрх дүүргийн 0-р хороо, 0-р байрны 0 тоот орон сууцнаас албадан чөлөөлүүлж, орон сууцад амьдарсан хугацааны түрээс, ашиглалтын зардалд 6.160.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Цагдаагийн байгууллага энэ байрны өмчлөл, эзэмшилтэй холбоотой ямар нэгэн асуудал шийдвэрлээгүй, шийдээгүй гэдэг нь Цагдаагийн ерөнхий газраас ирсэн тодорхойлолтоор О.Д  гэдэг хүнийг ямар нэгэн хохирогчоор тогтоогоогүй, иргэний хариуцагчаар тогтоогүй. Н Э ХХК хэргийн холбогдогчоор татагдаагүй, яллагдагчаар татагдаагүй гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас тодорхойлж өгсөн, манай компани Э.С  д холбогдох эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож 307 сая төгрөгний хохирол шаардаж оролцож байгаа гэв.

Хариуцагч О.Д , өмгөөлөгч В.Г нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч миний бие нь 2020 оны 10 сард эгч Д.Б-ийн хамт Н Э ХХК-аас 2020-10-07-ны өдрийн 90 дугаартай "Орон сууцны барилгыг худалдах худалдан авах гэрээ" хийж худалдаж авч түлхүүрээ авсан гэх иргэн Э.С той нэхэмжлэлд дурдсан БЗД-ийн 0-р хороо 0-р байр 0 тоот байрыг хүдалдан авахаар тохирч хямд зарж байгаа тул мөнгийг бэлнээр өгөөд түлхүүрээ авч байрандаа ор, өмчлөх эрхийн гэрчилгээг 14 хоногийн дотор гаргаж өгнө гэхээр нь 40.000.000 төгрөгийг бэлнээр өгч байрандаа орсон болно. Уг байрны ашиглалтын зардлыг сар бүр төлсөн бөгөөд энэ байрыг худалдаж авсан гэх тухайн үед хууль ёсны өмчлөгч байсан Э.С  д байрны төлбөрийг төлсөн тул ямар нэгэн түрээс төлбөр төлөх боломжгүй. Нэхэмжлэгч Н Э ХХК нь иргэн Э.С  той орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийгээд тэр хүн нь бусдад хууль ёсны өмчлөгчийн баталгаа гэрээг үзүүлж төлбөрийг авсан асуудал нь ойлгомжгүй бөгөөд нэхэмжлэгч хөрөнгө мөнгө босгох шаардлагаас иргэн С той хуйвалдаж иргэдийг хохироосон байх магадлал байгаа тул бид нэхэмжлэгчийг цагдаад холбогдогч болон иргэний хариуцагчаар өгсөн. Э.С   компанитай гэрээ байгуулаад түлхүүрээ авсан учраас бид мөнгөө бэлнээр өгөөд байранд орсон. Орон сууцанд орсноос сарын дараа ус, цахилгааны хэрэглээг хязгаарлаж дарамталж байсан. 2021 оны 03 сарын 01-ний өдөр чөлөөлж өгнө гэж хэлсэн нь ус, цахилгаан хязгаарлаад өдөр болгон хүмүүс ирж дарамталж, хорио цээрийн үед 3 нялх хүүхэдтэй өвлийн хүйтэнд очих газаргүй байсан учир яах аргагүй бичиж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

 Эрүүгийн хэрэг үүссэн байгаа. Өнөөдрийн байдлаар хавтаст хэрэгт авагдсан байдлаар Н Э ХХК хохирсон, О.Д  гомдлоо өгснөөрөө хохирогчоор тогтоогдсон байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэгт зааснаар эрүүгийн журмаар хэргийг шийдвэрлэж байгаа учраас энэ маргааныг шийдэх боломжгүй, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н Э ХХК нь хариуцагч О.Д д холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлж, орон сууцыг хууль бусаар эзэмшсэн хугацааны түрээсийн болон ашиглалтын зардалд 6.160.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч О.Д  нь Н Э ХХК-аас 2020.10.07-ны өдрийн 90 дугаартай "Орон сууцны барилгыг худалдах худалдан авах гэрээ" хийж худалдаж авч түлхүүрээ авсан гэх иргэн Э.С-с 40.000.000 төгрөгийг орон сууцыг худалдаж авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргасан.

Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, тоот хаягт байрлах, 14833,6 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Y-220 дугаарт бүртгэгдсэн орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Н Э ХХК, ЦМС ХХК нар болох нь 2020 оны 08-р сарын 10-ны өдөр олгогдсон Үл хөдлөх эд хөрөнгө эрхийн улсын бүртгэлийн 000 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-ийн 7 тал/

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь бусдын хууль эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгөө шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж зааснаар хариуцагч О.Д г улсын бүртгэлийн Y-220 гэрчилгээтэй Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо,  тоот хаягт байрлах, 83.1 м.кв талбай бүхий Н Э ХХК-ийн өмчлөлийн орон сууцыг хууль бусаар эзэмшиж байна гэж үзэхээр байна. 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд маргаан бүхий орон сууцанд хариуцагч О.Д  амьдарч, эзэмшиж байгаа болох нь тогтоогдсон, уг үйл баримтад хариуцагч маргаагүй.

Хариуцагч О.Д  нь хамаатны эгч Б-аас намын шугамаар хямд үнэтэй орон сууц худалдан авах мэдээллийг авч, эгч Б-д мөнгийг өгсөн, Б нь миний хамаатан, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 тоот орон сууцыг иргэн Э.С-д 40.000.000 төгрөгнийг төлбөрийг хийж худалдан авсан гэх тайлбарыг гаргаж байгаа хэдий ч орон сууцны өмчлөх эрх болон эзэмших эрхийг хууль ёсоор олж авснаа баримтаар нотлоогүй, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаарх үндэслэл, татгалзлаа нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй.

Уг орон сууцыг нийт хэдэн төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон нь тодорхойгүй, тухайн орон сууцны зах зээлийн үнэ ханш хариуцагчийн худалдан авсан гэх 40.000.000 төгрөгт нийцсэн эсэх, “Н Э ХХК-аас 2020.10.07-ны өдрийн 90 дугаартай "Орон сууцны барилгыг худалдах худалдан авах гэрээ" хийж худалдаж авч түлхүүрээ авсан гэх иргэн Э.С  ос 40.000.000 төгрөгийг орон сууцыг худалдаж авсан” гэсэн бичгээр ирүүлсэн тайлбарт дурьдсан атлаа шүүх хуралдааны явцад орон сууц худалдан худалдан авах Н Э ХХК, Э.С   нарын хооронд хийгдсэн бичгийн гэрээг хараагүй гэсэн эргэлзээтэй тайлбарыг гаргасан болно.   

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нь зохих этгээдийн эрхийн гэрчилгээгээр баталгаажиж, бүртгэлд үндэслэгддэг тул уг эрхийг нотолсон баримтыг үндэслэж эд хөрөнгө олж авсан эзэмшигчийг хууль ёсны эзэмшигч гэж үзэхийг Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 91.2 дахь хэсэгт заасан.

 Хариуцагч О.Д  нь маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхтэй этгээд хэн болох, уг эд хөрөнгийг захиран зарцуулах эрх Э.С д байгаа эсэхийг шалгаагүй, эд хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй этгээдийн зөвшөөрлөөр орон сууцыг эзэмшиж байх тул шударга бус эзэмшигч болох юм.

Иймд улсын бүртгэлийн Y-220 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0   тоот хаягт байрлах, 83.1 м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагч О.Д  түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч хэрэв орон сууцыг түрээслэсэн бол сард 1.500.000 төгрөг, 4 сарын хугацаанд 6.000.000 төгрөг болно, ашиглалтын зардлыг сард 40000 төгрөгөөр тооцсон гэх боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0  тоот орон сууцыг хууль бусаар эзэмшсэн хугацааны түрээсийн болон ашиглалтын зардалд 6.160.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хариуцагчийн өмгөөлөгч В.Г-оос гаргасан О.Д , Э.С  нарт холбогдох хэрэгт хохирогчоор тогтоогдсон, уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь: Э.С  нарт холбогдох эрүүгийн хэрэгт хариуцагч О.Д  хохирогчоор тогтоогдсон гэх нөхцөл байдал Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 2021-06-30-ны өдрийн 12/4-3846 тоот албан бичиг, Нийслэлийн Прокурорын газрын 2021-03-29-ний өдрийн тогтоол, 2021-03-18, 2021-06-22-ны өдрийн Мөрдөгчийн тогтоол зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна.  

Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 183.710 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч О.Д гаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 318 дугаар зүйлийн 318.1, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0  тоот хаягт байрлах, 83.1 м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагч О.Д /түүний гэр бүлийн гишүүдийн/-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, түрээсийн болон ашиглалтын зардалд 6.160.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183.710 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч О.Д гаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н Э ХХК-д олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Т.БОЛОРМАА