| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүнжидмаагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2018/00375/и |
| Дугаар | 107 |
| Огноо | 2018-10-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 107
Ж.М-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: 135/2018/00375/и
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж , шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 674 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ж.М-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Я.Э- холбогдох
“44.500.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболдын давж заалдсан гомдлыг үндэслэн
2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.М-, түүний өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.
Нэхэмжлэгч Ж.М- болон түүний өмгөөлөгч Б.Цэдэндамба нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Ж.Э- нь надаас 200 сая төгрөгийг зээлнэ гэж байсан боловч эхлээд 35 сая төгрөгийг авч гэрээ хийсэн. Гэтэл Ж.Э- нь мөнгөө авснаасаа хойш утсаа авахгүй, сураггүй болж байгаад 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 50.000 төгрөг, 100.000 төгрөг 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 50.000 төгрөг, мөн мөнгөн аягыг нь 600.000 төгрөгөөр ломбардад тавьж 600.000 төгрөгийг авсан. Дараа нь мөн Б- гэх хүнээс 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 4.000.000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 3.200.000 төгрөг авч нийт Ж.Э-ээс авах ёстой авлагаасаа 7.200.000 төгрөгийг авсан. Гэрээнд заасны дагуу үндсэн мөнгө 35.000.000 төгрөг, алданги 17.500.000 төгрөг болоод нийт 52.500.000 төгрөг болж байгаа. Үүнээс авсан 8.000.000 төгрөгөө алдангаас хасаад үлдэгдэл 44.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байхад нь би байцаагчтайгаа уулзаад Ж.Э- надтай уулзахгүй байна надтай уулзуулаад өгөөч гэтэл байцаагч надад мөнгөн аяга өгсөн тэрийг зарж борлуулаад хохирол төлбөрт өгчих гэсэн гээд би байцаагчтай нь хамт явж “Мөнгөн-Ундрал” гэх ломбардад байцаагчийг Ж.Э-тэй утсаар яриулж байж 600.000 төгрөгт тавьсан. Хүүг нь Ж.Э- төлөөд хугацааг нь сунгаж байгаа. 2014 онд цагдаад хандсан боловч иргэний хэрэг гээд татгалзсан. Би энэ хүнээс болж маш их хохирч байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
35.000.000 төгрөгийг авсан талаар маргаан байхгүй, 8.000.000 төгрөгийг буцааж өгсөн. Цагдаагийн байгууллагад 15.000.000 төгрөгийн үнэтэй мөнгөн аяга хүлээлгэж өгсөн. Энэ мөнгөн аяганы мөнгөө хасуулах гэтэл Баттөр байцаагчид яаж хүлээлгэж өгсөн талаарх баримт байхгүй. Иймд мөнгөн аяганы 15.000.000 төгрөг, өгсөн 8.000.000 төгрөгийг хасаад үндсэн мөнгө 12.000.000 төгрөг, алданги 6.000.000 төгрөг гээд нийт 18.000.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 674 дүгээр шийдвэрээр:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Я.Э-ээс 44.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.М-ад олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 380.450 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Э-ээс 380.450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд давж заалдсан гомдолдоо:
Иргэн Я.Э- нь Ж.М-аас 35.000.000 төгрөг 2013 онд 17 хоногийн хугацаатай 0.6 хувийн хүүтэй зээлсэн ба энэ мөнгөнөөс цувуулж 8.000.000 төгрөг өгсөн. Цагдаагийн газар залилангийн хэрэг гэж шалгагдаж байх үед мөрдөн байцаагч нь их гарын мөнгөн аягыг 15.000.000 төгрөгөөр үнэлэн хүлээлгэн өгсөн ба энэ талаарх ямар ч материалыг хэрэгт хавсаргаагүй, прокуророос татуулж авчирсан материалд мөнгөн аягыг үнэлүүлсэн болон Ж.М-ад ямар журмаар хүлээлгэн өгсөн баримт хэрэгт хавсаргаагүй ямар ч баримт байхгүй. Би Ж.М-ад 8.000.000 төгрөг цувуулж, 15.000.000 төгрөгийн их гарын хуучны мөнгөн аяга мөрдөн байцаагчаар нь дамжуулан өгсөн тул одоо үлдэгдэл 12.000.000 төгрөгийг хүүгийн хамт төлөхөд татгалзах зүйлгүй. Иймд энэ асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Ж.М-, хариуцагч Я.Э-т холбогдуулан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 35.000.000 төгрөг, алданги 9.500.000 төгрөг нийт 44.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хариуцагч Я.Э-т 18.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдсэнийг нь төлөхгүй гэж маргаж байгаа болно.
Нэхэмжлэгч Ж.М-, хариуцагч Я.Э- нар нь 2013 оны 5 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 200.000.000 төгрөгийг, 17 хоногийн хугацаатай, 0,6 хувийн хүүтэй, барьцаагүй, гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар бодож алдангийг зээл өгөгчид төлөх үүрэг хүлээжээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Дээрхи гэрээний дагуу нэхэмжлэгч Ж.М- нь хариуцагч Я.Э-т бэлнээр 35.000.000 төгрөг шилжүүлсэн болон хариуцагч нь зээлийн төлбөрт 8.000.000 төгрөг өгсөн талаар талуудын тайлбараар тогтоогдож энэ талаар маргаагүй байна.
Нэхэмжлэгч Ж.М- нь гэрээний дагуу нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг 35.000.000 төгрөгийг 1760 хоног хугацаа хэтрүүлсний алдангийг хуулинд заасны дагуу нэхэмжлэлийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 17.500.000 төгрөг нийт 52.500.000 төгрөг төлөх үүрэгтэйгээс төлбөрт шилжүүлсэн 8.000.000 төгрөгийг алдангийн үнийн дүнгээс хасч үндсэн төлбөр 35.000.000, алданги 9 500 000 төгрөг нийт 44 500 000 төгрөг гэж гэж тодруулж тайлбарласан байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд хариуцагч Я.Э- нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газар шалгагдаж байх хугацаандаа 15.000.000 төгрөгөнд бодож мөнгөн аяга өгсөн тул үнийг нэхэмжлэлийн дүнгээс хасаж тооцно гэж маргаж байгаа боловч энэ талаар нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэл тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримт цуглуулах гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэснийг бруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Хариуцагчийн тайлбарт дурдагдсан өрөндөө өгсөн гэх 15.000.000 төгрөгийн үнэтэй мөнгөн аяганы үнэлгээний баримт хэрэгт авагдаагүй болно.
Анхан шатны шүүх хариуцагч Я.Э-ээс үндсэн зээл, алдангийг тооцож хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч үндсэн зээл 35.000.000 төгрөгөөс хариуцагчаас төлсөн 8.000.000 төгрөгийг хасахгүйгээр алданги тооцсон нь буруу байна.
Иймд хариуцагч Я.Э-ээс үндсэн зээл 35.000.000 төгрөгнөөс хариуцагчийн төлсөн 8.000.000 төгрөгийг хасч тооцоход 27.000.000 төгрөг болох бөгөөд алданги нь 13.500.000 төгрөг нийт 40.500.000 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 674 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:
“Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Я.Э-ээс 40.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.М-ад олгож, 4.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
2 дахь заалтын:
“...хариуцагч Я.Э-ээс 380.450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож” гэснийг “...хариуцагч Я.Э-ээс 360,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 380.950 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.НАРАНГЭРЭЛ
ШҮҮГЧИД Л.АМАРСАНАА
С.ОЮУНЦЭЦЭГ