Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 146/ШШ2021/00213

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг Баянхонгор сум 2 дугаар баг ******** ******** гудамж ******** тоотод оршин суух, ******** овогтой ********гийн ******** /********/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Өвөрхангай аймаг Бат-Өлзий сум 1 дүгээр баг ******** гэх газар оршин суух, ******** овогтой ********гийн ******** /********/-д холбогдох

 

Гэрээний үүрэг болох 7 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******** /онлайнаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гандөш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...Миний бие 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өөрийн эзэмшлийн Ланд Круйзер маркийн автомашиныг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харъяат ********д 23.000.000 төгрөгөөр худалдаж төлөгдөөгүй үлдсэн үнийн дүн болох 5.000.000 сая төгрөгийг 2016 оны 03 сард багтааж өгөхөөр тохиролцож гэрээ байгуулсан.

Энэ цагаас хойш төлбөр төлөх хугацаа болоход өөрөө надруу залгаад мөнгөө өгч чадахгүй байна боломжтой болоод өгье гэж хэлээд 2017 он болгосон.

Үүнээс хойш миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас байнгын эмнэлгээр явж онош тогтоолгох, эмчилгээ хийлгэх гэж БНХАУ-руу явах зэргээр явсаар тархины хавдартай гэсэн онош тогтоогдож байнгын эмчилгээ хийлгэж байгаад, 2019 онд хөлөө хугалсны улмаас бас хагалгаанд орж хэвтрийн дэглэм сахиж байсан учир энэ асуудлаар нааш цааш явж чадахгүй байсан.

Одоо ******** нь огт холбоогүй мөнгийг эргүүлж өгөөгүй байгаа учир гэрээний дагуу үндсэн мөнгө 5.000.000 төгрөг, алданги 2.500.000 төгрөг нийт 7.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч ******** шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: ...Би ********тэй машины наймаа хийгээд машины зөрүү мөнгийг өгнө гэж нотариатаар батлуулсан байдаг. Машинд ямар ч асуудал байгаагүй. Машины кроп нь болохгүй байна гэхээр нь ******** өөрийг нь дагуулж засварын газар очиж 3 000 000 төгрөгийн завсар хийлгэсэн. Бат-Өлзий сум руу ямар ч асуудалгүй машин унаж явсан. ******** нь нөгөө машинаа зарж байна гэж надад хэлсэн. Мөнгийг чинь өгөх гэхээр боломжгүй байгаа учир ирээд 2 адуу, үхэр мал ирж ав гэхээр нь би үнэндээ очиж чадаагүй. Миний бие муу байсан болохоор мөнгө төгрөгийг нь бэлнээр өгөөч гэхэд ******** нь одоохондоо мөнгө төгрөгийн боломж муу байна. Дараа нь миний биеийн байдал их муу байсан болохоор ********тэй холбогдож чадаагүй. ******** нь над руу холбогдоогүй. Миний бие эрүүл мэндийн шалтгаантай өвчтэй байсан талаарх бичиг баримтаа шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Нотлох баримтуудыг минь анхаарч үзэж мөнгийг минь ********ээс гаргуулж өгнө үү. Ланд машиныг 23 000 000 төгрөгөөр бодож өгсөн. ******** үнийг нь зөвшөөрсөн. 18 000 000 төгрөгийг тооцож, үлдсэн 5 000 000 төгрөгийн зөрүүг өгөх байсан. 5 000 000 төгрөгийг хугацаандаа төлөхгүй бол алданги тооцохоор тохиролцсон гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гандөш нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие хариуцагч ********ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Хариуцагч ******** нь нэхэмжлэлийн хувийг гардан авч хариу тайлбараа бичгээр гаргаж өгсөн байдаг. Өмнө шүүх хуралдаанаас хойш хариуцагч ********тэй холбогдож чадаагүй. Иймд хариуцагч ********ээгийн гаргаж өгсөн тайлбартай холбогдуулан саналаа хэлье. 2015 оны 12 дугаар сард ******** гэдэг хүнээс 18 000 000 төгрөгийн авлагатай байсан гэж тайлбарладаг. Тухайн машиныг өрөндөө авсан юм. Машин 18 000 000 төгрөг хүрэхээргүй чанар байдлын доголдолтой эд хөрөнгө байсан учраас машиныг нь өрөндөө авсан. Нэхэмжилж байгаа эд хөрөнгийн үнэлгээ хийгдсэн баримт хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдаагүй. Гэрчилгээ нь өөрийнх нь нэр дээр байдаг. Гэрчилгээ нь яагаад өөрийнх нэр дээр байж байгаа юм бэ? гэж асуухаар тухайн үед машиныг нь авч явж байхад замдаа эвдэрсэн. Эргэж янзлахааргүй болохоор түр янзлаад 2 адуунаас өгсөн. 2 адуу нь 2 сая төгрөг болсон. ********ээс өрөндөө авсан учир мөнгө өгөх шаардлагагүй гэдэг. 2015 оны 12 дугаар сард гэрээ хийсэн гэж үзвэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацааг зохицуулсан байдаг. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж зохицуулсан. 2015 оноос хойш хэлэлцэх хугацааг тоолох юм бол 2018 онд хөөн хэлэлцэх хугацаа дууссан харагдаж байна. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэсэн заалт байдаг. Шүүхээс энэ байдлыг харгалзан үзэж шийдэх байх. Эрүүл мэндийн талаарх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Хятад хэл дээр бичигдсэн эмчилгээний баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт зааснаар Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна гэж заасан учир нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл харагдахгүй байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбаруудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******** нь хариуцагч ********т холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 7 500 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь ******** нь авто машин худалдан авахдаа нэхэмжлэгч ******** 18.000.000 төгрөгийн өртэй байсан. Энэ мөнгөндөө LAND-80 маркийн авто машины авсан. Төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул үлдэх 5.000.000 төгрөгийг төлөх үндэслэл байхгүй, тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүргийг дахин тайлбарлан өгсөн болно.

