Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 020

 

А.Б-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/91 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч А.Бт холбогдох эрүүгийн 2013000740069 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Е.Халибек, тус аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Турдыбек, шүүгдэгч А.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хэлмэрч А.Еркегүл нар оролцов.

 

Шүүгдэгч Х овогт А-ын Б /РД:БВ00000000/ Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1996 оны 6 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, ам бүл 6 хүнтэй, эцэг, эх, эгч дүү нарын хамт Б сумын 4 дүгээр багт оршин суудаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгч А.Б нь  2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баян-Өлгий аймгийн Б сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Х гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 2,79 м3 мод бэлтгэж, тээвэрлэн байгаль орчинд 167.400.00 /нэг зуун жаран долоон мянга дөрвөн зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/91 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Б-ийг гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сар буюу 120 хоногийн дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан модон иштэй сүх 1 ширхгийг, Баян-Өлгий аймгийн Б сумын цагдаагийн төлөөлөгчийн хэсэгт байгаа мөн шүүгдэгчийн хууль бусаар бэлтгэсэн 2.79 м3 хатаж хуурайшсан бургас модыг тус тус улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.

 

Прокурорын эсэргүүцэлд: “Шүүгдэгч А.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тус аймгийн Б сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Х гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 2,79 м3 мод бэлтгэж байгаль орчинд 167,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснээр анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор А.Бийг гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан модон иштэй сүх 1 ширхэг, хууль бусаар бэлтгэсэн 2,79 м3 хатаж хуурайшсан бургас модыг тус тус улсын орлого болгон шийдвэрлэжээ. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж улсын орлого болгохоор санал гаргасан боловч анхан шатны шүүх “...шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 99-73 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл иргэн Ө.Аын нэр дээр бүртгэлтэй байгаа тул шүүгдэгч А.Бээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй...” гэж дүгнээд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулаагүй байна. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлж, үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулах ёстой байдаг. Гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан боловч бусдын өмчлөлд байсан тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулж байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцнэ. Тухайлбал нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэж шүүхийн практик нэгэнт тогтчихсон байхад А Бийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь өөр хүний нэр дээр бүртгэлтэй тул гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 7 дахь заалтад гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулах өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн зарим заалт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, шүүх Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

            Анхан шатны шүүх шүүгдэгч А.Бийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баян-Өлгий аймгийн Б сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт, Х гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 2.79 м3 хэмжээтэй навчит бургас мод бэлтгэж, иргэн С.Жы эзэмшлийн 9973БӨТ улсын дугаартай, Уаз-315120 загварын тээврийн хэрэгсэл, түүнд тохируулан хийсэн гар хийцийн чиргүүлээр тээвэрлэсэн нөхцөл байдал, үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч А.Бийн дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Харин анхан шатны шүүх шүүгдэгч А.Бийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийг хэрэгслийг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар “Ө.Аын нэр дээр бүртгэлтэй байх тул шүүгдэгч А.Бээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй” гэж Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийг илтэд буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтын дагуу хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх нь хууль ёсны байх зарчимд нийцнэ. Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар давж заалдах шатны шүүх нь хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн Долдугаар бүлэгт заасан албадлагын арга хэмжээг хэрэглэх бүрэн эрхтэй байна.

 

            Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон тохиолдолд мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг шүүх заавал хурааж, албадлагын арга хэмжээг хэрэглэх үүрэгтэй бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод үндэслэгдэнэ. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг мөн зүйлийн бусад хэсгүүд, Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтэй харьцуулан тайлбарлавал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь бусдын эзэмшлийнх болох нь тогтоогдвол түүнийг хууль ёсны эзэмшигчид нь олгож, тээврийн хэрэгслийн үнийг гэм буруутай этгээдээс гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцэл хууль ёсны байх зарчимд нийцэх тул хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлтээр шүүгдэгч А.Бийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох 9973БӨТ улсын дугаартай, Уаз-315120 загварын автомашиныг 500.000.00-800.000.00 төгрөгөөр, тус машинд тохируулсан гар хийцийн чиргүүлийг 110.000.00-130.000.00 төгрөгөөр үнэлсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан тухайн тээврийн хэрэгсэл болон чиргүүл бусдын эзэмшлийнх болох нь тогтоогдсон тул шүүгдэгчээс тээврийн хэрэгслийн үнэ 500.000.00 төгрөг, түүнд тохируулан хийсэн чиргүүлийн үнэ 110.000.00 төгрөг, нийт 610.000.00 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад “боломжит хэмжээгээр” гэсэн тодорхойгүй холбоо үг хэрэглэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн хасаж өөрчлөх үндэслэлтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/91 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтаас “боломжит хэмжээгээр” гэснийг хасаж, 7 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, түүнд тохируулан хийсэн чиргүүлийн үнэ 610.000.00 /зургаан зуун арван мянга/ төгрөгийг гаргуулан, түүнчлэн модон иштэй сүх 1 ширхэг, Баян-Өлгий аймгийн Б сумын цагдаагийн хэсэгт хадгалагдаж байгаа хууль бусаар бэлтгэсэн 2.79 м3 хэмжээтэй бургас модыг тус тус улсын орлого болгосугай.” гэж өөрчилж найруулан, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ӨМИРБЕК

                                   

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

 

М.НЯМБАЯР