Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/62

 

                                        

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд,

Улсын яллагч Б.Төрболд,

Шүүгдэгч Х.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Э-д холбогдох ........ дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 00-ний өдөр Завхан аймгийн ... сумд төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн .... сумын .... 1 дүгээр багт оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ..... овогт Х-ын Э, регистрийн дугаар ............

                                       Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:    

Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Х.Э-ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.Э нь Завхан аймгийн ...... сумын .... багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах хохирогчийн эзэмшлийн “.....” нэртэй дэлгүүрээс 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 12 цагийн  орчимд түүний худалдан борлуулж байсан “Самсунг А-13” загварын гар утсыг эзэмшигчид нь хэлэлгүйгээр нууцаар хууль бусаар авч түүнд бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

- Хохирогч Б.Н-ийн “...Би өчигдөр өөрийнхөө эзэмшлийн Завхан аймгийн .... сумын .... багийн нутагт байрлах “.....” нэртэй гар утас худалдаалан борлуулдаг дэлгүүртээ ажилласан. Тухайн өдөр Ерөнхий боловсролын сургуулийн хонхны баяр болж байсан учир нэлээдгүй хөл хөдөлгөөнтэй болон үйлчлүүлэгч ихтэй байсан. Өчигдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 12 цаг 20 минутаас 12 цаг 50 минутын хооронд манай дэлгүүрээр улаан өнгийн урт цамцтай, хар өнгийн гар цүнх үүрсэн, хар өнгийн өмдтэй, хар өнгийн гуталтай, 40-өөс 50 орчим настай, урт үстэй, хар өнгийн нүдний шил зүүсэн эмэгтэй хүн орж ирж үйлчлүүлсэн. Тухайн хүн надаас Samsung A-13 маркийн хар өнгийн гар утас үзүүлэхийг хүссэн учраас би тухайн хүнд лангуун дотроосоо хар өнгийн Samsung A-13 маркийн гар утсыг авч үзүүлсэн. Тэгээд тэр хүн тухайн гар утсаа лангуун дээр буцааж тавьчхаад өөрийнхөө гар утсанд шилэн наалт наалгаад хавтастай кейс худалдаж авсан. Тэгээд төлбөрөө төрийн банкны виза карт уншуулан төлсөн. Тэгээд тэр хүн гараад явчихсан. Би тэр хүнийг гарсны дараа хүүхдийнхээ хонхны баярт явчхаад буцаад ажил дээрээ 14 цагт ирсэн. Тэгээд лангуун дотор байсан утаснуудаа харсан чинь манай дэлгүүрээр үйлчлүүлсэн эмэгтэйд үзүүлсэн гар утас дутуу байхаар нь сандраад хяналтын камераа шүүж үзтэл тухайн эмэгтэй утасныхаа кейсний доод талд тухайн Samsung A-13 маркийн хар өнгийн гар утсыг тавьж байгаад манай дэлгүүрээс гарах үедээ хулгайлаад аваад гарч байгаа нь бичигдэж үлдсэн байсан. Надад тухайн хүний виза карт уншуулсан посс машиных нь баримт нь байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/,

- Завхан аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Б-ын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Төрийн банкны .......... тоот орлого, зарлагын гүйлгээнд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 26-24 дүгээр хуудас/,

- Завхан аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Б-ын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-14 дүгээр хуудас/ болон шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт нотлох баримт бүрдүүлэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авсан, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлэх боломжтой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэсэн бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж тодорхойлсон байна.

“Хөрөнгийн үнэлгээчин Н.Э-гийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 00 дугаартай дүгнэлтээр “...1 ширхэг “Самсунг А-13” загварын гар утасны үнэлгээг 400,000 /дөрвөн зуун мянган/ төгрөг”-өөр үнэлсэн байна.

Шүүгдэгч Х.Э нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдэж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн шунахай сэдэлттэй, шууд санаатайгаар гэмт үйлдэлдээ хандсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр авч өөрийн өмчийн адил захиран зарцуулах нөхцлийг бүрдүүлдэг.

Шүүгдэгч Х.Э-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч  хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

  • Хохирлын талаар:

Шүүгдэгч Х.Э-ын үйлдлийн улмаас хохирогч Б.Н-д 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Н-д хулгайлагдсан эд зүйлийг биет байдлаар буцаан хүлээлгэн өгсөн болох нь мөрдөгчийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “...Х.Э-аас хурааж авсан “Самсунг Галкси А-13” маркийн гар утсыг хохирогч Б.Н-д 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 16 цаг 30 минутад хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэв” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/-ээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Х.Э-ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

                                Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Э-ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. 

Прокуророос шүүгдэгч Х.Э-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянахад бүрэн хангагдсан байна.

Мөн шүүгдэгч Х.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Х.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                         ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ...... овогт -ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Х.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар ял оногдуулахгүйгээр тэнссэн 8 сарын хугацаанд шүүгдэгч Х.Э-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.  

4. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Х.Э нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 8 сарын хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах журамтайг тайлбарласугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Э-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 8 сарын хугацаанд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Х.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хавсарган ирүүлсэн СД дискийг хэргийн хамт хадгалсугай.

7. Шүүгдэгч Х.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

                                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