 

Шүүх, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд зохигчдын өгсөн тайлбар, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ********, хариуцагч ******** нар нь 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Toyota land Cruizer 80 маркийн 1993 онд үйлдвэрлэсэн ******** дугаартай ногоон өнгийн ******** дугаартай авто машиныг 23,000.000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулж үлдэх 5.000.000 төгрөгийг 2016 оны 03 дугаар сард төлөхөөр хариуцагч нь үүрэг хүлээжээ. /х.х-ийн 4-р хуудас/

 

Нэхэмжлэгч ******** нь хавтаст хэргийн 7-24 дүгээр талд авагдсан амбулаториор эмчлүүлэгчийн картад авагдсанаар 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс тархины хорт хавдар оноштойгоор өвчилж улмаар хагалгаанд орж 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл БНХАУлсад эмчлүүлсэн байна.

 

Мөн 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс баруун хөлийн шагайгаа хугалж хадуулсны улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын 60 хувиар өвчтэй 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гарсан байна. /х.х-ийн 17-29-р хуудас/. Дээрх баримтаас үзэхэд нэхэмжлэгч ******** нь шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжгүй хүндэтгэх шалтгааны улмаас шүүхэд хандаагүй байна.

 

Иймээс Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т зааснаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр хүндэтгэх шалтгааны улмаас түр зогссон байна гэж үзлээ.

 

Хариуцагч ******** нь уг авто машиныг эвдрэлтэй байсан тул 2 адуугаар сольсон гэдэг боловч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй, 254.6-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасан байтал худалдан авагч тал энэ талаар энэхүү хуулийн хугацаанд эд хөрөнгийн доголдолтой холбоотой гомдлын шаардлагыг гаргаагүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Гэрээний дагуу 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сард зохигчдын хооронд 23 000 000 төгрөгөөр LAND-80 маркийн автомашиныг худалдаж аваад үлдэх 5 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцож, тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд биелэгдээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцохоор тохиролцсон байна.

Хариуцагч нь дээрх гэрээний үүргийг гүйцэтгээгүй 1997 хоног өнгөрснөөс нэхэмжлэгч нь 100 хоногийн алданги буюу 2.500.000 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Анз нь хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөр бөгөөд Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т хуульчилсан.

Хариуцагч ******** нь 5 000 000 төгрөгийг гэрээгээр тохирсон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч ******** нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь заалт болон гэрээнд зааснаар алданги шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч гэрээний үүрэгт хариуцагчаас үндсэн төлбөрийн үлдэгдэл 5.000.000 төгрөг, алданги 2.500.000 төгрөг нийт 7.500.000 төгрөгийг шаардсан нь үндэслэлтэй.

Иймд хариуцагч ********ээс нэхэмжлэлийн шаардлага болох 5 000 000 төгрөг, алдангид 2 500 000 төгрөг нийт 7 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ********эд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Хариуцагч ********ээ нь нэхэмжлэлийг үгүйсгэсэн баримтаа шүүхэд ирүүлээгүй тул хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ********ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134 950 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч ********ээс улсын тэмдэгтийн хураамжид 134 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ********эд олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч ********ээс үндсэн төлбөрийн үлдэгдэл 5.000.000 төгрөг, алданги 2.500.000 төгрөг нийт 7.500.000 /долоон сая таван зуун мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ********эд олгож нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ********ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134 950 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч ********ээс улсын тэмдэгтийн хураамжид 134 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ********эд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА